| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2017/00424/И |
| Дугаар | 129/ШШ2017/00423 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 129/ШШ2017/00423
| 2017 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 129/ШШ2017/00423 | Эрдэнэбулган сум |
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Жаргалан, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д овгийн Б.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н овогт М.С-д холбогдох
эрүүл мэндэд учруулсан гэм хор, эмчилгээ сувилгааны төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөгийн зөрүү болох 100 000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоолгон хариуцагчаас сар бүр гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,
хариуцагч М.С,
иргэдийн төлөөлөгч Ш.Ц,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч М.С-ын хувьд 2011 оны 01 сарын 26-ны шөнө өөрийн эзэмшлийн 60-91 УБН улсын дугаартай Дэлика маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатар хотоос Архангай аймгийн Жаргалант сумын чиглэлд явж байхдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам, зам тээврийн осол гарсан үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг үйлдэж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэхэмжлэгч Б.Н-ын биед баруун дунд чөмөгний далд хугарал, тархи доргилт, 2 хөлийн бүх хуруунуудын, 2 гарын сарвууны хэсгийн 4-р зэргийн хөлдөлт гэмтэл учруулж, 2 хөлийн бүх хуруунуудын болон гарын сарвууны доод хэсгийн 1/3 хэсгээр тайрагдаж амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан. Үүний улмаас Б.Н нь цаашид насан туршдаа эрүүл хүний адил ажил хөдөлмөр эрхэлж орлого олж, амьжиргаагаа залгуулах, бие даан ямар нэгэн үйлдэл хийх чадваргүй, байнгын бусдын асаргаа сувилгаа, анхаарал халамжид байх болсон.
Ийнхүү гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 53 дугаартай дүгнэлт болон Архангай аймгиъйн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2011 оны 02 сарын 01-ний өдрийн дүгнэлт, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 сарын 16-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоол зэргээр нотлогдож байна. Тухайн зам тээврийн осол болох үед нэхэмжлэгч Б.Н нь 19 настай байсан. Дархан-Уул аймгийн Мандах бүртгэл дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн 2 дугаар дамжааны оюутан байсан. Хариуцагч М.С-ыг зам тээврийн осол гаргаж түүнд гэм хор учруулах үед өөрийн гэсэн цалин хөлс орлогогүй байсан. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж мөн хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө” гэж тус тус заасан байдаг тул тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр нэхэмжлэгч Б.Н-ыг хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар хугацаагүйгээр тогтоож, Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар тахир, дутуугийн тэтгэвэр тогтоосон. Уг тэтгэврийн хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 сарын 31-ний өдрийн тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны 06 сарын 01-ний өдрөөс сард 140000 төгрөгөөр тогтоож одоог хүртэл мөрдүүлж байгаа. Энэ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасны дагуу тогтоодог Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талд үндэсний хорооны 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240000 төгрөг байхаар тогтоож, мөн өдрөөс эхлэн одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоосон хэмжээнд нэхэмжлэгч Б.Н-д нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээ хүрэхгүй учир Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон нийгмийн халамжийн тэтгэврийн зөрүүг 100000 төгрөгөөр тооцож сар бүр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Хариуцагч М.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н-ын гаргасан нэхэмжлэлд дурьдсанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүү 100 000 төгрөгийг миний бие Б.Н-д сар бүр өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Засгийн газраас тахир дутуугийн тэтгэмжийн мөнгийг 2011 оноос хойш хэд хэдэн удаа нэмэгдүүлсэн ба тэр хэмжээгээр Б.Н-ын тахир дутуугийн тэтгэмж тухай бүрт нэмэгдэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрсэн байх ёстой. Хэрвээ тэтгэмжээ нэмэгдүүлээгүй бол аймгийн хөдөлмө, халамж үйлчилгээний хэлтсээс тэтгэмжийн зөрүүгээ нэхэмжлэх ёстой. Иймд Б.Н-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд ар гэрийн нөхцөл байдал хүнд байна. Одоог хүртэл 14 000 000 гаруй төгрөгийг төлж барагдуулж байгаа гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч М.С-д холбогдуулж эрүүл мэндэд учруулсан гэм хор, эмчилгээ сувилгааны төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөгийн зөрүү болох 100 000 төгрөгөөр тооцож тэтгэмж тогтоолгон хариуцагчаас сар бүр гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь төлбөрийн чадварын байдлаас шалтгаалж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
М.С нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих, зам тээврийн осол гарсан үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг үйлдсэний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэхэмжлэгч Б.Н-ын биед баруун дунд чөмөгний далд хугарал, тархи доргилт, 2 хөлийн бүх хуруунуудын, 2 гарын сарвууны хэсгийн 4-р зэргийн хөлдөлт гэмтэл учруулж, 2 хөлийн бүх хуруунуудын болон гарын сарвууны доод хэсгийн 1/3 хэсгээр тайрагдаж хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 8-р сарын 16-ны өдрийн 77 тоот шийтгэл тогтоолоор,
Б.Н нь нийгмийн халамжийн сангаас сар бүр 140 000 төгрөгийн тэтгэмж авдаг болох нь тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, талуудын маргаагүй байдлаар тус тус тогтоогдсон.
Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэмтэлд нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр Б.Н-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 5 жилийн хугацаатай 80 хувиар тогтоосон байх бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нь сар бүр 140 000 төгрөгийн тэтгэмж авдаг байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой төлбөрийг сар тутам төлөх үүргийг гэм хор учруулсан буруутай этгээд хүлээх болохыг заасан байдаг.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч М.С нь гэм хор учирах үед эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол цалин хөлс, орлогогүй байсан, хөдөлмөрийн чадвараа алдсан Б.Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 4-р сарын 20-ны өдрийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 4 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240 000 төгрөг байхаар тогтоосон болно.
Иймд Б.Н-ын авч буй халамжийн тэтгэмж 140 000 төгрөгийг одоо мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 000 төгрөгөөс хасч тооцон, зөрүү болох 100 000 төгрөгийн төлбөрийг сар бүр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч нь төлбөрийн чадваргүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж байгаа боловч энэ нь түүнийг бусдад учруулсан гэм хорын хохирол арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Энэхүү шийдвэрийн дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид сар бүр тогтмол хэмжээгээр гаргуулан олгож буй төлбөрийг төлөх үргэлжилсэн хугацаа нь М.Н-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг эрх бүхий байгууллагаас баталгаажуулж тогтоож буй хугацаанд байх болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.С-с сар бүр 100 000 төгрөгийн төлбөр гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 33 350 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулах сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.ЖАРГАЛАН
Г.ЭНХ-АМГАЛАН