Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/17

 

 

 

 

 

 

 2021         04            28                                         2021/ДШМ/17

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                   Н.Бд холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Батзориг,

Шүүгдэгч: Н.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолтой Н.Бд холбогдох 2138000000030 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ач хариад овогт Н-н Б, .  оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ....................../.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоёота Спринтер” маркийн 79-45 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж явган зорчигч С.Мэнджаргалын араас нь мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ач хариад овогт Н-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Ач хариад овогт Н-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 9 шүүгдэгч Н.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас 4,750 төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 2138000000030 дугаар эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: ... Шүүгдэгч       Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар 7 сарын хорих ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн. Дээрхи шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй тул ялтан болон түүний өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.ЭХТА-н 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруугийн талаар болон учруулсан хохирлын хэмжээнд ямар ч маргаангүй тул шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нь энэ талаар “Эвлэрлийн гэрээ”-дээ гомдол саналгүй болон цаашид нэхэмжлэх зүйлгүйгээ тодорхой зааж өгсөн. Ийм байтал хэрэглэх ёстой хуулийн заалт болох ЭХЕА-н 7 дугаар бүлгийн 7.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалтын шаардлагыг хэрэгжүүлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл боллоо.

2.Мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах заалтад жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэнэ гэсэн байхад шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт заахдаа ЭХТА-н 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгаа арилгасан бол тэнсэж болно гэсэн нь ЭХ-н зохицуулалтад нийцэхгүй байх тул шийтгэх тогтоол өөрөө үндэслэлгүй байна. ЭХТА-н 27.11 дүгээр зүйлд заасан хэрэгт ямар нэгэн хохирол учраагүй. Мөн шийтгэх тогтоолд зааснаар хохирол бүрэн төлөгдсөн гэж үзсэн атлаа ЭХТА-н 27.11 дүгээр зүйлд заасан хохирлыг төлөөгүй мэтээр тооцож үзсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна. Н.Б нь одоо гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч маргаантай гэж алдаа гаргаснаа ухамсарлаж байгаа болно.

Иймд Н.Бд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/70 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх саналтай байна гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоёота Спринтер” маркийн 79-45 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон  замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж явган зорчигч С.Мэнджаргалыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Бы гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлаж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл /Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх/-ийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд заавал хэрэглэх заалт биш учир шүүх дээрх заалтыг хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах  үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн шинжийг бүрэн тусгаагүй байх тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Н.Баас 4750 төгрөг гаргуулж Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлсон бөгөөд уг зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг  Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан.

Шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардал гарсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгчээс зардал гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Шүүгдэгч нь Toyota Sprinter маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан атал хэрэгт авагдсан нотлох баримтууд, яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд машины маркийг Тоёота Спинтер гэж буруу бичсэнийг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “1.Шүүгдэгч Ач хариад овогт Нямын Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгосугай.

б/ Шийтгэх тогтоолын  8,9,10 дугаар заалтын дугаарыг 7,8,9  болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                             ШҮҮГЧИД                                  Л.ЭРДЭНЭБАТ

                                                                     Б.СОСОРБАРАМ