| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/129 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Цэгмэд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар *******ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000360065 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн операторчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,,
Бодонч овогт Энхжаргалын *******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний 23 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ 2025 оны анхны үдшийн цэнгүүн” нэртэй цэнгүүнд оролцож байхдаа хууль сахиулагч буюу цагдаагийн ахлагч албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.”гэх хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний хувцаснаас нь татаж, баруун нүдний дээд хэсэгт нь толгойгоороо нэг удаа мөргөж биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тухайн үед болсон асуудлыг санахгүй байгаа. Маргахгүй байна. Манай суманд удаж байгаа тул бид мэндтэй устай байдаг, бие биеэ сайн таньдаг. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй, гомдолгүй гэсэн...гэв.
Эрүүгийн 2530000360065 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн: Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн сумаас ирсэн найз бүтэн нэрийг нь мэдэхгүй/ залуутай 2.5 литрийн нэртэй сэрүүн нэртэй пиво 2 ширхэг, 0.5 гр экс нэртэй архины тал шил, 1 шил шампанск 16 цагаас хойш хувааж уугаад 23-н цаг өнгөрөөгөөд сумын соёлын төвд бүжиг рүү очсон. Үүдэнд эхнэрийн үеэл гэдэг залуутай тааралдаад “сайн уу дүү” гэсэн чинь “би чиний дүү биш” гэхээр нь бид хоорондоо маргалдаад зууралдсан чинь манай сумын цагдаа салгасан. Тэгээд соёлын төвийн үүдэнд хэнийг нь мэдэхгүй эмэгтэй хүн гэнэт “чи цагдаа мөргөчихлөө шүү дээ” гэхээр нь сэргээд харсан чинь би цагдаа мөргөөд хөмсөг нь хавдчихсан байсан. Яагаад цагдаагийн алба хаагчтай маргалдсан талаараа огт санахгүй байна. Өөр хүн намайг татаж байна гэж бодоод андуураад мөргөсөн. Их согтуу байсан. Миний биед халдаж, зодож, цохисон зүйл байхгүй…гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),
- Хохирогчийн: Би тухайн бүжиг рүү шөнө 23 цаг 40 минутын орчимд олон нийтийн цагдаа хамт ороод байж байхад Соёлын төвийн үүдний хаалганы ойролцоо хүмүүс бархиралдаад байхаар очиход тус сумын иргэн *******, Ш. нар хоорондоо маргалдаж байхаар би тухайн иргэдийг салгаад *******ийг гадагшаа аваад гарах үед гэх залуу би "******* ахыг аваад явчихна" гэж хэлээд авч явсан. Би Соёлын төв рүү буцаж ороход Ш. бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Хэсэг хугацааны дараа ******* Соёлын төв рүү орж ирээд Ш. руу очоод хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад *******ийг гадагш авч гарах үед олон нийтийн цагдаа , Ш.ыг авч үлдсэн. Би *******ийг Соёлын төвөөс аваад гарч байх үед миний хувцаснаас татаад баруун нүдний дээд хэсэгт толгойгоороо 1 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би *******ийг цагдаагийн хэсгийн байр руу авч яваад драйгер багаж үлээлгэх гэсэн чинь татгалзсан. Цагдаагийн хэсгийн байранд очоод толинд өөрийгөө харахад миний баруун хөмсөгний дээд хэсэгт хавдсан байсан. Би цагдаагийн газрын ерөнхий жижүүр цагдаагийн дэд хурандаа утсаар болсон асуудлын талаар танилцуулсан. ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн үед нь үзүүлж эмчийн тодорхойлолт авсан. Миний баруун нүд хөхөрч хавдсан. Мөн хамар дээр бага шалбарсан. Өөр гэмтэл үүсээгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, биедээ хөнгөн гэмтэл учирсан дээр сэтгэл санааны хор уршгийг жишиг нормын дагуу нэхэмжилнэ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 -11 дүгээр хуудас),
- Гэрч : 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай соёлын төвд 2025 оны эхний азын сугалаатай "Мөнгөн өвөл” нэртэй бүжиг болсон. 23 цаг 30 минутын үед манай сумын цагдаа, олон нийтийн цагдаа нар соёлын төвөөр эргүүл хийж орж ирсэн. Тэр үед манай сумын ******* согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж нэлээн согтсон байдалтай соёлын төвд хүн хүнтэй муудаж цагдаа шаардлага тавихад шаардлагыг нь биелүүлэхгүй хэл амаар доромжлоод байсан. Тэгээд цагдаа нэг удаа хүнд хүлээлгэж өгч харьж амар гээд хэлээд явуулсан. Тэгсэн эргээд бүжгийн талбай руу орж ирээд эхнэр болох , хамаатны дүү болох Ш. гэх залуутай муудалцаж хоорондоо маргаж нэг нэгнээ цохиод байсан. Бүжгийн талбайд байсан хүмүүс шуугилдаад бархиралдсан. Манай сумын цагдаа, нар салгаж хаалгаар аваад гартал цагдаа 3.******* нь нэг удаа мөргөхийг би харсан…гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
- Гэрч : 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Соёлын төвд 19 цаг 00 минутаас 2025 оны эхний азын сугалаатай бүжиг болсон. 23 цаг 40 минутын үед соёлын төвд манай сумын цагдаа, олон нийтийн цагдаа нар орж ирээд согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг харьж амар гээд явуулж байсан. Тэр үед манай сумын ******* гээд залуу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, согтсон байдалтай хүнтэй маргалдаад байхад цагдаа шаардлага тавихад шаардлагын биелүүлэхгүй, хэл амаар доромжлоод өөдөөс нь хэрэлдээд байсан. Би бүжгийн талбайд бүжиглэж байхад ******* орж ирээд эхнэр болох М.Гэрэлтуяагийн дүү болох Ш.ыг хэд хэд удаа цохиж заамдалцаад байхад бүжгийн талбайд байсан 50-60 хүмүүс шуугилдаж сумын цагдаа, нарыг дуудсан. Маргалдсан Ш., ******* нарыг салгаж хаалгаар аваад гартал цагдаа ******* нь албаар шууд гараараа татаж авчирч хажуугаас нь толгойгоороо нүд рүү нь мөргөхөд нүд нь хавдсан байдалтай харагдсан. Би *******ийг тасгийн цагдаа мөргөж байхыг би харсан…гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),
- Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай Прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
- Эмчийн үзлэгийн “…23 цаг 50 минутын орчимд 2 хүн муудалцаад дундуур нь орж хориглох үед нүдний зовхи руу цохисон. Биеийн байдал дунд…” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаартай “ 1.ийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),
- Сэтгэц учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хэргийн 36-38 дугаар хуудас),
-*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
- *******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 23 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зохион байгуулагдсан “2025 оны анхны үдшийн цэнгүүн” бүжигт оролцож байхдаа хууль сахиулагч буюу цагдаагийн ахлагч албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан “Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасны дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний хувцаснаас нь татаж баруун нүдний дээд хэсэгт нь толгойгоороо нэг удаа мөргөх зэргээр биед нь халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ16 цагаас хойш залуутай 2.5 литрийн Сэрүүн пиво 2 ширхэг, 0.5 гр Экс архи тал шил, 1 шил шампанск хувааж хувааж уугаад 23-н цаг өнгөрөөгөөд сумын соёлын төвд бүжиг рүү очсон. Үүдэнд эхнэрийн үеэл гэдэг залуутай тааралдаад “сайн уу дүү” гэсэн чинь “би чиний дүү биш” гэхээр нь хоорондоо маргалдаад зууралдсан чинь манай сумын цагдаа салгасан. Соёлын төвийн үүдэнд хэнийг нь мэдэхгүй эмэгтэй хүн гэнэт “чи цагдаа мөргөчихлөө шүү дээ” гэхээр нь сэргээд харсан чинь би цагдаа мөргөөд хөмсөг нь хавдчихсан байсан. Яагаад цагдаагийн алба хаагчтай маргалдсан талаараа огт санахгүй байна. Өөр хүн намайг татаж байна гэж бодоод андуураад мөргөсөн. Их согтуу байсан” гэх,
хохирогчийн “Шөнө 23 цаг 40 минутын орчим олон нийтийн цагдаа хамт Соёлын төвийн бүжигт ороод байхад үүдний хаалганы ойролцоо хүмүүс бархиралдаад байхаар очиход иргэн *******, Ш. нар хоорондоо маргалдаж байхаар нь салгаад *******ийг гадагшаа аваад гарах үед гэх залуу би "******* ахыг аваад явчихна" гэж хэлээд авч явсан. Хэсэг хугацааны дараа ******* Соёлын төв рүү орж ирээд Ш. руу очоод хоорондоо зодолдсон. Би тэр хоёрыг салгаад *******ийг гадагш авч гарах үед олон нийтийн цагдаа Ш.ыг авч үлдсэн. Би *******ийг Соёлын төвөөс аваад гарч байх үед миний хувцаснаас татаад баруун нүдний дээд хэсэгт толгойгоороо 1 удаа мөргөсөн. Цагдаагийн хэсгийн байранд очоод толинд өөрийгөө харахад миний баруун хөмсөгний дээд хэсэгт хавдсан байсан. ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн үед нь үзүүлж эмчийн тодорхойлолт авсан. Миний баруун нүд хөхөрч хавдсан. Мөн хамар дээр бага шалбарсан” гэх,
гэрч “ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай соёлын төвд "Мөнгөн өвөл” нэртэй бүжиг болсон. 23 цаг 30 минутын үед сумын цагдаа, олон нийтийн цагдаа нар соёлын төвөөр эргүүл хийж орж ирсэн. Тэр үед ******* согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж нэлээн согтсон байдалтай хүн хүнтэй муудаж цагдаа шаардлага тавихад шаардлагыг нь биелүүлэхгүй хэл амаар доромжлоод байсан. Цагдаа нэг удаа хүнд хүлээлгэж өгч, харьж амар гээд хэлээд явуулсан. Тэгсэн ******* эргээд бүжгийн талбай руу орж ирээд эхнэр М.Гэрэлтуяагийн хамаатны дүү болох Ш. гээд залуутай муудалцаж хоорондоо маргаж нэг нэгнээ цохиод байсан. Сумын цагдаа, нар салгаж хаалгаар аваад гартал 3.******* нь цагдаа нэг удаа мөргөхийг би харсан гэх,
гэрч “…2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагаас Соёлын төвд 2025 оны бүжиг болсон. 23 цаг 40 минутын үед сумын цагдаа, олон нийтийн цагдаа нар орж ирээд согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг харьж амар гээд явуулж байсан. Тэр үед манай сумын ******* гэх залуу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, согтсон байдалтай соёлын төвд хүнтэй маргалдаад байхад цагдаа шаардлага тавихад шаардлагын биелүүлэхгүй хэл амаар доромжлоод өөдөөс нь хэрэлдээд байсан. Би бүжгийн талбайд бүжиглэж байхад ******* орж ирээд эхнэр М.Гэрэлтуяагийн дүү болох Ш.ыг хэд хэд удаа цохиж заамдалцаад байхад сумын цагдаа, нар Ш., ******* нарыг салгаж аваад гартал ******* нь цагдаа шууд гараараа татаж толгойгоороо нүд рүү нь мөргөхөд нүд нь хавдсан байдалтай харагдсан ” гэх мэдүүлгүүд,
“ Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай” Прокурорын зөвшөөрөл,
Эмчийн үзлэгийн “…23 цаг 50 минутын орчимд 2 хүн муудалцаад дундуур нь орж хориглох үед нүдний зовхи руу цохисон. Биеийн байдал дунд” гэх тодорхойлолт,
Шинжээчийн 63 дугаартай “ 1.ийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогчэд учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 63 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогчийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Прокуророос шүүгдэгч *******ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль сахиулагч буюу цагдаагийн ахлагч албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн цаг хугацаандийн баруун нүдний дээд хэсэгт нь толгойгоороо нэг удаа мөргөж биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг, шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн үндсэн шинж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдлээр илэрнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “-Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно ” заасан ба энэ хэргийн хохирогч болох тухайн цаг хугацаанд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар ажиллаж, эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад уг хэрэг болсон нь түүний биеийн байцаалт, гэрч А.Амаа, А.Галсандорж нарын мэдүүлгүүдээр нотлогдоно.
Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илрэх ба шүүгдэгч *******ийн хувьд цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагын үл тоон, хувцаснаас нь татаж толгойд зориуд, санаатай хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйл буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн объект нь хууль сахиулах албаны хэвийн үйл ажиллагааг хангах талаар тогтоосон журам, нэмэгдэл объектод хууль сахиулагчийн халдашгүй байдал, эрүүл мэнд хамаарах бөгөөд хууль сахиулагчийг эсэргүүцэх явцдаа түүний эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь хохирол учруулсан бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл хэсгээр давхар зүйлчилдэг болно.
5. Шүүгдэгч *******ийн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хувцаснаас нь татаж мөргөн хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийн, мөн уг гэмт хэргийг үйлдэх явцдаа цагдаагийн албан хаагчийн хувцаснаас нь татаж баруун нүдний дээд хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг тус тус бүрэн агуулсан хийгээд прокуророос дээрх зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тухайн гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, хэргийн үйл баримт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй нотлогдсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ийн, цагдаагийн албан хаагч ийг мөргөсөн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
7. Шүүгдэгч *******ийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Тэрээр албан үүргээ гүйцэтгэж байгаа хууль сахиулагчийн үйл ажиллагаанд саад учруулж, эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ хохирогчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдаж зориуд хохирол учруулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
2. Мөрдөгчөөс хэрэгт хохирогч ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн “ хоёрдугаар зэрэглэл”-ээр тогтоож, танилцуулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байна.
Тухайлбал, дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-д... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д заасны дагуу “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.
Иймд тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад шүүх шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлт гаргуулан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
3. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул уг гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй, эсхүл гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэл гараагүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ял оногдуулахаар хуульчилжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Цэгмэдээс “ Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай ” гэх дүгнэлт гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хэт согтуурсан байдал нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа ухамсарлаж хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “ Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно ” гэж заасны дагуу шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 2,800,000 төгрөгийн торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,300,000 төгрөгөөр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******ид шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бодонч овогт Энхжаргалын *******ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,800,000 төгрөгийн торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,300,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хор, мөн тухайн гэмтлийн улмаас үүссэн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН