| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/02402/И |
| Дугаар | 1045 |
| Огноо | 2019-06-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 1045
“А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.М даргалж, шүүгч Ш.О, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00063 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн хариуцагч Д.О-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 75 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, түүний өмгөөлөгч В.Энхтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.О нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ЗГ000000104 дугаартай зээлийн гэрээ болон мөн өдрийн БГ000000104 дугаартай барьцааны гэрээний үүргээ биелүүлж, зээлийн үндсэн төлбөр болон түүний хүүг манай “А” ББСБ-д төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүрсэн тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар хангуулахаар энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд нийт дүнгээрээ үндсэн зээлийн төлбөр 50 000 000 төгрөг, түүний хүүд 1 сарын төлбөр 2 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А “ББСБ-аас 75 000 000 төгрөг гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримтыг хавсарган шүүх хуралд оролцох болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 52 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 22 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 532 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 419 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “А ББСБ” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Д.О, Д.Э нар хамтран үүрэг хүлээж байгуулсан талаар талууд маргадаггүй гэсэн атлаа уг төлбөрийг дан ганц Д.О надаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэсэн заалтыг шүүх баримталж нэхэмжлэгчийг дан ганц Д.О-ийг хариуцагчаар татаж түүнээс шаардах эрхтэй гэж үзсэн байна. Хэдийгээр дээрх хуулийн агуулгаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэх хэдий ч нөгөө үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хүчинтэй хэвээр байх талаар тусгасан байхад шүүх дан ганц Д.Оюунгэрэлээс төлбөрийг гаргуулсан нь үндэслэлгүй байна. Хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Э нь нас барсан хэдий ч түүний өв нээгдэх хөрөнгийг хүлээн авсан өвлөгч нь өвлөгдөх хөрөнгөнд ногдох үүргийн хэмжээгээр тухайн төлбөрийг хариуцах талаар хуульд тодорхой зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна" гэж заасан байна. Иймд дээрх өр төлбөрийг Д.О дангаар хариуцан төлөх үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ .
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Д.О, Д.Э нарт холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 50 000 000 төгрөг, хүү 2 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа, хариуцагч Д.Э нас барсан тул /хх33/ татгалзаж, хариуцагч Д.О-ээс гэрээний үүргээ шаарджээ.
Зохигчид 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдэгч 50 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж, хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн, гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй. Хариуцагч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /хх9-11/ бүхий банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулж үүрэг хүлээсэн бөгөөд шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгосон гэж дүгнэсэн нь зөв.
Зээлдэгч нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэрээний дагуу 20 700 ам.долларыг хүлээн авсан баримт хэрэгт авагдсан /хх14/, харин уг зээлээ гэрээгээр тохирсон хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулаагүй болох нь талуудын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн тооцооллоор нотлогдсон байна.
Иймд зээлдүүлэгчээс гэрээний үүргийг шаардах эрхтэй. Шүүх зээлийн нэмэгдүүлсэн хүүд 23 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 400 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд хариуцагч зээлийн тооцоололд гомдоогүй.
Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 50 000 000 төгрөг, сарын хүүд 2 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцнэ.
Д.О, Д.Э нар нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй. Мөн хамтран зээлдэгч Д.Э нь нас барсан баримт авагджээ. /хх33/
Иймд зээлдүүлэгч Д.О-ээс зээлийн гэрээний үүрэг шаардсаныг шүүх хангасан нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.М
ШҮҮГЧИД Ш.О
А.О