Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 129/ШШ2020/00304

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 129/ШШ2020/00304

Архангай аймаг

 

 

 

М

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Г.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-ийн Архангай аймаг дахь салбарт холбогдох

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 129/2020/00071/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г миний эзэмшлийн 56-91АРХ улсын дугаартай “KIA” маркийн автомашиныг иргэн Б овогт Ш.Б нь 2014 оны 11 сард худалдан авахаар тохирон уг машины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн, эргүүлж Х-д тавьж зээл авсан байсан. Уг автомашины өмчлөл шилжээгүй, иргэн Г.Г би өнөөг хүртэл өмчлөн эзэмшиж байна. Харин машины улсын бүртгэлийн гэрчилгээг Ш.Б нь Хинд тавьснаас шалтгаалан миний уг автомашинаа худалдан борлуулах, унах, ашиглах эрхүүд зөрчигдөж байгаа ба машины гэрчилгээг Ш.Б-с гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Тэгсэн хэдий ч Х манай нэр дээр байгаа машин, Ш.Б-ийн зээлийг төлөгдтөл гэрчилгээг Г.Г-д шилжүүлж өгөх боломжгүй гээд шилжүүлж өгөхгүй байна. Уг 56-91АРХ улсын дугаартай “KIA” маркийн автомашин миний өмч, Х-ны өмчлөлд шилжээгүй. Энэ нь шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 537 тоот шийдвэрээс харагдана. Иймд “Х” ХХК-ийн Архангай аймаг дахь салбараас Г.Г миний өмчлөлийн “KIA” маркийн 56-91АРХ улсын дугаартай цагаан өнгийн “Bongo Frontier” автомашины гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн бүртгүүлж Г.Г надад олгохыг даалгаж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Би 2014 оны 11 дүгээр сард иргэн Ш.Б-д машинаа зарахаар болж машины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Ш.Б нь миний машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанаас авч өгнө гэсэн боловч Хинд мөнгөө өгөөгүй байсан юм байна лээ. Одоо миний машиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хурааж авах гээд байгаа. Мөн Х Ш.Б-тэй гэрээ хийхдээ миний машиныг ирж үзээгүй, зургийг нь ч аваагүй. Тэгсэн атлаа яаж Х барьцаанд авсан гэдэг нь сонин байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч “Х” ХХК-ийн Архангай аймаг дахь салбарын захирал Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. ХасБанк нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “KIA” маркийн 56-91 АРХ улсын дугаартай автомашины өмчлөлийг фидуцийн гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.” гэж заасны дагуу Ш.Б нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн ХасБанк нь автомашиныг бодитойгоор гаргуулан аваагүй зэргээс үзвэл Ш.Б болон ХасБанк нарын хооронд байгуулсан фидуцийн гэрээ дуусгавар болоогүй байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа фидуцийн гэрээний дагуу Г.Г нь тухайн автомашины хувьд өмчлөгч этгээд биш тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулахаар банкнаас шаардах эрхгүй юм. Харин банк нь автомашины хууль ёсны өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу Г.Г-н эзэмшлээс автомашиныг шаардах эрхтэй. 2. Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ “Уг К1А маркийн 56-91 АРХ дугаартай автомашин миний өмч Х-ны өмчлөлд шилжээгүй.” гэжээ. Ш.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Х-тай 1140014406 тоот зээлийн гэрээ байгуулж 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө, үндсэн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан болно. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Ш.Б нь өөрийн өмчлөлийн 56-91 АРХ улсын дугаартай “КIA Frontier” маркийн автомашиныг барьцаалж, банктай фидуцийн гэрээг байгуулж, автомашины өмчлөлийг Хинд шилжүүлсэн. Банкны зүгээс иргэн Ш.Б-тэй фидуцийн гэрээг байгуулахдаа тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслэсэн болно. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2-т “Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гээд Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 -т “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ. ” гэж тус тус заажээ. Эдгээр заалтаас үзвэл тээврийн хэрэгслийн өмчлөлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд зохицуулсан байна. Нэхэмжпэгч Г.Г нь 2014 оны 11 дүгээр сард өөрийн өмчлөлийн 56-91 АРХ улсын дугаартай “КIA Frontier” маркийн автомашинаа худалдахаар иргэн Ш.Бтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, автомашины өмчлөлийг Ш.Б-д шилжүүлсэн байх бөгөөд Ш.Б нь хуульд заасны дагуу өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу банкны зүгээс тээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслэж Ш.Б-ийг автомашины өмчлөгч гэж үзэн фидуцийн гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. 3.Ш.Б нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөлгүй, хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банкны зүгээс Ш.Б-д холбогдуулан Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн төлбөрийг гаргуулах, сайн дураараа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2017 оны 5 сарын 04-ний өдөр тус шүүхийн шүүгчийн 129/ШШ2017/00246 дугаар захирамжаар хариуцагч Ш.Б-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлдэгч Ш.Б нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийн дагуу барьцаа хөрөнгөөр /автомашин/ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар банкнаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан болно. Зээлдэгч Ш.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул автомашины өмчлөлийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасны дагуу Ш.Бөд эсхүл Г.Гд шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна. 4. Г.Г нь нэхэмжлэлдээ “машины өмчлөл Хинд шилжээгүй болох нь шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 537 тоот шийдвэрээс харагдана” гэжээ. Нэхэмжлэгч Г.Г нь 2018 оны 5 дугаар сард Ш.Б-д холбогдуулан түүнтэй байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэрээрээ 56-91 АРХ улсын дугаартай КIA Frontier маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ш.Б-өөс гаргуулан Г.Г-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Г.Г нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ш.Б-өөс шаардах эрхтэй атал Х-наас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 -т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө эмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно." гээд 111.2.3-т “эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ эмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ” гэж тус тус заажээ. Х нь авто машиныг эзэмшилдээ аваагүй боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслэж өмчлөгч Ш.Б-тэй фидуцийн гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.3-т заасны дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл авто машины өмчлөл хуулийн дагуу Хинд шилжсэн байна. Иймд шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэн Хинд авто машины өмчлөл шилжээгүй гэж үзэж байгаа нэхэмжпэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 Иймд нэхэмжлэгч Г.Г-н гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн Архангай аймаг дахь салбарын захирал Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г нь Хинд холбогдуулан 56-91 АРХ улсын дугаартай КIA Frontier маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талын тайлбартаа яриад байгаа шүүхийн шийдвэр нь Г.Гас Ш.Б-д холбогдуулан гаргасан тусдаа маргааныг шийдвэрлэсэн шийдвэр байсан гэдгийг нэхэмжлэгч тал ойлгох хэрэгтэй. Одоо бол Хтай холбогдуулан гаргасан нэхэмжлэл. Энэ маргаанаас ялгаж ойлгох хэрэгтэй. 2014 онд нэхэмжлэгч Г.Г нь Ш.Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан Ш.Б нь Г.Г-с маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдан авсан. Ш.Б нь тээврийн хэрэгслийг худалдан авсан өмчлөгч тул өөрийн захиран зарцуулах эрхийн хүрээнд манай банкинд барьцаанд тавьж зээлийн гэрээ байгуулсан. Манай банктай байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гарч үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж фидуцийн гэрээ байгуулан өмчлөлдөө шилжүүлэн авсан. Гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг бодитоор авснаар гэрээ дуусгавар болно гэж заасан байдаг. Манай байгууллага тухайн автомашиныг бодитоор гаргуулан аваагүй тул гэрээ дуусгавар болоогүй. Харин ч манай банк Г.Г-н эзэмшлээс машиныг хүлээн авахаар шаардах эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө эмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно." гэж зааснаар тухайн авто машин манай өмчлөлд шилжсэн. Нэхэмжлэлийн шаардлага бол 2018 оны шүүхийн шийдвэрийн дагуу Х-наас тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгч нь Ш.Б-өөс авто машины гэрчилгээг нэр дээрээ шилжүүлүүлэхээр шаардах эрхтэй болохоос Хнаас шаардах эрхгүй. Ш.Б-тэй гэрээ байгуулахдаа тухайн машиныг үзэх, зургийг нь авах эсэх нь манай байгууллагын дотоод асуудал юм. Иймд нэхэмжпэгч Г.Г-ын гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Г.Г нь  хариуцагч “Х” ХХК-ийн Архангай аймаг дахь салбарт холбогдуулан  “KIA” маркийн 56-91 АРХ улсын дугаартай автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлж олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн Архангай аймаг дахь салбар нь “иргэн Ш.Б-тэй 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1140014406 тоот зээлийн гэрээ байгуулж, Ш.Б нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор өөрийн өмчлөл болох “KIA” маркийн 56-91АРХ улсын дугаартай автомашины гэрчилгээг барьцаалж, фидуцийн гэрээ байгуулан, уг автомашины өмчлөх эрхийг “Х” ХХК-д шилжүүлж 2,700,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Хэдий автомашиныг өөрийн эзэмшилдээ аваагүй ч тээврийн хэрэгслийн гэрчилгээг банкны нэр дээр шилжүүлэн фидуцийн гэрээ байгуулсан тул автомашины албан ёсны өмчлөгч нь юм. Нэхэмжлэгч Г.Г нь Ш.Б-өөс авто машины гэрчилгээг нэр дээрээ шилжүүлүүлэхээр шаардах эрхтэй болохоос Хнаас шаардах эрхгүй. Иймд нэхэмжпэгч Г.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

Иргэн Ш.Б нь “Х” ХХК-тай  2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1140014406 тоот “Фидуцийн гэрээ” хийхдээ “KIA” маркийн 56-91 АРХ улсын дугаартай автомашины гэрчилгээг барьцаалан уг гэрчилгээг “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн 2,700,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан нь тогтоогддог.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл “Х” ХХК-ийн Архангай аймаг дахь салбар иргэн Ш.Б нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 1140014406 тоот “Фидуцийн гэрээ” хүчин төгөлдөр ба уг гэрээ дуусгавар болоогүй, “Х” ХХК-ийг уг автомашины албан ёсны өмчлөгч гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл “KIA” маркийн 56-91АРХ улсын дугаартай автомашины гэрчилгээ нь Г.Г-с Ш.Б-ийн өмчлөлд шилжсэнээр уг гэрчилгээг банкны барьцаанд тавьж банктай “Фидуцийн гэрээ” байгуулан зээл авах эрх нь үүссэн байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “шаардах эрхийн урьдчилсан нөхцөл буюу уг шаардах эрхийг хэрэгжүүлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий эд юмстай харьцагч этгээд тухайн эд юмсыг эзэмших эрхгүй, хууль бусаар эзэмшиж байгаа этгээд байна” гэж заажээ.

Нэхэмжлэгч Г.Г нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй боловч хариуцагч “Х” ХХК  нэхэмжлэгч Г.Г нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, “Х” ХХК нь Г.Гантулгын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх үүрэг хүлээхгүй болно.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                   ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч “Х” ХХК-ийн Архангай аймаг дахь салбарыг “KIA” маркийн 56-91 АРХ улсын дугаартай автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Г.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Д.ЭЛБЭГЗАЯА