Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/260

 

2025       05         22                                          2025/ШЦТ/260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Д.Н-д холбогдох эрүүгийн 2525000870155 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик мэргэжилтэй, урьд;

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт Д-ийн Н /РД; **********/,

шүүгдэгч Д.Н нь;

тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 2.53%-ийн согтуурсан үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум ***** баг **-** тоот хашаанд **-**ОРН улсын дугаартай “Toyota Prius Alpha” /Тоёота Приүсс Альфа/ загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед;

шүүгдэгч Д.Н “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

гэрч Б.Э-ын “...2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Д.Н согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

Д.Н-ын согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 2.53 хувийн согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 10, 11 дэх тал/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-17, 18-20 дахь тал/,

цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/145 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 26-29 дэх тал/,

гэрч Б.Э-ын “...2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч О.Ж-ийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 7035102 дугаараас “хүн айлын хашаа мөргөчихлөө” гэх дуудлага мэдээллийн дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум ***** баг ** дүгээр гудамжинд очиход хар өнгийн “Toyota Prius” 41 загварын **-**ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл овоолсон өвсөн дээр тээж зогссон байсан. Уг тээврийн хэрэгслийг Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож айлын хашаа мөргөсөн байсан тул Цагдаагийн газар авч ирээд драйгер үлээлгэхэд 2.53%-ийн согтолтын зэрэгтэй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

гэрч Ц.Д-ийн “...2025 оны 1 дүгээр сарын 04-ний орой хүү Д.Н...согтуу байсныг анзааралгүй, “миний хүү машинаа гарашид хийчих” гээд хэлсэн, гадаа түс, тас болоод байхаар нь гараад хартал гарашийн хаалга мөргөчихсөн харагдсан, би явж очоод “юу болчихвоо” гэхэд архи үнэртэж байсан. ... Машинаа гарашид оруулж чадаагүй, овоолсон өвсөн дээр тээглүүлээд хаячихсан, удаагүй цагдаа нар ирээд манай хүүг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Д.Н-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолтой танилцлаа, зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ****** **-** тоот гэртээ ирэхэд аав намайг “машинаа гарашид хийчих” гэж хэлсэн, гарашийн хаалгаар хашаагаа цохиод бага зэрэг далийлгаад хаячихсан. Хэн цагдаа дуудсан юм бүү мэд, цагдаа сэргийлэх болчихсон байсан. Цагдаа нар ирээд намайг “драйгер үлээчих” гэсэн, би урьд өмнө эрхээ хасуулчихаад согтуу машин барьж болохгүй гэдгээ мэдэж байсан ч ийм зүйл болно гэж бодоогүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36, 47 дахь тал/,

шүүгдэгч Д.Н-ын;

жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 15 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/,

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/,  

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 53-58 дахь тал/, 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, 

          Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Г.Б-ийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 25/337 дугаартай, “...Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон Хунт овогт Дамдинсүрэнгийн Над оногдуулсан торгох ялын төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлж, торгох ялыг бүрэн эдэлж дууссан тул эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцсугай.” гэсэн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол,  

          Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Б-ын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “...Ялтан Д.Н нь хоёр мянга долоон зуун нэгжийн торгох ялаас 112.500 төгрөг холбогдох дансанд тушааж баримтыг ирүүлсэн 2.587.500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс тооцоход 365 хоног буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх ял эдлэхээс 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 2 /хоёр/ сар 9 /ес/ хоногийн буюу 70 /дал/ хоногийн ялыг эдэлж, ялын хугацаа дуусах 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 9 /ес/ сар 19 /арван ес/ хоног буюу 295 хоногийн үлдэгдэлтэй байна.” гэсэн ялын тооцоо зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Д.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх,

гэрч Б.Э-ын “...2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр...Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож айлын хашаа мөргөсөн байсан тул Цагдаагийн газар авч ирээд драйгер үлээлгэхэд 2.53%-ийн согтолтын зэрэгтэй байсан.” гэх,

гэрч Ц.Д-ийн “...2025 оны 1 дүгээр сарын 04-ний орой хүү Д.Н...согтуу байсныг анзааралгүй, “миний хүү машинаа гарашид хийчих” гээд хэлсэн, гадаа түс, тас болоод байхаар нь гараад хартал гарашийн хаалга мөргөчихсөн харагдсан, би явж очоод “юу болчихвоо” гэхэд архи үнэртэж байсан.” гэх,

Д.Н-ын өгсөн“...Прокурорын тогтоолтой танилцлаа, зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

гэрч Б.Э-ын “...2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Д.Н согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Д.Н-ын согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 2.53 хувийн согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/145 дугаартай шийтгэврийн хуулбар, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Д.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэдгийг тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг,

“тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг,

“тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэдгийг дээр дурьдсан этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

          шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд түүний гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Д.Ныг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүх шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсны дараа 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн нутаг дэвсгэрийн замд **-**ОРХ улсын дугаартай “Rasso Sette” загварын тээврийн хэрэгслийг 1.34 хувийн согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэг үйлдэж, тус шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч өөртөө дүгнэлт хийдэггүй болон энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, ахуйн амьдрал, торгох ялыг бүрэн төлсөн байдал, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,

түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нь 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн саналыг харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нь 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял дээр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялаас өнөөдрийн байдлаар үлдсэн эдлээгүй 9 /ес/ сар 18 /арван найм/ хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялын хэмжээг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар, торгох ялын хэмжээг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Н-ын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийг хасаж тооцох,     

          торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

шүүгдэгч нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулав.

Шүүгдэгч Д.Н нь тус шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын төлбөрийг бүрэн төлж, торгох ялыг эдэлж дууссан болох нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Г.Б-ийн 2025 оны 25/337 дугаартай,Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор тогтоогдсон тул нэмж нэгтгэн торгуулийн ялгүй байсныг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.   

Бусад асуудал;

Хэрэгт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 3 /гурав/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Д.Нын  тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,

мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг тус тус Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Х овогт Д-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял дээр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялаас түүний үлдсэн эдлээгүй 9 /ес/ сар 18 /арван найм/ хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялын хэмжээг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар, торгох ялын хэмжээг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Д.Н-ын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийг хасаж торгох ялын хэмжээг хоёр мянга есөн зуун тавин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.955.000 /хоёр сая есөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Д.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Д.Н-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,

          мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг тус тус Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 3 /гурав/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э