Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/234

 

 

2025      05          08                                          2025/ШЦТ/234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,  

улсын яллагч Э.Г,

шүүгдэгч Х.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Х.А-д холбогдох эрүүгийн 2425002380480 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Х-гийн А /РД; ***********/,

Шүүгдэгч Х.А нь;

2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ******** баг *-*-** тоот хохирогч А.Л-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Dell inspiron 3530 i5” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.472.106 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Х.А “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч А.Л-ын “...2024 оны 1 дүгээр сард “Наадам центр”-т найзуудынхаа хамт явж байгаад А гэх залуутай танилцсан, тухайн орой найзуудын хамт манай гэрт ирээд сууж байгаад явсан. Хэд хоногийн дараа А над руу чат, мессеж бичиж холбогдож байгаад манай гэрт 2-3 удаа ирж хоноод явсан, 2024 оны 4 дүгээр сарын эхээр А дахин над руу холбоо барьж байгаад манайд ирж нэг хоносон үеэр нь би “цонхондоо ялаа, шумуулын тор хийлгэнэ” гэж ярьж байсан чинь “би хийлгээд өгье, 100 айл барилгын материалын зах ороод аваад ирье, чи надад түлхүүрээ үлдээчих” гэж хэлээд би түлхүүрээ үлдээгээд ажилдаа явсан. Тухайн өдөр намайг ажил дээрээ байх үед А надад гэрийн түлхүүр хүргэж өгсөн, “цонхны тор хийлгэнэ” гэж 30.000 төгрөг өөр хүний данс руу шилжүүлж авсан боловч цонхны тор хийлгээгүй байсан. Би 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу хувийн ажлаар, гэрийн түлхүүрээ ажлын газрын дүү Б-д үлдээгээд явсан, ...намайг Улаанбаатар хотод байх үед Б над руу залгаад “танай гэрт нэг хүн ирчихсэн унтаж байна, ах чинь ирэх юм уу” гэж асуухад нь “ямар ч хүн ирэх ёсгүй, өөр хүнд түлхүүр байхгүй, чи буцаж ороод хэн гэдгийг нь харуул даа” гэж хэлээд чатаар залгаж тухайн хүнийг харсан чинь А согтуу унтаж байсан. ...Б түүнээс яаж орсон талаар асуусан чинь “надаас түлхүүр авсан” гэж хэлсэн байсан. ...2024 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө Улаанбаатар хотоос ирээд гэрийн эд зүйлсээ шалгахад миний “Dell Inspiron 3530” загварын зөөврийн компьютер цэнэглэгчтэйгээ байхгүй байсан.” гэсэн,

“...Х.А-тай огт үерхэж байгаагүй, ...2-3 удаа уулзаж байсан. ...“ялаа, шумуулын тор хийнэ” гээд манай гэрийн түлхүүрийг авч үлдээд ялаа шумуулын тор хийгээгүй байж надаас 30.000 төгрөг аваад алга болсон, манай гэрийн түлхүүрийг олшруулсан байсныг мэдээгүй. Хотоос ирээд зөөврийн компьютер байхгүйг мэдээд цагдаад өргөдөл гаргасан, ...2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр миний Хаан банкны данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн тул гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 31 дэх тал/,

гэрч Э.Б-ын “...А.Л эгч “хот явлаа, муур хооллож байгаарай” гэж хэлээд байрныхаа нэг түлхүүрийг өгөөд явсан, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Уурхайчин баг 3-8 дугаар байрны 32 тоот гэрт нь ороход эрэгтэй, согтуу хүн унтаж байсан, би гайхаад чатаар Л эгч рүү залгаад “танай ах чинь ирчихсэн байна” гэж хэлсэн чинь “манай ах очих ёсгүй” гэж хэлсэн, би гэр рүү нь буцаж ороод нөгөө согтуу залууг босгоод А.Л эгчтэй яриулахад “наадах чинь энд юу хийж байгаа юм” гэж уурлаад, “манай гэрт яаж орсон юм, би түлхүүр өгөөгүй шүү дээ” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Х.А-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн хэрэг гардаг өдөр мөнгөний хэрэг гараад Л-ын гэрээс “Dell” загварын зөөврийн компьютер хулгайлж гараад урт цагааны үзүүрийн “Smart” ломбарданд 1.000.000 төгрөгөөр тавьсан. ...Л-д учруулсан хохирлоо бүрэн барагдуулж дууссан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,

“Арвижих-эстимейт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 24/420 дугаартай; “...Dell Inspiron 3530 i5 маркийн зөөврийн компьютерын зах зээлийн үнэлгээ 2.472.106 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-44 дэх тал/,

Smart” сүлжээ ломбардын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 025330 дугаартай зээлийн гэрээ /хавтаст хэргийн 115 дахь тал/,

хохирогч А.Л-ын;

Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, “Dell inspiron 3530 i5” загварын зөөврийн компьютерын баталгаат үйлчилгээний хуудас, төлбөрийн баримт /хавтаст хэргийн 23, 24, 25 дахь тал/,

хохирол, төлбөрт 2.500.000 төгрөг төлсөн талаарх харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 114 дэх тал/,

шүүгдэгч Х.А-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/,

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан тухай баримтууд /хавтаст хэргийн 85-97 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

хохирогч, гэрч нараас болон Х.А-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Х.А дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хохирогч А.Л-ын “...2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу хувийн ажлаар, гэрийн түлхүүрээ ажлын газрын дүү Б-д үлдээгээд явсан, ...намайг Улаанбаатар хотод байх үед Б над руу залгаад “танай гэрт нэг хүн ирчихсэн унтаж байна, ах чинь ирэх юм уу” гэж асуухад нь “ямар ч хүн ирэх ёсгүй, өөр хүнд түлхүүр байхгүй, чи буцаж ороод хэн гэдгийг нь харуул даа” гэж хэлээд чатаар залгаж тухайн хүнийг харсан чинь А согтуу унтаж байсан. ...манай гэрийн түлхүүрийг олшруулсан байсныг мэдээгүй. Хотоос ирээд зөөврийн компьютер байхгүйг мэдээд цагдаад өргөдөл гаргасан, ...2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр миний Хаан банкны данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн тул гомдол саналгүй.” гэх,

гэрч Э.Б-ын “...А.Л эгч “хот явлаа, муур хооллож байгаарай” гэж хэлээд байрныхаа нэг түлхүүрийг өгөөд явсан, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Уурхайчин баг 3-8 дугаар байрны 32 тоот гэрт нь ороход эрэгтэй, согтуу хүн унтаж байсан, би гайхаад чатаар Л эгч рүү залгаад “танай ах чинь ирчихсэн байна” гэж хэлсэн чинь “манай ах очих ёсгүй” гэж хэлсэн, би гэр рүү нь буцаж ороод нөгөө согтуу залууг босгоод А.Л эгчтэй яриулахад “наадах чинь энд юу хийж байгаа юм” гэж уурлаад, “манай гэрт яаж орсон юм, би түлхүүр өгөөгүй шүү дээ” гэж хэлсэн.” гэх,

Х.А-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн хэрэг гардаг өдөр мөнгөний хэрэг гараад Л-ын гэрээс “Dell” загварын зөөврийн компьютер хулгайлж гараад урт цагааны үзүүрийн “Smart” ломбарданд 1.000.000 төгрөгөөр тавьсан.” гэх мэдүүлгүүд,

“Арвижих-эстимейт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 24/420 дугаартай; “...Dell Inspiron 3530 i5 маркийн зөөврийн компьютерын зах зээлийн үнэлгээ 2.472.106 төгрөг.” гэсэн дүгнэлт, “Smart” сүлжээ ломбардын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 025330 дугаартай зээлийн гэрээ,  хохирогч А.Л-ын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, “Dell inspiron 3530 i5” загварын зөөврийн компьютерын баталгаат үйлчилгээний хуудас, төлбөрийн баримт, хохирол, төлбөрт 2.500.000 төгрөг төлсөн талаарх баримт зэрэг шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Х.А хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Х.А-ын үйлдэл “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч Х.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Х.А-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх тэднийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүх шүүгдэгч Х.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хохирол төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,

          эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жил хорих ял оногдуулах.” гэсэн санал зэргийг тус тус харгалзан,

“эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.А-д 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүний 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах.”-аар, өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.А-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хоёр жил хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жил хорих ял оногдуулж болох зохицуулалттай хэдий ч шүүгдэгч Х.А гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан баримтууд хэрэгт авагдсан байх тул түүнд нэг жил хорих ял оногдуулах боломжгүй байна.

Шүүгдэгч Х.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч А.Л-ын “...2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр миний Хаан банкны данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн, гомдол саналгүй.” гэсэн хавтаст хэргийн  31 дэх талд авагдсан мэдүүлгийг болон хавтаст хэргийн 114 дэх талд авагдсан 2.500.000 төгрөг төлсөн тухай банкны баримтыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурьдаж, 

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Х-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Х.А-ыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.А-ын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э