Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00036

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

шүүгдэгч С.Лхамрагчаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөөжин овогт Сэдбазарын Лхамрагчаад холбогдох 201606000331 дугаартай, 132/2017/0029/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Дан байранд оршин суух, хөдөлмөрийн хүндэт медальтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бөөжин овогт Сэдбазарын Лхамрагчаа /РД: ФЖ63020202/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Сэндбазарын Лхамрагчаа нь 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын Галтай гэх газраас зөвшөөрөлгүй шинэс мод бэлтгэж байгаль экологид 2298240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Лхамрагчаагийн өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр Галтай гэх газарт бусдаар хууль бусаар мод бэлтгүүлсэн. Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэх мэдүүлэг,

201606000331 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч С.Лхамрагчаагийн сэжигтнээр өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр жолооч Батмөнх гэдэг залуугаар өөрийн нөхөрлөлийн Галтай гэдэг газраас мод бэлдүүлсэн. Манай рамын хашаанд байгаа модноос 2016 оны 12 дугаар сарын 1-нээс 07-ны өдрүүдэд цэвэрлэгээний ажлаар бэлтгэж болох 22.5 куб метрийн хэмжээтэй эрхийн бичиг байгаа бөгөөд үүний дагуу унасан модноос шилж ялган 4 метрийн хэмжээтэй тайрч бэлтгэсэн 60 ширхэг мод байгаа. Бусад моднууд нь 12 дугаар сарын 19-ний өдөр Галтай гэх газраас мод бэлтгэж 12 дугаар сарын 21-ний өдөр манай рамын хашаанд буусан мод нь 4 метр урттай, 50 орчим нойтон шинэс мод байгаа. Надад 12 дугаар сарын 21-ний өдөр мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг байхгүй. Батмөнхийг явуулахдаа эхлээд модоо бэлтгэчих. Би гоожингоо авчихна гэж явуулсан. Би хууль бусаар мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 79-80 тал/,

Хохирогч Б.Мөнхбаатарын  өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Байгаль орчны хяналтын байцаагч Бат-Эрдэнэ, жолооч, цагдаа Ганбаатартай нартай хамт Галтай гэх газарт очиход бид нарын өөдөөс хоосон зил 131 маркийн ногоон өнгийн машин хоосон ирж байсан. Тэгэхээр нь зогсоогоод хаана мод бэлтгэж байгаа талаар асуухад энд байгаа гээд биднийг дагуулж очсон. Очиж үзэхэд 26 ширхэг босоо мод унагаасан байдалтай 26 ширхэг хожуул байсан. Ойролцоогоор 1 машин мод ачаагүй үлдээсэн байсан. Тэдгээр хүмүүсээс ямар учиртай мод бэлтгэж байгаа талаар асуухад Лхамрагчаагийн түлээний модыг бэлтгэж байна, эрхийн бичиг нь Лхамрагчаад байгаа гэсэн. Тэгээд бид Булганы цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх 33 тал/,

Гэрч П.Бат-Эрдэнийн өгсөн: .. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэдээс Галтай гэх амнаас Лхамрагчаа гэх хүн өчигдөр нэг машин мод бэлдлээ. Өнөөдөр нэг машин гарлаа, шалгаж өгөөч гэсэн. Тухайн бэлтгэсэн мод нь түлээнийх биш залуухан нойтон мод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би рамын хашаанд очиж үзэхэд 100 орчим 4 метр урттай нойтон мод бэлтгэсэн байсан. Тэгээд би Лхамаа эгчтэй таараад бичиг баримтаа аваад ир гэж хэлчихээд Цагдаагийн тасгийн дарга хошууч Л.Батбилэг захирагчийн албаны дарга Б.Мөнхбаатар цагдаа жолооч а/а Ганбаатар нарыг аваад хамт Галтай гэх ам руу очсон. Тэгээд бид нар машин цааш явах боломжгүй учир машины мөр дагаад мод руу орж үзэхэд 26 ширхэг хожуул байсан. Би жолооч Батмөнхөөс ямар мод бэлтгэж байгаа талаар асуухад бид 3 Лхамрагчаагийн түлээний мод бэлтгэж байгаа гэж байсан. Өчигдөр нэг мод ачиж рамын хашаанд буулгасан, өнөөдөр дахиад ачих гээд машин болохгүй байна гэж хэлсэн. Би модны эрхийн бичгийг асуухад надад жолооч Батмөнх эрхийн бичгийг нь авсан байгаа та нар явж бай гээд Лхамаа эгч бид нарыг явуулсан гэж байсан. Лхамаа гэх хүний бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын 4 м урттай шинэс нэртэй гуалин мод байсан. Рамын хашаан дотор байсан мод нь нойтон шинэс мод байсан бөгөөд ойролцоогоор 3 машин мод байсан. ... 2016 онд Галтай гэх газар түлээний болон арчилгаа цэвэрлэгээний ажлын зориулалттай хуваарь байгаа. Хэрэглээний нойтон модны зөвшөөрөл олгогдоогүй..гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 тал/

Гэрч П.Батмөнхийн өгсөн:  .. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны хөрөө рамын эзэн Лхамрагчаа гэдэг хүн намайг 4 метрийн хэрэглээний модонд яваад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би зөвшөөрөөд Лхамаа эгчийн модонд явж өгсөн. Булган аймгийн Хангал сумын Галтай гэдэг газар луу дүү Батбаатар, манай сумын  Жаргалсайхан гэдэг залуутай хамт Батаа гэдэг хүний ЗИЛ-131 маркийн машинаар модонд явсан. 12 дугаар сарын 19-ний өдөр би ууландаа гарч модоо бэлтгэсэн ба тухайн өдөр 13-15 орчим босоо мод унагаж 4 метрээр тайрч Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр нэг удаа 60 орчим ширхэг модыг төв рүү оруулж рамын хашаанд буулгасан. Тэгээд Лхамаа эгч намайг 12 дугаар сарын 21-ний өдөр дахиад модонд яваад өг гэхээр нь би нөгөө Галтай гэх газраа очиж 12 дугаар сарын 19-ний өдөр бэлтгэсэн газраасаа бас 10 гаран босоо мод унагаж бэлтгэн ачиж амжаагүй байтал Хялганат тосгоны цагдаа төлөөлөгч хоёр байгаль орчны улсын байцаагч, Засаг даргын орлогч Мөнхбаатар гэдэг залуу нар ирсэн. Ууландаа аваагүй үлдсэн 5 ширхэг, 19 ширхэг 4 метрийн хэмжээтэй тайрсан мод байгаа. Би Лхамаа эгч гоожингоо авсан байх гэж бодоод гоожингүй мод бэлтгэсэн нь үнэн гэх мэдүүлэг / хх-ийн 37 тал/

Гэрч П.Батбаатарын өгсөн: …2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай ах Батмөнх нь намайг мод ачилцаад өг гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би тэгье гээд ахтай хамт Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Галтай гэх газраас Лхамрагчаа гэдэг хүний модыг бэлтгэсэн. Тухайн модыг Жаргалсайхан, манай төрсөн ах Батмөнх бид гурав Урангоо гэдэг эгчийн ЗИЛ 131 маркийн бор ногоон өнгийн тээврийн хэрэгсэлтэй ууланд гарч бэлтгэсэн. Ингэхдээ тухайн өдөр 10 орчим босоо мод унагаж 4 метрээр тайрч бэлтгэсэн бөгөөд манай ах Батмөнх нь тайраад Жаргалсайхан бид хоёр хажууд нь туслаж байсан. Тэгээд ЗИЛ 131 маркийн тээврийн хэрэгслээр нэг удаа төв рүү мод ачиж рамын хашаанд буулгасан. 12 дугаар сарын 21-ны өдөр дахин мод унагаж бэлтгэсэн. Хэдэн мод унагасан гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгээд бид 3 бэлтгэсэн модоо ачих гээд байж байтал цагдаа Ганбаатар төлөөлөгч Батбилэг, Байгаль орчны байцаагч Бат-Эрдэнэ, тосгоны орлогч дарга Мөнхбаатар нар нь ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 39-40 тал/

Гэрч Л.Батбилэгийн өгсөн ... 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хялганат тосгоны Галтай гэх газар хүн мод бэлтгээд байна гэдэг мэдээллийг иргэнээс авсан. Мэдээллийн дагуу Галтай гэх газар луу тосгоны цагдаа ахлах ахлагч Ганбаатар болон, байгаль хамгаалагч Бат-Эрдэнэ, Захирагчийн албаны дарга Мөнхбаатар нарын хамт очиход манай тосгоны Мөнхбат гэдэг жолооч хоёр залуутай хамт 26 ширхэг босоо нойтон шинэс мод унагасан байдалтай байсан. Тэгэхээр нь би мод бэлтгэх эрхийн бичгээ шалгуул гэхэд байхгүй гэсэн. Тэгэхээр нь би хэн модонд явуулсан талаар асуухад Лхамрагчаа модонд явуулсан гэж байсан. ЗИЛ 131 маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулан Цагдаагийн газар руу мэдэгдэж бүрэлдэхүүн ирүүлэн шалгуулсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 41 тал/

Гэрч А.Жаргалсайханы өгсөн .. 2016 оны 12 дугаар сарын 19-21-ний өдөр шиг санаж байна намайг гудамжинд алхаж явтал Лхамрагчаа эгч модонд яваад өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь би жолооч Батмөнх дүү Батбаатар нарын хамтаар Галтай гэх газар луу модонд хоёр удаа явж өгсөн. 12 дугаар сарын 19-ний өдөр Галтай гэх газраас нойтон шинэс модыг Батмөнх хөрөөдөж бэлдээд Батбаатар бид гурав нэг машинд ачиж Лхамрагчаагийн рамын хашаанд буулгасан. 12 дугаар сарын 21-ний өдөр бид нар дахиж яваад модоо бэлтгэж байхад цагдаа нар ирсэн.  нар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 20 гаран ширхэг босоо мод унагаж бэлтгэж ачаад 12 дугаар сарын 21-ний өдөр 5-6 ширхэг босоо мод унагаж бэлтгээд ачиж чадаагүй.. гэх мэдүүлэг / хх-ийн 44 тал/

Гэрч С.Отгончулууны өгсөн: ... Лхамаа эгч хэлэхдээ гоожингоо дараа авна гээд мод бэлтгэсэн чинь цагдаад баригдчихлаа гэж байсан. Би наад асуудлаа өөрөө зохицуул гэдэг байдлаар хэлсэн. Рам нь яалт ч үгүй миний рам байгаа юм. Лхамаа эгч ашигладаг юм гэх мэдүүлэг / хх-ийн 45 тал /

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1 дүгээр тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 дугаар тал/, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-11 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 14-17 тал/, эд зүйл хураан авах тогтоол тэмдэглэл /хх 19-27 тал/, Булган сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай  дүгнэлт /хх 52тал/, эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх 56, 60 тал/, Булган сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /хх 65, 66 тал/, Байгаль орчны хяналтын улсын байцаагийн 2017 оны 03 дүгээр сарын 23-ны өдрийн 06-04-349/02 дугаартай дүгнэлт /хх 71 тал/, ял шалгуурын хуудас /хх 90 тал/ зэргийг  судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ны өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын нутаг Галтай гэх газарт С.Лхамрагчаа нь Батбаатар, Батмөнх, Жаргалсайхан нараар хууль бусаар 19,324м3   мод бэлтгүүлсэн хууль зүйн факт болжээ.

Энэ үйл баримт нь хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Лхамрагчаагийн мэдүүлэг, ...зөвшөөрөлгүй нойтон шинэс мод бэлтгэж байгаль экологид учруулсан 2298240 төгрөгийн хохиролоо бүрэн төлж барагдуулсан гэх  хохирогч Б.Мөнхбаатарын мэдүүлэг, ...С.Лхамрагчаагийн гуйлтаар  26 ширхэг босоо мод унагаж заримыг тээвэрлэж, заримыг ууланд нь үлдээсэн гэх гэрч П. Батмөнх,П. Батбаатар, А. Жаргалсайхан нарын мэдүүлэг,...газар дээр нь үзэж харсан, унагасан модны хожуулыг тоолсон гэх гэрч Л. Батбилэг, Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг, ...Лхамаа эгч гоожингоо дараа авна гээд мод бэлтгэсэн чинь цагдаад баригдчихлаа гэж байсан гэх гэрч С.Отгончулууны мэдүүлэг зэрэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршигийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, Булган сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай  дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, Булган сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүх хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч С.Лхамрагчаа нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль экологид 2298240 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан дээрхи үйлдэл нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байна.

 Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч С.Лхамрагчаад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 2298240 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч 2298240 төгрөгийг төлж, учирсан хохирол, гэм хорыг арилгасан болох нь Хангал сумын хялгант тосгоны захирагчийн албаны  тодорхойлолтоор тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч С.Лхамрагчаагийн зөвшөөрөлгүй мод бэлтгэж рамын хашаанд буулгасан модыг тоолж үзэхэд  4 метрын урттай 117 ширхэг мод байсан талаар модонд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан ба мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор дээрхи модыг битүүмжилжээ./хх-4, 15 тал/,

2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 5/01 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч Лхамрагчаагийн хууль бусаар бэлтгэсэн 117 ширхэг модноос 60 ширхэг модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул 4 метрийн урттай 117 ширхэг модноос 60 ширхэгийг хасч 81 ширхэг шинэс модыг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Лхамрагчаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн улаан хүрэн өнгийн төмөр гадаргуутай, хар өнгийн бариултай, гинжний хамгаалалтгүй, бусад эд анги нь бүрэн бүтэн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн 4 метрийн урттай 81 ширхэг нойтон шинэс модыг  тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 49-45 ХӨА улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл Б.Урангоогийн эзэмшилд байдаг болох нь тогтоогдож байх тул 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 49-45 ХӨА улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл, 0016957 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний эзэмшигч Б.Урангоод буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Лхамрагчаад ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулахдаа ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Бөөжин овогт Сэдбазарын Лхамрагчааг ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч С.Лхамрагчааг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52   дугаар   зүйлийн   52.5-д   заасныг баримтлан шүүгдэгч С.Лхамрагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Лхамрагчаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож 49-45 ХӨА улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл,  0016957 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт  эзэмшигч 1975 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 42 настай, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багт оршин суух, Харуул овгийн Баасангийн Урангоо /РД:МВ75090908/-д буцаан олгосугай.

6. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хууль бусаар бэлтгэсэн модыг битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, улаан хүрэн өнгийн төмөр гадаргуутай, хар өнгийн бариултай, гинжний хамгаалалтгүй, бусад эд анги нь бүрэн бүтэн цахилгаан хөрөө 1 ширхэг, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны С.Отгончулууны рамын хашаанд байгаа 4 метрийн урттай 81 ширхэг нойтон шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч С.Лхамрагчаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лхамрагчаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНДУЛАМ