| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0094/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/127 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Цэгмэд,
хохирогч ,
шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000570071 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, вагон үзэгч засварчин, өрөг угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр охины хамт ******* сумын 2 дугаар багийн Хайлаастын 7-709 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоогоор ******* тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******,
*******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч Г.Зинамядар нь 2024 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн орчимд ******* багт үйл ажиллагаа явуулах “Уртын цагаан овоо” зочид буудлын 2 давхрын шатан дээр байсан эзэмшлийн Редми ноте-8 (te-8) маркийн гар утас 1 ширхэг, тус буудлын 200 тоот өрөөнд байсан эзэмшлийн Самсунг Эс-20 ултра маркийн гар утас 1 ширхэг буюу нийт 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч д 780,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчийн гар утсыг буцааж өгсөн. Өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Энэ үйлдэлдээ ямар маш их гэмшиж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.
- Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2024 оны 12 сарын 29-ний өдөр Санхүүчдийн шинэ жил болоод 4 цагт тарсан. Ажил дээр байхад Санхүүчдийн баяр болсон юм байна эгчдээ нэг юм задалъя гээд 0,5 граммтай архи авч өгсөн. Бүх зүйлээ хаагаад 302 тоотод орж унтсан. Миний буруу нь халамцуу хаалгаа түгжээгүй байсан нь буруу. Эд нар хүний өмч рүү зөвшөөрөлгүй орсон нь буруу. Энэ хүн 5 цагийн үед Х.Сүхбат гээд эхнэрийнхээ ахтай цуг явж байсан. Би сайн танихгүй. Хүний буудал руу зөвшөөрөлгүй орж унтсанд гомдолтой байна. Намайг шатан дээр согтуу унтаж байсан гэсэн худал мэдүүлэг өгсөн байсан. Би тэгж унтаагүй гомдолтой байна. Намайг саарал шубатай 50 гаруй насны хүн унтаж байсан гэж мэдүүлсэн байсан. Надад саарал шуба байхгүй, би архичин хүн биш. Энэ нь худал би тэгж шатан дээр унтахгүй, нэг л шил архи уусан байсан. Ингээд өглөө сэрэхэд утас байхгүй байсан. Цагдаагийн байгууллага үзлэг хийсэн. 302 тоотод хоёр утсаа түлхүүрийн хамт тавиад унтсан байсан. Хоёр утсыг аваад түлхүүрийг үлдээсэн байсан. Энэ хүмүүстэй хоёр хүүхэд явж байсан. Тэр хоёр хүүхдийг олж аваад явж байхад шээлээ гэж хэлээд зугтаагаад явсан. Тэгээд энэ хүмүүсийг олоогүй. Энэ хэд тавуулаа баарнаас ирсэн байсан. Камерт тэгж харагдсан гэж цагдаа хэлсэн. Миний утас нэг сая гаран төгрөгийн үнэтэй хоёр утас байгаа. Миний утас 700,000 төгрөгийн утас биш. Тэгээд миний утсыг олсон гэхээр нь би утсаа авъя гээд цагдаад хэлсэн. Миний утасны кээс, нүүрний наалт, ард нь байсан бичиг бүгд байхгүй байсан. Тэр юмнуудыг байхгүй болгосон байсан. Тэгээд утсан дээр байсан уурхайн бичлэг байсан бүгдийг устгасан байсан. Миний утсыг хадам ээж нь барьж явж байсан. миний тойргийн хүн, 16 жил ажиллахад, мөн уурхайн тэмцэгч хийдэг, миний утсыг хэн ч мэднэ. Тэр үед миний даралт 200 гарсан, тэгээд сэтгэл санааны хохирол гарсан. Улаан утсыг саяхан 900,000 авсан, нөгөө утсыг нь харин хоёр сая гарангаар авч байсан. Хоёр жил барьсан гээд хямдарсан байх, мөн шинжээчийн дүгнэлт гарахад 100,000 төгрөг гарсан би төлсөн, мөн буудлын мөнгө төлөөгүй гарсан. Манай галч ярихад нэг нь орон доор, нөгөө нь юман дээр гараад байж байсан гэсэн одоо гомдолтой байна, би сэтгэл санааныхаа хохирлыг гаргуулмаар байна...гэв.
Эрүүгийн 2530000570071 дугаартай хэргээс:
- Яллагдагч*******ын: Би 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос эхнэр хамт суманд хадам аав, ээж хоёр дээрээ ирсэн юм. 2024 оны 12 дугаар сарын 30-ны орой хадам ах хамт гадуур гарч сумын төвд байх бааранд орж эхлээд найман лаазтай пиво, дараа нь зургаан лаазтай пиво, сүүлд нь 2.5 литрийн нэг том пиво хувааж уусан. Хадам ах бид хоёр 02 цагийн үед баар хаахаар нь баарнаас гараад явж байтал хадам ахын таньдаг дүү нар таараад "Уртын цагаан овоо" нэртэй 3 давхар зочид буудал руу орсон. Нөгөө хэдэн залуучууд түрүүлээд орсон. Хамгийн сүүлд хадам ах бид хоёр орсон. Буудал руу ороод 2 давхарт нь гарахад 50 орчим насны эмэгтэй хүн шатны эргэдэг булан дээр тасраад шат дэрлэчихсэн унтаж байсан. Тэр эмэгтэй нь хажууд шатан дээр улаан өнгийн үсний резинээр боочихсон салсан ч юм уу, эвдрэлтэй ч юм уу гар утас байсан. Хадам ах бид хоёр тухайн эмэгтэйг хамжиж өргөөд 2 давхрын шатны эсрэг талын 2 давхрын 200 тоот өрөө рүү өргөж оруулсан. Би нөгөө шатан дээр унасан байсан утсыг нь аваад халаасандаа хийчихсэн. Намайг тухайн утсыг нь авсныг хадам ах мэдээгүй шатан дээр унасан байсан гар утсыг анзаарч хараагүй байх гэж бодож байна. Нөгөө эгчийг бид хоёр өргөөд шатны эсрэг талын 200 тоот өрөөнд оруулаад хэвтүүлэхэд тухайн эгч дээгүүрээ өмссөн байсан үслэг хүрмээ өөрөө тайлсан. Тайлах үед хүрмийнх нь халааснаас нэг гар утас унаж байгаа чимээ гарсан. Тухайн өрөө гэрэлгүй харанхуй байсан тул ямар өнгийн ямар гар утас гэдгийг нь би мэдээгүй. Би газар унасан утсыг нь аваад халаасандаа хийчхээд байж байтал гаднаас үл таних нэг эрэгтэй хүн орж ирээд нөгөө эгчийг өрөөнөөс нь аваад гарсан. Намайг тухайн эмэгтэйн гар утаснуудыг авч байхыг манай хадам ах мэдээгүй. Ах бид хоёр гарах гэсэн чинь буудлын хаалга гаднаасаа түгжээтэй, дотроосоо огт нээгдэхгүй байхаар нь бид хоёр нэг хоосон өрөөнд орж хэсэг унтаад 05 цагийн орчим галч нь гэх нэг эрэгтэй хүн буудлын хаалга нээхээр нь буудлаас гараад гэр гэр лүүгээ явж амарсан. Гэртээ очоод унтаж байтал манай эхнэр намайг татаж сэрээгээд нөгөө 2 утсыг хэний утас болох, хаанаас авсан талаар асуухаар нь би эхнэртээ юу ч хэлээгүй. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Тухайн хоёр утсыг манай эхнэр аваад үлдсэн. Сүүлд нь асуухад манай эхнэр тухайн хоёр утсыг утасны газар форматлуулаад буцаагаад сум руу хадам ээж рүү явуулсан байсан...гэх мэдүүлэг ( хэргийн 71-74 дүгээр хуудас),
- Хохирогч : Би сумын 7 дугаар багийн нутагт зочид буудал, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “Уртын цагаан-Овоо”-ны захирлын ажил хийдэг. 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр сумын санхүүчдийн ёолк болж, орой танил гэх залуу надад нэг шил “Экс” нэртэй архи авчирч тэрийгээ бид хоёр хувааж уучхаад би дэлгүүр зоогийн газар хоёроо хаагаад гарах үед намайг өрөөнд чинь оруулж өгье гээд буудлын гурван давхарт гаргаж өгөөд гарсан. Би буудлын 302 тоотод ороод унтсан байсан. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг 30 минутын орчимд сэрэхэд миний хоёр утас байхгүй байсан. Миний алдсан гэх утас ногоон кейстэй, ултра маркийн, мөн улаан өнгийн маркийн гар утасууд байсан. Би алдсан гэх утасныхаа имей кодыг мэднэ. , кодтой байсан. Харин te 8 гар утасныхаа кодыг мэдэхгүй байна. Би Самсунг Эс-20 ултра маркийн гар утсыг 2024 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос 1.350.000, te 8 /Редми ноте-8/ гар утсыг би 3 жилийн өмнө 800.000 төгрөгөөр авч байсан. Би унтахдаа буудлынхаа гадна талыг цоожлоогүй унтаад өгсөн байсан. Намайг өглөө босоод ирэхэд манай буудлын 204 тоотод нэг залуу, 203 тоотод хоёр залуу байсан. Өөр хүн орж ирээгүй байсан. Манай зочид буудалд хяналтын камер байхгүй. Би алдсан гэх гар утсаа зах зээлийн ханшаар үнэлнэ. Сая таны харуулсан хоёр гар утас миний хоёр утас мөн байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Ялангуяа би өөрөө хариуцлагагүй уул уурхайтай тэмцдэг хүн. Миний утсан дээр зөндөө уурхайтай холбоотой, бичиг баримтууд болон зураг байсан. Тэр зургууд байхгүй болохоор би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг ( хэргийн 22-23, 26-27 дугаар хуудас) ,
- Гэрч : Би суманд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нөхөр*******ын хамт ирсэн. 12 дугаар сарын 30-ны орой манай нөхөр*******, манай ах нар нь гараад яваад 31-ний өглөө 06 цагийн үед архи уусан согтуу орж ирсэн. Би өдөрхөн сэрэхэд*******ын хажууд улаан өнгийн te-8, мөн саарал өнгийн Самсунг маркийн гурван камертай утас байсан. Би*******, хоёроос “энэ хэний утас юм бэ” гэхэд тэр хоёр юу ч санахгүй байсан. Тухайн хоёр утсыг нээж үзэхэд улаан өнгийн утас нь кодгүй, саарал нь кодтой байсан. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр сумаас ажилдаа явахдаа тухайн хоёр утсыг янзлуулах гээд хот руу авч яваад Улаанбаатар хотод очоод утас засвараар янзлуулаад буцаагаад сум руу ээж рүүгээ явуулсан. Тухайн хоёр утсыг хэний утас болох талаар мэдэхгүй байсан, мөн кодтой байсан болохоор кодыг гаргуулах гээд авч явсан. Тухайн үед утсан дотор байсан сим картыг нь яасан талаар би сайн санахгүй байна. Тухайн утсыг манай нөхөр******* нь манай гэрт авчирсан. Яг хаанаас авчирсан талаар би мэдэхгүй байна. Өөрөөс нь асуухаар надад хэлэхгүй байсан...гэх мэдүүлэг ( хэргийн 33-34 дүгээр хуудас),
- Гэрч : 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай дүү нь нөхөр*******тай суманд ирсэн. 12 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед******* бид хоёр гараад сумын төвд байдаг бааранд ороод эхлээд 8 лааз, дараа нь 6 лаазтай пиво, мөн дараа нь 2.5 литртэй том пиво авч уусан. Шөнийн 02 цаг орчмын үед бид хоёр баарнаас гарсан. Баарнаас гараад хойшоо явж байгаад зочид буудлын урд талд хоёр залуутай таараад буудал руу орсон. Тэрнээс хойш юу болсон талаар би санахгүй байна. Намайг сэрэх үед манай дүү надаас “ биеэс энэ хоёр гар утас гарч ирлээ” гээд хоёр утас харуулаад асуухаар нь “би яаж мэдэх юм бэ, тасраад сая л ухаан орж байна” гэсэн. Би ажилдаа яваад 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой ирэхэд миний утсыг манай дүүгийн хүүхэд усанд унагаасан. Тэгэхэд манай ээж “ хоёр утас олоод тэрийгээ янзлуулаад над руу явуулсан байна. Ээж нь нэгийг нь барьж байна, чи нэгийг нь барих юм уу” гээд улаан өнгийн Redmi гэдэг утас надад өгсөн. Тэгэхээр нь би тухайн утсанд өөрийнхөө сим картыг хийгээд ашиглаж эхэлсэн. Би тухайн хоёр утас хэний утас болох талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг (хэргийн 37-38 дугаар хуудас),
- Гэрч М.ын: Би өглөө босоод гаднаас түлээ оруулж ирж байхад манай охин нь*******ыг “чиний хажууд юун хоёр утас байгаа юм бэ, хэний утас юм бэ?” гээд загнаж байх шиг байсан. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай охин,******* нар Улаанбаатар хот руу явахдаа тухайн утаснуудыг янзлуулна гээд аваад явсан. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр янзлуулсан гээд буцаагаад явуулахаар нь саарал өнгөтэй Самсунг S20 маркийн гар утсанд нь би өөрийнхөө 88323343 дугаартай сим картыг хийгээд ашиглаж эхэлсэн. Тухайн утасны нэг нь улаан өнгөтэй te 8 маркийн гар утас байсан. Нөгөөдөх нь гадуураа кейстэй Samsung S20 маркийн гурван камертай утас байсан. Хэний утас болох талаар би мэдэхгүй байна. Улаан өнгийн te 8 маркийн гар утсыг манай хүү одоо ашиглаж байгаа...гэх мэдүүлэг (хавтаст 41-42 дугаар хуудас),
- 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Гар утасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг” ( хэргийн 09-15 дугаар хуудас),
- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2502012 дугаартай “ ултра маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 630,000 төгрөг, te 8 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 150,000 төгрөг. Нийт шинжилгээний объектын үнэ цэнэ нь 780,000 /долоон зуун наян мянган/ төгрөг” гэх дүгнэлт ( хэргийн 52-57 дугаар хуудас),
- 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн аас te 8 маркийн гар утас хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 16 дугаар хуудас),
- 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн М.аас ултра маркийн гар утас хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл ( хэргийн 17 дугаар хуудас),
- 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хохирогч д гар утас хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 18 дугаар хуудас),
- Хохирогч д “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварын танилцуулсан” мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 28-30 дугаар хуудас),
-*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 79 дүгээр хуудас)
-*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хэргийн 83-85 дугаар хуудас)
-*******ын Хаан банкны 5001516096 дансны хуулга (хэргийн 93-101 дүгээр хуудас) зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч******* нь 2024 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн орчим ******* багт үйл ажиллагаа явуулах “Уртын цагаан овоо” зочид буудлын 2 давхрын шатан дээр байсан эзэмшлийн Редми нөүт 8 загварын гар утас 1 ширхэг, тус буудлын 200 тоот өрөөнд байсан эзэмшлийн Самсунг Эс-20 ультра загварын гар утас 1 ширхэг буюу нийт 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч д 780,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “2024 оны 12 дугаар сарын 30-ны орой хадам ах хамт гарч бааранд орж 14 лаазтай пиво, 2.5 литрийн нэг том пиво уусан. 02 цагийн үед баарнаас гараад хадам ахын таньдаг дүү нартай таарч "Уртын цагаан овоо" нэртэй 3 давхар зочид буудал руу орсон. Буудлын 2 давхарт гарахад 50 орчим насны эмэгтэй хүн шатны эргэдэг булан дээр тасраад шат дэрлэчихсэн унтаж байсан. Тэр эмэгтэй нь хажууд гар утас байсныг аваад халаасандаа хийсэн. Бид хоёр нөгөө эгчийг өргөөд 200 тоот өрөөнд оруулаад хэвтүүлэхэд тухайн эгч өмсөж байсан үслэг хүрмээ тайлах үед нь халааснаас нэг гар утас унаж байгаа чимээ гарсан. Би газар унасан утсыг нь аваад халаасандаа хийчхээд байтал гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд нөгөө эгчийг өрөөнөөс нь аваад гарсан. Намайг тухайн эмэгтэйн гар утаснуудыг авч байхыг манай хадам ах мэдээгүй, би ч хэлээгүй. Бид хоёр нэг хоосон өрөөнд орж унтаад 05 цагийн орчим галч нь гэх нэг эрэгтэй хүн буудлын хаалга нээхээр нь гарсан. Гэртээ очоод унтаж байтал манай эхнэр намайг татаж сэрээгээд нөгөө 2 утсыг хэний утас болох, хаанаас авсан талаар асуухаар нь би эхнэртээ юу ч хэлээгүй. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Тухайн хоёр утсыг манай эхнэр аваад үлдсэн. Сүүлд нь асуухад манай эхнэр тухайн хоёр утсыг утасны газар форматлуулаад буцаагаад сум руу хадам ээж рүү явуулсан байсан” гэх,
хохирогч “ 2024 оны 12 дугаар сарын 30-ны орой танил залуу гэх залуу надад нэг шил “Экс” нэртэй архи авч өгөөд тэрийгээ бид хоёр хувааж уучхаад, дэлгүүр зоогийн газар хоёроо хаагаад гарах үед намайг өрөөнд чинь оруулж өгье гээд буудлын гурван давхарт гаргаж өгөөд гарсан. Би 302 тоотод ороод унтсан байсан. 31-ний өглөө 08 цаг 30 минутын орчимд сэрээд утсаа үзэхэд миний хоёр утас байхгүй байсан. Миний алдсан гэх утас ногоон кейстэй, ултра маркийн гар утас, мөн улаан өнгийн Редми ноте-8 маркийн гар утас байсан. Би алдсан гэх утасныхаа имей кодыг мэднэ. Сая таны харуулсан хоёр гар утас миний хоёр утас мөн байна. Би өөрөө хариуцлагагүй уул уурхайтай тэмцдэг хүн. Миний утсан дээр зөндөө уурхайтай холбоотой, бичиг баримтууд болон зураг байсан. Тэр зургууд байхгүй болохоор би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэх,
гэрч “ Би суманд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нөхөр*******ын хамт ирсэн. 30-ны орой манай нөхөр*******, манай ах нар гарч яваад 31-ний өглөө 06 цагийн үед согтуу орж ирсэн. Би өдөрхөн сэрэхэд*******ын хажууд улаан өнгийн te-8, мөн саарал өнгийн Самсунг маркийн гурван камертай утас байсан. Би тэр хоёроос энэ хэний утас юм бэ гэхэд тэр хоёр юу ч санахгүй байсан. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр сумаас явахдаа тухайн хоёр утсыг авч яваад Улаанбаатар хотод утас засвараар янзлуулаад буцаагаад сум руу ээж рүүгээ явуулсан. Хэний утас болох талаар мэдэхгүй байсан, мөн кодтой байсан болохоор кодыг гаргуулах гээд авч явсан ” гэх,
гэрч “...2024 оны 12 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед******* бид хоёр гарч бааранд ороод 14 пиво, 2.5 литртэй том пиво авч уусан. Шөнийн 02 цаг орчмын баарнаас гараад явж байгаад зочид буудлын урд талд хоёр залуутай таараад буудал руу орсон. Тэрнээс хойш юу болсон талаар би санахгүй байна. Намайг сэрэх үед манай дүү нь надаас “ биеэс энэ хоёр гар утас гарч ирлээ” гээд хоёр утас харуулаад асуухаар нь “би яаж мэдэх юм бэ, тасраад сая л ухаан орж байна” гэсэн. Тэгээд би ажилдаа яваад 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой ирээд байхад миний утсыг манай дүүгийн хүүхэд усанд унагаасан. Тэгэхэд манай ээж “ хоёр утас олоод тэрийгээ янзлуулаад над руу явуулсан байна. Ээж нь нэгийг нь барьж байна, чи нэгийг нь барих юм уу” гээд улаан өнгийн Redmi гэдэг утас надад өгсөн. Тэгэхээр нь би тухайн утсанд өөрийнхөө сим картыг хийгээд ашиглаж эхэлсэн.” гэх,
гэрч М.ын “ Би өглөө 09 цаг өнгөрөөж босоод гаднаас түлээ оруулж ирж байхад манай охин нь*******ыг “чиний хажууд юун хоёр утас байгаа юм бэ? хэний утас юм бэ?” гээд загнаж байх шиг байсан.2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай охин,******* нар нь хот руу явахдаа тухайн утаснуудыг янзлуулна гээд аваад явсан. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр янзлуулсан гээд буцаагаад явуулахаар нь саарал өнгөтэй Самсунг S20 маркийн гар утсанд нь би өөрийнхөө 88323343 дугаартай сим картыг хийгээд ашиглаж эхэлсэн. Нөгөө утас нь улаан өнгөтэй te 8 маркийн гар утас байсан. Хэний утас болох талаар би мэдэхгүй байна. Улаан өнгийн te 8 маркийн гар утсыг манай хүү одоо ашиглаж байгаа” гэх мэдүүлгүүд,
Мөрдөгчийн “Гар утасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг”,
хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ний 2502012 дугаартай “ ултра маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 630,000 төгрөг, te 8 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 150,000 төгрөг. Нийт шинжилгээний объектын үнэ цэнэ нь 780,000 төгрөг” гэх дүгнэлт,
аас te 8 маркийн гар утас хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл,
М.аас ултра маркийн гар утас хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл,
хохирогч д гар утас хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч д учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч “ ультра” маркийн гар утсыг зах зээлийн үнэлгээг 630,000 төгрөг, Редми Ноүт 8 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 150,000 төгрөгөөр тогтоосон “Болор” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч , шүүгдэгч******* нараас маргаагүй байна.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
3. Прокуророос*******ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг, шүүгдэгч*******аас “Хохирогчид гар утсыг буцааж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй” гэж мэдүүлж гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
4. Хууль зүйн ойлголтоор “Хулгайлах” гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “ бага хэмжээний хохирол"-д гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор тогтоожээ.
5. Хэргийн баримтаар шүүгдэгч******* нь тухайн шөнө ******* багт үйл ажиллагаа явуулах “Уртын цагаан овоо” зочид буудлын 2 давхрын шатан дээр байсан Редми нөүт-8 загварын гар утас 1 ширхэг, тус буудлын 200 тоот өрөөнөөс мөн түүний Самсунг Эс-20 ультра загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, шүүгдэгч*******ын зүгээс “ хохирогчийг 2 давхрын шатны эргэдэг булан дээр тасраад унтаж байхад нь хажууд нь байсан гар утасыг авсан, мөн 200 тоот өрөөнд хүрмээ тайлах үедээ халааснаас гар утас унасныг авсан ” гэж мэдүүлэх боловч энэ тохиолдолд тухайн гар утсыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс хаягдаж орхигдсон, хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүйгээс, мөн хөндлөнгийн хүчин зүйлээс хамааралтайгаар эд зүйл энэхүү хяналт, хамгаалалтаас гадуур байсан буюу “гээгдэл эд хөрөнгө” гэж үзэх үндэслэлгүй буюу шүүгдэгчийн хувьд эзэн нь тодорхой эд хөрөнгийг эзэмшигчийг унтаж байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар эзэмшилдээ авч байгаа уг үйлдэл нь “ хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байгааг дурдъя.
6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч түүний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.
7. Шүүгдэгч ыг тухайн гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор иргэн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Гэм хор, хохирлын талаар:
1. Шүүгдэгч*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч д 780,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс Редми нөүт-8 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Эс-20 ультра 1 ширхэг гар утсыг биет байдлаар буцаан өгч хохирол нөхөн төлөгдсөн болох нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйл буцаан өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Мөрдөгчөөс хэрэгт хохирогч Ч.Адъяасүрэнгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус үндэслэн “нэгдүгээр зэрэглэл”-ээр тогтоож, танилцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байна.
Тухайлбал, дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (Хулгайлах)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д заасны дагуу “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.
Иймд тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч Ч.Адъяасүрэнгийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад шүүх шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд хохирогч Ч.Адъяасүрэн нь тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлт гаргуулан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
3. Хохирогч шүүх хуралдаанд “шинжээчийн дүгнэлт гарахад 100,000 төгрөг гарсныг би төлсөн, мөн буудлын мөнгө төлөөгүй гарсан тул нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул тухайн нэхэмжлэлийг шууд хангах боломжгүй байна.
Хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй, эсхүл гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэл гараагүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүхээс шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч Т.Зинамядарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид хохирлыг барагдуулсан, гэм буруугийн хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлт гаргав.
4. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
5. Шүүгдэгч******* гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6. Шүүгдэгч*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн, согтуурсан үеийн байдал нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл, шалтгаан болсон, анх удаа гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийг байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэж, тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина” гэж заажээ.
Шүүгдэгч******* шүүх хуралдаанд “ одоогоор ******* тоотод түр оршин сууж байгаа” гэж мэдүүлэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул дээрх хуулийн зохицуулалтыг дагуу түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний байнга оршин суух үндсэн захиргаа ******* сумын 2 дугаар багийн Хайлаастын 7-709 тоотод оршин суух хаягаар гүйцэтгэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад:
Шүүгдэгч******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан******* түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч*******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт болон шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч д учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас үүссэн сэтгэцэд учирсан хор уршиг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад зарцуулсан төлбөр, мөн буудлын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН