Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 129/ШШ2020/00324

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 129/ШШ2020/00324

Архангай аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Д.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Б.Б-д холбогдох,

6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 129/2020/00070/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Х миний бие хариуцагч Б.Б-тай түүний орон сууцыг худалдаж авахаар тохирч 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б.Б-ын эзэмшлийн ХААН банкны 513547**** тоот дансанд 6,000,000 /зургаан сая/ төгрөг шилжүүлсэн. Б.Б-аас худалдаж авах гэж байсан орон сууц нь өөр хүний нэр дээр байсан. Мөн би худалдаж авахаа больсон тул Б.Б-д шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б миний бие 2018 оны 08 дугаар сард иргэн Ч.М-с Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 39-р байр, 905 тоот, 49 мкв орон сууцыг худалдан авсан. Тус орон сууцандаа амьдарч байгаад 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д.Х-д худалдахаар тохиролцож худалдах, худалдан авах тухай гэрээ хийх болсон. Худалдах, худалдан авах гэрээ хийх болтол миний худалдан авсан орон сууц надад худалдсан хүн буюу иргэн Ч.М-ийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ нь байсан учраас бид нотариатч Д.Р дээр очиж Ч.М, Д.Х нар худалдах, худалдан авах тухай гэрээ хийж би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг 39-р байр 905 тоот, 49 мкв орон сууцаа Д.Х-д худалдсан. Нотариат дээр гэрээ хийхдээ дараах зүйлийг харилцан тохиолцож худалдах, худалдан авах тухай гэрээ хийсэн байдаг. Үүнд:

- Гэрээний 3.2 Төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2019.06.22-ны өдөр 6.000.000 төгрөг, 45.600.000 төгрөгийг 2019.10.01-ний өдөр төлж барагдуулна.

-Мөн гэрээний 3.5 Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тус тус заасан. Харин иргэн Д.Х гэрээний 3.2, 3.5 дахь заалтыг тус тус зөрчиж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 45.600.000 төгрөгөө надад өгөөгүй, барагдуулаагүй. Ийнхүү би Д.Х-тай мөнгөө авъя гэж утсаар ярихад та түр хүлээж бай, би 2019 оны 10 дугаар сардаа багтааж таны мөнгийг бүрэн төлж барагдуулна гэсэн. Би Д.Х-ыг мөнгөө өгнө гэж хүлээсэн боловч өгөөгүй. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөнгийг чинь өгч чадахгүй боллоо гэж надад хэлэхэд нь би “чи миний ажлыг алдагдууллаа би аль хэдийн байраа зарчих байсан юм” гэж хэлсэн. Харин Д.Х би таны ажлыг алдагдуулсандаа уучлал хүсье гэж байсан. Тэр ч байтугай би Д.Х-д “за чи орон сууц худалдан авсан мөнгөө өгч чадахгүй байгаа бол зар өгөөд орон сууцаа заръя” гэхэд “тэгээд хэрэггүйгээ та зараа татаад авчих би мөнгийг чинь бүрэн төлнө” гэж хэлж миний худалдахаар өгсөн зарыг хүртэл татуулж байсан удаатай. Би хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгэлийн үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлне гэж гэрээнд заасны дагуу Д.Х-аас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны алданги авах байсан тэр алданги болох 6.000.000 төгрөгөө тооцож авсан. Харин ч би Д.Х-аас 4 сар гаруй хугацаанд орон сууцандаа амьдруулсан болон 2 удаа нүүсэн зардал, эд хогшлын эвдрэл гэмтлийн зардлаа аваагүй болно.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т: Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худапдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн гэрээний 3.2, 3.5, 4.3, 4.5, 5.2 тус тус заасны дагуу Д.Хд 6.000.000 төгрөгийг өгөх үндэслэлгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х нь 2019 оны 06 сард Б.Б-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхээр тохирсон юм байна лээ. Худалдах, худалдан авах гэрээ хийхээс өмнө 6.0 сая төгрөгийг Б.Б-ын данс руу хийсэн. Мөнгөө шилжүүлсний дараа гэрээгээ хийх гэсэн боловч өөр хүний нэр дээр байсан тул худалдан авахаа больсон юм байна лээ. Мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нэхэмжлэгч Д.Х, хариуцагч Б.Б нарын хооронд хийсэн гэрээ биш, иргэн М нэхэмжлэгч Д.Х нарын хооронд хийсэн гэрээ. Энэ гэрээ хариуцагч Б.Б-д ямар ч хамааралгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжилсэн 6,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөг гаргуулж 1,000,000 төгрөгөөс татгалзах боломжтой гэсэн. Гэтэл хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо хариуцагч Б.Б-ын дансанд шилжүүлсэн 6.0 сая төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байраа зарах гэж байтал Д.Х би байрыг чинь авна гээд миний дансанд 6.0 сая төгрөг хийсэн. Тэгээд 10 сард үлдэгдэл мөнгөө өгнө гээд гэрээг хийсэн. Д.Х надтай гэрээ хийгээгүй, байрны өмчлөгч болох Ч.Мөнгөнцэцэгтэй гэрээгээ хийсэн. Гэрээнд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан. Д.Х үлдэгдэл мөнгөө өгөхгүй 10 сар гаргаад байрнаас гарсан. Би байрны түрээсийн мөнгөө ядаж авмаар байна. Д.Х надад хадгаламж байгаа гэж байсан боловч мөнгөө өгөөгүй. Д.Хыг үлдэгдэл мөнгөө хийхгүй байхаар нь 20 гаруй хоног хүлээсэн. Тэгээд мөнгөө төлөхгүй болохоор нь байраа суллах талаар шаардлага тавихад суллаж өгсөн. Д.Х нь алданги тооцоод мөнгөө авна гэсэн өгөөгүй. Тогны мөнгөө ч өгөөгүй байсан. Би хол 70 км газраас 5 дахь удаа ирсэн. Би одоо 4.0 сая төгрөг дээр эвлэрэх саналтай байна. Хэрвээ эвлэрэхгүй бол мөнгийг өгөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Б.Б-аас 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б нь “...Би гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлне гэж заасны дагуу Д.Х-аас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны алданги авах байсан тэр алданги болох 6.000.000 төгрөгөө тооцож авсан. Би Д.Х-аас 4 сар гаруй хугацаанд орон сууцандаа амьдруулсан болон 2 удаа нүүсэн зардал, эд хогшлын эвдрэл гэмтлийн зардлаа аваагүй. Гэрээнд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан. Тогны мөнгөө ч өгөөгүй байсан. Би хол 70 км газраас 5 дахь удаа ирсэн. Иймд 4.0 сая төгрөг дээр эвлэрэх саналтай байна. Хэрвээ эвлэрэхгүй бол мөнгийг өгөх боломжгүй, 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Х нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны 51361**** данснаас хариуцагч Б.Б-ын эзэмшлийн ХААН банкны 513547**** тоот дансанд 6,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбар зэргээр тогтоогддог ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч хариуцагч Б.Б гэрээнд зааснаар учирсан хохирлыг шаардах эрхгүй юм.

Учир нь хариуцагч Б.Б нэхэмжлэгч Д.Х нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, харин нэхэмжлэгч Д.Х иргэн Ч.М нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болох нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчинтөгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээд болох нэхэмжлэгч Д.Х хариуцагч Б.Б нарын хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байх тул хариуцагч Б.Б-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Б.Б-аас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                   ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Б-аас 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д олгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.ЭЛБЭГЗАЯА