Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00040

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Иргэдийн төлөөлөгч Ц.Амаржаргал,

Хохирогч Ж.Алтанцоож,

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жанчивын Эрдэнэбат холбогдох 201706000001 дугаартай, 132/2017/0035/Э индекстэй хэргийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн хангал суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Хангал сумын хялгант тосгоны Нарсанд оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Жанчивын Эрдэнэбат /РД:ФЖ68012517/

Холбогдсон хэргийн талаар: 

     Ж.Эрдэнэбат нь /яллах дүгнэлтэнд бисэнээр/ согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг "Хялганат энержи" ХХК-ний хашаан дотор байх өөрийн гэртээ Ё.Энхтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газарт сандлаар цохиж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Эрдэнэбат өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа буусан. Нямдорж намайг төрсөн өдрийн баяр гээд дуудсан ба хамт архи пиво уусан. Дараа нь би гэртээ ирсэн. Манайд Энхтуяа эгч хадам аав Ёндонг асрахаар ирсэн байсан. Энхтуяа эгч хадам аав Ёндонг босгохдоо унагаачих гээд мөн хувцас, живхийг нь эвтэйхэн соль гэхэд Энхтуяа эгч чамд ямар хамаатай юм гээд байсан. Тэгэхээр нь уур хүрээд сандал аваад Энхтуяа эгчийн толгой руу цохьсон. Дараа нь эмнэлэгийн тусламж дуудсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Алтанцоож өгсөн: Би 1989 онд талийгаач Энхтуяатай гэр бүл болж бид хоёр 3 хүүтэй болсон. 2017 оны 12 дугаар сарын 20-д гаргаад талийгаач ажлаасаа чөлөө аваад Булган аймагт бие эрүүл мэндийн байдал муу байгаа аавыгаа асрахаар явсан. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр утсаар ярихад удахгүй хэд хоногоос очно гэж байсан. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хотоос хамаатны хүн яриад эхнэрийг маань нас барсан талаар хэлж мэдсэн. 30 гаруй жил ханилсан ханиа алдсан. Гомдолтой ч гэх хэцүү гомдолгүй ч гэх хэцүү байна. нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

201706000001 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Э.Алтанцоож өгсөн... 2016 оны 12 дугаар сарын 20-ны үед гаргаад аавынхаа биеийг асрах гэж 7 хоногийн хугацаатай Булган аймгийн Хялгант тосгон руу явсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байхад нас барсныг дуулсан гэх мэдүүлэг / хх-ийн 28 хуудас/,

Гэрч Ё.Эрдэнэбилэгийн өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 07 цагийн үед босоод Ж.Эрдэнэбат хөрөөн дээр өдөр 17 цаг хүртэл ажиллаад ажлаа дуусаад гэртээ орж ирээд цай ундаа уугаад сууж байхад утас нь дуугараад Нямдорж гэдэг найз нь төрсөн өдөр болж байна гэж ярих шиг болсон. Тэгээд Эрдэнэбат би удахгүй ирнэ гэж хэлээд 40 гаран минут л болсон байх буцаж орж ирэхдээ орилоод нилээд ууртай гэрт орж ирсэн. Орж ирээд Энхтуяа эгч рүү дайраад "чи аавыгаа ойр ойрхон ирж асрахад яадаг юм бид хоёр олон жил аавыг чинь харж асарч байна" гэж орилсон. Тэгэхэд Энхтуяа эгч "би ойлгож байна" аав гээд өөр юм хэлээгүй. Эрдэнэбат муухай орилоод авдарны урд талд байсан ногоон будагтай жижиг модон сандлыг шүүрч аваад цохих гэхэд эгч сандлынх нь нэг үзүүрээс бариад авсан. Тэгтэл Эрдэнэбат гараас нь шувт татаж аваад далайгаад эгчийн толгой хэсэг рүү сандлаараа нэг удаа цохичихсон. Эгч ямар ч дуу авиа гаргаагүй шууд доошоогоо уначихсан. Эгчийг харахад толгойны зүүн хэсгээс нь цус урсаж байсан. Эрдэнэбат ширээний урд хэсэг рүү сандлаа шидчихсэн. Би тэр үед орилоод хүүгээ дуудах гээд гүйгээд гарсан. Би араас нь эмнэлэг ороход эмч дуудлаганд явчихсан байна удахгүй яваад очно гэхээр нь би гэртээ буцаж ирэхэд Эрдэнэбат эгчийн гарыг хөдөлгөж барьж үзээд байсан. Би ойлгохдоо амьд байна уу л гэж үзээд байх шиг байсан. Шалан дээгүүр зөндөө цус урсчихсан хальтраад байхаар нь би цусыг нь арчаад түмпэнтэй усаа асгалгүй орон доогуур тавьчихсан. Тэгээд байж байтал Ариунаа эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Эрдэнэбат Энхтуяа эгчийг сандлаар цохих үед гэрт би, Эрдэнэбат, талийгаач эгч Энхтуяа, аав Ёндон нар байсан. Өөр хүн байгаагүй. Би аавын орны урд зогсож байсан. Би Эрдэнэбатыг баруун гартаа барьсан сандлаар Энхтуяа эгчийн толгой хэсэг рүү цохихыг харсан. Манайх гэрэлтэй бүх юм тодорхой харагдаж байсан. Сандлын хөлнүүдийг холбосон хөндлөвч модноос нь барьчихсан харагдсан. Эрдэнэбат талийгаач Энхтуяа эгчийн духны зүүн дээд хэсэгт нэг удаа сандлаар цохиход цус гарч байсан. Эрдэнэбат талийгаачийг нэг л удаа сандлаар цохисон эгч тэр доороо л шууд уначихсан. Гаднаас халамцуухан орж ирэхдээ "би аавыг чинь олон жил асарч байна" гэж Энхтуяа эгчид хэлэхэд "би ойлгож" байна гэсэн. Өөр хэрүүл болох завдалгүй, Энхтуяа эгчийг сандлаар цохьсон. 40-50 орчим минутын дараа гэртээ ирэхдээ халамцуухан байдалтай ирсэн. Өөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гэрийн баруун талд хэвтэж байсан Энхтуяа эгчийн толгойноос цус гараад хулдаасаар урсаад байхаар нь би түмпэн дотор ус хийж байгаад угаасан. Эрдэнэбат гаднаас халамцуухан орж ирэхдээ миний эгч Ё.Энхтуяа руу аавыгаа   ирж асрахад яадагийн гэж хэлэхэд Ё.Энхтуяа эгч "чи яахаараа архи уугаад агсан тавиад байдаг юм" гэж хэлэхэд Эрдэнэбат эгчийн толгой руу нэг удаа сандлаар цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуудас/,

Гэрч Б.Ариунтуяагийн өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 цаг 40 минутын үед эмнэлгээс над руу залгаад хүн цохиулаад цус алдаад байна "Хялганат энержи" ХХК-ний хашаан дотор юм байна гэсэн дуудлага ирсэн. 2 минутын дараа сувилагч над руу дахин утасдаад нөгөө хүн гадаа унасан цус алдаад байна гэж хэлсэн. 21 цаг 50 минутын орчимд гэрт нь очиход гэрийн баруун талын хойморь хэсэгт дээшээ харсан байдалтай эмэгтэй хүний  цогцос байсан ба хүзүү орчим нь цус болсон, ухаангүй хөхрөлт өгсөн, амьсгалахгүй, зүрхний цохилтгүй, судасны цохилт байхгүй, даралт байхгүй байхаар нь зүрхний эллэг хиймэл амьсгал хийсэн. Тэгэхэд ямар ч сайжрал өгөөгүй 5 орчим минут болсон. Талийгаачийн өмдийг тайлж, даавуугаар бүтээгээд ар гэрийнхэн хүмүүст нас барсныг нь мэдэгдээд гэрээс гарсан. Нүүр нь цус болсон эрэгтэй хүн согтуу байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/

Гэрч Ц.Отгончимэгийн өгсөн:…хаалга тогшоод цонхон дээр хүн орилхоор нь харсан чинь хадам ээж байсан. Тэгээд яасан юу болсон гээд асуусан чинь Туяа эгчийг алчихлаа ш дээ цус алдаад ухаангүй болчихлоо гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

Гэрч Т.Ёндонгийн өгсөн:…яг юу болсныг би сайн ойлгоогүй.  Эрдэнэбат жижиг модон сандал аваад миний охиныг цохьчихсон. Толгойд нь цохьчих шиг л болсон гэх мэдүүлэг/хх-ийн 38 хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Мөнхзулын өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой Мөнхсайхан ахын гэрт байхад ээж Эрдэнэбилэг орилоод ороод ирсэн. Тэгээд би ээжтэйгээ хамт гэр лүүгээ очиход Энхтуяа эгч газарт хэвтэж байсан.   Гэрт аав, ээж, өвөө нар байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,

Гэрч  Э.Мөнхсайханы өгсөн: 2016 оны  12 дугяар сарын 29-ний  оройн 21   цаг өнгөрч байхад ээж Эрдэнэбилэг гадуур хувцасгүй гэрийнхээ хувцастай уйлаад Туяа эгч цус алдаад байна гэж хэлэн манай гэрт орж ирсэн. Тэгээд түргэн тусламж дуудчих гэхээр нь яасын юм бэ гэж асуухад Энхтуяа эгч чинь цус алдаад байна гэсэн.

…гэрт ороход Ганбаатар цагдаа ганцаараа байсан ба манай аав, ээж, өвөө нар байсан. Туяа эгч дээшээ харсан байдалтай гэрийн баруун талд шалан дээр хэвтэж байсан. Цагдаа гэрээс гар гэхээр нь гэрээс гарсан. Гэрийн гадаа байхад юу болсон талаар ээж Эрдэнэбилэгээс асуухад аав Ж.Эрдэнэбатыг сандлаар Энхтуяа эгчийг цохисон гэж ярьсан. Миний эцэг архи хааяа нэг хэтрүүлэн уухаараа гэртээ хэрүүл хийгээд байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 тоот дүгнэлтээр: 1. Талийгаачийн биед: гавал тархины битүү гэмтэл: их тархины баруун тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн хажуу гадаргуу, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, дагз, уртавтар тархи болон бага тархийг нилэнхүйд нь хамарсан тархмал зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны шарх, зүүн дунд хураа, баруун шуузүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. 5. Дээрхи гэмтэл нь сандал, алх, тоосго гэх мэт зүйлийн аль алинаар нь үүсгэгдэх боломжтой. 6. Гэмтэл шарх авах үеийн боломжийг тогтоох боломжгүй. 7. Талийгаач Ё.Энхтуяа нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл авсан тул гэмтэл авснаас хойш удаан амьд байх боломжгүй байна. 8. Талийгаач нь шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 9. Талийгаач нь гавал тархины битүү, их тархины баруун тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн хажуу гадаргуу, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, дагз, уртавтар тархи болон бага тархийг нилэнхүйд нь хамарсан тархмал зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас баржээ гэх / хх-ийн 52-54 хуудас/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн магадлагаанд: 1. Магадлуулагч Ж.Эрдэнэбат нь сэтгэхүйн хувьд эрүүл. 2 Магадлуулагч Ж.Эрдэнэбат нь гэмт хэрэгт холбогдох үедээ сэтгэл мэдрэлийн өвчингүй эрүүл байна. 3. Ж.Эрдэнбат нь одоо ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчингүй эрүүл. 4. Өөрийн үйлдлийг удирдан жолоодох ухамсарлах чадвартай гэх /хх-ийн 68 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 714 тоот дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Жанчивын Эрдэнэбат гэж хаягласан цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн Жанчивын Эрдэнэбат гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна. 3. Цусан дахь 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /хх-ийн 77 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 718 тоот дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Ё.Энхтуяагийн гэх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна. 2. Ж.Эрдэнэбатын баруун, зүүн гарын гэх арчидас 2 ширхэг, Ж.Эрдэнэбатын баруун, зүүн гарын ар, алганы арчдас нь 4 ширхэг, Ж.Эрдэнэбатын баруун, зүүн гарын гэх 10 ширхэг хумсан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэх дүгнэлт / хх-ийн 81 хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-12 хуудас/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-51-59 хуудас/,

хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-19 хуудас/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 99 хуудас/,

иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 102 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг "Хялганат энержи" ХХК-ний хашаан дотор байх өөрийн гэртээ амь хохирогч Ё.Энхтуяа руу "чи аавыгаа ойр ойрхон ирж асрахад яадаг юм бид хоёр олон жил аавыг чинь харж асарч байна" гэснээс үүдэлтэй маргааны явцад түүний толгойн тус газарт сандлаар цохиж амь насыг нь хохироосон факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ болсон үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн…уур хүрээд сандал аваад Энхтуяа эгчийн толгой руу цохьсон гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Алтанцоожийн...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хотоос хамаатны хүн яриад эхнэрийг маань нас барсан талаар хэлж мэдсэн гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.ЭрдэнэбилэгийнОрж ирээд Энхтуяа эгч рүү дайраад "чи аавыгаа ойр ойрхон ирж асрахад яадаг юм бид хоёр олон жил аавыг чинь харж асарч байна" гэж орилсон. Тэгэхэд Энхтуяа эгч "би ойлгож байна" аав гээд өөр юм хэлээгүй. Эрдэнэбат муухай орилоод авдарны урд талд байсан ногоон будагтай жижиг модон сандлыг шүүрч аваад цохих гэхэд эгч сандлынх нь нэг үзүүрээс бариад авсан. Тэгтэл Эрдэнэбат гараас нь шувт татаж аваад далайгаад эгчийн толгой руу сандлаараа нэг удаа цохичихсон…,Эрдэнэбат талийгаачийг нэг л удаа сандлаар цохисон эгч тэр доороо л шууд уначихсан…,гэрийн баруун талд хэвтэж байсан Энхтуяа эгчийн толгойноос цус гараад хулдаасаар урсаад байхаар нь би түмпэн дотор ус хийж байгаад угаасан гэх мэдүүлэг, гэрч Б.Ариунтуяагийн...гэрт нь очиход гэрийн баруун талын хойморь хэсэгт дээшээ харсан байдалтай эмэгтэй хүний  цогцос байсан ба хүзүү орчим нь цус болсон, ухаангүй хөхрөлт өгсөн, амьсгалахгүй, зүрхний цохилтгүй, судасны цохилт байхгүй, даралт байхгүй байхаар нь зүрхний эллэг хиймэл амьсгал хийсэн. Тэгэхэд ямар ч сайжрал өгөөгүй 5 орчим минут болсон. Талийгаачийн өмдийг тайлж, даавуугаар бүтээгээд ар гэрийнхэн хүмүүст нас барсныг нь мэдэгдээд гэрээс гарсан. Нүүр нь цус болсон эрэгтэй хүн согтуу байх шиг байсан гэх мэдүүлэг, гэрч Ц.Отгончимэгийн…Туяа эгчийг алчихлаа ш дээ цус алдаад ухаангүй болчихлоо гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Т.Ёндонгийн…Эрдэнэбат жижиг модон сандал аваад миний охиныг цохьчихсон. Толгойд нь цохьчих шиг л болсон гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Мөнхзулын...би ээжтэйгээ хамт гэр лүүгээ очиход Энхтуяа эгч газарт хэвтэж байсан гэх мэдүүлэг, гэрч  Э.Мөнхсайханы…ээж Эрдэнэбилэг гадуур хувцасгүй гэрийнхээ хувцастай уйлаад Туяа эгч цус алдаад байна гэж хэлээд манай гэрт орж ирсэн гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүх шинжилгээний албаны дүгнэлтээр…талийгаач нь гавал тархины битүү, их тархины баруун тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн хажуу гадаргуу, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, дагз, уртавтар тархи болон бага тархийг нилэнхүйд нь хамарсан тархмал зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас баржээ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу  авч бэхжүүлсэн, мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байна. 

Хэрэгт талийгаачийн амь хохирсон шалтгааныг тогтоосон болон  хэргийн газраас олдсон хэргийн ул мөр үлдсэн эд зүйлд хийгдсэн шинжилгээнүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх үнэлэв.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолбол зохих зүйл нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт хохирогч Ж.Алтанцоож иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон ялыг оногдуулав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Ж.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар  хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж мэтгэлцэж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих   ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн

хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж болохоор заажээ.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь дээрхи гэмт хэргийг согтуугаар үйлдсэн төдийгүй гэмт хэрэг гарахад хохирогчийн зүгээс зүй бус үйлдэл нөлөөлөөгүй, түүнчлэн амь хохирогчийн дүү болон түүний асрамжинд байсан төрсөн эцэг зэрэг ойр дотны хүмүүсийнх нь дэргэд санаатай алсан зэрэг нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг хэрэглэж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын 2016 оны 12 дугаар сарын 30-наас 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  ногоон өнгийн сандал, ягаан өнгийн цэцэгтэй ханцуйтай нимгэн цамц 1 ширхэг, хөх өнгийн хөхөвч 1 ширхэг, цагаан өнгийн алчуур 1 ширхэг, бор өнгийн хүрэм 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цаасан хайрцагны тасархай 1 ширхэг, даавуу 1 ширхэг, цагаан өнгийн шуудай 1 ширхэг, Ж.Эрдэнэбатын гарын хуруунаас авсан хумс, баруун зүүн гараас арчиж авсан арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Жанчивын Эрдэнэбатыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэбатад оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эрдэнэбатын цагдан хоригдсон 76 /далан зургаан/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт хохирогч Ж.Алтанцоож иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн сандал, ягаан өнгийн цэцэгтэй ханцуйтай нимгэн цамц 1 ширхэг, хөх өнгийн хөхөвч 1 ширхэг, цагаан өнгийн алчуур 1 ширхэг, бор өнгийн хүрэм 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цаасан хайрцагны тасархай 1 ширхэг, даавуу 1 ширхэг, цагаан өнгийн шуудай 1 ширхэг, Ж.Эрдэнэбатын гарын хуруунаас авсан хумс, баруун зүүн гараас арчиж авсан арчдас зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эрдэнэбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ДЭЛГЭРМӨРӨН

ШҮҮГЧИД                                           С.ЦЭРЭНДУЛАМ

                                                                  С.ЦЭРЭНХАНД