Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/153

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Батнасан (томилолтоор),

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар *******эд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2530000000131 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, ******* өдөр******* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ******* сумын 4 дүгээр багийн “Банзар” гудамжны 9-910 тоотод оршин суух, улсаас Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******,

Хатгин овогт Нямсүрэнгийн *******.                                      

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “М март” дэлгүүрийн гаднаас тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төв хүртэл 500 метр газар маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 2.25 промиль согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

- шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “ 2025 оны 04 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед ******* сумын төвд Дэнжийн гудамжинд байх найз Соронзонболдын гэрт нь "Хараа" нэртэй 0.5 литрийн архийг хоёулаа хувааж уучхаад өөрийн маркийн мотоциклийг унаад найзынхаасаа гарч яваад төв зам дагуу баруун тийш явж байгаад Эрүүл мэндийн төвийн ар талд явж байгаад газад баригдсан. Намайг цагдаагийн хэсгийн байранд ирж согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд миний согтолтын зэрэг 2.25 хувьтай гарсан. Надад мотоцикл жолоодох “А” үнэмлэх байхгүй. Мөн тээврийн хэрэгсэл холоодох эрхээ энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хасуулсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас)

 

- Гэрч “ Би Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын сумын цагдаагийн тасгийн замын зохицуулагчаар 2018 оноос хойш ажиллаж байгаа. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн үед гудамж талбайд эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэж байх үед ******* сумын 3 дугаар багийн иргэн ******* нь тус сумын 4 дүгээр багийн "Худалдааны гудамж"-нд улсын дугааргүй маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасагдсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь зогсоож, тээврийн хэрэгслийг нь түр саатуулж, *******ийг согтуурал хэмжих Драгерь багажаар 19 цаг 40 минутад үлээлгэхэд согтолтын зэрэг нь 2.25 хувь гарч байсан. Манай цагдаагийн тасгийн драгерь багажны цаг нь Улаанбаатар хотын цагаас 55 минутаар түрүүлж явж байсан юм. Бүртгэл хөтлөхдөө би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цаг 35 минут гэж тэмдэглэсэн байгаа.Тухайн үед ******* нь ганцаараа улсын дугааргүй маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон.******* нь тухайн үед хэнтэй архи усан талаар надад хэлээгүй ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон ******* сумын 4 дүгээр багт байрлах "М март" дэлгүүрийн гаднаас тус сумын 4 дүгээр багт байрлах Эрүүл мэндийн төв хүртэл 500м газар жолоо барьсан гэж надад хэлсэн ” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

 

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),

 

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

 

- Согтолтын хэмжээг драйгер багажаар шалгахад дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

 

- Драйгер багажийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

 

- Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/60 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас),

 

- Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

 

- *******ийн Эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 36 дугаар хуудас),

 

- *******ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хэргийн 48-50 дугаар хуудас),

 

- *******ийн тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хэргийн 55 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2025.05.09-ний өдрийн 32 дугаартай тогтоол ( хэргийн 56 дугаар хуудас),

 

- 2025.05.09-ний өдрийн 32 дугаартай Прокурорын санал ( хэргийн 57-58 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Прокуророос шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

5. Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үеийн түүний цусан дахь спиртийн агууламж 2.25 промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан”  байдалд хамаарах бөгөөд энэ нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр,

тэрээр 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *******эд холбогдох Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/60 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр тус тус нотлогдоно.

 

6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн орчим ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “М март” дэлгүүрийн гаднаас тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төв хүртэл 500 метр газар маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэн цусан дахь спиртийн агууламж 2.25 промиль согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат нараас хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.

 

8. Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж согтууруулах ундааны зүйл хэрэглэн автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Прокуророос *******эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх  хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 28 секундын бичлэг бүхий саарал өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг болохыг тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Нямсүрэнгийн *******ийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 3 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******эд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 28 секундийн бичлэг бүхий саарал өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН