Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/179 

 

           

 

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,                                                                                                                    

улсын яллагч Б.Цэгмэд,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000630144 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ны өдөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн “Дөрвөлж”  ОНӨААТҮГ-ийн дулааны цахилгаан станцад ээлжийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт сумын 6 дугаар баг, “Шинэ дөрвөлж хороолол”-ын 305 тоотод оршин суух, урьд урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байсан, ,

Баавай овогт Бямбын *******.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 02-аас 03-нд шилжих шөнө сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” шөнийн цэнгээний газарт толгойн тус газарт архины шилэн хундагаар цохиж түүний эрүүл мэндэд духанд шарх, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрөөс нь болон аав ээжтэй нь уулзаад уучлалт гуйсан. Тэгээд 5 сая төгрөг өгсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэсэн. Өмнө торгох ялаар шийтгүүлж, энэ ялаа эдэлж дууссан, төлсөн. Гэм буруугаа байхгүй хүлээн зөвшөөрч байна,маргаан байхгүй...гэв.

 

Эрүүгийн 2530000630144 дугаартай хэргээс:    

 

- Яллагдагч *******гийн: Тухайн үед би нэг найзтайгаа “Биллион” бааранд ороод архи, пиво уугаад нэлээд согтсон байсан. Тэгээд бүжгийн талбайд  бүжиглэж байхад нь манай найз гаар архи, пиво авхуулаад байхаар нь би согтуугаасаа болоод гэх хүнтэй маргалдаад гартаа барьж байсан шилэн хундагаараа толгой руу нь цохисон ” гэх мэдүүлэг (хэргийн 60 дугаар хуудас),

 

- Хохирогч : Би 2025 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчимд найз , түүний 2 дүүгийн хамт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” бааранд орсон. Бааранд ороод бид нар 0,75л савлагаатай “Эдэн” нэртэй архи 2 шилийг хувааж ууссан. Нэлээн согтсон байсан. Манай найз аа тамхи татах гээд гарч, би ширээндээ суугаад байж байхад араас нэг хүн миний хүзүүг гараараа боосон. Тухайн үед нь би найзуудыгаа тоглож байна гэж бодож байтал ширээн дээрээс юм аваад миний толгой руу цохисон. Би босоод тэр хүнийг барьж авахад үл таних 20 гаран насны залуу байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гээд зууралдах хооронд барьж байсан пивоны лаазаар миний зүүн талын хацарт зүссэн. Миний толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь би баарны урд хэсэгт байх тайзны хажууд очоод суусан. Тэгээд би цагдаа дуудаарай гээд бархирсан чинь бааранд байсан хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Хэсэг хугацааны дараа би эмнэлэгт очиж духандаа 3 оёдол тавиулаад, боолт хийлгээд 05 цагийн орчимд гэртээ харьж амарсан. Тухайн хүнийг ******* гэдгийг сүүлд мэдсэн. ******* нь надтай уулзаад надаас албан ёсоор уучлалт гуйж, эмчилгээний зардал төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг (хэргийн 11-12, 15-16 дугаар хуудас),

 

- Гэрч ын: 2025 оны 01 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн орчимд найз тэйгээ уулзаад гэртээ 0,75л “Экс” архи хувааж уусан. 00 цагийн орчимд “Биллион” бааранд ороод бид хоёр 0,75л “Эдэн” нэртэй архи хоёрыг уусан. 03 цагийн орчимд би баарнаас гараад тамхи татчихаад орж ирэхэд баарны бармен охин над руу ирээд “цуг явж байсан найз чинь хүнд зодуулчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд очиход манай найз баарны урд талд байх тайзны хажууд толгойноос нь цус гарч нүүр лүү нь урссан байдалтай байсан. Би зөөгч эмэгтэйг түргэн тусламж дуудаад өгчих гэж хэлсэн.Түргэн тусламж ирэхээр нь найзыгаа аваад “103” дээр очиж духан дээр нь 3 ширхэг оёдол тавиулаад боолт хийлгээд цагдаагийн газарт очсон ” гэх мэдүүлэг (хэргийн 35- дугаар хуудас),

 

- Гэрч : 2025 оны 01 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн орчимд найз *******гийн гэрт нь очиж 2.5л савлагаатай Сэнгүр нэртэй пиво хоёр ширхгийг *******,, бид 4 хувааж уусан. 01 цагийн орчимд Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” баар руу ******* бид 2 орсон. Бааранд ороод бид 2 хүний нэг лааз пиво уугаад, бүжиглэж байхад хүмүүс бужигнаад байхаар нь очсон чинь манай найз *******г, гэх залуутай зууралдаад зогсож байсан. Би очиж салгасан. Удалгүй, түргэний эмч, бас цагдаа нар ирсэн. Тухайн үед гэх залуугийн толгойноос нь цус гарсан байдалтай, өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг (хэргийн 38-39 дүгээр хуудас),

 

- Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эм, цагдаагийн дэслэгч Ш.Оюунтунгалагийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дугаартай “ биед духанд шарх, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хэргийн 45-46 дугаар хуудас),

 

- д холбогдох 65 дугаартай Яаралтай тусламжийн хуудас (хэргийн 44 дүгээр хуудас),

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 07 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл (хэргийн 25 дугаар хуудас),

 

- Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хэргийн 30 дугаар хуудас),

 

- *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 61 дүгээр хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 63-69 дүгээр хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/178 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хэргийн 86 дугаар хуудас),

 

- *******гийн Иргэний үнэмлэхийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, Гэрлэсний бүртгэлийн лавлаагаа, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 74-80 дугаар хуудас) зэрэг болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Биллион” шөнийн цэнгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч толгойн тус газарт архины шилэн хундагаар цохиж түүний эрүүл мэндэд “духанд шарх, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “би нэг найзтайгаа “Биллион” бааранд ороод архи, пиво уугаад нэлээд согтсон байсан. Бүжгийн талбайд  бүжиглэж байхад нь манай найз гаар архи, пиво авхуулаад байхаар нь би согтуугаасаа болоод гэх хүнтэй маргалдаад гартаа барьж байсан шилэн хундагаараа толгой руу нь цохисон ” гэх,

 

хохирогч “2025 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчимд найз , түүний 2 дүүгийн хамт “Биллион” бааранд ороод бид 0,75л “Эдэн” архи 2 шилийг хувааж уусан, би нэлээн согтсон байсан. Манай найз аа тамхи татах гээд гараад би ширээндээ суугаад байж байхад араас нэг хүн миний хүзүүг гараараа боогоод ширээн дээрээс юм аваад миний толгой руу цохисон. Би босоод “яаж байгаа юм бэ” гээд зууралдах хооронд барьж байсан пивоны лаазаар миний зүүн талын хацарт зүссэн. Миний толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь тайзны хажууд очоод суусан. Би эмнэлэгт очиж духандаа 3 оёдол тавиулаад, боолт хийлгэсэн. Тухайн хүнийг ******* гэдгийг сүүлд мэдсэн ” гэх,

 

гэрч ын “ тухайн орой 22 цагийн орчимд найз тэй уулзаад гэртээ 0,75л савлагаатай “Экс” архийг хувааж уусан. 00 цагийн орчимд “Биллион” бааранд ороод бид хоёр 0,75л “Эдэн” нэртэй архи хоёрыг уусан. 03 цагийн орчимд би баарнаас гараад тамхи татчихаад орж ирэхэд бармен охин ирээд “ цуг явж байсан найз чинь хүнд зодуулчихсан байна” гэж хэлсэн. толгойноос нь цус гарч нүүр лүү нь урссан байдалтай байсан. Түргэн тусламж ирэхээр нь “103” дээр очиж духан дээр нь 3 ширхэг оёдол тавиулаад боолт хийлгээд цагдаагийн газарт очсон” гэх,

 

гэрч “орой 22 цагийн орчимд найз *******гийн гэрт нь очиж 2.5л савлагаатай Сэнгүр нэртэй пиво хоёр ширхгийг *******, , бид 4 хувааж уусан. 01 цагийн орчимд “Биллион” баар ******* бид 2 орсон. Бааранд ороод хүний нэг лааз пиво уугаад, бүжиглэж байхад хүмүүс бужигнаад байхаар нь очсон чинь манай найз *******, гэх залуутай зууралдаад зогсож байсан. гэх залуугийн толгойноос нь цус гарсан байдалтай, өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан” гэх мэдүүлгүүд,

 

шинжээчийн  61 дугаартай “ биед духанд шарх, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,

д холбогдох 65 дугаартай Яаралтай тусламжийн хуудас,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл,

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл ,

*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

*******гийн Иргэний үнэмлэх, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/178 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 61 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

3. Прокуророос шүүгдэгч *******гийн, хохирогч тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт архины шилэн хундагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******гээс хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

5. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч толгойн тус газарт архины шилэн хундагаар цохиж эрүүл мэндэд “духанд шарх, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, уг үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн түүнийг толгойд архины шилэн хундагаар цохиж зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

7. Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний архины шилэн хундагаар цохиж зодсоноор  эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

 

1. Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Харин *******гээс, хохирогч эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хохиролд  харилцан тохиролцон, сайн дураар 5,000,000 төгрөгийг нөхөн төлсөн хийгээд хохирогч нь түүнээс эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэдгээ хэрэгт мэдүүлсэн тул шүүгдэгч *******г түүнд төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх 5 хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс энэ хэрэгт 2025.04.23-ны өдөр нэхэмжлэл гарган Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээнд зарцуулсан төлбөрт 162,799 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Энэ хэргийн хохирогч нь шүүгдэгч *******д зодуулсан уг үйлдлийн улмаас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс Яаралтай тусламж, түргэн тусламж авсан болох нь хэргийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******д Б.Эрдэнэбаатараас 162,799 төгрөг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Цэгмэдээс “Шүүгдэгч *******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний г буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын санд 162,799 төгрөгийг нөхөн төлүүлэх дүгнэлтийг гаргав.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******гээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршигт сайн дураараа 5 сая төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******гийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баавай овогт Бямбын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.  

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 162,799 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн  даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор энэ тогтоолоор гаргуулснаас бусад өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус  тус болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН