Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

 

 

 

 

 

 2021         04            21                                         2021/ДШМ/16

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                     Б.Б, Г.А нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.М,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 129 дүгээр захирамжтай Б.Б, Г.А нарт холбогдох 2038005500407 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Онход овогт Б-ийн Б, ... оны 6 дугаар сарын 30ы өдөр төрсөн, эрэгтэй, урьд Сум дундын .... дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан /регистрийн дугаар ............/.

Монгол Улсын иргэн, Уран дөш овогт Г-ын А, .... оны 7 дугаар сарын 17ы өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн ..... оны .... дугаар сарын ...-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жил, 6 сарын хугацааны хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... оны ... дугаар сарын ....-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан /регистрийн дугаар ................/.

Яллагдагч Б.Б нь ганцаараа Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бага-Ёл гэх газраас 2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд иргэн Д.Ганхуяг, Д.Отгонбаатар нарын өмчлөлийн 3 тооны бод малыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 3,300,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Бүгсийн гол” гэх газраас иргэн Д.Эрдэнэбаярын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Арвайн хурд” нэртэй хөх өнгийн мотоциклийг 2020 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Атай бүлэглэж Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг “Хадны өвөлжөө" гэх газраас иргэн Б.Намхайгийн өмчлөлийн өвөлжөөний байшинд 2020 оны 8 дугаар сарын 01-нээс 07-ны өдрийн хооронд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 3,785,000 төгрөгийн хохирол учруулсан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг “Овооны элэг” гэх газраас иргэн Г.Чулуунбатын өмчлөлийн өвөлжөөний байшинд 2020 оны 8 дугаар сарын 01-нээс 07-ны өдрийн хооронд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Зун-гол” гэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Ганболдын өмчлөлийн 4 тооны үхрийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.А нь Б.Б-тэй бүлэглэж Хөвсгөл аймгийн     Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг “Хадны өвөлжөө” гэх газраас иргэн Б.Намхайгийн өмчлөлийн өвөлжөөний байшинд 2020 оны 8 дугаар сарын 01-нээс 07-ны өдрийн хооронд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 3,785,000 төгрөгийн хохирол учруулсан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг “Овооны элэг” гэх газраас иргэн Г.Чулуунбатын өмчлөлийн өвөлжөөний байшинд 2020 оны 8 дугаар сарын 01-нээс 07-ны өдрийн хооронд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Зун-гол” гэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Ганболдын өмчлөлийн 4 тооны үхрийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 129 дүгээр захирамжаар яллагдагч Б.Б, Г.А нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Дээд шатны прокурорын зүгээс дараах үндэслэлүүдээр захирамжийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлуудыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж дурдаад урьдчилсан хэлэлцүүлэг хийх 17 үндэслэлийг хуульд тусгайлан зохицуулсан. Дээрх 17 үндэслэлийн 2 үндэслэл нь буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай”, 6.15-д заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” асуудлууд хэрэгт тогтоогдсон байхад шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Их хурлаас баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг гол агуулга, үзэл санаа нь хэргийг буцааж хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарыг чирэгдүүлэх, тэднийг залхаахгүй байх, хэргийг буцаах зайлшгүй шаардлагатай бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны эцэст нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх явдал юм.

Хоёр. “Нэгдүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолыг хэн гэх, ямар шинжээчид танилцуулсан нь тодорхойгүй, гарын үсгийн тайлал байхгүй, 101 дүгээр хуудсанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг яллагдагч Б.Б-д танилцуулж гарын үсэг зуруулаагүй, 2 дугаар хавтаст хэргийг 229 дугаар хуудас шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл буюу яллах дүгнэлт гардуулсан баримтыг нотлох баримтын шаардлага хангуулалгүйгээр хуулбарлан хийсэн” гэж дурдсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 1-р хавтаст хэргийн 75-р хуудсанд байх шинжээч томилсон тогтоолд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч, ахмад Б.Түвшинбаяр нэрийн тайллаа бичээгүй боловч тогтоолын араас шууд шинжээчийн дүгнэлт хавсаргагдсан, дүгнэлтэд шинжээч Б.Түвшинбаяр гэж нэрээ бичсэн, шинжээч томилох тогтоол, дүгнэлтэд байх шинжээчийн гарын үсэг нэг хүнийх тул ямар шинжээчид тогтоол танилцуулсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг 1-р хавтаст хэргийн 105-р хуудсанд Б.Б-д танилцуулсан байна.

Гурав. Захирамжийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13, удирдлага болгох хэсэгт мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13” гэсэн заалт байхгүй, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээс 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаах талаар заасан бөгөөд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн удирдлага болгох хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй атлаа хийсэн мэтээр хуулийн холбогдох зүйл заалтыг удирдлага болгож буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой...бичигдэх” шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 129 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 129 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг шинжлэн судалбал яллагдагч Б.Б, Г.Ар нарт холбогдох хэргийг шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Шүүхээс хэргийг прокурорт буцаах тухай зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх  бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг нөхцөл байдал тогтоогдвол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаадаг.

Гэтэл анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг...” гэж шүүх хурал хийсэн мэтээр бичсэн, мөн тодорхойлох хэсэгт “1 дүгээр хавтаст хэргийн хуудас дугаарлагдаагүй ...яллагдагч Б.Болдсүхэд шинжээчийн дүгнэлт /тайлбар, мэдүүлэг/ танилцуулсан тэмдэглэл огноо дугаар тавигдаагүй, дүгнэлт танилцуулсан мөрдөгч гарын үсэг зураагүй, 1 дүгээр хавтаст хэргийн хуудас дугаарлагдаагүй ...Г.Ариунбаатарт шинжээчийн дүгнэлт /тайлбар, мэдүүлэг/ танилцуулсан тэмдэглэл огноо дугаар тавигдаагүй, дүгнэлт танилцуулсан мөрдөгч гарын үсэг зураагүй” гэснийг 2 удаа давхардуулан бичсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчиж байна.

Мөн шүүгчийн захирамжид тамга дарагдаагүй хайнга хариуцлагагүй алдаа гаргасан байх тул цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/129 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Болдсүх, Г.Ариунбаатар нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                               Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                    Н.БАЯРХҮҮ