Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/178

 

                          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Ууганбат,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530001050130 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн технологич мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,

Хулстай овогт Жүгдэрийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр суманд байхдаа “машин авах гэж байгаа юм 7,500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай хүүтэй зээлье” гэж итгэл үнэмшил төрүүлж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны тоот дансаар 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:  Би гадагшаа гарах бодолтой байсан болохоор гадагшаа гараад тухайн мөнгөө бөөнд нь өгнө гэж бодоод яваад байсан. Бид ойрхон байдаг тул ойр ойр уулзаж мөнгөө өгнө гэж хэлж байсан. Миний өөрийн орлого  1,500,000 төгрөг, эхнэрийнх 2 сая гаран. Би одоо ажиллахгүй байгаа, мөрдөн байцаалтын үеэс эхлэн ажлаа хүлээлгэн өгсөн. 7,500,000 төгрөгөө төлсөн. Миний буруу, маргахгүй...гэв.

 

2530001050130 дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч *******: Би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр урьд нь хамт ажиллаж байсан хуурай эгч болох эгчид "дүү нь шинэ машин авах гэж байгаа юм, та надад 7,500.000 төгрөгийг нэг сарын хүүтэй зээлүүлээд өгөөч" гэж хэлэн М.Саруул эгчээс 7,500,000 төгрөг зээлж, өөрийн Хаан банкны дугаарын дансаар нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлж авч байсан Тухайн мөнгийг М.Саруул эгч төрсөн охин авч өгч байсан. Түүнээс хойш надад мөнгөний боломж гарахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоо би удахгүй М.Саруул эгчээс зээлсэн 7,500,000 төгрөгөө буцааж төлнө гэдгээ илэрхийлж байна. Би гадагшаа гарчихвал нэг мөсөн бөөнд нь өгье гэж бодоод огт мөнгө өгөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Миний буруу хийсэн буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг ( хэргийн 106-109 дүгээр хуудас),

 

- Хохирогч : ******* нь 2023 оны зун 07 дугаар сарын 05 бил үү 06-ны өдөр ирж уулзаад "дүү нь шинэ машин Приус-41 худалдаж авах гэж байгаа юм, хэдэн төгрөг дутаад байна, танай охиноосоо хүүтэй мөнгө зээлээд өгөөч, би цалингийнхаа зээлийг авахаар буцаагаад хүүтэй нь төлнө" гэхээр нь би Америкт байдаг төрсөн охин , *******д 7,500,000 төгрөг зээлж авч өгсөн юм. Манай охин ******* өөрийнх нь Хаан банкны гэсэн данс руу 07 дугаар сарын 07-ны өдөр 7,500,000 төгрөгийн мөнгөн гуйвуулга хийж шилжүүлсэн. Тэгээд ******* нь надаас мөнгө зээлж авснаас хойш огт надад мөнгө өгөөгүй. Мөнгөө нэхэж асуухаар “Машин зараад өгнө, цалингийн зээл аваад өгнө, байшингаа зараад өгнө гэх зэргээр удаа дараа тайлбар хэлж, хойш тавьсаар өнөөдрийг хүрсэн. ******* анх надаас мөнгө зээлэх үедээ зээлсэн мөнгөнийхөө 10 хувийн хүүтэй зээлье гэж хэлээд зээлсэн. Урьд өмнө нь бага хэмжээний мөнгө надаас зээлж байсан. Удаахгүй хугацаандаа буцаагаад өгдөг байсан. Би Америкт байдаг охиноосоо мөн нэг удаа мөнгө зээлээд *******д авч өгч байсан. ******* нь 5 хувийн хүүтэй нь буцаагаад надад төлж байсан.Би ******* гэх хүнээс анх зээлүүлсэн мөнгөө буцаан авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг (хэргийн 84-86, 89 дүгээр хуудас),

 

- ******* Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон дансны хуулганд үзлэг хийсэн Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 20-68 дугаар хуудас),

 

- Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 06 дугаар хуудас),

 

- Хаан банкны шилжүүлэг хийсэн тухай баримт(хэргийн 9-10 дугаар хуудас),

 

- Монгол банкны зээлийн мэдээллийн сан зээлийн мэдээллийн лавлагаа ( хэргийн 10-11 дүгээр хуудас),

 

 - ******* Хаан банкны дугаартай дансны зээлийн дэлгэрэнгүй хуулга (хэргийн 14-15 дугаар хуудас),

 

- ******* Хаан банкны дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 16-18 дугаар хуудас),

 

- ******* Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 21-68 дугаар хуудас),

 

- Зээлийн гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (хэргийн 70-74 дугаар хуудас),

 

- Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ (автомашин) (хэргийн 75-77 дугаар хуудас),

 

- Худалдах, худалдан авах гэрээ (хэргийн 78-81дүгээр хуудас),

 

- ******* Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас ( хэргийн 114 дүгээр хуудас),

 

- ******* Иргэний үнэмлэх, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрх, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 118-122, 124-127 дугаар хуудас),

 

 - Хаан банкны 20025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр суманд байхдаа хохирогч М.Саруулд “машин авах гэж байгаа юм 7,500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай хүүтэй зээлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны тоот дансаар 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ Би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр урьд нь хамт ажиллаж байсан хуурай эгч болох эгчид  "дүү нь шинэ машин авах гэж байгаа юм, та надад 7,500.000 төгрөгийг нэг сарын хүүтэй зээлүүлээд өгөөч" гэж хэлэн 7,500,000 төгрөг зээлж өөрийн Хаан банкны дугаарын дансаар авсан. Тухайн мөнгийг М.Саруул эгч төрсөн охин авч өгч байсан. Түүнээс хойш надад мөнгөний боломж гарахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Би гадагшаа гарчихвал нэг мөсөн бөөнд нь өгье гэж бодоод огт мөнгө өгөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Миний буруу хийсэн буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. М.Саруул эгчээс зээлсэн 7,500,000 төгрөгийг төлсөн ” гэх,

 

хохирогч “******* нь 2023 оны зун 07 дугаар сарын 05-06-ны үед ирж уулзаад "дүү нь шинэ машин Приус-41 худалдаж авах гэж байгаа юм, хэдэн төгрөг дутаад байна, танай охиноосоо хүүтэй мөнгө зээлээд өгөөч, би цалингийнхаа зээлийг авахаар буцаагаад хүүтэй нь төлнө" гэхээр нь би Америкт байдаг төрсөн охин *******д 7,500,000 төгрөг зээлж авч өгсөн юм. ******* нь надаас мөнгө зээлж авснаас хойш огт надад мөнгө өгөөгүй. Мөнгөө нэхэж асуухаар удаа “ Машин зараад өгнө, цалингийн зээл аваад өгнө, байшингаа зараад өгнө” удаа дараа тайлбар хэлж хойш тавьсаар өнөөдрийг хүрсэн. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Зээлүүлсэн мөнгөө л авмаар байна” гэх мэдүүлгүүд,

******* Хаан банкны дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл,

Хаан банкны шилжүүлэг хийсэн тухай баримт,

Монгол банкны зээлийн мэдээллийн сан зээлийн мэдээллийн лавлагаа,

 ******* Хаан банкны дугаартай дансны зээлийн дэлгэрэнгүй хуулга,

******* Хаан банкны дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,

******* Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга,

Зээлийн гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь,

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ (автомашин),

Худалдах, худалдан авах гэрээ,

******* Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

******* Иргэний үнэмлэх, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрх, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

 Хаан банкны 20025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга...зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.

 

2. Прокуророос шүүгдэгч ******* дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

3. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

4. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь иргэн М.Саруулаас хамт ажиллаж байсан, өмнө мөнгө зээлж байсан буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, машин авах гэж байгаа юм 7,500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай хүүтэй зээлье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч М.Саруулаас 7,500,000 төгрөгийг залилан авсан нь хөдөлбөргүй, бүрэн дүүрэн нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

5. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч ******* хуурч, залилан мэхэлсэн уг үйлдлийн улмаас хохирогч М.Саруулд эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

6. Шүүгдэгч ******* гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өмнө авсан зээлээ дарах, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авч хохирогчийн эд хөрөнгийн эрхэд зориуд хохирол учруулж, түүнийг хүсэж үйлджээ. 

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгө, ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ.

 

Шүүгдэгч ******* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Саруулд 7,500,000 төгрөгийн  хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс М.Саруулд уг хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь Хаан банкны 20025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдох бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ял оногдуулах зохицуулалтай юм.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирогчтой эвлэрч хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах  саналтай гэх дүгнэлтийг гаргав.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч ******* гэм буруугийн талаар маргаагүй,  гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, хувийн байдлыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

******* зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1. Шүүгдэгч Хулстай овогт Жүгдэрийн ******* хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч М.Саруулд учирсан хохирлыг нөхөн төлөгдсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН