| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/151 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Х.Насанжаргал (томилолтоор),
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Уугааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2530000000133 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар , Хавхчин овогт Батсайханы *******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 19 цаг 30 минутын үед ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг 3,30 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн " Би 2025 оны 04 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн орчимд ******* сумын төвд байх найз гэр рүү таньдаг ахынхаа улаан өнгийн Хаужи маркийн мотоциклтой ганцаараа очсон юм. Намайг д ороход найз Б.Га ирчихсэн сууж байсан. Б.Га бид хоёр түүний гэр рүү гар утсыг авчрахаар миний мотоциклтой хамт яваад Б.Га утасаа, 0.75 граммын виски авч гарч ирсэн. Бид хоёр буцаад очоод вискийг гурвуулаа хувааж уусан. Тухайн вискийг ууж дуусаад байж байтал Б.Гаын аав нь Б.Гаыг "ирж хоолоо ид" гэж дуудахаар нь Б.Га, бид мотоциклтойгоо хөдлөөд Б.Гаынд очиж хоол идчихээд буцаад х руу яваад гэрийнх нь гадаа зогсох үед бид хоёрын араас цагдаагийн алба хаагч нар ирж шалгаад намайг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаанаар цагдаагийн хэсэг рүү авч явж согтолт хэмжигч драгер багажаар үлээлгэн шалгасан. Би тухайн үед цагдаагийн алба хаагч нарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хэлж хэргээ хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас),
гэрч Б.Гаын “ 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 16 цагийн үед *******, бид гуравын гэрт нь нэг шил 0.75 литрийн бор шилтэй виски хувааж уусан. ******* улаан өнгийн маркийн улсын дугааргүй мотоциклио унаад би ард нь сундлаад манай гэр рүү очиж утас аваад буцаадын гэрийн гадаа ирээд зогсоход цагдаа нар ирээд *******ыг шалгаад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гээд цагдаагийн тасаг руу явж явна гэхээр нь би *******тай цуг ирсэн. *******ыг согтолтыг шалгана гээд цагдаагийн тасагын гэрт *******уу авч орсон. Тухайн үед ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. р бид гурав нэг шил виски хувааж уусан " гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),
гэрч "...2025 оны 04 дүгээр сарын 01-ны шөнө 19 цаг 30 орчимд сумын Цагдаагийн тасгийн байрны урд талын засмал зам дээр машин шалгаж байхад зүүн талаас улсын дугааргүй улаан өнгийн маркийн мотоциклтой хоёр хүн явж байхаар нь хамт араас нь очоод гэх айлын гадаа зогсохоор нь шалгасан. Та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу гэж асуухад тиймээ найзындаа архи уусан гэж байсан. Иймд жолоочийн овог нэр регистрийн дугаар, хаанаас хаа хүртэл тус тээврийн хэрэгслийг жолоодсон талаар асуухад намайг Батсайхан овогтой ******* // гэдэг, сая найзынхаасаа ирсэн гэж байсан. Тэгээд цагдаагийн тасаг дээр авчирч жолоочийн согтолтын хэмжээг үзэж шалгах зорилгоор цагдаагийн тасаг ирээд драйгер багажаар үзэж шалгахад 3.30%-тай гарсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугааp хуудас),
- Гэрч "... 2025 оны 04 дүгээр сарын 01-ны шөнө 19 цаг 30 орчимд сумын Цагдаагийн тасгийн байрны урд талын засмал зам дээр машин шалгаж байхад ертөнцийн зүгээр зүүн талаас улсын дугааргүй улаан өнгийн маркийн мотоциклтой хоёр хүн явж байхаар нь цагдаагийн дэд ахлагч хамт араас нь очоод гэх айлын гадаа зогсохоор нь шалгасан. Тухайн үед цагдаагийн дэд ахлагч уулзаж, жолоочтой юм ярьж байгаад “та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу” гэж асуухад тиймээ найзындаа архи уусан гэж байсан. Иймд жолоочийн овог нэр регистрийн дугаар, хаанаас хаа хүртэл тус тээврийн хэрэгслийг жолоодсон талаар асуухад намайг Батсайхан овогтой ******* // гэдэг, сая найзынхаасаа ирсэн гэж байсан. Тэгээд цагдаагийн тасаг дээр авчирч жолоочийн согтолтын хэмжээг үзэж шалгах зорилгоор цагдаагийн тасаг ирээд драйгер багажаар үзэж шалгахад 3.30%-тай гарсан" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),
- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
- ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-10 дугаар хуудас).
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/883 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас),
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 38 дугаар хуудас),
- Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
- *******ын автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хэргийн 42, 44-46 дугаар хуудас),
- *******ын тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хэргийн 56 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2025.05.12-ны өдрийн 34 дугаартай тогтоол ( хэргийн 57-59 дугаар хуудас),
- 2025.05.06-ны өдрийн 34 дугаартай Прокурорын санал ( хэргийн 60-61 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.
3. Прокуророос шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
5. Шүүгдэгч *******ын тухайн гэмт хэргийг үйлдэх үеийн түүний цусан дахь спиртийн агууламж 3.30 промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд энэ нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр,
тэрээр 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн *******т холбогдох Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/883 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр тус тус нотлогдоно.
6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 19 цаг 30 минутын үед ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэн цусан дахь спиртийн агууламж 3,30 промиль согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Амарсайхан нараас хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.
8. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавхчин овогт Батсайханы *******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, 6 биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН