| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 106/2023/0958/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1151 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1151
2025 04 24 2025/ШЦТ/1151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Т.Баянмөнх,
хохирогч Г.*******, түүний өмгөөлөгч Л.Чинбат,
шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******т холбогдох эрүүгийн 2205028462081 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, “Нью стандарт бьюлдинг” ХХК-д барилгын талбайн туслах ажилтан ажилтай,*******,,,, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, тоотод оршин суух гэх, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, овогтын ******* (Регистрийн дугаар: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч М.******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд-Ар” хорооллын 11а байрны 4 давхрын 8 тоотод байхдаа “таксины мөнгө нэхсэн” гэсэн шалтгаанаар тухайн байранд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Г.*******ын эрх чөлөөнд халдан түүнийг цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун чамархайн урдаас баруун зулай, титэм заадасны баруун тал руу үргэлжилсэн хугарал, баруун талд Clivus-н урд хөл зүүн талд зөрөөгүй хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, баруун нүдний ухархайн гадна болон арын хана хоёрлосон хугарал, аалзан хальс доорх тархмал цус харвалт гэмтэл, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, баруун тохой, хэвлийн цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булан, зүүн чих, ташаанд зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: “...Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11а байрны 8 тоотод зодуулсан хүн ухаангүй хэвтэж байна гэх гэмт хэргийн талаар амаар, холбооны хэрэгсэл ашиглан гаргасан гомдол, мэдээллийг ...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 25 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Андуудын урд автобусны буудлын орчимд урагш харсан орцтой 11а байрны 4 давхар 8 тоот хаягтай орон сууц байв. Уг байр нь 3 өрөө байх бөгөөд хэсэгчилж үзлэгийг явуулахаар тогтов. Үүдэнд 00-ийн өрөө байх ба дотор шаргал өнгийн хөнжил дээр 2 хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Том өрөөнд цэнхэр өнгийн буйдангийн гадна уут дэрийг салгаж овоолсон байдалтай байх ба ойр орчимд нь ямар нэгэн ул мөргүй байв. Цааш зүүн талд 2 жижиг өрөө (унтлагын) байх бөгөөд урд талын өрөөнд шаргал өнгийн модон ор байх ба доор нь гэмтэл авсан гэх хүн хэвтэж байсан гэж 41 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн авав. Энэ байранд өөр ач холбогдолтой эд зүйл, ул мөр байхгүй байв” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас),
Хэргийн газарт дуудлага, мэдээллийн дагуу очсон цагдаагийн алба хаагч, цагдаагийн ахлах ахлагч М., цагдаагийн дэслэгч Ц. нарын бичсэн: “...Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч М. би эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Ц.ын хамтаар Бэгэр-116 чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Бэгэр-10-аас 2022.08.21-ний 10:56 цагт БГД-ийн 1 дүгээр хороо Богд-Ар 11а байрны 8 тоотод ажлын хүн зодуулаад орж ирсэн гэх дуудлага мэдээллийг очиж шалгахад: уг тоот айлын зүүн урд байрлах жижиг өрөөнд ногоон өнгийн цус мэт зүйл болсон футболктой, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн оймстой 25-30 орчим насны******* хүн ухаангүй, гар хөл нь татсан байдалтай, хоёр нүд нь хөхөрсөн, хавдсан байдалтай байсныг 103 түргэн тусламж дуудаж үзүүлэн, эмч д хүлээлгэн өгч явуулав. Дуудлага өгсөн гэх Б. (РД: ) гэгчтэй уулзахад энэ тоот байранд манай ажлынхан бөөнөөрөө түрээсэлж амьдардаг, 2022.08.19-ний өдөр бид нар бөөнөөрөө согтууруулах ундааны зүйл пиво уусан, тэгээд би тасраад унтаад өгсөн, том өрөөний буйдан дээр өглөө сэрсэн чинь (хохирогч) Бааска буйдангийн урд шалан дээр хэвтэж байсан, нүд нь хөхөрсөн байхаар нь асуусан чинь өчигдөр чамайг унтсаны дараа Анхаа бид хоёр муудалцаад тэгээд намайг татаж унагаагаад юм мөргүүлсэн гэж хэлсэн гэв. Уг хохирогч Бааска гэх залуу ажилд ороод удаагүй хаана амьдардаг, овог, нэр, регистр, утасны дугаар зэргийг мэдэхгүй Баянхошуунд амьдардаг гэж ярьж байсан. Мөн хохирогч Бааска гэх залууг 2022.08.20-ны өдөр 103-т дуудлага өгч үзүүлсэн, эмч ирээд архины гүн хордлого байна гэж хэлээд 1 ширхэг эм өгөөд яваад өгсөн гэв. Уг тоот айлд байсан Б.Хулан (РД: РИ94110801), Б. (РД: ) нарыг бүрэлдэхүүн 111-ийг удирдсан ахлах дэслэгч т хүлээлгэн өгөв” гэсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
Хохирогч Г.*******ын хууль ёсны төлөөлөгч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дүү маань 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн суманд аав , ээж нарын отгон хүү нь болж мэндэлсэн, дээрээ 3 эгчтэй, морь жилтэй, 32 настай. ... 2022 оны 08 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед *******ын эхнэр над руу залгаад “Бааска гэмтэл дээр хагалгаанд орох гэж байна, чи очих боломж байна уу” гэхээр нь гайхах, сандрах зэрэгцээд давхиад очсон. Тэгсэн тархины хагалгаанд өдөр орсон гээд сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэн эмчлүүлж байсан. Ингэж л анх мэдсэн, би одоог хүртэл яг юу болсон талаар мэдэхгүй таамаг төдий л явж байна. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* нь эмнэлгээс гарч одоо “Натул” гэх нэртэй хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд ганцаараа босож явж чадахгүй, зүүн талын гар хөдлөх, мэдрэх чадварууд муудсан. Мэдээж би болон манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна, зүв зүгээр байсан хүнийг ийм байдалд ортол нь зодож гэмтээсэн, мөн гэр бүлээ тэжээдэг ганц хүнийг нь хөдөлмөрийн чадваргүй болгосон. Тиймээс гэм буруутай этгээдээс бүх зүйлийг нэхэмжилнэ. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),
Хохирогч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцэст барилгын гадна талын пассатны ажил хийж байгаад би *******, оо, аа гэх залуучуудтай танилцсан юм. Тэгээд хэд хоногийн дараа бид хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын хуучны угсармал 9 давхар байрны гадна талын пассатны ажил хамт хийхээр болоод хамт ажиллаж эхэлсэн. ******* байранд байр түрээслэн хамт ажилладаг хүмүүстэйгээ амьдардаг болсон. Би тухайн хүмүүстэй хамт амьдраагүй өөрийн гэр болох тоот гэрээсээ ажилдаа явж байсан. 2022 оны 08 дугаар сарын 19-ний орой би ажлаа тараад гэртээ харих гээд явах гэтэл хамт ажилладаг аа гэх залуу би удахгүй ажиллахаа болиод өөрийнхөө ажилдаа орно, намайг гаргаж өгөхгүй юм уу өнөөдөр хэдүүлээ 1-2 шил архи ууя гэсэн. Тэгэхээр нь за гэж хэлээд бид нар *******ын амьдарч байгаа гэр болох Богд-Ар хорооллын 11а байрны ойролцоо ирээд дэлгүүрээс 0,75 литртэй Хараа архи 1 шилийг аваад гадаа сааданд би, *******, оо, аа бид дөрөв уусан. Тэгээд тухайн архи дууссаны дараа аа ахиад 1 шил 0,75 литрийн Хараа архи авсан, бид дөрөв тухайн архийг ууж дуусчхаад дэлгүүрээс дахиад 1 шил архи аваад *******ын амьдарч байгаа гэр болох Богд-Ар хорооллын 11а байранд орсон, тэгсэн гэрт нь найз охин нь гэх 1 эмэгтэй хүн байсан. Бид нар гэрт нь ороод том өрөөнд нь суугаад нөгөө архиа ууж эхэлсэн тэгээд би орой 22-23 цагийн үед *******тай маргалдсан, тэгсэн намайг архины шилээр нэг удаа цохисон, мөн ширээ мөргүүлэх шиг болсон тэрнээс хойш юу болсон талаар би санахгүй байна. Нэг сэрсэн эмнэлэгт ухаан орсон тэгсэн манай эгч Уранчимэг чи нэлээн хүнд хагалгаанд орсон сар гаран ухаангүй байсан гэж хэлсэн. Тухайн үед хагалгаанаас болоод миний ухаан санаа орж гараад байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байх үед ******* нэг ч удаа ирж уулзаагүй би бас ирээд уулзаад уучлалт гуйх юм болов уу гээд зөндөө харсан. Би тухайн гэмтлийг авснаас хойш 1 удаа хагалгаанд орсон одоо ахиад 2023 оны 2 сард юм уу 8 сард дахин хагалгаанд орох болно. Би тухайн өдөр гэртээ харих гээд унааны мөнгө байна уу гээд асуусан юм. Тэгсэн ******* уурлаад чи надаас мөнгө нэхдэг хэн бэ гээд надтай маргалдаад намайг цохисон. Тухайн үед бид хоёрыг маргалдах үед *******, түүний найз охин гэх эмэгтэй бид гурав байсан өөр хүн байгаагүй санагдаж байна. ...Би тухайн шөнө болсон зүйлийн талаар санаж байгаа. Өдөр болгон энэ талаар бодож байна. Би ширээний хажууд доошоо өвдөглөөд суусан байхад ******* намайг гэнэт татаад ширээ мөргүүлсэн. Тэгээд л би ухаан алдаад 2 сарын дараа эмнэлэгт сэргэсэн. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай охины төрсөн өдөр байсан болохоор би гэртээ харихаар яарч байсан. Тэгээд *******аас таксины мөнгө асууж маргасан. Тухайн үед ******* бид хоёр л архи уугаад сэрүүн үлдсэн байсан. аа, оо хоёр нэлээн согтоод түрүүлээд унтаад өгсөн. , Хулан хоёр архи уугаагүй, тэгэхдээ унтаад өгсөн байсан. ******* бид хоёр нэлээн согтолттой байсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Би бүх зүйлийн талаар маш сайн санаж байгаа. Багын болон өсвөр нас, анх эхнэр, хүүхэдтэй болсон гэх мэт бүх л зүйлээ санаж байгаа. Надад мартах санах зүйл тохиолдохгүй бүх зүйлээ хэвийн санаж байгаа. Яг эмнэлгээс гараад буюу 2022 оны 10 дугаар сарын сүүлээр миний ярьж байгаа зүйл бусдад ойлгомжгүй санагдаад мөн зүүн гар үе үе мэдээгүй болоод байсан. Би өөрийгөө зүгээр ярьж байна гэж бодсон боловч бусдад ойлгомжгүй байгаад байсан гэсэн. Тэгээд уламжлалтын эмнэлэгт хэвтээд хэвийн болсон. Одоо надад ямар нэг зовуурь байхгүй. Тэгэхдээ баруун шанааны дээд хэсэгт яс нөхүүлэх хагалгаанд орох заалттай байгаа. Энэ хагалгааг хурдан хийлгэхгүй бол яваандаа наалдацтай болоод, унаж, татдаг өвчтэй болох магадлалтай талаар эмч хэлсэн. Би энэ хагалгаандаа удахгүй орох бодолтой байгаа. Бусдаар бол миний бие хэвийн, өвдөөд болон юм мартаж санаад байгаа зүйл байхгүй. Би сэтгэцийн хор уршгийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Би эмчилгээ хийлгэсэн зардлын мөнгө болон цаашид эмчлүүлэхэд шаардагдах мөнгийг *******аас нэхэмжилж байна. Би энэ гэмтлийг авснаас хойш ажил хийж чадахгүй 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. 5 хүүхэдтэй учир эхнэр маань ажиллаж амьдралаа залгуулж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62, 68 дугаар хуудас),
Хохирогч Г.*******, гэрч Б.Хулан нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан: “...Г.*******: “Би огт гарч яваагүй. Би нэлээн согтолттой байсан. Би гэртээ харих гээд *******аас таксины мөнгө асууснаас болж муудалцсан. ******* намайг ширээ мөргүүлсэн тэгээд би юу ч санахгүй байгаа. Нэг мэдсэн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Юу болсон юм бэ гээд эгчээсээ асуухад чи толгойндоо гэмтэл авсан хагалгаанд орсон гэж надад хэлсэн. Надад архины шилээр цохиулсан юм шиг санагдсан. Дахин сайн бодоход ширээ мөргүүлсэн санагдаж байна. Би ухаанаа алдтал согтоогүй байсан. ******* намайг ширээ мөргүүлээд л би ухаанаа алдсан. *******, Хулан, оо бид 4 байсан. Бас аа орж, гараад байсан санагдаж байна. Би тухайн байранд орохоосоо өмнө ямар ч гэмтэл аваагүй байсан. Миний нүүр зүгээр байсан. Би гомдолтой байна. Намайг эмнэлэгт хэвтэж байхад яаж байна гэж ганц удаа залгаагүй гэсэн. Намайг гарч явсан гэж ярьсан гэсэн толгойндоо тийм гэмтэл авсан хүн яагаад ч босож чадахгүй гэж эмч хэлсэн” гэсэн, гэрч Б.Хулан: “...гаднаас Г.*******ыг орж ирэхэд Г.*******ын нүүрэнд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Би тэр хэдийн ууж байсан өрөөний хажуу талын жижиг өрөөнд *******тай хамт хэвтэж байхад Г.******* нь эхнэр лүүгээ явах ёстой 10,000 төгрөг байна уу гэж асуусан, байхгүй гэж хэлэхэд *******тай хамт гараад явсан Тэрний дараа гадна хаалга дуугарахаар нь *******ыг явчихлаа гэж бодсон. Тэр үед миний хэвтэж байсан жижиг өрөөнөөс *******, ******* хоёр гарч явсан. Урд нь тэгж мэдүүлсэнд намайг уучлаарай. *******ын нүд нь хөхөрсөн байсныг би хараагүй, мөн *******ыг гарч явахыг нүдээр хараагүй. Тэр үед сандраад тэгж ярьсан байх. Би жижиг өрөөнд хэвтэж байсан, тэгэхэд түс гээд нэг чимээ гарах шиг болсон. Тэр чимээний дараа Ганаа ах *******ыг өрөөнд орж унт гээд оруулж ирсэн. ******* орж ирэхэд гэрэл унтраатай байсан, ******* орж ирээд л миний хажуу талаар хэвтээд өгсөн. Миний баруун талын чих сонсгол жаахан муу. Тэр үед би баруун талаараа хэвтсэн байсан. Тэгээд юм сайн сонсоогүй. Би маргааш өглөө нь гэр лүүгээ явсан. Орой ирэхэд ******* нь хэвтээд байхаар нь эмнэлэг дууд гэж би *******аар дуудуулахад түргэний эмч ирээд архины хордлого байна гэж хэлээд хэлнийх нь доор эм тавиад явсан. Өглөө болтол сэрэхгүй бол цагдаа дуудаарай гээд явсан. Тэгсэн өглөө нь сэрэхгүй байхаар нь дахиад түргэн дуудаад тэгээд гэмтэл рүү явсан” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),
Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны урд талын сааданд *******, Бааска, бид хэд 2 шил 0,75 л Хараа архи хувааж уугаад, 23 цагийн үед 11 дүгээр байрны 4 дүгээр давхар 8 тоотод түрээсэлж байгаа байрандаа ороод 0,75 л Хараа архи хувааж уугаад би эхлээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрээд харахад Бааска том өрөөний буйдан доор газар ганцаараа доошоо харсан хурхирсан байдалтай унтаж байхаар нь би тамхи асуугаад сэрээхэд дуу муутай байсан буцаад унтаад өгөх шиг болохоор нь нүүр лүү нь харахад хамраас нь цус гарсан байдалтай байхаар нь би хуурай сальфеткаар цусыг нь арилгаж өгөөд буцаад унтсан. Уг байранд өглөө нь ******* найз охины хамт, нэрийг нь сайн мэдэхгүй *******ын найзууд нь байсан. Тэгээд 09 цагийн үед бүгд ажилдаа яваад *******ын найз охин, Бааска бид 3 үлдсэн. Бааскаг өглөө дахин сэрээгээд юу болсон талаар асуухад ******* намайг ширээ мөргүүлсэн гэж яриад буцаад унтчихсан. ******* надад ярихдаа би урд шөнө Бааскатай муудалцаад татаад ширээ мөргүүлчихлээ гэж хэлсэн. Би найз охины хамт Бааскагийн биеийн байдлыг харж байгаад эвгүй байгаад байхаар нь *******т хэлж байгаад 103 дуудахад нэг эмч ирээд архины хордлого байна гэж хэлээд аманд нь эм зуулгаад яваад өгсөн. Байдлыг хараад хоноход өнөө Бааскагийн биеийн байдал нэг л биш байхаар нь ******* 102 болон 103 дуудаад өөрөө ажил руугаа гарч явсан. *******, Бааска хоёрыг муудалцсаныг *******ын найз гэх залуу мэдэж байсан. *******, Бааска хоёр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ хоорондоо муудалцаж маргалдаад байдаг. 2022 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө юунаас болж маргалдсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед эрт унтаад өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
Гэрч У.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 19-ний орой ажлаасаа 21 цагийн үед буугаад амьдарч байсан байрныхаа гадаа сааданд *******, , Бааска, бид дөрөв 2 шил 0,75 л Хараа нэртэй архи дэлгүүрээс авч хувааж уугаад 23 цагийн үед гэр лүүгээ орцгоосон. Орохоосоо өмнө дэлгүүрээс дахин 0,75 л Хараа архи 1 шилийг аваад орсон. Тухайн үед гэрт *******ын найз охин Хулан, манай ахмад ажилтан , Аагий ах нар эрүүл саруул байцгааж байсан. Ингээд гэрт ороод үргэлжлүүлэн Хулан, Аагий ах хоёртой бид 4, нийт 6-уулаа дэлгүүрээс авсан архиа хувааж ууцгаасан. Тухайн үед Аагий ах ганц хоёр татаад дахиж нээх их уугаагүй. Хулан бид нартай хамт сууж байсан болохоос биш архи уугаагүй байх гэж бодож байна (сайн мэдэхгүй байна). Харин ах огт уудаггүй учраас тэр хавиар байж байгаад түрүүлээд жижиг өрөө рүү ороод хэвтээд өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед би нэлээд их архи уусан учраас муудаад жижиг өрөө рүү ороод ахтай хамт унтаад өгсөн. Энэнээс хойш юу болсон талаар огт мэдэхгүй байж байгаад өглөө нь 08 цагт сэрээд тэр хэдийг харахад том өрөөний буйдан дээр унтаад, доор нь шалан дээр Бааска доошоо хараад унтаж байсан. Харин *******, Хулан 2 нөгөө талын жижиг өрөөнд унтаж байсан. Тухайн үед би Бааскаг хальт харахад өмсөж байсан футболкны энгэр нь цус болчихсон байхаар нь гайгүй байх, ингэж байгаад босоод ирнэ биз гэж бодоод *******, , Аагий ах нартай хамт ажил руугаа явцгаасан. Харин гэрт , Хулан, Бааска тэр 3 үлдсэн. Ингээд ажлаа хийж байгаад 15 цагийн үед ажлаасаа буугаад алхсаар байгаад гэртээ 16 цагийн үед ирэхэд Хулан байхгүй гэр лүүгээ явчихсан, сэрүүн байж байсан. Харин Бааска өглөө хэвтэж байсан газраа унтаад тэндээ бөөлжчихсөн байсан. Тэгэхээр нь тэр хавиар бөөлжсийг нь цэвэрлээд Бааскаг жижиг өрөө рүү оруулахад өмдөндөө шээчихсэн байсан. Тэгээд гайгүй болчих байх гээд хүлээж байтал шөнө 23 цагийн үед байх гэж санаж байна Хулан хүрээд ирсэн. Тэгсэн Бааскагийн гар нь татганаад таталт өгөөд байх шиг болохоор нь 103 луу ******* өөрийнхөө дугаараас залгаж дуудлага өгсөн. Удалгүй эмч хүрч ирж үзчихээд архины хордлого байж болзошгүй байна гээд хордлого тайлах тариа хийж, даралтны эм өгчихөөд яваад өгсөн. Ингээд эмч ирж үзээд явчихаар нь гайгүй байх гэж бодоод бид нар унтаад өгсөн бөгөөд шөнө нь би 00 орох замаараа босож биеийн байдлыг нь харахад яг л хэвэндээ байхаар нь буцаад унтаад өгсөн. Тэгээд өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 21-ний 10 цагийн үед Бааска сэргэхгүй болохоор нь эхлээд эмнэлэг, дараа нь цагдаа руу ******* дуудлага өгсөн. Тэр үеэр *******, Аагий ах, ах нар ажил руугаа яваад гэрт Бааскаг хараад Хулан, бид 3 үлдсэн. Удалгүй цагдаа нар хүрч ирээд араас нь эмнэлэг ирж үзээд авч явахгүй бол болохгүй юм байна гээд аваад явсан ба би хамт Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Ийм л зүйл болсон. Би бол огт маргалдаагүй түрүүлээд унтаад өгсөн. Харин намайг унтсанаас хойш юу болсныг огт мэдэхгүй байна. Маргааш нь ажил дээрээ байж байхдаа Бааскаг сэрэхгүй байгааг *******аас сонсчхоод яачихсан юм бол, та 2 муудалцаж зодолдоогүй биз дээ гэж *******аас асуухад “Мэдэхгүй байна, би цохиж зодоогүй, зүгээр өчигдөр орой Бааска таксины мөнгө надаас нэхээд би байхгүй гээд бид 2 жаахан ам мурийсан, бас ширээн дээр байхад нь би татчихсан” гэж л хэлж байсан. Өөр зүйл бол хэлээгүй. Тэгэхээр нь ширээн дээр нүүрээ наачихсан байхад нь ******* хойноос нь татсан юм байна гэж ойлгоод өнгөрсөн. Би бол яг гарч яваад эргээд ороод ирснийг нь нүдээр үзээгүй. Учир нь архи ууж тасраад түрүүлээд унтчихсан байсан. Харин маргааш нь ажилдаа явахаас өмнө Хулан бид нарт “Бааска шөнө харилаа гээд гэрээс гараад явсан ба удалгүй нүүр ам нь хавдчихсан байдалтай буцаж орж ирэхээр нь би хаалга тайлж өгсөн. Тэгээд тэр хавиар унтахгүй зурагт асааж холхиж байгаад чимээгүй болчихсон” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас),
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 19-ний орой ажлаасаа 21 цагийн үед буусан ба бусад маань ч гэсэн ажлаасаа бууцгаасан боловч хөзөр тоглоно гээд үлдчихээр нь би ганцаараа түрүүлээд байр луугаа явсан. Тэгээд гэрт ирэхэд *******ын найз охин Хулан ганцаараа хоол хийх гээд байж байсан. Удалгүй араас Аагий гэдэг залуу орж ирсэн. Ингээд гэрт бид 3 байж байтал шөнө 23 билүү, 00 цагийн үед билүү сайн санахгүй байна Бааска, *******, , гаднаас согтуу дээрээс нь 0,75 л 1 шил Хараа архитай орж ирсэн. Тухайн үед би унтаж байгаад тэр хэдийн чанга дуунаар сэрээд зодолдож байгаа юм биш биз дээ гэж айгаад жижиг өрөөнөөс гараад том өрөөнд очоод хартал Бааска, ******* 2 шал согтуу нэлээн муудчихсан Бааска нь би явлаа мөнгө гээд нөгөө ******* нь явуулахгүй, мөнгө байхгүй гээд хэлхэлдчихсэн нэг нэгнийхээ хүзүүн дээр гараа тохчихсон байдалтай дуу нь чангараад ширээний ард сууцгааж байсан. Гэтэл хэлхэлдсэн чигээрээ Бааска нь ширээн дээр гараараа тулж босох гэж байгаад хөмөрчихсөн төмөр аяган дээр тулаад нөгөөдөх нь халтирч *******, Бааска тэр 2 хоёулаа ширээн дээр нүүрээрээ унасан. Тэр үед нүүр ам, хамрууд нь зүгээр байсан бөгөөд цаашдаа гайгүй зодолдчихгүй юм байна гэж ойлгоод буцаж жижиг өрөө рүү ороод би унтаад өгсөн. Ингээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн үед босоод тэр хэдийг хартал миний хажууд, *******, Хулан 2 нөгөө талын жижиг өрөөнд, том өрөөний буйдан дээр, харин Бааска том өрөөний шалан дээр бөөлжчихсөн цус гарчихсан байдалтай доошоо хараад унтсан байдалтай хэвтэж байхаар нь гайхаад нөгөө хэдээс асуухад Хулан “Шөнө харилаа гээд гарч яваад буцаад орж ирэхдээ зодуулчихсан байдалтай орж ирсэн” гэж хэлсэн. Төд удалгүй хэсэг хугацааны дараа үлдсэн хэд нь шартсан байдалтай босож ирцгээгээд *******, Аагий, бид 4 ажилдаа гараад явсан. Харин гэрт Хулан, , Бааска нар үлдсэн. Тэр өдөр бороо ороод байсан учраас ажил 15 цагийн үед буугаад бид хэд замаараа хүнсний зах орж, умс гита авчихаад гэртээ очтол Хулан гэр лүүгээ түр явсан гээд байхгүй, , Бааска 2 байж байсан бөгөөд Бааска огт сэрээгүй, өглөө үлдээсэн чигтээ байрандаа байж байсан. Тэгээд бөөлжис энэ тэр нь үнэртээд байхаар нь би гарч яваад байрны гадаа сууж байгаад хэсэг ойр хавын дэлгүүрээр явж буцаад гэрт ортол Бааскагийн нүүрийг цэвэрлээд цус, бөөлжис зэргийг нь арччихсан жижиг өрөө рүү оруулчихсан байсан. Тэгээд орой 20 цагийн үед миний нойр хүрээд байхаар нь том өрөөнд ороо засаад унтаад өгсөн. Би нэг унтахаараа нам унтдаг учраас шөнө юу болсон талаар мэдэхгүй өглөө болгосон бөгөөд босоод хартал Бааска сэрээгүй байхаар нь асуутал “Өчигдөр шөнө татаад байхаар нь түргэн дуудаж үзүүлээд тариа хийлгүүлсэн, одоо ч гэсэн сэрэхгүй байна, эмнэлэг, цагдаа дуудъя” гэж хэлээд ******* утсаараа эмнэлэг, цагдаа дуудсан. Би бол огт муудалцаж маргалдаагүй. Харин унтаж байгаад чанга чимээгээр сэрэхэд *******, Бааска хоёр согтуу нэг нэгэнтэйгээ хэлхэлдчихсэн явна, явахгүй гэчихсэн байж байгаад ширээний араас босохдоо гараараа хөмөрчихсөн аяган дээр дараад халтирч ширээн дээр унасан бөгөөд сүртэй гэмтэж бэртээгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас),
Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ц.ын хамт үүрэг гүйцэтгэж байхад 2022 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 10:56 цагт байрны 2 дугаар орц 8 тоотод ажлын хүн зодуулаад орж ирсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу очиход нэг эмэгтэй, нэг******* хоёр том өрөөндөө байсан. Зүүн урд талынх нь жижиг өрөөнд ороход орны урд ногоон өнгийн футболк, хар өнгийн өмд, хар өнгийн оймстой 25-30 орчим насны******* хүн гар, хөл нь татаж чангарсан, хоёр нүд нь хөхөрсөн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тухайн өрөөнөөс нэлээн шээс үнэртэж байсан. Цуг байсан*******, эмэгтэй хоёр хүнээс 103 дуудаж энэ хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн эсэх талаар асуусан. Тэгэхэд өчигдөр орой 103 дуудаж үзүүлсэн, эмч ирээд архины хордлого байна гэж хэлээд нэг ширхэг эм өгөөд явсан, дахиад 103 дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд 103-н эмч нар ирээгүй болохоор нь цагдаагийн дэслэгч Ц. бид хоёр 103 руу дахин залгаж, хурдан ирэхийг шаардсан. Тэгээд 103-н эмч 12:00 цаг дөхүүлж ирсэн санагдаж байна. Эмч нь үзлэг хийгээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явах шаардлагатай гээд аваад явсан. Тухайн дуудлага мэдээлэл өгсөн аас юу болсон талаар тодруулахад бид нар барилга дээр хамт ажилладаг, манай ажил олгогч ******* энэ байрыг түрээсэлж, бид нар бөөнөөрөө хамт амьдардаг. Өчигдөр бид нар бөөнөөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би тасраад өглөө сэрэхэд Бааска том өрөөнд буйдангийн урд доошоо хараад хэвтсэн байдалтай байсан. Сэрээгээд нүүр лүү нь харахад нүүр нь цус болсон байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “Анхаа намайг татаж унагаагаад ширээ мөргүүлсэн’’ гэж хэлсэн гэснээр Бэгэр-10-т мэдэгдэж бүрэлдэхүүн дуудуулж, цагдаагийн ахлах дэслэгч П.т хүлээлгэн өгч дараагийн ажилдаа шилжсэн. ...Тийм үйлдэл огт гаргаагүй, гар, хөл нь чангарсан дээшээ харсан ухаангүй байдалтай байсан. Хамт байсан гэх******* хохирогчийг бид нартай хамт амьдардаггүй, гэр нь Баянхошуунд байдаг гэж хэлж байсан. Гарч, орсон талаар мэдэхгүй байна гэж байсан. Архи уусныхаа маргааш өглөө нь л ухаангүй байдалтай хэвтэж байсан талаар дурдсан. Нөгөө эмэгтэй нь манай эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ц тай уулзсан. Тухайн эмэгтэйн найз залуу нь хардаж, хохирогчийг татаж, ширээ мөргүүлсэн талаар эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ц.д хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),
Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг цагдаагийн ахлах ахлагч М.ийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 2022 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 10:56 цагт байрны 2 дугаар орц, 8 тоотод манай зодуулсан найз орж ирсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу очиход гэр нь эмх цэгцгүй, шээс шивтэр үнэртсэн байдалтай, том өрөөнд нь эмэгтэй,******* хоёр хүн, зүүн урд талд байрлах жижиг өрөөнд нь ороход 25-30 орчим насны******* ухаангүй, хоёр нүд нь хөхөрч хавдсан, гар, хөл нь татсан байдалтай байсан. Хамт байсан хүмүүсээс нь 103 дуудсан талаар асуухад дуудсан гэж байсан боловч ирээгүй тул давхар 103 руу залгаж, хурдан ирэх талаар шаардсан. Мөн тухайн хүн нь хүнд зодуулсан байдалтай байсан тул Бэгэр-10 руу залгаж бүрэлдэхүүн дуудсан. Тэгээд хэргийн газарт хамгаалалт аваад байж байхад 103-н эмч нар 12:00 цагийн үед ирсэн. Хэргийн газрын хамгаалалт авсан байх үедээ тэнд байсан эмэгтэйтэй уулзаж юу болсон талаар асуухад манай найз залуу Анхаа хамт барилга дээр ажил хийдэг хүмүүсийн хамт энэ байрыг түрээсэлж амьдардаг. Урьд шөнө энэ хэд архи уусан, тэр үед Бааска намайг татсанд манай найз залуу Анхаа, Бааскаг татаж цохисон өөр зүйл болоогүй, Анхаа одоо ажилдаа явсан байхгүй байна гэж хэлсэн тул Анхааг дуудуулж бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тухайн айлын 00-ын өрөөнд цустай даавуу байсан, мөн том өрөө нь эмх цэгцгүй их бохир байсан. ******* ухаангүй, юм ярих ямар ч тэнхэлгүй, өмдөндөө шээсэн, биеэ удирдах чадваргүй байдалтай байсан. Эмч ирж үзээд шууд Гэмтлийн эмнэлэг авч явах шаардлагатай гээд аваад явсан. Эхэлж орж ирээд тухайн гэрт байсан*******, эмэгтэй хоёроос юу болсон талаар асуухад ухаангүй байсан залууг гарч яваад шөнө орж ирсэн гэж хэлж байсан. Бүрэлдэхүүн болон 103 дуудаад хүлээх явцдаа тухайн*******, эмэгтэй хоёр сэжигтэй байгаад байсан тул нэг нэгээр нь уулзаж асуухад тухайн ухаангүй байгаа*******г Анхаатай маргалдаж, муудалцаад Анхааг цохиход ширээ мөргөж унасан талаар******* нь хэлж, эмэгтэй нь надтай Анхаа хардаж цохисон талаар дурдаж байсан. Тухайн байр нь орцондоо хяналтын камергүй, байрны үүдэндээ камертай боловч тухайн үед ажиллахгүй байсан. Тухайн үед очсон дуудлага дээр биш тэр өдрийн өглөө орж ирсэн дуудлагаар тухайн байранд гарсан хулгайн дуудлага дээр камерыг нь шалгах гэтэл ажиллахгүй байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),
Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай том охины төрсөн өдөр болдог болохоор би 22:00 цагийн үед бялуугаа задлах гээд байна, ирэх болж байна уу гээд ******* руу залгахад та хэд задлаад идэж бай, би арай болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд би хүүхдүүдтэйгээ бялуугаа идчихээд унтсан. Өглөө сэрэхэд буюу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өглөө ******* ирээгүй болохоор нь утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь хамт ажилладаг Анхаа гэх залуу руу залгасан, би бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэгэхэд Анхаа надад ******* барилгын материалын дэлгүүр лүү материал авахаар явсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ыг ирэхээр нь над руу залгуулаарай гэж хэлэхэд за гэж хэлээд тасалсан. Тэрнээс хойш би 2-3 цагийн зайтай залгахад утсаа огт авахгүй байсан. Би “Бааска ирсэн үү, ирсэн бол над руу залга гээд хэлээд өгөөч, баярлалаа” гэх утгатай мессеж хүртэл тэр Анхаа гэх залуу руу бичсэн. Анхаа мессежний хариу ч өгөхгүй утсаа ч авахгүй байсан. Би 2022 оны 08 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Анхаа гэх залуу руу 2-3 цагийн зайтай нэлээн хэдэн удаа залгасан утсаа огт аваагүй. Тэгсэн 2022 оны 08 дугаар сарын 21-ний орой цагдаагаас *******ын эхнэр мөн үү гэж залгасан. Мөн байна яасан гэхэд ******* тархиндаа хүнд гэмтэл авсан, хагалгаанд орж байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр ирж уулзаад дэргэд нь Анхаа руу залгахад согтуу утсаа аваад тасалсан. Би тэрнээс хойш Анхаа руу залгаж чи яахаараа эрүүл саруул хүнийг ийм болгодог юм, эртхэн эмнэлэг хүргээд өгөхгүй яасан юм гэж загнахад уучлаарай гэдэг үгнээс өөр үг хэлээгүй. Тэгээд утас нь холбогдохгүй болоод алга болсон. *******ын ажилласан цалин хөлсийг ч бид нарт өгөөгүй. ******* эмнэлэгт 2 сар орчим ухаангүй байдалтай байсан. Анх гэмтэл авсныг нь сонсоод эгч т мэдэгдэж байсан. Би нялх хүүхэдтэй байсан болохоор *******ыг эмнэлэгт эгч нь сахисан. Эмнэлгээс гараад гэртээ ирэхдээ зүүн гар нь мэдээгүй, юмаа мартаж, санаад байсан. Тэгээд Натул гээд хувийн эмнэлэгт хэвтэж уламжлалтын эмчилгээ хийлгэсэн. Тэр эмнэлгээс гараад бие нь нэлээн дээрдсэн байсан. Одоо бол ******* хэвийн байгаа. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч, авч байгаа. Бүх зүйлээ хэвийн санаж, өөрийн хийж буй үйлдлээ бүгдийг хэвийн удирдаж байгаа. Ухаан санааны хувьд эрүүл байгаа. Тэгэхдээ одоо тархины ялтас нөхүүлэх хагалгаанд орно. Хагалгаанд орсон хэсэг буюу толгойн баруун хэсэгтээ ясгүй байгаа. Бас баруун нүдний хараа нь муудсан. Би яг юу болсон талаар нь асуухад Анхаатай муудалцаад Анхаа намайг юм мөргүүлснийг л санаж байна, тэгээд би юу ч санахгүй байгаа гэж хэлдэг. Би эрүүл саруул байсан нөхрөө ийм байдалтай болсонд маш их гомдолтой байгаа. Хөдөлмөрийн чадвараа алдаж, хүнд хүчир ажил хийж чадахгүй болсон. Манай нөхөр хүнд хүчир ажил хийж л нялх нойтон 5 хүүхдээ тэжээдэг байсан. Одоо Бааска хагалгаанд орно, энэ зардлыг гаргуулмаар байна. Бааска 1 жил гаруй хугацаанд гэртээ ажилгүй байлаа, энэ хугацаанд хичнээн төгрөг олох байсан бол, мөн энэ хугацаанд хийлгэсэн эмчилгээний мөнгийг тэр хүнээс гаргуулмаар байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө дуудлагын их эмчээр ажиллах үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороолол 11а байрны 2 дугаар орц, 8 тоотод зодуулсан хүн татаад байна гэсэн дуудлага мэдээлэл 01 цаг 52 минутад ирсэн. Уг дуудлагын дагуу очиход залуухан*******, эмэгтэй хоёр бас нэг залуу жижиг өрөөнд нь шалан дээр хэвтэж байсан. Тэр шалан дээр хэвтэж байсан залуу руу дөхөж очиход нэлээн архи үнэртүүлсэн байдалтай байсан. Би очоод даралтыг нь үзэх гэтэл намайг түлхсэн. Би гэрт нь байсан залуугаар гарыг нь бариулж байгаад даралтыг нь үзэхэд их байсан учир даралт бууруулах эм хэлэн дор нь хийгээд дуудлагын утга дээр таталт өгөөд байна гэсэн учир таталтын эсрэг тариа хийсэн. Тэр хүн ил харагдах шарх, цусгүй байсан. Би тэр хүнийг анх хараад архи үнэртсэн болохоор архины хордлогод орсон байна гэж оношилсон. Ил харагдах цус харагдаагүй, хүүхэн харааг нь шалгахад зүгээр байсан санагдаж байна. Би яг тоочны санахгүй байна. Би цуг байсан хүмүүсийг хамаатнууд гэж ойлгосон. Тэгээд хамт байдаг эсэх талаар асуухад хоёр хоногийн өмнөөс манайд байгаа. Ирэхдээ зодуулсан байсан гэж******* нь хариулсан. Эмэгтэй нь юм хэлээгүй. Үзлэг хийх явцад ч тэр өрөөнд орж ирээгүй. Би анхан шатны тусламж үзүүлж, магнизм буюу булчин суллах тариа 10 мл нэг удаа булчинд хийгээд нифедепин 10 мл эм хэлэн дор нь тавьсан. Тэгээд харьяа дүүргийн эмнэлэг рүү архины хордлого оношоор зөөх гэсэн боловч эсэргүүцэл илэрхийлээд гараараа намайг түлхсэн. Тухайн үзүүлсэн хүн писда гэж хэлээд гар, хөлөө хөдөлгөөд байсан. Түүнээс өөр хөдөлгөөн хийгээгүй. Бас хэлж байгаа үг нь нээх тод байгаагүй. Тийм болохоор нь би хамт байсан асран хамгаалагч*******гээр нь татгалзах хуудас бөглүүлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 11665 дугаартай: “...Г.*******ын биед баруун чамархайн урдаас баруун зулай, титэм заадасны баруун тал руу үргэлжилсэн хугарал, баруун талд Clivus-н урд хөл зүүн талд зөрөөгүй хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, баруун нүдний ухархайн гадна болон арын хана хоёрлосон хугарал, аалзан хальс доорх тархмал цус харвалт гэмтэл, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, баруун тохой, хэвлийн цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булан, зүүн чих, ташаанд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),
Шинжээч эмч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.*******ын биед учирсан гэмтэл нь гараар цохих, хөлөөр өшиглөх, ширээ болон хатуу биет мөргүүлэх зэрэг аль алинд нь үүсэх боломжтой. Олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Нэг удаа ширээ мөргүүлэхэд дээрх бүх гэмтэл нэг дор үүсэх боломжгүй. ...Гавал тархины гэмтлийг авсан даруйд толгой өвдөх, ухаан алдах, цаашлаад тархины хатуу хальсан дээрх цусан хураа нэмэгдсэнтэй холбоотой тархийг дарж үхэлд хүргэх хүртэл аюултай байдаг. Иймд тархины гэмтэлтэй хүн ухаан алдсаны дараа зарим тохиолдолд сэргэх үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүн хэдий хугацааны дараа сэргэх боломжтой талаар нарийвчлан тодорхойлох боломжгүй. Дээрх гэмтлийг авсан даруйдаа ухаан алдах шинж тэмдэг заавал илэрнэ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72, 75 дугаар хуудас),
Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлаас гарахаар болоод бид нарыг гаргаж өгөхгүй юм уу гэж хэлсэн. Тэгээд , , ******* бид 4 Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 1а байрны гадна сааданд 2 шил 0,75 л архи хувааж уусан. Бид 4 архиа ууж дуусаад гэртээ орсон. Хулан, ах, Аагий ах 3 гэрт байсан. Бид 4 үлдсэн архиа болон авч орсон нэг шил архиа ууж байгаад , хоёр тасраад унтаад өгсөн. ******* бид 2 үлдсэн архиа ууж байсныг санаж байгаа, тэгээд би юу ч санахгүй байгаа. Би яг юу болсон юм бэ гэж ахаас асуухад “та хоёр явна, явахгүй гэж маргалдаад хамт ширээн дээр унаад, тэгээд тэврэлдээд архиа уугаад байсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас),
Хохирогч Г.*******оос мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн эмчилгээний төлбөртэй холбоотой баримтууд (хавтаст хэргийн 143-153 дугаар хуудас),
Түргэн тусламжийн хуудас (хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 106 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 107 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 109 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 113-126 дугаар хуудас), Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04-01/2212 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 128 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч М.******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд-Ар” хорооллын 11А байрны 8 тоотод “таксины мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар хамт согтууруулах ундаа хэрэглэсэн Г.*******ын эрх чөлөөнд халдан цохиж, ширээ мөргүүлэн эрүүл мэндэд нь баруун чамархайн урдаас баруун зулай, титэм заадасны баруун тал руу үргэлжилсэн хугарал, баруун талд Clivus-н урд хөл зүүн талд зөрөөгүй хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, баруун нүдний ухархайн гадна болон арын хана хоёрлосон хугарал, аалзан хальс доорх тархмал цус харвалт гэмтэл, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, баруун тохой, хэвлийн цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булан, зүүн чих, ташаанд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.*******, гэрч Б., У., Д., М., Ц., Д. нарын мэдүүлэг, хохирогч Г.*******, гэрч Б.Хулан нарыг нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11665 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шинжээчийн 11665 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.*******ын биед баруун чамархайн урдаас баруун зулай, титэм заадасны баруун тал руу үргэлжилсэн хугарал, баруун талд Clivus-н урд хөл зүүн талд зөрөөгүй хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, баруун нүдний ухархайн гадна болон арын хана хоёрлосон хугарал, аалзан хальс доорх тархмал цус харвалт гэмтэл, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, баруун тохой, хэвлийн цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булан, зүүн чих, ташаанд зулгаралт гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж шинжээч эмч өөрийн эзэмшсэн тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд хохирогчид учирсан гэмтлийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгов.
Хохирогч Г.*******ын эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүнд хохирол нь шүүгдэгч М.*******ын хууль бус үйлдэл болох хохирогчийн биед халдаж, ширээ мөргүүлснээс үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.*******ын хохирогч Г.*******ыг ширээ мөргүүлж, биед нь халдан эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн байцаалтын явцад гаргаж өгсөн гэм хор учруулснаас гарсан зардал хэмээн нэхэмжилсэн баримтуудыг шинжлэн судлахад 2,347,446 төгрөгийн зардал гарсан байх ба шүүгдэгч М.******* нь дээрх үнийн дүнд тооцож “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг хохирогчид шилжүүлж өгсөн, энэ талаар хохирогч Г.******* “...миний бие эмчилгээний зардал болох 2,347,446 төгрөгийн хохиролд дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийг харилцан тохиролцож санал нэгдэж авсан нь үнэн болно” гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Шүүх хуралдаанд хохирогч Г.******* “...толгойн яс нөхүүлэх хагалгаанд орно, таван сая гаран төгрөг болно гэсэн, энэ мөнгийг нэхэмжилнэ” гэсэн, түүний өмгөөлөгч Л.Чинбат “...хохирогч нь 2022 оны 08 дугаар сарын 20-ноос 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй, цалин орлогогүй байсан тул тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 1,260,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2 жилийн хугацаагаар группт орж сард 355,000 төгрөг авч байсан ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс группийн мөнгийг хасаж тооцож 4,680,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сараас группээ сунгуулж чадаагүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 2,640,000 төгрөг, нийт 8,580,000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн дүгнэлт, тайлбар гаргасан.
Гэвч дээрх нэхэмжлэлтэй холбоотой хавтаст хэрэгт хангалттай баримт байхгүй, тухайлбал, түүний ажилгүй байсан гэх хугацаа тодорхой бус, нийгмийн даатгалын шимтгэлийг ямар хугацаанд төлж байсан эсэх, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас сард хэдэн төгрөгийн тэтгэмж авч байсан эсэх талаар баримт байхгүй тул дээрх нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч М.******* “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч М.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 03 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн, хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ажил хийж хохирлыг төлж барагдуулна гэж үзэж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, учир нь шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндийн талаар санаа тавих ёстой. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж оргон зайлсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.*******ын цагдан хоригдсон 77 (далан долоо) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогтын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын цагдан хоригдсон 77 (далан долоо) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч М.******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМД