2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/670

 

 

 

 

 

 

2025         03           07                                    2025/ШЦТ/670

 

 

                              

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Ганбаатар хөтлөн,

улсын яллагч Ж.Баянжаргал,

хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, дээд боловсролтой, ******* мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, *** байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-н Б /регистрийн дугаар **/.

 

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” спорт зааланд сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байх үедээ хохирогч Б.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ний өгсөн “...Би мэдүүлэг өгөхгүй, гэм буруугийн талаар маргахгүй байгаа..”  гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хээллцүүлэгт хохирогч Б.Э-н өгсөн “...Би тухайн өдөр тэмцээнд орж байгаад Г.Б- гэх залуутай муудалцаж, улмаар уруул руугаа цохиулсан. Үүнээс хойш 1 сарын хуагцаанд зовиуртай байсан. Баримтаар нийт 402.866 төгрөгийн хохирол гарсан. Сүүлд эмнэлэгт үзүүлэхэд сорви арилахгүй, бүдгэрнэ гэсэн. Тухайн эмнэлэгт сорви аридгуулах эмчилгээ хийлгэхэд 4.775.000 төгрөг болно гэсэн. Нүүрэн дээрээ сорвитой байна гэдэг маш том хохирол, сэтгэл санааны хувьд хэцүү байна. Нийт 5.177.866 төгрөг нэхэмжилж байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү, гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14-+20 дахь тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 21-26 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр миний бие өөрийн найзууд болох М, О, Э, Б, М, П нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Говийн баруун талд замын хажууд байрлах “***г” спорт зааланд сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байсан юм. Манай баг “***” нэртэй багийн эсрэг тоглож байхад би эсрэг багийн намхан нуруутай залуутай маргалдаж, тоглолтын контакт үүсгэсэн юм. Тухайн намхан нуруутай залуу миний нүүр рүү духаараа мөргөх гээд дайрах үед би хойшоо нэг алхаж зайлсхийгээд баруун гараараа тэр залууг хаацайлсан. Тэр үед тухайн намхан залуугийн зүүн талаас мөн эсрэг талын багийн өндөр нуруутай, том биетэй залуу орж ирээд миний зүүн талын хацар pyy цохисон. Тэгээд бидний дунд маргаан өндөрсөж бие бие рүүгээ дайралцсан. Тэр үед манай багийн  М цаанаас орж ирээд хоёр гараараа түлхсэн. Тэгэхэд өндөр нуруутай, том биетэй залуу доошоо тонгойсон бөгөөд цаанаас нь намхан нуруутай залуу миний уруул, ам руу нэг удаа маш хүчтэй цохисон. Тэр үед миний ам, уруул маш хүчтэй өвдөж, толгой руу хүчтэй хатгаж, шүд маань өвдсөн. Тэгээд би шууд амаа дараад газар унасан ба хүмүүс бужигналдаад эхэлсэн. Тэр үед би хэсэг шоконд орсон байсан. Ингээд босоод ирэхэд хүмүүс болон тоглолтын шүүгч нар зодоон маргааныг салгасан. Эцэст нь тоглолтыг үргэлжлүүлэхгүй дуусгасан ба би өөрийнхөө уруулыг хартал миний дээд уруулны зүүн хэсэгт босоо хэлбэртэй зүсэгдэн урагдаж, цаашаа урагдал нь нэвтэрсэн байсан. Ам маань нил цусаар дүүрсэн амтагдаж байсан. Тоглолт дууссаны дараа гарах үед тухайн намхан нуруутай залуу надад “би чамайг цохисон, хоёулаа явъя, би чиний уруулыг чинь оёулж, хохиролгүй болгож егье" гэж хэлсэн. Эмнэлэгт үзүүлэхэдд эмч надад миний уруулыг цоорсон байна гэж байсан. Миний шилэн хүзүү, толгой хөөрч өвдөж, уруул хавдаж их зовиуртай байна. Миний урд талын шүд маань хуруугаар дарахаар их өвчтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай “...Б.Э-н биед дээд уруулд шарх, уруулын салстад шарх, уруулд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл м мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

Шинжээч Т.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд “...Уруулд шарх, уруулын салстад шарх, уруулд зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд нь хамтдаа 1 удаагийн үйлчлэлээр гар, хөлөөр цохигдох үед үүсгэгдэх боломжтой ба дээрх гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт тусдаа хамаарна. Баруун хөмсөгт зулгаралт гэмтэл нь тусдаа 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хохирлын зэрэгт хамааралгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 92 дахь тал/,

 

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 82-85 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б-ий яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч, өөрийн гэм бурууг ойлгож байна. Тус тогтоолтой санал нийлж байна. Хан-Уул *** 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” спорт зааланд 2025 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр би сагсан бөмбөгийн тэмцээний үеэр эсрэг багийн тамирчинтай маргаан үүсгэсэн. Энэхүү маргааны үед хоёр багийн тамирчид хоорондоо маргалдаж, цохилцсон. Би тэр зодоон дунд талбай дээр байсан. Тухайн маргаан нь эсрэг багийн 4 дугаартай тамирчин бохир тоглож, миний бие түлхэгдэж газар унаж эхэлсэн. Энэ тоглолтыг шүүж байсан шүүгчид намайг тэрхүү 4 дугаартай тамирчин түлхээд унагааж байхад ямар нэгэн алдаа зааж шүгэл үлээгээгүй. Тэгээд би босч ирээд тухайн 4 дугаартай тамирчинтай бохир тоглож байгаа талаар маргалдаж эхэлсэн. Маргаан үүсээд би тухайн 4 дугаартай тамирчинтай нүүр нүүрээрээ тулсан. Тулах үед тухайн 4 дугаартай тамирчин намайг зүүн шанаа орчимд цохисон. Тэр үед манай багийн 13 дугаартай тамирчин бид хоёрын дундуур орж ирээд маргааныг салгасан. Тэгээд салаад байж байхад эсрэг багийн 11 дугаартай тамирчин манай багийн 13 дугаартай тамирчны араас дагз руу нь цохисон, яг тэр үед би эсрэг багийн надтай маргалдаж байсан 4 дугаартай тамирчны нүүр рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэр үед тухайн тамирчны уруул тус газраас нь цус гарч эхэлсэн. Тэгээд би тэр залууг цохиод хоёр тийшээ болсон. Үүний үр дүнд шүүгчид тоглолтыг дуусгаж, тоглолт цааш үргэлжлээгүй. Тоглолт дууссаны дараа би тухайн залуутай хувцсаа сольж байхад уулзсан. Тэр залуу уруулынхаа цусыг тогтоочихсон, уруулаа алчуураар дарчихсан байж байсан. Тухайн үед тэр залуу уруулаа яг хэнд цохиулсанаа мэдэхгүй байсан, би түүний уруулыг өөрөө цохиод цус гаргасанаа мэдэж байсан тул өөрт нь энэ талаар хэлээд хамт эмнэлэг рүү явж анхан шатны тусламж, эмчилгээ хийлгэх талаар санал тавьсан. Тэгээд би тэр залууг хувцсаа сольж өмсөхийг нь хүлээгээд гадаа байж байсан чинь өөр нэг залуу над руу ирээд “чамайг ийм байдалд оруулаад цохивол яах вэ” гээд над руу дайраад маргаан үүсгэх гээд байсан. Гэтэл манай багийн тамирчид надад “чи энд байх юм бол дахиж маргаан хэрүүл, зодоон үүсэх юм байна, чи түрүүлээд явж бай” гэж хэлээд намайг явуулсан. Би тэр үед нээрээ тэгэх юм байна гэж бодоод тухайн газраас түрүүлээд явсан. Надад цохиулж уруулдаа гэмтэл авсан залууд тусламж үзүүлэх гээд тохиролцсон талаар мэдэж байсан ч дахиж хэрүүл маргаан үүсгэх вий гэсэн болгоомжлоос болж түрүүлж явсан... Би одоогоор тухайн залууд хохирол төлж барагдуулаагүй байна. Ямартай ч утсаар ярьсан, би хохирлыг бүрэн барагдуулж өгнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-66 дэх тал/ болон

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 73-74 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэгийн 71 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” спорт зааланд сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байх үедээ хохирогч Б.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд насанд хүрээгүй хохирогч Б.Э мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, насанд хүрээгүй хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Г.Б- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Г.Б- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Б-ийг хохирогч Б.Э-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, байдал, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оонгдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.  

 

Гурав. Хохирол хор уршгийн талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 92 дахь талд авагдсан байна.

Хэрэгт Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 92 дахь тал/ авагдсан байх ба хохирогч Б.э шүүхийн хэлэлцүүлэгт “би сэтгэцэд учирсан хор уршигийг нэхэмжилж байна…” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Б-ээс сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гаргуулж хохирогч Б.Э-д олгох нь зүйтэй байна.

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлж 3.960.000 /гурван сая есөн зуун жаран мянган/ төгрөгийг хохирогч Б.Э-н сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

Мөн хэрэгт хохирогч Б.Э-н эмчилгээний зардлын талаарх нийт 402.866 төгрөгийн зардлын баримт /хх-ийн 82-85 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Г.Б-ээс 402.866 /дөрвөн зуун хоёр мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-д олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Синдерелла клиник” ХХК-ийн “...сорви бүдгэрүүлэх эмчилгээний зардал 4.775.000 төгрөг...” гэх эмнэлгийн дүгнэлтийг шинээр гаргаж өгсөн ба шүүгдэгч Г.Б-ээс сорви арилгах эмчилгээний зардалд 4.775.000 төгрөг нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлан өгөх нь зүйтэй байна.

Дөрөв: Бусад асуудлын талаар:

Г.Б- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Г-н Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Г.Б-ээс 3.960.000 /гурван сая есөн зуун жаран мянган/ төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 402.866 /дөрвөн зуун хоёр мянга найман зуун жаран зургаан мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Б-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 нэг/ ширхэг сиди, шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Г.Б- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

     

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ