| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 195/2025/1177/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1421 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1421
2025 05 28 2025/ШЦТ/1421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл хөтлөн,
улсын яллагч Н.Халиунаа,
шүүгдэгч Г.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны * дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай боловч, Хэнтий аймгийн *** сумын 1 дүгээр баг, **** газарт оршин судаг гэх, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн **** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, 6 сарын хорих ялыг тэнссэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Г-н О- /регистрийн дугаар ****/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О- 2025 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, *** караоке, баарны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг үсчин дотроос хохирогч А.О- “Айфоне 11 про” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О-ийн өгсөн “...Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Хохирогч А.О- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны “***” баарны нэг давхарт үсчин хийдэг. Тэгээд ажлын байран дээрээ хумс хийгээд байж байтал манай тэрүүгээр байдаг архичин орж ирж суучихаад хөөгөөд байхад гарахгүй байсан. Хумс хийж байх хооронд тэр манай хүлээлгийн өрөөний сандал дээр сууж байгаад цонх руу 2 ч удаа ойртсон, 2 дахь удаагаа ойртоод шууд хурдан яараад гараад явчихсан. Тэгээд би утсаа авах гээд бостол миний гар утас алга болчихсон байсан. Би араас нь хайж гарсан боловч байгаагүй. Би “Айфоне 11 про макс” гар утсаа аваад 3 жил болж байна. Би энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-11 дэх тал/,
“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн “...I Phone Фирм, 11 pro max” загварын гар утас 750.000 төгрөг...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 1819 дэх тал/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-27 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 28-33 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.О-ийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед цонхны тавцан дээр байсан гар утсыг аваад үл таних хүнд 80.000 төгрөгөөр зараад тухайн 80.000 төгрөгөөрөө хоол авч идээд, архи авч уусан. Би тухайн гар утасны марк болон өнгийг нь сайн санахгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.О- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.О- мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.О- “2025 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, “***” караоке, баарны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг үсчин дотроос хохирогч А.О- “Айфоне 11 про” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг гар утсыг бусдад зарж борлуулж, мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулж, бусдад нийт 750.000 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Г.О- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.О- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх байна.
Иймд шүүгдэгч Г.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Г.О-ийг гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.О-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О- зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр ажил, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.
Хавтаст хэрэгт хохирогч А.О- “...надад нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэх шүүгчийн туслахын тэмдэглэл /хх-80 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Г.О-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж,
Шүүгдэгч Г.О- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Г-н О-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д 1 /нэг/ жилийн хугац аагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О- зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр ажил, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дэхь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Г.О- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ