Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 129/ШШ201/00515

 

  129/ШШ2018/00515

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, хувиараа бизнес эрхэлдэг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагааны давааны 24-04 тоотод оршин суух Д овгийн  Д.О

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Сонины 12 дугаар байр, 07 тоотод оршин суух Б овгийн Г.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 14-1410 тоотод оршин суух Д овгийн Б.Ш-т холбогдох

122.700.120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.П,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О би Б.Ш-т 2016 оны 07 сарын 28-ны өдөр 29.260.000 төгрөг, 2016 оны 12 сарын 23-ны өдөр 35.325.000 төгрөгийг тус бүрийг нь банкны хүүгээр бодож 2%-ийн хүүтэй, миний охин Г.Г нь 2016 оны 04 сарын 01-нд 32.370.000 төгрөгийг цалингийн зээлийн хүүгээр бодож 1.4%-ийн хүүтэйгээр барилга барихад нь зориулж зээлүүлсэн боловч одоог хүртэл бидний мөнгийг өгөхгүй маш ихээр хохироож байна. Бид энэ мөнгийг өгөхдөө Б.Ш-ыг “Барилгаа 2017 оны 7 сард наадмаас өмнө ашиглалтанд оруулчихна, хөрөнгө оруулалт нь бэлэн” гээд гуйгаад байхаар нь итгээд банкнаас зээл авч өгсөн. Иймээс Б.Ш-с нотариатаар батлуулсан хэлцлээр тохирсоны дагуу 96.955.000 төгрөг, хүү болох 25.745.120 төгрөг, нийт 122.700.120 төгрөгийг гаргуулж намайг болон миний охин Г.Гантуяаг минь хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О-с 2016 оны 07 сарын 28-ны өдөр 29.260.000 төгрөг, Г.Г-с 2016 оны 04 сарын 01-нд 32.370.000 төгрөгийг зээлийн журмаар аваагүй ба О-н хүргэн М, түүний эхнэр Г бид барилгын ажил хамтран гүйцэтгэж, ашиглалтанд оруулах, ашгийн 60 хувийг Шинэбаатар, 40 хувийг хөрөнгө оруулагч тал М, Г нар авахаар тохиролцон хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулсан мөнгө бөгөөд энэ мөнгөнүүдийн барилгын ажилд зарцуулсан бүх тооцоог Оюунгэрэлийн охин Гантуяа хариуцан хөтөлдөг байсан. Энэ мөнгө барилгын бүх ажилд зарцуулагдсаныг Гантуяа болон Мягмаржав нар маш сайн мэдэж байгаа хирнээ барилгын ажил удаашраад ирмэгц нөхцөл байдлыг өөрөөр эргүүлэн шахалт дарамт үзүүлэн байх аргагүй байдалд оруулан хэлцэл хийж түүнийгээ шүүхийн өмнө нотлох баримт болгон ашиглаж буй нь буруу байна. Бүх мөнгө зээлийн биш өөр зорилгоор хэлцэлд дурьдагдсанаас өөр цаг хугацаанд барилгын материалд зарцуулагдаж байсан болохыг тайлбарлаж байна. Хөрөнгө оруулалтын мөнгөнд тухайн үед хүү тооцох тухай яригдаж байгаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул зөвшөөрөхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ш нь “Байр барьж байгаа, барилгын төслийн зураг хийлгэх мөнгө хэрэгтэй байна, найздаа туслаач” гээд Гантуяа, Мягмаржав хоёрын гэрт удаа дараа очсоор байгаад Төрийн банкнаас зээл авахуулсан. Зээл авч өгөхдөө Б.Шинэбаатараас “Барилгаа яаж барих юм бэ? хөрөнгө оруулалт нь яах вэ? хэзээ ашиглалтанд орох уу?” гэж асуухад “Хөрөнгө оруулалт бэлэн, манай дүүгийн Хабул групп 1 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулж байгаа. 2016 ондоо багтаж ашиглалтанд орно. Тэр болтол хэдэн төгрөг хүүтэй зээлүүлээч гэж гуйсан” гэсэн. Гэтэл Шинэбаатарын барилга 2016, 2017 ондоо ашиглалтанд ороогүй. Одоо 2018 он. Шинэбаатар нь “Гантуяаг уг барилгынхаа нягтлан бодогчоор ажилладаг байсан” гэсэн тайлбар өгсөн. Шинэбаатар барилгын материал авснаа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж Гантуяаг шивээд өгөөч гэж шивүүлдэг байсан. Тэрнээс биш Шинэбаатарын дансанд орж, гарч байгаа гүйлгээг Гантуяа хийх боломжгүй. Шинэбаатарыг утсаа авахгүй таг болчихоор нь Гантуяа 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой Улаанбаатар хотоос ирсэн. Маргааш нь Шинэбаатартай мөнгөө өгч авалцах асуудлаа яах вэ? гэж ярилцахад өмнө нь тохирсон ёсоор гэрээ, хэлцэл хийсэн гэсэн. Хуульд “талуудын аль нэг нь гэрээнээсээ татгалзсан тохиолдолд нөгөө тал учирсан хохирлыг бүрэн арилгах үүрэгтэй” гэсэн байгаа. Иймд бид нарын хохирлыг Шинэбаатараар төлүүлж өгнө үү. Гантуяа “Намайг амиа хорлоно гэсэнд би туйлын их гомдолтой байна. Би гэр бүлтэй, ажилтай, амьдралтай, 2 дээд сургууль төгссөн, 3 нялх хүүхэдтэй, өөрөө жирэмсэн байж тэгж хэлэх хүн биш. Ингэж хэлсэнд нь Шинэбаатар, Золжаргал хоёрт туйлын их гомдож байгааг онцлон хэлээрэй” гэсэн. Хугацаа хэтэрснээс учирсан хохирлыг бүрэн арилгах үүрэгтэй гэж заасны дагуу бид нарын мөнгө 122.700.120 төгрөгийг Шинэбаатарыг өгөх ёстой гэж үзэж байгаа учир шийдвэр гаргаж өгнө үү. Миний хувьд би Мийгаагийн хүүхдийг хардаг байсан. Шинэбаатар орой болгон орж ирээд банкны хүмүүс зүгээр суулгахгүй байна, мөнгөө өгөхгүй бол гэрт байлгахгүй байна гэж гуйсаар байгаад зээл авахуулсан. Шинэбаатарын барилга эхлэхгүй болохоор нь утсаар ярихад “Удахгүй эхлэх гэж байна” гэсээр удсан. Шинэбаатартай намар уулзаад ломбарднаас зээлээ аваад мөнгөө хийж байна гэхэд таны зээлийг одоохон дарна гэсэн. Дараа  нь барилгын газрыг зарах гэж байгаа гээд хэдэн сар болсон. Сүүлд нь байшингаа 35.000.000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд таны мөнгийг өгнө гээд алга болсон. Би анх Шинэбаатарыг эвлэрэлд өгсөн. Дараа нь шүүхэд өгөхөд эвлэрнэ гээд хэрэг эвлэрүүлэн зуучлал руу шилжсэн. Шинэбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхбаяр Шинэбаатартай  уулзуулна гэсэн боловч Шинэбаатарыг авчирч уулзуулаагүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байгаа. Тийм учир Шинэбаатарыг банкны мөнгийг хүүгийн хамт өгөх нь зөв гэж бодож байна. Шинэбаатар өөрөө гүйсээр байгаад зээл авахуулсан. Үнэхээр манай 3 гэрийн хувьд амьдрал хэцүү байна. Асар их гомдолтой байна. Шинэбаатар байшингаа зараад надад мөнгө өгнө гэсэн. Гэтэл машин авч унасан байсан. Тэгэхэд нь би маш их гомдсон. Машин авч унахаар надад хэдэн төгрөг өгөөч гэхэд манай хадам ээж авч өгсөн гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 122.700.120 төгрөг нь Гантуяа бид хоёрын нэхэмжлэлийн нийт үнийн дүн. Б.Шинэбаатар нь Гантуяа, Мийгаа хоёроос 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5.700.000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5.300.000 төгрөгийг Шинэбаатарын Хас банкны данс руу, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийг Шинэбаатарын Хас банкны данс руу, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 4.000.000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 550.000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 6.320.000 төгрөгийг бэлнээр, нийт 32.370.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг Г.Гантуяа банкнаас зээл аваад дансандаа хийчихсэн байж байгаад Шинэбаатарт цувуулж өгсөн юм байна лээ. Гантуяагийн үндсэн мөнгө нь 32.370.000 төгрөг, хүү 8.157.240 төгрөг, нийт 40.527.240 төгрөг нэхэмжилнэ. Б.Шинэбаатар нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний үед Мийгаад 1.000.000 төгрөг өгсөн. Тэрийг нь авч зээл рүүгээ хийсэн. 1.000.000 төгрөгийг хасаад Г.Гантуяа үндсэн мөнгө 31.370.000 төгрөг нийт 39.527.240 төгрөг нэхэмжилж байгаа. Би НИК-ээс авсан 6 сарын шатахууны мөнгө 2.581.000 төгрөгийг Шинэбаатарт бэлнээр, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэв шахмалын мөнгө гэж Ганцэцэгийн данснаас 1.622.800 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 2.700.000 төгрөг бэлнээр, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1.300.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөгийг Дэлгэрзаяагаас зээлж өгсөн. Тэр мөнгийг Дэлгэрзаяад би төлсөн. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 100.000 төгрөгийг Мөнхбатаар шилжүүлүүлсэн. Утас засуулах мөнгө гэж 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Золзаяагаас 100.000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 4.000.000 төгрөгийг Ганцэцэгээс шилжүүлсэн. 08 дугаар сарын 04-ний өдөр 2.200.000 төгрөгийг Хаан банкнаас Эрдэнэсайханаас шилжүүлсэн. 08 дугаар сарын 04-ний өдөр Ганцэцэг Худалдаа хөгжлийн банкны данснаасаа 70.000 төгрөг, би Хаан банкнаасаа 08 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 300.000 төгрөгийг бэлнээр, 08 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөгийг Ганцэцэг Худалдаа хөгжлийн банкнаасаа шилжүүлсэн. Ганцэцэг манай охин байгаа юм. 08 дугаар сарын 04-ний өдөр 7.200.000 төгрөгийг хар панерийн мөнгө гэж, 07, 08 дугаар сард бүгдийг нь өгсөн учир нийт 29.260.000 төгрөг болсон. Дараа нь Ганзориг зээлээ авч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12.000.000 төгрөг, би зээлээ авч 13.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-нд 10.325.000 төгрөг, нийт 35.325.000 төгрөг өгсөн.  Б.Шинэбаатар “барилгынхаа суурийг цутгачихвал надад 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэх гээд байна, хөрөнгө оруулалт орж ирэх юм бол би таны зээлийг хүүтэй хаачихна” гээд гуйхаар нь итгээд зээл авч өгсөн. Би банкнаас зээл авсан мөнгөө өгсөн. Би Шинэбаатарыг таньдаггүй байсан. Гантуяа, Мийгаа хоёртой найз гээд гүйгээд байдаг байсан. Хүн байнга гуйгаад байхаар итгээд тэр юм уу? мөнгөө зээлүүлчихсэн. Шинэбаатар зээл чинь гарч байна уу? гээд байнга утастаад, шатахууны хүнд өгчих гэхээр нь өгсөн. Дараа нь би хэцүү байдалд орно гэж бодолгүй өгсөн. Шинэбаатар хүүтэй нь буцааж өгнө гэхээр нь зээл авч өгсөн. Би Б.Шинэбаатараас 29.260.000 төгрөгийн хүү 9.363.200 төгрөг, 35.325.000 төгрөгийн хүү 8.224.680 төгрөг, хүүнд нийт 17.587.880 төгрөг, үндсэн мөнгө, хүү нийт 82.172.880 төгрөг нэхэмжилнэ. Г.Гантуяа бид хоёр 2017 оны 10 сарын 24, 2017 оны 07 сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний дагуу мөнгөө нэхэмжилнэ гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 29.260.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 35.325.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 32.370.000 төгрөгийг Шинэбаатар нь Гантуяа, Оюунгэрэл нараас зээлж аваагүй. Зээлж аваагүй байдал нь нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэ мөнгийг авах үндсэн шаардлага нь Золжаргал, Мягмаржав, Г.Гантуяа, Б.Шинэбаатар нар барилгын үйл ажиллагааг хамтарч явуулахаар тохиролцож, Г.Гантуяа болон Г.Гантуяагийн нөхөр нар хөрөнгө оруулах маягаар барьж байгаа барилгаас хямд үнэтэй барилга авахаар болсон. Энэ барилгын үйл ажиллагаа зогсож, байдал хүндрэхээр хамтарч байсан хүмүүс хөрөнгө оруулсан мөнгөө зээлийн хэлбэрт шилжүүлж зээл өгч байсан гэсэн хувилбар руу оруулж өөрсдөдөө ашигтай байдал бий болгож байна. 29.260.000 төгрөг, 35.325.000 төгрөг, 32.370.000 төгрөгийг бөөнд нь аваагүй байдал нь дансны хуулга болон Б.Шинэбаатартай тооцоо нийлсэн актаас, олон удаагийн хэлбэрээр янз бүрийн байдлаар барилгын материалын үнэнд шилжүүлсэн нь хөрөнгө оруулалт явагдаж байсан гэж харагдахаар байна. Би Шинэбаатарыг Оюунгэрэлтэй хэлцэл байгуулагдсан үеийг мэдэхгүй байна. Харин Г.Гантуяатай хэлцэл байгуулсан үеийг мэдэж байна. Нотариатын урд талын өрөөнд би суудаг. Тэр хавиар хэцүү байдал үүсгэж байж гэрээ байгуулсан. Хоёр дугаарт өмнө нь байгуулсан хэлцлээр хожим гэрээ байгуулж хүү авдаг хуулийн зохицуулалт байхгүй. Хүнд шаардлагатай үед 5000 төрөгийн юм өгсөн ч тэр нь хөрөнгө оруулалт. Тэрнээс биш тэрбумаар хөрөнгө оруулахаар хөрөнгө оруулалт, хэдэн саяар хөрөнгө оруулахаар хөрөнгө оруулалт биш гэсэн ойлголт байхгүй. Хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулсан. Мягмаржав нь барилгын мэргэжилтэй хүн юм учир барилгын бүх ажлыг хариуцахаар, Г.Гантуяа нягтлан бодогчийн үүргээ, Б.Шинэбаатар барилгаа бүхэлд нь хянах, Б.Шинэбаатарын эхнэр Э.Золзаяа дотоод ажил хариуцах ажлын хуваарьтай ажиллаж байсан. Барилгын ажлаа 2016 онд багтааж дуусгах төлөвлөгөөтэй байсан. Хөрөнгө оруулалтаасаа болж зогсонги байдалтай болсон. Хамтран ажиллах гэрээндээ ашгаа Г.Гантуяа, Мягмаржав хоёр 40 хувь, Шинэбаатар 60 хувиар авахаар байсан. Тухайн үед ашгаа 40, 60 хувиар хуваана гэж байгаад эрсдэл үүсэхээр хэлцэл рүү оруулж ийм байдал үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол шалтгаан нь баригдаж байгаа барилгаас орон сууц авна гэсэн хэлбэрээр нэхэмжлэгч нар мөнгө өгсөн. Нэхэмжлэгч нарын өгсөн мөнгөний дүнтэй маргахгүй. Одоо орон сууцны ажиллагаа явагдаж байгаа учир мөнгийг мөнгөн хэлбэрээр нь өгөхгүй орон сууц хэлбэрээр өгөх боломжтой. Одоо 30 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөнгийг буцаан мөнгөн хэлбэрээр хүү тооцож өгөх боломжгүй. Цаг хугацааны хувьд үргэлжилсэн үйлдлээр хөрөнгө оруулалт явагдаж байсан. Хүүтэй зээлийг цаг тухай бүрдээ бичгийн хэлбэрт оруулж хийгээгүй учир хүү авах эрхээ алдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь зээлийн гэрээ байгуулаагүй. Хөрөнгө оруулалтын хэлбэр нь барилгын шинжээр нэхэмжлэгч талд очих ёстой. Тийм учир тохиролцсон хямд үнээр орон сууцны хэлбэрт шилжүүлж төлбөрийг төлнө. Үндсэн мөнгө 96.955.000 төгрөгтэй маргах зүйлгүй. Энэ мөнгийг барилга баригдсаны дараа байр хэлбэрээр өгнө. Нэхэмжлэгч банкны хүүгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Банкнаас авсан зээлийн гэрээ хэрэгт байхгүй. Байр хэлбэрээр төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Анх 37м байрны 1м2-ыг 750.000 төгрөгөөр бодож 35.250.000 төгрөгөөр Оюунгэрэлд, дээд давхарт 54мбайрыг 1м2-ыг 700.000 төгрөгөөр, 41мбайрны 2-ыг 700.000 төгрөгөөр бодож 2 өрөөгөөр 3 байр өгөхөөр тохиролцсон. Энэ байрыг бол өгнө гэв.

            Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.Ш-т холбогдуулан Д.О 82.172.880 төгрөг, Г.Г 40.527.240 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ш нэхэмжлэгч Г.Г-д 1.000.000 төгрөг төлснийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж 39.527.240 төгрөгийг Г.Г хариуцагчаас нэхэмжилж байна.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Д.О, Г.Г нар “нийт 96.955.000 төгрөгийг банкнаас зээл авч Б.Ш-т зээлүүлсэн, хамтран ажиллахаар хөрөнгө оруулаагүй, мөнгөндөө байр авахаар тохироогүй” гэж, хариуцагч Б.Ш-ын төлөөлөгч “Б.Шинэбаатар нь Г.Г, Д.О нараас мөнгө зээлж аваагүй. Мөнгийг Б.Ш-т  барилгын үйл ажиллагааг хамтарч явуулахаар тохиролцож хөрөнгө оруулах маягаар өгч, нэхэмжлэгч хариуцагчийн барьж байгаа барилгаас хямд үнэтэй барилга авахаар тохирсон” гэж тайлбарладаг.

Гэрч Б.А, Т.З нарын “барьсан барилгын ашгаас Б.Шинэбаатар 60 хувь, Б.М, Г.Г нар 40 хувь авахаар тохирсон” гэсэн мэдүүлэг болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нь хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан гэх гэрч Б.Мягмаржавын “хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллахад тэрбум гаруй төгрөгөнд миний 20, 30 сая төгрөг хөрөнгө оруулж хамтран ажиллах мөнгө биш. Тухайн үед мөнгө зээлэх асуудал л яригдсан. Б.Ш-ын талбайн инженерээр ажиллаагүй, Б.Ш барилга барихад барилгын мэдлэг хүрэлцэхгүй байна, мэдлэгтэй хүн авах гэхээр цалин хүндрэлтэй байна, чи найздаа туслаад өгөөч гэхээр туслах зүйлдээ түүнд тусалж байсан. Г.Г ажилтай хүн, Шинээгийн хувийн орлого зарлагыг хянах боломжгүй, харин урагшаа явж материалаа авчихаад ирэхэд нь шивж компьютерт оруулж байсан ажиллагаа л байгаа” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Алтанчимэг, Ц.Эрдэнэтуяа нарын мэдүүлгээр няцаагддаг, мөн хамтран ажиллах гэрээний талууд хураамжаа хэрхэн тооцох, хураамж аль хэсэгт нь хамаарах, үйл ажиллагааны аль хэсэг нь хамтын үйл ажиллагаа болох талаар тохиролцох нь хамтран ажиллах гэрээний үндсэн шинжүүдийн нэг хэсэг атал  хариуцагч тал эдгээр байдлаа нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин Г.Г2016 оны 1 сарын 25-ны өдрөөс 2016 оны 07 сарын 28-ны өдөр хүртэл 9 удаа нийт 32.370.000 төгрөг,  Д.О 2016 оны 06 сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл 19 удаа нийт 64.585.000 төгрөгийг Б.Шинэбаатарт өгсөн гэсэн үйл баримттай хариуцагч маргаагүй, хэдийгээр нэхэмжлэгч нар хариуцагчид мөнгө шилжүүлсний дараа бичгээр гэрээ байгуулсан боловч 2017 оны 07 сарын 21-ны өдрийн хэлцэлд Б.Шинэбаатар Д.Оюунгэрэлээс 64.585.000 төгрөг зээлсэн, 2017 оны 10 сарын 24-ний өдрийн гэрээнд Г.Гантуяагаас 32.370.000 төгрөг зээлсэн талаар тусгаж талууд гарын үсэг зурж хүсэл зоригоо илэрхийлсэн нь гэрээний талуудын чөлөөт байдалд харшлаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зохигчийг гэрээ байгуулсан гэж үзнэ.

Дээрх гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ... зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх... шинжийг агуулсан тул нэхэмжлэгч Г.Гантуяа, Д.Оюунгэрэл, хариуцагч Б.Шинэбаатар нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан буюу  Г.Гантуяа 32.370.000 төгрөг, Д.Оюунгэрэл 64.585.000 төгрөгийг Б.Шинэбаатарт зээлжээ.  Хариуцагч нь нэхэмжлэгч нараас авсан зээлээ хөрөнгө оруулалт орж ирэхээр төлнө гэсэн боловч төлөөгүй, улмаар талууд бичгээр байгуулсан гэрээндээ үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоож, уг үүргээ хариуцагч биелүүлээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогддог тул нэхэмжлэгч Г.Г, Д.О нар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.   

Нэхэмжлэгч Г.Г:

- 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5 700 000 төгрөг

- 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5 300 000 төгрөг

- 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөг

- 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 4 500 000 төгрөг

- 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 4 000 000 төгрөг

- 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөг

- 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг

- 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 550 000 төгрөг

- 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 6 320 000 төгрөг

Нэхэмжлэгч Д.О:

- 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2 581 000 төгрөг

- 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1 622 800 төгрөг,

- 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 2 700 000 төгрөг

- 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 1 300 000 төгрөг

- 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг

- 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг

- 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг

- 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 100 000 төгрөг

- 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 100 000 төгрөг

- 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 4 000 000 төгрөг

- 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр 2 200 000 төгрөг

- 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 70 000 төгрөг

- 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг

- 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 300 000 төгрөг

- 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 100 000 төгрөг

- 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 7 200 000 төгрөг

-2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 000 000 төгрөг

- 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13 000 000 төгрөг

- 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10 325 000 төгрөг тус тус хариуцагч Б.Ш-т зээлэхдээ  бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй боловч Г.Г 2017 оны 10 сарын 24-нд, Д.О 2017 оны 7 сарын 21-нд Б.Ш-тай хүү тогтоон зээлийн гэрээ байгуулжээ.

Б.Ш-т Г.Г, Га нар мөнгө өгч байсныг нэхэмжлэгч Д.О “би тэднээр Б.Ш руу мөнгө хийлгэдэг байсан” гэж тайлбарладаг, гэрч Г.Г-н мэдүүлгээр энэ нь тогтоогддог, Д.О-с мөнгө авсан үйл баримт, мөнгөний үнийн дүнтэй хариуцагч маргаагүй.

Г.Га, Д.О нар Б.Ш-тай 2017 оны 10 сарын 24, 2017 оны 7 сарын 21-нд байгуулсан гэрээндээ 2016 онд авсан зээлд хүү төлөхөөр тогтоожээ.

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талууд дээрх гэрээг байгуулах хүртэл хугацаанд хүү төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг бичгээр байгуулаагүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан тул нэхэмжлэгч Г.Гантуяа 2017 оны 10 сарын 24-нд, Д.О 2017 оны 7 сарын 21-нд тус тус Б.Шинэбаатартай бичгээр зээлийн гэрээ байгуулах хүртэл үеийн хүү шаардах эрхгүй, харин дээрх гэрээндээ Г.Г 2017 оны 10 сарын 24-ны өдрөөс 2017 оны 11 сарын 24-ний өдөр хүртэл сарын 1,4 хувийн хүү, Д.Оюунгэрэл 2017 оны 7 сарын 21-ний өдрөөс  2017 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл сарын 2 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Г.Гантуяа хүү 453.180 төгрөг /үндсэн зээл 32.370.000 төгрөгөөс хүү тооцсон/, нэхэмжлэгч Д.Оюунгэрэл хүү 1.291.700 төгрөгийг тус тусын үндсэн зээлийн хамт хариуцагч Б.Шинэбаатараас нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Б.Шинэбаатараас 65.876.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунгэрэлд, 31.823.180 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гантуяад олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү 16.296 180 төгрөг, нэхэмжлэгч Г.Гантуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү 7.704.060 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.   

Нэхэмжлэлийг нэхэмжлэгч нар нэгтгэн гаргасан боловч нэхэмжлэгч нар өөр өөрсдийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардсан шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэгч тус бүрийн шаардлагад хамаарах улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл гаргахдаа төлөх ёстой атал нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр төлсөн тул нэхэмжлэгч нараас дутуу төлөгдсөн 157.949 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, тэдний төлсөн 771.451 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Шинэбаатараас 319.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гантуяад, 487.334 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунгэрэлд тус тус олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар банкнаас авсан зээлийн хүү нэхэмжлээгүй учир тэдний зээлийн гэрээ /банкны/, хариуцагчийн машин худалдан авсан үйл баримтыг гэрчилсэн гэрч Р.Сарантуяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, нэгдүгээр сургуулийн зүүн урд байрлах Б.Ш-ын эзэмшлийн газрыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байх болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Б.Ш-с 65.876.700 /жаран таван сая найман зуун далан зургаан мянга долоон зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д, 31.823.180 /гучин нэгэн сая найман зуун хорин гурван мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгосугай.

2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч Д.О-н нэхэмжлэлийн шаардлагаас 16.296.180 /арван зургаан сая хоёр зуун ерэн зургаан мянга нэг зуун ная/ төгрөг, нэхэмжлэгч Г.Г-н нэхэмжлэлийн шаардлагаас 7.704.060 /долоон сая долоон зуун дөрвөн мянга жар/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771.451 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Ш-с 319.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д, 487.334 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунгэрэлд тус тус олгож, нэхэмжлэгч нараас 157.949 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА