Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 182/2021/00345/И |
Дугаар | 182/ШШ2022/02308 |
Огноо | 2022-07-26 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2022/02308
2022 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 182/ШШ2022/02308 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: МММЭТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СЭБ ХХК,
Хариуцагч: Ш.Н-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт шилжүүлсэн 135,766,400 төгрөг, хамтран ажиллах гэрээний дагуу гарсан 142,969,950 төгрөг, нийт 278,736,350 төгрөг гаргуулах,
Ш.Н-с хамтран ажиллах гэрээний дагуу гарсан зардал 100,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэгт 180,444,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов. Хариуцагч СЭБ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, хариуцагч Ш.Н нь шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч МММЭТ ХХК нь хариуцагч СЭБХХК-иас бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт шилжүүлсэн 135,766,400 төгрөг, хамтран ажиллах гэрээний дагуу гарсан 142,969,950 төгрөг, нийт 278,736,350 төгрөг гаргуулах,
Ш.Н аас хамтран ажиллах гэрээний дагуу гарсан зардал 100,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. МММЭТ ХХК нь өмнөх ИУТ ХХК гэсэн нэртэй байхдаа 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр СЭБХХК-тай Хайлуур жонш худалдах худалдан авах" гэрээг байгуулсан. Тухайн гэрээгээр СЭБХХК нь тодорхой чанар, хэмжээ бүхий хайлуур жонш буюу бүтээгдэхүүнийг худалдан авагч болох МММЭТ XXК-д нийлүүлэхээр болсон бол худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулагдсанаас хойш худалдан авагч МММЭТ ХХК нь бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт 30,000,000; 20,000,000; 90,000,000 мэтээр нийт 320,822,400 төгрөгийг СЭБХХК-д төлөн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж ирсэн. Харин худалдагч СЭБХХК нь 185,056,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлэн 2018 оны 02 дугаар сарын байдлаар 135.766,400 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болсон. Улмаар СЭБХХК-ийн захирал Ш.Н нь Худалдах худалдан авах гэрээ-ээс үүссэн тооцооны үлдэгдлийг төлөх, тухайн гэрээг үргэлжлүүлэх болон хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай компанитай "Хамтран ажиллах гэрээ байгуулах санал тавьсан тул МММЭТ ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр СЭБХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулсан.
1.2.Хамтран ажиллах гэрээ-ээр СЭБХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд МММЭТ ХХК нь нунтаг болон бүхэллэг жоншийг өөрийн зардлаар олборлон нийт олборлосон бүтээгдэхүүний 30 хувийг СЭБХХК-д ногдуулахаар харилцан тохирсон бөгөөд СЭБХХК-д ноогдох бүтээгдэхүүнийг эргүүлэн МММЭТ ХХК нь худалдан авахаар болсон. Хамтран ажиллах гэрээ-ий дагуу МММЭТ ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүтээгдэхүүний олборлолтын ажил явуулахад шаардлагатай бүхий л зардлуудыг гарган уурхайн үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байсан. Гэвч СЭБХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчин тодорхойгүй шалтгаанаар МММЭТ ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг шууд зогсоож 2018 оны 04 дүгээр сараас тус оны 11 дүгээр сар хүртэл, 2019 оны 03 дугаар сараас тус оны 06 дугаар сар хүртэп тус тус удаан хугацааны сул зогсолт бий болгож байсан бөгөөд хамгийн сүүлд дахин үндэслэлгүйгээр 2019 оны 10 дугаар сард МММЭТ ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг зогсоосноос хойш дахин үйл ажиллагааг нь явуулуулаагүй, бүтээгдэхүүн олборлох ажлыг эхлүүлээгүй.
1.3.МММЭТ ХХК нь Хамтран ажиллах гэрээ-ний үндсэн дээр уурхайн үйл ажиллагаанд зориулан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 136,097,815 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 114,392,409 төгрөгийн, мөн оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 22,849,650 төгрөгийн, нийт 273,339,874 төгрөгийн зардал гаргасан бөгөөд мөн СЭБХХК-ийн Захирал Ш.Н д 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 100,000,000 төгрөгийг өгсөн байдаг.
МММЭТ ХХК нь Хамтран ажиллах гэрээ-ээр хүлээсэн үргээ биелүүлж нийтдээ 373,339,874 төгрөгийг зарцуулсан боловч СЭБХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ удаа дараа зөрчин уурхайн үйл ажиллагааг шалтгаангүйгээр зогсоосны улмаас МММЭТ ХХК нь бүтээгдэхүүн олборлож чадалгүй үр ашиггүй зардал гаргасан. Дээрх асуудлуудын талаар СЭБХХК-д удаа дараа мэдэгдэж олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх, Худалдах худалдах авах гэрээний тооцооны үлдэгдлийг төлж барагдуулах, улмаар хамтран ажиллах гэрээний хүрээнд гаргасан зардлуудыг танилцуулан шаардахад СЭБХХК-ийн Захирал Ш.Н нь хүлээн зөвшөөрдөг, шаардлагатай шийдвэрүүдийг гаргана гэдэг боловч өдийг хүртэл арга хэмжээ авалгүй, сүүлдээ холбоо барилгүй удаан хугацааг өнгөрөөсөн. Иймээс МММЭТ ХХК нь Худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт шилжүүлсэн 135,766,400 төгрөгийг болон Хамтран ажиллах гэрээний дагуу гарсан нийт 373,339,874 төгрөгийн зардлыг СЭБХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хамтран ажиллах гэрээний дагуу гарсан зардлуудаас хөдөө орон нутгаас болон БНХАУ-аас шууд худалдан авалт хийсэн зардлын баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн стандартыг хангахуйц баримт болж чадахгүй нь аудитын дүгнэлтээр тогтоогдож байх тул аудитын дүгнэлтэд үндэслэн хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжилсэн шаардлагаа багасгаж, 142,969,950 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна.
1.4. СЭБ " ХХК хамтран ажиллах гэрээний үүргээ удаа дараа зөрчин 2018 оны 04 дүгээр сар, 2019 оны 03 дугаар сар болон мөн оны 10 дугаар сард МММЭТ " ХХК-ийн олборлолтын үйл ажиллагааг 3 удаа үндэслэлгүйгээр зогсоосон. Бид уурхайн олборлолтын бэлтгэл шатны үйл ажиллагаандаа их хэмжээний зардал гаргаж ажилласан бөгөөд үйл ажиллагаагаа зогсоох нь бидний хувьд маш их хохиролтой байсан тул бид уг маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж байсан. Тухайн үед үйл ажиллагааг эхний удаад зогсоосны дараа манай компанийг 100,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр дахин төлсөн тохиолдолд уурхайн үйл ажиллагааг эхлүүлж болно гэсэн. Үүний дагуу бид бүхэн нэгэнт уурхай дээр бэлтгэл ажлууд их хийж, зардал гаргасан тул цаашид ажиллавал бүтээгдэхүүн олборлож чадна гэж найдан СЭБ " ХХК-ийн захирал Ш.Н ын хувийн дансанд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эрх бүхий талбайд үйл ажиллагаа явуулах эрх олгосны хариу жонш худалдан авалтын урьдчилгаа төлбөр болгож 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Гэвч Ш.Н нь бидэнд өгсөн амлалтаа зөрчин, гэрээний үүргээ биелүүлээгүй уурхайн үйл ажиллагааг зогсоож биднийг хохироосон бөгөөд өмнө болсон шүүх хуралдааны үед энэхүү жоншны урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөгийг өөрийнх нь эрүүл мэндэд зориулж хандив, тусламж хэлбэрээр өгсөн мөнгө гэж урьд өмнө огт ярилцаж байгаагүй зүйлийг ярьсан нь энэхүү 100,000,000 төгрөгийг биднээс зальдаж авах гэж буй мэт ойлголтыг төрүүлсэн.
Иймээс Ш.Н аас Хамтран ажиллах гэрээний дагуу хайлуур жонш худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
2.Хариуцагч СЭБХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. СЭБХХК нь Дорноговь аймгийн Иххэт суманд орших Цагаан элгэн нэртэй MV009968 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшдэг бөгөөд ИУТ ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээ-г тус тус байгуулан ажиллаж байсан. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр эсэх тал дээр маргаан байхгүй.
2.2.Хариуцагч компанийн захирал Ш.Н нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд орших Цагаан элгэн нэртэй газарт байрлах уурхайд очиж нөхцөл байдалтай танилцсан бөгөөд ахлагч Мухтар, Серио, Жанарбек, Хумарвек, Сарменбек, Нуртай, Лик гэх нэр бүхий найман уурхайчин байсан болно. Дээр дурдсан нэр бүхий уурхайчид нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд ирсэн бөгөөд мөн оны 02 дугаар сарын 21-ний өдөр тэсэлгээ хийж, 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хайлуур жонш олборлолтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цахилгааны утсанд масс үүсэж агааржуулалтын компрессор шатсанаар цаашид ажил үргэлжлэх боломжгүй болсон байсан.
ИУТ ХХК-ийн ажиллуулсан дээрх ажилчид 2 сар 10 гаруй хоногийн хугацаанд ажиллахдаа 80 метр чигээрээ, 6 метр дээшээ, тахир штрек 3 метр жоншийг буулгаж авсан бөгөөд нийт 500 гаруй тонн хайлуур жоншийг буулгаж авсан байсан. Дээрх мэдээллийг нэхэмжлэгч компанийн ажилчдын ахлагч гэх Мухтар нь өөрийн тэмдэглэлийн дэвтрээс харж хэлж өгсөн бөгөөд 82+14=96, 98 тонн нийт 4 удаа, довш-355 тонн нийт 6 удаа машин явсан, цэвэр 32+11+39+14=84, үлдэгдэл шигшсэн 10 тонн байгаа /Мухтар тэмдэглэсэн дэвтрээс бичив/ тэмдэглэлийг танилцуулж байсан болно.
2.3.Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.4 дэх хэсэгт Худалдан авагч нь бүтээгдэхүүнийг уурхайн ам нөхцөлөөр өөрийн тээврийн хэрэгслээр татан авч пүүлж, хөрвөөлгөж ууталж, лацдах ажлыг гүйцэтгэнэ, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт Бүтээгдэхүүн олборлолтын хүрээнд гарах ашиглалтын болон үйл ажиллагааны тогтмол зардлуудыг хариуцна гэж тус тус тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тусгай зөвшөөрөл бүхий талбайд нунтаг болон бүхэллэг жоншийг олборлох, ангилах, тээвэрлэх, савлах зэрэг зардлуудыг хариуцагч байгууллагаас шаардаж буй нь үндэслэлгүй юм.
Гэрээний үүргийг хариуцагч талаас зөрчсөн зүйл огт байхгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагаас шалтгаалан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсоныг нэхэмжлэгч нотлох нь зүйн хэрэг юм. ИУТ ХХК-ийн буруутай үйлдэл мэргэжлийн бус уурхайчдын буруутай үйл ажиллагааны улмаас зогссон байсан. Учир нь цахилгааны утсанд буруу холболт хийж масс үүсгэж агааржуулалтын компрессор гүнд орох боломжгүй, агааржуулалтгүй болсон бөгөөд мөн цаг хугацаанд хариуцагчаас ямарваа нэгэн байдлаар оролцсон зүйл байхгүй.
Мөн уурхай нь нэвтрэлтийн хоёр цооног байдаг бөгөөд нэхэмжлэгч компанийн уурхайн гүнд буруу нэвтрэлт, малтлага хийсний улмаас нэг цооног нь усаар дүүрч, цооног нурах бодит эрсдэл үүсч ашиглах боломжгүй болсон бөгөөд хариуцагч компанийн зүгээс мөн оролцсон зүйл байхгүй. Гэтэл дээр дурдсан нөхцөл байдлыг шууд хариуцагчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа мэтээр тайлбарлаж, их хэмжээний мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ нь тус тус одоог хүртэл хүчин төгөлдөр гэж хариуцагчийн зүгээс ойлгож байгаа бөгөөд гэрээг цуцалсан, татгалзсан талаарх хүсэлт болон бусад санал манайд ирж байгаагүй болно гэжээ.
3.Хариуцагч СЭБХХК нь нэхэмжлэгч МММЭТ ХХК-д холбогдуулан 180,444,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.1.СЭБХХК-ийн захирал Ш.Н би 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд орших Цагаан элгэн нэртэй газарт байрлах уурхайд очиж нөхцөл байдалтай танилцсан бөгөөд ахлагч Мухтар, Серио, Жанарбек, Хумарвек, Сарменбек, Нуртай, Хаярбек, Лик гэх нэр бүхий найман уурхайчин ажиллаж байсан болно.
Дээр дурдсан нэр бүхий уурхайчид нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд ирсэн бөгөөд мөн оны 02 дугаар сарын 21-ний өдөр тэсэлгээ хийж, 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хайлуур жонш олборлолтын ажлыг хийж гүйцэтгэсэн байсан. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цахилгааны утсанд мэргэжлийн бус хүний ажиллагаанаас шалтгаалан масс үсэж агааржуулалтын компрессор шатсанаар цаашид үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй болж зогссон.
ИУТ ХХК-ийн ажиллуулсан дээрх ажилчид 2 сар 10 гаруй хоногийн хугацаанд ажиллахдаа 80 метр чигээрээ, 6 метр дээшээ, тахир штрек 3 метр жоншийг буулгаж авсан бөгөөд нийт 500 гаруй тонн хайлуур жоншийг буулгаж авсан гэх мэдээллийг нэхэмжлэгч компанийн уурхайчдын ахлагч Мухтар нь өөрийн тэмдэглэлийн дэвтрээс харж хэлж өгсөн. Уг тэмдэглэлд 82+14=96, цэвэр 98 тонн нийт 4 удаа, довш-355 тонн нийт 6 удаа машин явсан, цэвэр 32+11+39+14=84, үлдэгдэл шигшсэн 10 тонн байгаа /Мухтар тэмдэглэсэн дэвтрээс бичив/ тэмдэглэлийг танилцуулсан.
3.2.Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Гүний уурхайн аргаар олборлосон нийт бүтээгдэхүүний 70 хувь оператор талд, 30 хувь нь уурхай эзэмшигч талд тус тус ногдоно гэж тохиролцсон бөгөөд гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч нь гэрээний үүргээ үл биелүүлж, хэчнээн хэмжээний жонш болон шороог олборлосон эсэх талаар мэдээллийг хариуцагчид өгөөгүй, олборлосон бүтээгдэхүүний хариуцагчид ногдох 30 хувийн төлбөр тооцоог хийж гүйцэтгээгүй байдаг.
Талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан FSР-17-05 тоот Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хамтран ажиллах гэрээгээр олборлосон ажлын гүйцэтгэлийг 2018 оны 02 дугаар сарын 21-нээс 2018 оны 05 дугаар сарын 08-ныг дуустал хугацаанд зарцуулсан тэсрэх бодисын зарцуулалтаар тооцож үзүүлэв.
№ | Зарцуулсан тэсрэх бодис, кг | 1мЗ-д ноогдох тэсрэх материалын хувийн зарцуулалт, кг | 1102,5 кг тэсрэх бодисоор тэслэгдэх уулын цул ,мЗ | Тэслэгдэх нийт уулын цул, тн | Тэслэгдсэн уулын цулаас гарах жонш. /60% нь жонш гэж үзэхэд/, тн | Үүнээс уурхай эзэмшигч талын 30%, тн-р | Үүнээс оператор талын 70%, тн-р | Үүнээс уурхай эзэмшигч талын 30%, төгрөгөөр | Үүнээс оператор талын 70%, төгрөгөөр |
1 | 1102,4 | 2,0 | 351,2 | 1212.64 | 727.6 | 218,3 | 363.8 | 67.666.800 | 112,778.000 |
Дээр үзүүлсэн бодит тооцооноос үзэхэд 1102,4 кг тэсрэх бодисоор Хамтын ажиллагаа хэргийн материалын 43-р хуудас дээр тооцсон 526 тн уулын цул олборлох боломжгүй нь харагдаж байна.
Тус компани нь гэрээт ажлын хугацаа дууссан тэсрэх материал ашиглаагүй болно. 2017 ны 01 сарын 16-нд агуулахын үлдэгдэл материалыг харьяа аймгийн Онцгой байдлын улсын байцаагчийн хяналтан дор устгал хийж дуусгасан. Дээр авагдсан тооцооллын хүрээнд нэхэмжлэгч байгууллагыг бүтээгдэхүүн олборлолт хийсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэгэнт нэхэмжлэгч нь маргаан бүхий уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болон зардлыг бүхэлд нь шаардаж байх тул 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нийт олборлосон 727,6 жонш буюу түүний төлбөр 180.444.800 төгрөгийг МММЭТ ХХК-аас шаардах эрхтэй байна.
Иймд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 180,444,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч МММЭТ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1.Нэхэмжлэгч МММЭТ ХХК нь хариуцагч СЭБХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний дагуу нийтдээ эрх бүхий уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар 273,339,874 төгрөгийн зардлыг шат дараатайгаар тухай бүр гарган ажиллаж мөн эрх олгосны хариу гэж 100,000,000 төгрөгийг төлсөн боловч уурхай эзэмшигч тал болох СЭБХХК нь ойлгомжгүй шалтгаанаар уурхайн үйл ажиллагааг шууд зогсоосноос жонш олборлож чадалгүй, үр ашиггүй зардал гаргасан тул тус зардлаа СЭБХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч буюу хамтран ажиллах гэрээний уурхай эзэмшигч тал СЭБХХК нь МММЭТ ХХК-ийг уурхайн талбайгаас 727.6 тонн жонш олборлосон тул тус бүтээгдэхүүний үнийг төлөхийг шаарджээ. Манай компани шаардлагатай зардлуудыг гаргаж нийт 3 удаагийн оролтоор уурхайд хөндлөн нэвтрэлтийн ажил болон уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэн гүний уурхайн үндсэн судалдаа хүрсэн боловч жоншийг олборлож чадаагүй байхад СЭБХХК нь өөрсдөө үйл ажиллагааг зогсоон гэрээний үүргээ зөрчсөн байтал одоо оператор талыг бүтээгдэхүүн олборлосон гэж үзэн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Уурхайд нэвтрэлтийн ажлыг хийж гүйцэтгэх явцад буюу жоншны үндсэн судал хүртэлх ажилд нунтаг хар шороо болон өөр төрлийн шороо гардаг боловч үүнийг жонш буюу гэрээний дагуу олборлох агуулгатай бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй байсан тул манай компани өөрсдийн гол зорилго болох гадаад худалдаанд ч тус бүтээгдэхүүнийг гаргаагүй, уурхай дээр овоолоостой байсан, мөн тоо хэмжээг нь ч тухайн үед тогтоох шаардлагагүй байсан тул уурхайн үндсэн судалд хүрэх нэвтрэлтийн ажлаа үргэлжлүүлж байсан. Оператор МММЭТ ХХК нь уурхайн үндсэн судалдаа хүрэх нэвтрэлтийн ажлыг хийсэн боловч үндсэн зорилгодоо хүрч чадалгүй жонш бүтээгдэхүүнийг олборлож чадаагүй гэдгээ удаа дараа уурхай эзэмшигч СЭБ " ХХК-д мэдэгдсэн. Жонш буюу бүтээгдэхүүн олборлож чадаагүй, үр ашиг хүртээгүй учраас манай компани нь үр ашиг хүртэхээр дахин дахин уурхайн үйл ажиллагааг эхлүүлж байсан. Уурхай эзэмшигч СЭБХХК нь уурхай дээр тогтмол үзлэг, шалгалт байнга хийж уурхайн нөхцөл байдалтай танилцдаг нэвтрэлтийн ажлын явцад шороо зэргийг хянадаг байсан ч өдийг хүртэл гэрээний дагуу олборлосон бүтээгдэхүүний үнэ гэж төлбөр шаарддаггүй байсан. Гэтэл одоо гэнэт хамтран ажиллах гэрээний дагуу бүтээгдэхүүн буюу агуулгад нийцсэн жоншийг олборлосон гэж төлбөр нэхэмжилж байгаа ойлгомжгүй байна.
4.2.СЭБХХК нь тэсрэх материалын бодисын зарцуулалт болон уурхайн тэсэлгээний ажлын тайлан баримт зэргийг үндэслэн нийтдээ 727,6 тонн жонш олборлосон гэж үзсэн байна. Угаас гүний уурхайд ажлыг хийхэд тэсэлгээ хийх нь ойлгомжтой бөгөөд оператор талын гаргасан зардлын ихэнх хэсэг нь ч тэсрэх материалын болон тэсэлгээний үйлчилгээний зардал байсан. Гэтэл тухайн ажлын баримт материалын тайлан мэдээг үндэслэн өөрсдийн дураар бүтээгдэхүүний тоо хэмжээг гаргах боломжгүй бөгөөд өмнө нь СЭБХХК нь уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнийг пүүний бичгээр тогтоодог тул МММЭТ ХХК-аас олборлосон бүтээгдэхүүний пүүний бичгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд тавьж байсан одоо уурхайгаас олборлосон бүтээгдэхүүний тоо хэмжээг тэсрэх материалын бүртгэл тайлан хөтлөлт, тэсрэх материалд хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр тооцож төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна
4.3.СЭБХХК-ийн сөрөг нэхэмжлэлд тусгасан нийт олборлосон гэх 727,6 тонн бүтээгдэхүүний төлбөр 180,444,800 төгрөг гэх тооцооллоос үзвэл тус компани нь нэг тонн бүтээгдэхүүний үнийг 250,000 төгрөгөөр тооцсон байна. Талууд нь хамтран ажиллах гэрээний дагуу олборлосон бүтээгдэхүүний үнийг Худалдах худалдан авах гэрээнд заасан үнээр тооцохоор харилцан тохирсон бөгөөд гэрээнд ФК-85 агуулгатай бүтээгдэхүүний үнэ тутамд 250,000 төгрөг байхаар заасан. Уурхайд үндсэн судалдаа хүрэх хөндлөн ажлыг хийх явцад ийм өндөр агуулгатай бүтээгдэхүүн гарах боломжгүй билээ. Үүнээс үзвэл уурхай эзэмшигч СЭБХХК нь оператор тал болох "МММЭТ ХХК-ийг уурхайгаас маш сайн чанарын бүтээгдэхүүн буюу ФК-85 агууламжтай жоншийг олборлосон гэдгийг нотлох нь зүйн хэрэг билээ. Иймээс МММЭТ ХХК нь хариуцагч СЭБХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэв.
5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1. МММЭТ ХХК, ИУТ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн лавлагаа /1-р хх 5, 7, 22/
5.2.Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ /1-р хх 8-17
5.3. Хамтран ажиллах гэрээ /1-р хх 18-21/
5.4.Орлогын мэдүүлэг, Шилжүүлгийн мэдээлэл, Орлогын ордер, Бэлэн мөнгөний зарлагын баримт, Дотоод шилжүүлгийн маягт, Мөнгөн шилжүүлэг, Кассын орлогын ордер, Зарлагын баримт гэх мэт баримт /1-р хх 23-170/
5.5.Ачаа хүлээж авах акт, Пүүний баримт, ИУТ ХХК-ийн нэхэмжлэл, /1-р хх 224-229/
5.6. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Нөхөн ногдуулалтын акт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо, Цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо, Ярилцлагын тэмдэглэл, Татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл /2-р хх45-65/
5.7.Эмо аудит ХХК-ийн Тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан /2-р хх 93-94, 151-152/
5.8.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /2-р хх 102-103/
5.9.Хөдөлмөрийн гэрээ, МММЭТ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЗТ21/064-1 дугаартай тушаал, Олборлогч Анд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Монголын татварын албаны тодорхойлолт /2-р хх 153-225/ зэрэг баримт
6. Хариуцагчаас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүнд:
6.1.Гэрээт ажлын гүйцэтгэлийн талаар гаргасан тодорхойлолт /1-р хх 242/
6.2.Тэсрэх материалын бүртгэл тайлан /1-р хх 243/
6.3.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлт /1-р хх 244/
6.4.СЭБХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/29-01 дугаартай ИУТ ХХК-д хариу тайлбар гаргах тухай албан бичиг /1-р хх245/
6.5.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тэсрах материал ашиглах хяналтын хуудас №18/54, Тэсрэх материал олгох хуудас №18/54-59, СЭБХХК-ийн эзэмшлийн тэсрэх материалд хийсэн шижнээчийн дүгнэлт /1-р хх 246-249/
6.6.СЭБХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17/09 дугаартай Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг /1-р хх 250/
6.7.Шинжээчийн дүгнэлт /2-р хх 43/
6.8.ХБ уурхайн план зураг /2-р хх 44/
6.9.ХБ ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Итгэмжлэл олгох тухай албан бичиг, 13456А дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, ХБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гранд инженеринг ХХК-ийн тушаал, Барилга хот байгуулалтын яамны ТЗ2019/20 дугаартай Тусгай зөвшөөрөл, Бакалаврын диплом, Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлт 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №77 /2-р хх 66-79/
6.10. Шинжээчийн дүгнэлт, ХБ уурхайн план, Монголын татварын албанаас гаргасан СЭБХХК-ийн тодорхойлолт, ХБ уурхайн дагуу зүсэлт, фото зураг, ХБ ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт /3-р хх18-30/ зэрэг баримт.
7. Шүүхээс Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6/5421 дугаартай албан бичиг хавсралтын хамт нотлох баримтаар бүрдүүлсэн /2-р хх127-128/
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
1.Нэхэмжлэгч МММЭТ ХХК-ийн СЭБХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 135,766,400 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, 142,969,950 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Ш.Н д холбогдох шаардлагаас 70,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
2.1.Нэхэмжлэгч МММЭТ ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу жонш шилжүүлээгүй гэх үндэслэлээр урьдчилан шилжүүлсэн 135,766,400 төгрөгийг СЭБХХК-иас гаргуулна, Хамтран ажиллах гэрээний үүргээ хариуцагч зөрчсөн гэх үндэслэлээр дээрх гэрээний дагуу гаргасан зардал 373,339,874 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ш.Н ыг татаж, түүнээс жоншны урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөг гаргуулах, харин СЭБХХК-д холбогдох шаардлагаа багасгаж, Хамтран ажиллах гэрээний дагуу гаргасан зардалд 142,969,950 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 135,766,400 төгрөгийг гаргуулна гэжээ. /1-р хх 1-3, 2-р хх 149, 236, 246-248/
2.2.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.3.МММЭТ ХХК нь 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ИУТ ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ай Юу Ти ХХК болж нэрээ өөрчилж, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр МММЭТ ХХК болгон бүртгүүлсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт хэрэгт авагджээ. /1-р хх7/
2.4.Нэхэмжлэгч компани ИУТ ХХК нэрээр 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр СЭБХХК-тай Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 20,000 тонн хайлуур жоншийг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 360 хоногийн дотор худалдан авахаар харилцан тохиролцжээ. /1-р хх8-17/
Дээрх гэрээний дагуу МММЭТ ХХК нь 320,822,400 төгрөгийг СЭБХХК-д шилжүүлж, 180,056,000 төгрөгийн жонш хүлээн авч, 135,766,400 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тайларласан ба энэ нь хэрэгт авагдсан ачаа хүлээж авсан акт, Пүүний баримт, Орлогын мэдүүлэг, Шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байна. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагч тал нь Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 135,766,400 төгрөг байгаа талаар тайлбарласан байна. /1-р хх 23-26, 28-35, 38-39, 224-229, 2-р хх 108/
2.5.Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, хугацаа, үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба хариуцагч жонш нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд гэрээнд заасан хайлуур жонш нийлүүлэх үүргээ хариуцагч СЭБХХК биелүүлээгүй байх тул худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 135,766,400 төгрөгийг СЭБХХК-иас буцаан гаргуулж, МММЭТ ХХК-д олгох үндэслэлтэй байна.
2.6.СЭБХХК нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй болсон үндэслэлээр талууд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Дорноговь аймгийн Иххэт суманд орших, Цагаан элгэн нэртэй МV-0099**тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд МММЭТ ХХК нь нунтаг болон бүхэллэг хайлуур жоншийг гүний уурхайн аргаар олборлож, 70 хувийг авч, 30 хувийг СЭБХХК-д өгөхөөр харилцан тохиролцжээ. /1-р хх 18-21/
Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу 142,969,950 төгрөг нэхэмжилсэн үндэслэлээ Хамтран ажиллах гэрээний дагуу 142,969,950 төгрөгийн зардал гаргасан, хариуцагч нь үйл ажиллагааг үндэслэлгүйгээр зогсоосон тул гаргасан зардлаа нэхэмжилнэ гэж тайлбарлаж, Шилжүүлгийн баримт, Бэлэн мөнгөний зарлагын баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, Зарлагын баримт, Хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар өгсөн. /1-р хх 38-170, 2-р хх 151-225/
Хариуцагч нь МММЭТ ХХК нь уурхайд буруу үйл ажиллагаа явуулсан, цахилгааны утсанд буруу холболт хийж масс үүсгэж агааржуулаллтын компрессорыг шатааж агааржуулалтгүй болгосон, буруу нэвтрэлт малтлага хийсний улмаас нэг цооног усаар дүүрч, цооног нурах эрсдэл үүсч ашиглах боломжгүй болсон. Үүнд хариуцагч буруугүй байхад манай компанийг буруутгаж, их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хамтран ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар бүтээгдэхүүн олборлолтын хүрээнд гарах ашиглалтын болон үйл ажиллагааны тогтмол зардлуудыг Оператор тал буюу МММЭТ ХХК хариуцахаар харилцан тохиролцсон байна.
Түүнчлэн хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас үр ашиггүй зардал гаргасан гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй тул хамтран ажиллах гэрээний дагуу гарсан зардал 142,969,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
2.7.Ш.Н аас 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ Хамтран ажиллах гэрээний дагуу хайлуур жонш худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн гэж тайлбарласан. Хариуцагч энэхүү шаардлагад хариу тайлбар өгөөгүй бөгөөд энэ талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй.
Хариуцагч Ш.Н ын дансанд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөг, 70,000,000 төгрөгийн орлого орсон байх бөгөөд 30,000,000 төгрөгийн баримт нь Цацралт Өнөрсайхан гэх дансаас Цацралтаас жоншны урьдчилгаа төлбөр гэх агуулгаар, 70,000,000 төгрөгийн баримт нь Жоншны урьдчилгаа төлбөр гэх агуулгаар тус тус оржээ. /1-р хх37/
Дээрх 30,000,000 төгрөгийн баримт нь МММЭТ ХХК-иас ороогүй, гүйлгээний утга нь мөн тус компаниас шилжүүлсэн агуулгагүй байх ба миний бие үүрэг өгсний дагуу Цацралт Өнөрсайхан данснаас шилжүүлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байх тул 30,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Н аас гаргуулж, МММЭТ ХХК-д олгох үндэслэлгүй.
2.8.Харин 70,000,000 төгрөг нь хариуцагч Ш.Н ын дансанд жоншны урьдчилгаа төлбөр агуулгаар орсон, Ш.Н , МММЭТ ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэсний дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, хариуцагч Ш.Н аас 70,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
3.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
3.1.Хариуцагч СЭБХХК нь нэхэмжлэгч компанийг Хамтран ажиллах гэрээний дагуу жонш олборлосон гэж үзэж, олборлосон жоншны үнэ 180,444,800 төгрөгийг гаргуулна гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Нэхэмжлэгч нь жонш олборлоогүй гэж маргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч СЭБХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компани нь Хамтран ажиллах гэрээний дагуу жонш олборлосон болох нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
СЭБХХК нь сөрөг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн баримтууд нь тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлохгүй байх ба ХБ ХХК-д олгосон 13456А дугаартай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ХБ ХХК-ийн уурхайн план зураг, Шинжээчийн дүгнэлт, ХБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тэсрэх материалд хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримт нь уг хэрэгт хамааралгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. /1-р хх 242-250, 2-р хх 43-44, 66-78/
Учир нь талуудын хооронд MV-009968 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна. Дээрх баримтууд нь 13456А дугаартай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй холбоотой баримтууд байгааг дурдах нь зүйтэй.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2,703,481.37 төгрөг төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан дүнд ногдох тэмдэгтийн хураамж 836,782 төгрөгийг хариуцагч СЭБХХК-иас, 507,950 төгрөгийг хариуцагч Ш.Н аас гаргуулж, МММЭТ ХХК-д олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 1,060,174 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар СЭБХХК-иас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 135,766,400 төгрөг, Ш.Н аас 70,000,000 төгрөг гаргуулж, МММЭТ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 172,969,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, МММЭТ ХХК-иас 180,444,800 төгрөг гаргуулах тухай СЭБХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч МММЭТ ХХК-иас төлсөн 2,703,481.37 төгрөг, хариуцагч СЭБХХК-иас төлсөн 1,060,174 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СЭБХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 836,782 төгрөг, хариуцагч Ш.Н аас 507,950 төгрөг тус тус гаргуулж, МММЭТ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ