Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ201/00239

 

 129/ШШ2018/00239

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Өвөрхангай аймгийн Хархорин дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох

57.600.000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Хишигсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Д.Дэлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Өвөрхангай аймгийн Хархорин дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Тэжээлийн будааны төлбөр болох 57.600.000 /тавин долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг манай байгууллагад одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа тул үүнийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа:  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Өвөрхангай аймгийн Хархорин дахь салбарын нэхэмжилсэн будааны төлбөр болох 57.600.000 төгрөгтэй холбоотой өр авлагын баримтууд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгийн баримт материал өр авлагаар тусгагдаагүй, мөн холбогдох анхан шатны баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарыг дуустал тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Баатарбилэг даргын сумдуудад хуваарилсан хуваарийн дагуу 320 тонн тэжээлийн будааг ачуулсан. Энэ нь манай байгууллагын балансад авлага үүсэж өнөөдрийг хүртэл явж байна. Энэ талаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт албан шаардлага хүргүүлж байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу, мэдэгдэл өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. 320 тонн будааны үнэ болох 57.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би энэ салбарын ажлыг 2016 оны 09 дүгээр сард авснаас хойш энэ салбарт үүссэн өглөг, авлагын хойноос өнөөдрийг хүртэл явж байгаа. Архангай аймгийн Засаг даргын тамгын газарт хоёр ч удаа албан шаардлага хүргүүлсэн. Тооцоогоо нийлүүлье, өглөг, авлага үүссэн байна гэхэд манайхаас аваагүй гэдэг. Тухайн үеийн цаг зуурын бэрхшээл зуднаас болж аймгийн засаг даргын захирамжаар зөвшөөрөгдсөн тэжээлийн будааг сумдууд руу ачуулах хуваарь өгсөн нь аваагүй гэх үндэс болохгүй бөгөөд аймгийн засаг даргыг хариуцна гэж бодож байна. 320 тонн будаа нийлүүлэх гэрээ байдаггүй  юм байна лээ. Яамнаас ирсэн хуваарийн дагуу ачуулсан байдаг. Будаа ачуулах хуваарь үнийг яамнаас тогтоосон. Энэ будааны үнийг яг хэзээ төлөх байсан нь харагдахгүй байгаа. Тухайн үед будааг ачсан жолооч нар нь хөдөө аж ахуй хариуцсан хүмүүстэй ирж авсан байдаг юм байна лээ. Анхан шатны падаан дээр гарын үсэг нь он, сар, машины номер дугаартайгаа байдаг гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дэлэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оноос 2017 оны хооронд манай тамгын газарт Тариаланчдыг дэмжих сангаас өртэй гэсэн өр, авлага үүсэж байгаагүй. Хариуцагч талаас будааны үнийг Засаг даргын тамгын газраас нэхэмжлэхгүй өөр газраас нэхэмжлэх ёстой байсан юм биш үү гэж хэлмээр байна. Тамгын газрын хувьд будааг хүлээж авсан ямар ч акт байхгүй. Хүлээж авсан газар нь Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, хүлээлгэж өгсөн хүмүүс нь тээврийн жолооч нар байсан. Тээврийн жолооч нар гарын үсэг зуралцаж будааг хүлээн авсан байдаг юм байна лээ.  Аймгийн Засаг даргын захирамж гарсан гээд байгаа боловч гараагүй юм байна лээ. Хуваарь хийсэн бичиг нь Засаг даргын захирамжийн хавсралт биш юм байна лээ. Тэр бичигт Хархорин сумаас будаа ав гэсэн юм байхгүй. Сумдад хуваарилах тэдэн тонн гэсэн хуваарь л баталсан юм байна лээ. Жижиг дунд үйлдвэрийн газраас холбогдох хүмүүс очиж гарын үсэг зурж авсан гэсэн. Тэрийг нь мэдэхгүй. Жолооч нар машиныхаа номертой хүлээж авсан байдаг юм байна лээ. Жижиг дунд үйлдвэрийн газар нь одоогийн Хүнс хөдөө аж ахуйн газар. Энэ байгууллага аймгийн Засаг даргын тамгын газраас тусдаа байгууллага. Байгууллага нь өөрийн даргатай. Өөрийн төсөвтэй. Санхүүжилтээ яамнаасаа авна. Архангай аймгийн Засаг даргын тамгын газар уг будааг хүлээж авсан баримт, материал байхгүй тул хариуцахгүй. Иймд Засаг даргын тамгын газар уг маргааны хариуцагч биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Өвөрхангай аймгийн Хархорин дахь салбар хариуцагч Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас тэжээлийн будааны үнэ 57.600.000 төгрөг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э “ ... Баатарбилэг засаг даргын сумдуудад хуваарилсан хуваарийн дагуу 320 тонн тэжээлийн будааг ачуулсан. Тухайн үеийн цаг зуурын бэрхшээл зуднаас болж аймгийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөгдсөн тэжээлийн будааг сумдууд руу ачуулах хуваарь өгсөн нь аваагүй гэх үндэс болохгүй” гэж,  хариуцагийн төлөөлөгч Д.Дэлэг “Тамгын газрын хувьд будааг хүлээж авсан ямар ч акт байхгүй. Хүлээж авсан газар нь Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, хүлээлгэж өгсөн хүмүүс нь тээврийн жолооч нар байсан. Аймгийн Засаг даргын захирамж гарсан гээд байгаа боловч гараагүй юм байна лээ. Хуваарь хийсэн бичиг нь Засаг даргын захирамжийн хавсралт биш юм байна лээ. Аймгийн Засаг даргын тамгын газар нь хариуцагч биш” гэж тайлбарлаж байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн  Хархорин дахь салбар 2012 оны 03 сард 320 тонн тэжээлийн будааг шилжүүлсэн зарлагын баримтуудад худалдан авагчаар Архангай аймгийн ХААЖДҮГазар болон сумуудын нэр бичигдсэн, мөн Засаг дарга Ё.Баатарбилэгийн гарын үсэгтэй 19 суманд олгох тэжээлийн хуваарь хэзээ хийгдсэн,  ямар зорилгоор, яагаад хуваарь гаргасан нь тодорхойгүй учир сумдад олгох тэжээлийн хуваарийг гэрээний санал болон гэрээ байгуулсан гэж үзэхгүй.

Ийнхүү нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Өвөрхангай аймгийн Хархорин дахь салбар 320 тонн тэжээлийн будааг Архангай аймгийн Засаг даргын тамгын газарт худалдсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас 57.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Хүнс хөдөө аж, ахуйн Хөнгөн үйлдвэрийн яам Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь салбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас 57.600.000 /тавин долоон сая зургаан зуун мянга/  төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Хүнс хөдөө аж, ахуйн Хөнгөн үйлдвэрийн яам Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь салбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 3. Зохигч,  тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА