| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/100 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/100
2025 06 09 2025/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
улсын яллагч Б.Баттуяа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2404001580039 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Мөнгөнморьт сумын 3 дугаар баг, Мөнхжаргалант 22 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ..... овогт ........... (РД:...........),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний орой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 20 дугаар гудамжны 5 тоотод байрлах илүү цоожгүй Монгол гэрт хураасан 150 метр цахилгааны утсыг шууд, санаатай, шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч ******* 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 17-ны орой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 6 тоотод байрлах хашаан дотор байсан Ниссан санни загварын 31-14 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Самсунг галакси вите-2” гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч 1,420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тухайн үед үеэл ах Алтанхуягийн гэрт амьдардаг байсан. Би нутгийн эгч болох Мөнгөнчимэгийн гэрээр орж гардаг байхдаа хажуу айл болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос Уулын 20-5 тоот айлыг харж байсан. Би 2024 оны 06 дугаар сарын 02-05-ны өдрийн хооронд байх сар өдрийг нь санахгүй байна. Мөнгөнчимэг эгчийн гэрт очтол тухайн хашаанаасаа нүүчихсэн байхаар нь хажуу талын айлын хашааг нь даваад орсон. Тухайн үед хашаанд хүн байгаагүй нэг монгол гэр байсан. Тэгээд би гэрийн хаалгыг нь нээгээд үзтэл хаалга нь онгорхой хүн байхгүй байхаар нь дотор нь ортол ороогоод тавьчихсан цахилгааны хар өнгөтэй утас байхаар нь би аваад гарсан. Тухайн гэрийн хаалга цоожгүй байсан. Тэгээд үеэл ах Алтанхуягт 40-50 метрийг нь 40,000 төгрөгөөр зарсан, үлдсэн цахилгааны утсаа Мөнгөнчимэг эгчийн төрсөн ах болох Мөнхбатад зарсан бөгөөд хэдэн метр цахилгааны утас зарснаа мэдэхгүй байна. Мөнхбатаас 60,000 төгрөг авсан бөгөөд нийт цахилгааны утсаа 100,000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө Улаанбаатар хот руу зардал болон өөр зүйлд ашигласан. Би тухайн цахилгааны утсыг ганцаараа авсан бөгөөд 120-150 метр орчим утас байсан байх. Алтанхуяг, Мөнхбат хоёрт хулгайлсан гэдгээ хэлээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ....Би 2024 оны 07 дугаар сарын 17-ны орой Алтанхуяг гэх үеэл ахындаа хамт архи ууж байхдаа “хотод очиж ажил хиймээр байна” гэж хэлээд “таны машин болох 31-14 БРА /Nissan sunny/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явж болох уу” гэсэн чинь “за” гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би маргааш нь буюу 07 дугаар сарын 18-ны өглөө 06-07 цагийн үед Алтанхуяг ахыг унтаж байхад нь 31-14 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь унаад Улаанбаатар хот орохоор явсан. Тэгээд замдаа Налайх дүүргийн хилийн цэргийн 014-р ангийн урд талаар явж байтал машин задалсан хашаа байхаар нь тэр хашаа руу ороод “машин авах уу” гээд унаж байсан Nissan sunny маркийн машинаа тэр хүнд үзүүлээд 350,000 төгрөгөөр зараад хот ороод тэр мөнгөөрөө өөртөө хувцас аваад, үүлдсэнэ мөнгөөр нь архи авч уусан. Алтанхуяг ахад ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Алтанхуяг ах намайг тухайн тээврийн хэрэгслийг зарж мөнгө төгрөг олоорой гэж зөвшөөрсөн зүйл байхгүй. Алтанхуяг ахын тээврийн хэрэгслийг унаад явахад машин дотор нь “Samsung” загварын гар утас болон Хаан банкны карт байсан. Би тухайн гар утсыг өөрөө ашиглаж байгаад 2024 оны 09 дүгээр сард алга болгочихсон. Харин банкны картыг нь ашиглаагүй, картнаас нь мөнгө аваагүй, хаячихсан. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 45-46, 64-65, 179-180, 223-224, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ээж бид хоёр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 20 дугаар гудамжны 5 тоотод байрлах гэртээ юмнуудаа янзалж байгаад хураасан байсан 150 орчим метр урттай цахилгааны утас маань алга болсныг мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх болсон. Цахилгааны зэс өнгийн 150 орчим метр урттай кабел утас байсан. Би тухайн кабелаа 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байшингаас гэр рүү оруулснаа санаж байна. Манай гэр цоожгүй байсан. Би одоо тухайн утсаа 1,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (1хх 27-28),
Хохирогч, иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дүү ******* над руу нууцлагдсан дугаараас залгаад гэрт хүрээд ирсэн. Тэгээд ******* надад хандаж “ах аа утас аваад ирлээ, авах хүн байна уу” гэж асуусан. Би хүнээс асууж өгье гээд Мөнхбат ахтай ярилцаад хоёулаа нийлж хуваагаад авъя гээд 70 метр орчим утсыг хувааж авсан. *******аас тухайн утсыг ямар учиртай утас болохыг асуухад Хуягбаатар, Хэрлэнбаяр нар нь *******ыг зараад өг гэхээр нь зарж байгаа гэж надад хэлсэн. Тэр утсыг Мөнхбат бид хоёр ямар учиртай утас болохыг мэдэлгүй бэлнээр 100,000 төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн 20 орчим метр утсыг би 40,000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр худалдаж авсан утсаа гэртээ тогны утас болгон ашиглаж байгаа. *******аас 40,000 төгрөгөө нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй. ...Надад хулгайн утас гэж хэлээгүй...
...Манай ээжийн дүүгийн хүүхэд ******* гэх залуу манай гэрт түр хугацаагаар хамт амьдарсан. Тухайн үедээ миний хийж байгаа ажилд туслаад л байж байдаг байсан. 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Байдлаг хэсэгт нэг айлын 00 ухаад доторлож барьж өгчихөөд бид хоёр гэртээ ирээд дэлгүүрээс нэг том пиво аваад хувааж ууцгаасан. Тэгээд унтаад өглөө босоод хартал ******* байгаагүй. Гадаа гараад хартал 31-14 БРА улсын дугаартай Ниссан санни маркийн тээврийн хэрэгсэл маань байхгүй байсан. Тэгээд сим картаа очиж сэргээгээд Тогос-Уул руу дүүгийнхээ гэрт очоод утсанд нь сим картаа хийгээд ******* руу залгатал гар утас нь холбогдохгүй байсан. Гар утасны маань гэрэнд миний Хаан банкны карт хамт явж байсан болохоор Мобайл банкаараа ороод дансаа шалгатал дансанд байсан 700 гаруй мянган төгрөг бүгд алга болчихсон байсан. *******тай холбогдохын тулд янз бүрээр утас руу нь болон хамаатан садангуудаараа очсон уу гэж залгаж асуугаад ерөөсөө олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...******* намайг картаа 30,000 төгрөгөөр цэнэглээд өгөөч гэхээр нь цэнэглэж өгөөд хажуугаас нь хараад ерөнхийдөө хоёулаа цуг тоглосон гэж ойлгож болно. *******ыг тоглож байхад нь хажууд нь цуг харж байсан. Яг бол тоглоогүй. Хажуунаас нь хараад байж байсан юм чинь үүнийгээ нэхэмжлэхгүй... *******ын авч явсан машин болон гар утсыг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг (1хх 31-32, 167-168, 169-170, 172, 2хх 35-36),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх нүүгээд 4-5 хоног тоггүй байсан. Тэгээд тогны утасны мөнгө байхгүй байж байгаад төрсөн ах Мөнхбат руу залгаад тогны утас асуухад Алтанхуягт тогны утас байгаа зарна гэхээр нь очоод уулзахад Алтанхуяг надад 20 метр орчим утас байгаа Амараа гэх дүүгээсээ авсан гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь 1 метрийг нь 2000 төгрөгт бодож ав гэхээр нь 50,000 төгрөгөөр бэлнээр нь өгнө гэж бодож байсан чинь цагдаагаас ирээд хулгайн утас байна гэдгийг мэдсэн. Одоо авсан цахилгааны утсыг нь хэрэглээгүй манай гэрт байгаа. Алтанхуяг гэх залууг нутгийн хүн гэж танина...” гэсэн мэдүүлэг (1хх 35-36),
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Төв аймгийн Мөнгөнморьт суманд амьдардаг байсан ба *******ыг багаас нь мэднэ. Тухайн хүнээс өмнө 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 30 гаруй метр цахилгааны утас авч байсан. Намайг ажлаа хийгээд явж байхад надтай цуг ажил хийж байсан хүн рүү ******* залгаад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа цахилгааны утас авах хүн байна уу гэхээр нь очиж үзсэн. Би зэс голтой утсыг нь авъя гэж хэлсэн. Хөнгөн цагаан голтой утсыг нь Алтанхуяг гэх залуу авна гэж ярьж байсан. Яг авсан үгүйг мэдэхгүй байна. Тухайн зэс голтой утасны нийт урт нь 30 метр байсан, би 100,000 төгрөгт бодож авсан. Тэгээд тухайн мөнгөө би Одгэрэл гэх хүний данс руу шилжүүлээд Ахиц 1 дэлгүүрт байдаг Хаан банкны АТМ-ээс гаргаж аваад *******д өгсөн... Би *******аас 100,000 төгрөгөө нэхэмжлэхгүй, гомдол санал алга байна. Хохирогч гэх залуутай уулзсан чинь утсаа авахгүй гэсэн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1хх 39-40, 2хх 31),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би машин задалж зарж худалдан борлуулдаг юм. Би Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шүрэн” цайны газрын ойролцоо задгай тоотод үйл ажиллагаа явуулдаг. 2016 оноос хойш Налайх дүүрэгт машин задалж зарж байгаа. ...Миний санахаар 2024 оны 07 дугаар сарын эхээр буюу наадмын дараагаар цагаан өнгөтэй Sunny 15 загварын тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд 4 салхины шил нь доош буухгүй, 4 дугуй нь хайлш, урд талын салхины шил цуурсан байсан бөгөөд улсын дугаартай байсан үгүйг бол санахгүй байна. Надад машин зарсан хүмүүс ажлын хувцастай 20-28 насны 3 залуу ирээд зарсан. Худалдаж авахдаа 400,000 төгрөгөөр тохироод мөнгийг нь тухайн хүмүүст бэлнээр өгсөн. ...Надад манай төрсөн ахын машин гэж хэлсэн. Бичиг баримт манай ах дээр байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх 176-177),
Хохирогч цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (1хх 23),
Хохирогч цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (1хх 162),
“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 276 дугаартай “хуучин 1 жил орчим ашиглаж байсан цахилгааны утас 150 метр 1,400,000 төгрөг” гэх дүгнэлт (1хх 47),
“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 89 дугаартай “хуучин хэрэглээний нилээн элэгдэлтэй Nissan Sunny” авто машин 1,200,000 төгрөг, хэрэглэж байсан Хаан банкны карт 10,000 төгрөг, Samsung glaxy white 2 загварын утас 1 ширхэг 210,000 төгрөг, нийт 1,420,000 төгрөгөөр үнэлж тогтоов...” гэсэн дүгнэлт (1хх 182),
Хохирогч Д.Отгонбат Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ “Д.Отгонбат би 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Тогос Уулын 20-5 тоотод байх гэрээсээ 150 метр тогны утас хулгайд алдсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хувийн шалтгаанаас болж шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлгахгүйгээр шүүх хуралдааныг хийнэ үү. Би алдагдсан цахилгааны утсаа нэхэмжлэхгүй” гэжээ (2хх-ийн 38),
Иргэний нэхэмжлэгч Ө.Мөнхбат Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ “*******аас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Рашаантын 19-6 тоотод очиж гэрлийн утас бэлэн 100,000 төгрөгөөр авсан. Надад гомдол санал байхгүй, 100,000 төгрөгөө нэхэмжлэхгүй, бас шүүх хуралд оролцохгүй” гэжээ (2хх-ийн 32),
Иргэний нэхэмжлэгч Р.Алтанхуяг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ “*******аас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Рашаантын 19-6 тоотод очиж гэрлийн утас авсан 40,000 төгрөгөө төгрөгөө нэхэмжлэхгүй, бас шүүх хуралд оролцохгүй” гэжээ (2хх-ийн 37),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (1хх 75-77, 79, 81, 83-84, 86-87, 89, 91, 93, 96, 98, 100, 102-103, 190-194),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх 104) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн орой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 20 дугаар гудамжны 5 тоотод байрлах илүү цоожгүй Монгол гэрт хураасан 150 метр цахилгааны утсыг шууд, санаатай, шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч ******* 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 17-ны орой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 6 тоотод байрлах хашаан дотор байсан Ниссан санни загварын 31-14 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Самсунг галакси вите 2” гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч 1,420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:
-Шүүгдэгч *******ын “Мөнгөнчимэг эгчийн гэрт очтол тухайн хашаанаасаа нүүчихсэн байхаар нь хажуу талын айлын хашааг нь даваад орсон. Хашаанд хүн байгаагүй нэг монгол гэр байсан. Тэгээд би хаалгыг нь нээгээд үзтэл хаалга нь онгорхой хүн байхгүй байхаар нь дотор нь ортол ороогоод тавьчихсан цахилгааны хар өнгөтэй утас байхаар нь би аваад гарсан. Тухайн гэрийн хаалга цоожгүй байсан. Тэгээд үеэл ах Алтанхуягт 40-50 метрийг нь 40,000 төгрөгөөр зарсан, үлдсэн цахилгааны утсаа Мөнгөнчимэг эгчийн төрсөн ах Мөнхбатад зарсан бөгөөд хэдэн метр цахилгааны утас зарснаа мэдэхгүй байна. Мөнхбатаас 60,000 төгрөг авсан бөгөөд нийт цахилгааны утсаа 100,000 төгрөгөөр зарсан... 2024 оны 07 дугаар сарын 18-ны өглөө 06-07 цагийн үед Алтанхуяг ахыг унтаж байхад нь 31-14 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь унаад Улаанбаатар хот орохоор явсан. Замдаа Налайх дүүргийн хилийн цэргийн 014-р ангийн урд талаар явж байтал машин задалсан хашаа байхаар нь хашаа руу ороод “машин авах уу” гээд унаж байсан Nissan sunny маркийн машинаа тэр хүнд 350,000 төгрөгөөр зараад хот ороод тэр мөнгөөрөө өөртөө хувцас аваад, үлдсэн мөнгөөр нь архи авч уусан. Алтанхуягт ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Алтанхуяг ах намайг тухайн тээврийн хэрэгслийг зарж мөнгө төгрөг олоорой гэж зөвшөөрсөн зүйл байхгүй. Алтанхуяг ахын тээврийн хэрэгслийг унаад явахад Samsung загварын гар утас болон Хаан банкны карт байсан. Би тухайн гар утсыг өөрөө ашиглаж байгаад 2024 оны 09 дүгээр сард алга болгочихсон. Харин банкны картыг нь ашиглаагүй, картнаас нь мөнгө аваагүй, хаячихсан” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч “Гэртээ юмнуудаа янзалж байгаад хураасан байсан 150 орчим метр урттай цахилгааны утас маань алга болсныг мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх болсон. Цахилгааны зэс өнгийн 150 орчим метр урттай кабел байсан. Би тухайн кабелаа 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байшингаас гэр рүү оруулснаа санаж байна. Манай гэр цоожгүй байсан...” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч “******* над руу нууцлагдсан дугаараас залгаад гэрт хүрээд ирсэн. Тэгээд ******* надад хандаж “ах аа утас аваад ирлээ авах хүн байна уу” гэж асуусан. Би хүнээс асууж өгье гээд Мөнхбат ахтай ярилцаад хоёулаа нийлж хуваагаад авъя гээд 70 метр орчим утсыг хувааж авсан. *******аас тухайн утсыг ямар учиртай утас болохыг асуухад Хуягбаатар, Хэрлэнбаяр нар нь *******ыг зараад өг гэхээр нь зарж байгаа гэж надад хэлсэн. Тэр утсыг Мөнхбат бид хоёр ямар учиртай утас болохыг мэдэлгүй бэлнээр 100,000 төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн 20 орчим метр утсыг би 40,000 төгрөгөөр худалдаж авсан...
...Гапаа гараад хартал 31-14 БРА улсын дугаартай Ниссан санни маркийн тээврийн хэрэгсэл маань байхгүй байсан. Тэгээд сим картаа очиж сэргээгээд Тогос-Уул руу дүүгийнхээ гэрт очоод утсанд нь сим картаа хийгээд ******* руу залгатал гар утас нь холбогдохгүй байсан. Гар утасны маань гэрэнд миний Хаан банкны карт хамт явж байсан болохоор Мобайл банкаараа ороод дансаа шалгатал дансанд байсан 700 гаран мянган төгрөг бүгд алга болчихсон байсан. *******тай холбогдохын тулд янз бүрээр утас руу нь болон хамаатан садангуудаараа очсон уу гэж залгаж асуугаад ерөөсөө олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг,
-Гэрч “Манайх нүүгээд 4-5 хоног тоггүй байсан. Тэгээд тогны утасны мөнгө байхгүй байж байгаад төрсөн ах Мөнхбат руу залгаад тогны утас асуухад Алтанхуягт тогны утас байгаа зарна гэхээр нь очоод уулзахад Алтанхуяг надад 20 метр орчим утас байгаа Амраа гэх дүүгээсээ авсан гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь 1 метрийг нь 2000 төгрөгт бодож ав гэхээр нь 50,000 төгрөгөөр бэлнээр нь өгнө гэж бодож байсан чинь цагдаагаас ирээд хулгайн утас байна гэдгийг мэдсэн. Одоо авсан цахилгааны утсыг нь хэрэглээгүй манай гэрт байгаа” гэсэн мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч “Надтай цуг ажил хийж байсан хүн рүү ******* залгаад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа цахилгааны утас авах хүн байна уу гэхээр нь очиж үзсэн. Би зэс голтой утсыг нь авъя гэж хэлсэн. Хөнгөн цагаан голтой утсыг нь Алтанхуяг гэх залуу авна гэж ярьж байсан. Яг авсан үгүйг мэдэхгүй байна. Тухайн зэс голтой утасны нийт урт нь 30 метр байсан би 100,000 төгрөгт бодож авсан. Тэгээд тухайн мөнгөө би Одгэрэл гэх хүний данс руу шилжүүлээд Ахиц 1 дэлгүүрт байдаг Хаан банкны АТМ-ээс гаргаж аваад *******д өгсөн” гэсэн мэдүүлэг,
-Гэрч “2024 оны 07 дугаар сарын эхээр буюу наадмын дараагаар цагаан өнгөтэй Sunny 15 загварын тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд 4 салхины шил нь доош буухгүй, 4 дугуй нь хайлш, урд талын салхины шил цуурсан байсан бөгөөд улсын дугаартай байсан үгүйг бол санахгүй байна. Надад машин зарсан хүмүүс ажлын хувцастай 20-28 насны 3 залуу ирээд зарсан. Худалдаж авахдаа 400,000 төгрөгөөр тохироод мөнгийг нь тухайн хүмүүст бэлнээр өгсөн. Надад манай төрсөн ахын машин гэж хэлсэн. Бичиг баримт манай ах дээр байгаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл,
-Хохирогч цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл,
-“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 276 дугаартай “хуучин 1 жил орчим ашиглаж байсан цахилгааны утас 150 метр 1,400,000 төгрөг” гэх дүгнэлт,
-“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 89 дугаартай “хуучин хэрэглээний нилээн элэгдэлтэй Nissan Sunny” авто машин 1,200,000 төгрөг, хэрэглэж байсан Хаан банкны карт 10,000 төгрөг, Samsung glaxy white 2 загварын утас 1 ширхэг 210,000 төгрөг, нийт 1,420,000 төгрөгөөр үнэлж тогтоов...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар хууль бусаар авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэдэг бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульд заасан ба, хохирлын хэмжээ шаарддаггүй.
“Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалгыг эвдэх, цонхыг хагалах, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгоно.
Шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу хохирогч эзэмшлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос Уулын 20-5 тоот хашаанд байх монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 150 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 17-ны орой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 6 тоотод байрлах хашаан дотор байсан Ниссан санни загварын 31-14 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Самсунг галакси вите 2 утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,420,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэгтгэн зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 1,400,000 төгрөгийн, хохирогч 1,460,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ө.Мөнхбатад 60,000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч Д.Отгонбат, Р.Алтанхуяг, Ө.Мөнхбат нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно. Анх удаа гэдэгт тухайн хүн урьд нь гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай болох нь тогтоогдож байгаагүй, эсхүл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхыг ойлгоно.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр буюу 2 удаа үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шйидвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 79 (далан ес) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн мөрийн баримтаар хурааагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ