Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/204

 

2025      04         22                                           2025/ШЦТ/204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч С.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч С.Т-т холбогдох эрүүгийн 2525000000133 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

И овогт С-ы Т /РД; ***********/,

Шүүгдэгч С.Т нь;

2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Богд гол” бааранд хохирогч О.Атай “миний ширээнд суулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч С.Т “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;

хохирогч О.А-ы “...2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тэтгэвэрт гарсан хүний цайллагад 18.00 цагт орж ганц нэг архи уусан, жаахан согтолттой байсан, цайллагаас гараад ажлынхаа газрын Э гэдэг хүүхэнтэй, ажлын газрын ганц нэг хүн байсан бид хэд караоке орж дуулах санаатай “Богд гол” баар руу орсон. Караоке хүнгүй байсан болохоор Э бид хоёр орохоо болиод  бааранд нь ороод суудал байхгүй байсан болохоор нэлээн цаана 00-н өрөөний хажуу талд хоосон хоёр сандал байхаар нь суух гэж байтал нэг залуу гаднаас орж ирээд “наад сандал дээр чинь би суух гэж байгаа юм” гэж хэлсэн тэгэхээр нь би “хүнгүй л байна шүү дээ” гэсэн чинь “наад сандал дээр чинь би сууж байгаад гарсан” гэж хэлээд бид хоёр маргалдаад, намайг бариад авахаар нь би заамдаад түлхсэн чинь миний хамар луу нэг удаа мөргөсөн, ...хамрын зураг авахуулсан чинь хугарсан байна гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч Б.Э-ын “...А ах бид хоёр баар луу караоке асуух санаатай орсон, ...00-н өрөөний хажууд суудал байхаар нь сууж байсан чинь нэг залуу ирээд “би наана чинь сууж байсан юм, тамхи татаад ирлээ” гэхээр нь би “өө тийм үү, тэгвэл чи суу” гээд боссон, А босохгүй байсан. ...суудлаас болж маргалдаж зууралдаад тэр залуу А ахыг мөргөчих шиг болсон, А ах “намайг мөргөчихлөө” гэхэд хамраас нь цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

С.Т-ийн яллагдагчаар өгсөн “...2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 22.00 цагийн үед “Богд гол” бааранд орсон. ...Миний ширээн дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан, би “наадах чинь миний ширээ, би сууж байсан юм” гэж хэлсэн чинь эмэгтэй нь “за” гээд боссон, эрэгтэй нь босохгүй, намайг янз бүрээр хэлээд “гуйлгачин минь, би сууж байна” гээд босохгүй байсан, босож ирээд намайг заамдаад бариад авахаар нь нөгөө ахыг мөргөчихсөн. Гэм буруугаа ухамсарлаж, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь  тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-ийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаартай; “...О.А-ы биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 00.05 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/

“Богд гол” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн  тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30, 31-32/,

уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хавтаст хэргийн 33 дахь тал/,

хохирогч О.А-ы гаргаж, хэрэгт хавсаргуулсан,

2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн гэмтлийн эмчийн үзлэгийн дүгнэлт, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт, мэс заслын эмчийн үзлэгийн тэмдэглэл, чих хамар хоолойн эмчийн үзлэгийн тэмдэглэл  /хавтаст хэргийн 19-22 дахь тал/,

хохирлын баримтууд /хавтаст хэргийн 40 дэх тал/,

“...миний бие О.А нь С.Тээс хохирлын мөнгө болох 500.000 төгрөг хүлээн авсан болно. Гомдол санал байхгүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 41 дэх тал/,

хохирол, төлбөрт 300.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 45 дахь тал/,

шүүгдэгч С.Т-ийн;

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 35  дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн С.Т-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч С.Т дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч О.А-ы “...00-н өрөөний хажуу талд хоосон хоёр сандал байхаар нь суух гэж байтал нэг залуу гаднаас орж ирээд “наад сандал дээр чинь би суух гэж байгаа юм” гэж хэлсэн тэгэхээр нь би “хүнгүй л байна шүү дээ” гэсэн чинь “наад сандал дээр чинь би сууж байгаад гарсан” гэж хэлээд бид хоёр маргалдаад, намайг бариад авахаар нь би заамдаад түлхсэн чинь миний хамар луу нэг удаа мөргөсөн, ...хамрын зураг авахуулсан чинь хугарсан байна гэсэн.” гэх,

гэрч Б.Э-ын “...суудлаас болж маргалдаж зууралдаад тэр залуу А ахыг мөргөчих шиг болсон, А ах “намайг мөргөчихлөө” гэхэд хамраас нь цус гарсан байсан.” гэх,

С.Т-ийн яллагдагчаар өгсөн “...намайг янз бүрээр хэлээд “гуйлгачин минь, би сууж байна” гээд босохгүй байсан, босож ирээд намайг заамдаад бариад авахаар нь нөгөө ахыг мөргөчихсөн. Гэм буруугаа ухамсарлаж, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-ийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаартай, “...О.А-ы биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

мөн “Богд гол” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн  тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд болон хохирогч О.А-ы “...миний бие О.А нь С.Т-ээс хохирлын мөнгө болох 500.000 төгрөг хүлээн авсан болно. Гомдол санал байхгүй.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч С.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.  

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч С.Т-ийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж,  эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч С.Т-ийн үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч С.Т-ийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч С.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх шүүгдэгч С.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид 500.000 төгрөг нөхөн төлснийг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,

мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн саналыг харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000  төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг,

1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч О.А-ы “...С.Т-ээс хохирлын мөнгө болох 500.000 төгрөг хүлээн авсан болно. Гомдол санал байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 41 дэх талд авагдсан хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Тийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Хэргийн хамт ирүүлсэн “Богд гол” баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И овогт С-ы Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэргийн хамт ирүүлсэн “Богд гол” баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э