Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2022/01001

 

      2022           08            17                                       142/ШШ2022/01001

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хүү *******гийн сургалтын төлбөрийн тавин хувь 5,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүү *******гийн сургалтын төлбөрийн тавин хувь 5,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би *******тай 2005 оноос эхлэн танилцаж, хүү *******2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, бид хоёрын хувьд цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул хоёр тийшээ болсон юм. Бид хоёрын хувьд гэрлэлтийн баталгаа байхгүй, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1230 дугаартай шийдвэрээр *******г би өөрийнхөө асрамжинд авч эцэг *******аас хүүхдийн тэтгэлгийг гаргуулахаар шийдвэрлүүлсэн. Би өнөөдрийг хүртэл хүү *******г байнга асарч халамжлаж ирсэн бөгөөд хүү маань эрүүл чийрэг, хэвийн өсөлт хөгжилттэй ба одоо 10 нас хүрч байгаа юм. *******ын хувьд хүүхэдтэйгээ уулздаггүй, эхээрээ овоглодог болохоор *******гийн хувьд эцгээ танидаггүй, өөртөө итгэлгүй ийм л хүн болж төлөвших гээд байна. Би *******д би хүүтэйгээ уулзаж бай, эцэгтэй гэдгийг нь ойлгуулмаар байна гэж хэлдэг боловч ******* за л гэдэг боловч ер нь уулзаж учирдаггүй, хүүхэддээ анхаарал халамж тавихгүй байгаа юм. Би хүү *******г төрснөөс нь хойш өнөөдрийг хүртэл хоол, унд, хувцас хунар, хичээлийн хэрэгсэл, тоглоом наадах, сурч боловсрох гэх мэтчилэн бүхий л хэрэгцээг нь өөрийнхөө хэмжээгээр бүрэн хангаж ирсэн. *******нь “Билигт өргөө” бүрэн дунд сургуульд 1 дүгээр ангиас 4 дүгээр ангиа төгсөх хүртэл төлбөртэй сурч төгссөн сургалтын төлбөр нь эхний 3 жилд 2,800,000 төгрөг байсан сүүлийн 1 жилд 3,000,000 төгрөг болж нэмэгдсэн би 2018 оноос эхлэн нийтдээ сургалтын төлбөрт 11,400,000 төгрөгийг төлсөн. Энэ сургалтын төлбөрөөс ******* ганц ч мөнгө төгрөг төлөлцөөгүй тэр бүү хэл хүүхэдтэйгээ ч уулзахгүй, алдаг оног хүүхдийн тэтгэмжээ сар бүр төлж байгаа юм. Гэр бүлийн тухай хуулинд хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүрэгтэй гэж заасан, мөн хуулийн 48 дугаар зүйлд “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасны дагуу би *******гийн сургалтын нийт төлбөр болох 11,400,000 төгрөний тавин хувийг буюу 5,700,000 төгрөгийг гаргуулахаар *******аас шаардах эрх үүссэн юм. *******аас хүү *******гийн сургалтын нийт төлбөр болох 11,400,000 төгрөгний тавин хувийг буюу 5,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: *******ын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, хүү *******гийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-5/, ******* ӨЭМТ-ийн эрүүл бойжиж байгаа нь үнэн тухай тодорхойлолт /хх-6/, Билигт өргөө бүрэн дунд сургуулийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаартай тодорхойлолт /хх-7/, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай Билигт өргөө бүрэн дунд сургуулийн суралцдаг нь үнэн тухай тодорхойлолт /хх-8/, ******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 150 дугаартай ам бүлийн тодорхойлолт /хх-9/, *******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 10-22/, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх 23-24/, *******аас Б.Бд олгосон итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-25/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүү *******гийн сургалтын төлбөрийн тавин хувь 5,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2004 онд танилцан үерхэж, дотно харилцаанд орсон ба албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, тэдний дундаас хүү *******2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн бөгөөд зохигчид хоорондын үл ойлголцолоос тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрахгүй гэсэн тайлбар, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тайлбар, хүү төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа зэрэг үндэслэлээр ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1230 дугаартай шийдвэрээр хүү *******г эх *******ын асрамжинд үлдээж, эцэг *******аас хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн болох нь ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1230 дугаартай шийдвэрээр нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч ******* нь хүү *******гийн Билигт өргөө бүрэн дунд сургуульд суралцсан 2018-2019 оны хичээлийн жилд 1а ангид сургалтын төлбөр 2,800,000 төгрөг, 2019-2020 оны хичээлийн жилд 2а ангид сургалтын төлбөр 2,800,000 төгрөг, 2020-2021 оны хичээлийн жилд 3а ангид сургалтын төлбөр 2,800,000 төгрөг, 2021-2022 оны хичээлийн жилд 4а ангид сургалтын төлбөр 3,000,000 төгрөг нийт 4 жилийн хугацаанд төлсөн сургалтын төлбөр болох 11,400,000 төгрөгийн 50 хувь 5,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь шаардах эрхтэй байна гэж үзлээ.

Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт: Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн хүүхдийн болон насанд хүрэгчдийн асрамжийн байгууллага, халамжийн газруудын асрамжид байгаа, эсхүл нэн ядуу, өрхийн нэг хүнд ногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусад санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсон байхыг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцлийг нэгэн адил хамааруулахыг ойлгоно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “ Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.2-т “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.1-т “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, 26.2.2-т “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч ******* нь үр хүүхдийнхээ ая тухтай орчин нөхцөлд сурч боловсрох, хөгжих эрхийг хангаж, хувийн хэвшлийн сургуульд суралцуулж байгаа нь тогтоогдож байх тул Билигт өргөө бүрэн дунд сургуульд суралцсан сургалтын төлбөрийн 50 хувь болох 5,700,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулах нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч ******* нь нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гардаж аваад, хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 77 дугаар хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.

Хариуцагч *******д шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн хэргийн материалтай танилцахыг удаа дараа мэдэгдсэн боловч танилцаагүй. Шүүх хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцуулах үүрэггүйгээс гадна хуулиар олгосон эрхийг хүчээр эдлүүлэх боломжгүй. Хуулиар олгосон эрхээ эдлэх, эдлэхгүй нь тухайн хэргийн оролцогчийн эрх юм.      

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 106,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 26 дугаар зүйлийн 26.2.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 5,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 106,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.                  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ДАГИЙМАА