Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00035

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Э.Цэнгүүн,

улсын яллагч Г.Эсэн,

хохирогч Я.Мижиддорж,

шүүгдэгч Г.Цээноров нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ганганы Цээноровт холбогдох 132/2017/0033/Э индекстэй, эрүүгийн 201706000062 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн "Сээр" 2 дугаар хороонд оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тугжин овогт Ганганы Цээноров /РД:ФБ80110971/

Холбогдсон хэргийн талаар:

Г.Цээноров нь /яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/ 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хишиг-Өндөр сумын 2 дугаар баг "Нартын" шил гэх газар иргэн Баяраагийн гэрийн гадаа Мижиддоржийн нүүрэн тус газар мөргөж үүдэн 2 шүдийг унагаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цээноровын мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Мижиддорж мэдүүлэхдээ: Миний эмчилгээний зардлыг барагдуулчихвал гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би 8000000 төгрөг нэхэмжилж байна. Миний үүдэн шүднүүд унасан гэв.

201706000062 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Я.Мижиддорж өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд Баярцэнгэл, Золбоо, Баярт, Цээноров бид 5 Хишиг-Өндөр сумын 2 дугаар багаар явж малын вакцин хийх гээд явцгаасан. Тэгээд бид нар Баяраа ахынд ороод хол унд хийлгүүлээд Баяраа ах хүмүүс ирчихсэн гээд архи ууж байсан. Тэгээд надтай хамт явж байсан ах нар архи ууж эхэлсэн. Баяраа гэх ах Баярцэнгэл ахад нэг шил 0.75 литрийн Соёрхол архи гаргаж өгсөн тэгээд тэрийг уусан. Нутаг гэх 1 литрийн архи ууж байсан тэрийг уусан. Би архи тойруулж байсан Завхан Баяраа ах архи уухгүй бариад сууж байсан тэгсэн чинь Цээноров чи архи тойруулж чадсангүй гээд намайг татаж босгоод өөрөө архи тойруулаад уусан. Тэгээд би орон дээр сууж байсан чинь Цээноров хажууд ирээд намайг гарч юм ярья гээд дээрээс дарж хэвтсэн тэгээд намайг алгадах гэхээр би гарыг нь бариад авсан тэгээд би гарахгүй унтлаа гэхэд Цээноров ах гарья гээд байсан тэгээд бид хоёр гарсан. Гадаа гараад Цээноров чи яагаад тоглоом даахгүй байгаа юм, яасан том болчихсон юм гэсэн тэгэхээр нь би юу гэж тийм юм байдаг юм гээд эргээд орсон Цээноров ах гадаа шээгээд үлдсэн. Би гэрт ороод орон дээр хэвтэж байсан чинь Цээноров гаднаас орж ирээд намайг алгадад авсан. Тэгээд би 2 гарыг нь бариад тэврээд гарсан. Гэрт байсан бүх хүмүүс гарч ирсэн тэгээд Золбоо ахаас бусад нь гэрт эргээд орсон Золбоо ах үлдсэн. Золбоо ах та хоёр одоо учраа олоо юундаа муудалцаад байгаа юм гэсэн. Цээноров ах надруу дайраад байсан. Тэгээд дайрч ирээд цамцны зах ураад, дээлний захнаас барьж байгаад нүүрлүү цохиод авсан. Тэгээд намайг барьж байгаад нүүрлүү мөргөсөн тэгээд миний хамарнаас цус гарсан. Тэгээд дахиад нэг удаа мөргөсөн чинь миний үүдэн хоёр шүд унаад ирсэн тэгээд би шүд гэсэн чинь Золбоо ах цаанаас ирээд салгаад аваад явсан. Тэгээд цагдаа эмч нарт мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

Гэрч М.Батболд өгсөн: Сумын төвөөс 17 цагийн алдад малын эмч Баярцэнгэл, Золбоо, Цээноров, Мижиддорж тэгээд бид нар цэцэг өвчний Вакцин тарихаар Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг болох номын булагын ард тал руу Завхан, Баяраа ахын очоод тэнд хононгоо 0.75 литрийн Соёорхол нэртэй архийг хувааж уугаад амрах гэж байхад гаргаж өгөөд бид хэд ууцгаасан. Мижиддорж унтах гээд сууж байхад Цээноров өөрөө очоод нудараад өдөөд байсан. 2-лаа гараад бие засчихаад ороод ирий гээд дагуулаад гарсан. Тэгээд Золбоо гэрт утсаар яриад гэрээс гарсан. Золбоо удалгүй гаднаас орж ирээд Цээнээ чинь Мижиддоржийн 2 шүдийг унагаад хаячихлаа гээд ороод ирсэн. Би салгахаар гарахад 2 шүдээ цохиулаад унагачихсан байсан. Салгачихаад гэрт бид 4 хамт орж ирээд Мижиддорж ар гэрийн хүнтэйгээ яриад болсон явдлын талаар яриад байсан тэгээд бүгд унтаад байж байхад цагдаа эмч ирээд Цээноров, Мижиддорж хоёрыг аваад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ¹68 тоот дүгнэлтэнд: Я.Мижиддоржийн биед дээд үүдэн зүүн, баруун 1-р шүднүүдэд хугарал, буйланд цус хуралт, хамрын таславчийн мурийлт, хүзүү, баруун бугалаганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө…гэх дүгнэлт /хх-ийн 18-19 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон, шалгавал зохих асуудлыг шалгасан байх тул шүүгдэгч Г.Цээноров бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Цээноров нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Мижиддорж эмчилгээний зардалд 8.000.000 төгрөг нэхэмжилж байгаа хэдий ч энэ талаархи нотлох баримтаа ирүүлээгүй байх тул эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5, 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугжин овогт Ганганы Цээноровыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Г.Цээноровыг 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Цээноров нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдусгай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар хохирогч энэ хэрэгтээ холбоотой гаргасан эмчилгээний баримтаар нотлох баримтаа бүрдүүлэг ирэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цээноровт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН