| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0097/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/104 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзушир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.А-д холбогдох 2516001030110 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд үйл ажиллагаа явуулдаг ********** авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Говь-Алтай аймгийн ************* сумын ********** багийн ************** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны **** дугаар сарын ****-ны өдрийн 2024/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж,тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ************** регистрийн дугаартай, Х овогт Г-н А.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 04-ний шөнийн 01 цагийн үед Говь-Алтай аймгийн *********** сумын *********** тоот хашаанд байх монгол гэрт хохирогч Б.А-г “...хөнжил гудас өгсөнгүй...” гэх зүйлээр шалтаглан түүний толгой руу нь 2 удаа цохиж үснээс нь татаж унагаан цээж болон гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодон биед нь зүүн хөх, зүүн гуя, баруун шанаа, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1.Шүүгдэгч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 70 дугаар хуудас/
2.Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 04 сарын 04-ний шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байхад хашааны арын хаалган дээр мотоцикл дуугараад 2 хүн ирсэн. Тэгээд амбаарын хаалга тогшсон би босоод хаалгаа тайлж өгөөд буцаад ор луугаа орсон. А танихгүй залуутай хамт орж ирэхээр нь би “чи яагаад архи уучихсан юм бэ?” гэхэд “чамд хамаагүй би хөнжил гудас авах гэж байна” гэхээр нь “хөнжил гудас авч яах гэж байгаа юм” гэсэн чинь “хотоос манайд хүмүүс ирсэн” гэхээр нь “танайд хотоос ямар хүмүүс ирдэг юм гэсэн чинь хоймрын орон дээрээс өөрөө очоод хөнжил гудас авсан. А “би ороо бас авмаар байна” гэхээр нь “авч л байхгүй юу” гээд бид хоёр маргалдсан чинь хамт явж байсан залуу нь “наад хөнжил гудсаараа яадаг юм хая” гээд үүд рүү чирсэн чинь нөгөө залуутай маргалдаад хөөгөөд явуулсан. Тэгээд “Б-г хөнжил гудас аваад надтай хамт манайх руу яв” гэхээр нь “чи харанхуй шөнө хүүхэд дагуулж явж яах гээд байгаа юм” гэсэн чинь “би буцаагаад хүргээд өгнө” гэсэн. А түрүүлээд үүдний амбаар луу гарсан. Б хөнжил гудсаа аваад үүдний амбаар луу гарахаар нь би араас нь гартал А үүдний амбаарын хаалга таглаад зогсчихсон байсан. Намайг гараад ирсэн чинь гэрийн хаалга хаагаад миний толгой руу 2 удаа цохиод үснээс татаж унагаад цээж болон гуя руу хөлөөрөө өшиглөхөөр нь би “ээжээ” гээд орилсон чинь “чиний ээж байхгүй юм чинь” гээд дахиад зодсон. Би гар утсаа нэг гартаа барьчихсан байгаад цагдаа руу залгах гэсэн чинь “чи цагдаа руугаа залгах гэж байна уу” гээд миний гар утсыг булааж авах гээд байсан. Би гар утсаа дотуур өмднийхөө ар тал руу хийсэн. Гадаа гараад намайг үсдэж унагаагаад гуя руу хөлөөрөө өшиглөсөн. Б “агаа боль” гээд араас татсан чинь эргэж хараад Б-г цохисон. Би Б-н араар ороод уйлсан чинь битгий уйлаад бай дуугай бай чамайг аврах хүн байхгүй гээд орилоод байсан ... Надад энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/
3.Гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө гэртээ унтаж байсан чинь танихгүй ах намайг сэрээсэн. Сэрсэн чинь ах А хөнжил гудас тэвэрчихсэн эмээ А-тай булаацалдаад зогсож байсан. Тэгээд хамт ирсэн залуу нь гэрээс гараад явсан. Булаацалдаж байсан хөнжил гудсаа хаяад тэр 2 заамдалцаад үүдний амбаар луу гарсан. Би араас нь өмдөө өмсөөд гарсан. Намайг үүдний амбаарт гарсан чинь А нь эмээг үүдний амбаарын булан руу шахаад үсдээд дарчихсан хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод байж байсан. Тэгээд би дундуур нь ороод салгах гэсэн чинь тавь пиздаа минь гээд толгойгоороо миний толгой руу мөргөчхөөд дахиад эмээг зодоод байхаар нь би араас нь тэврээд татаад амбаараас гарсан. Гадаа гараад эмээг заамдаж аваад хөлөөрөө эмээгийн цээж болон гуя хэсэг рүү өшиглөөд байхаар нь би дахиад дундуур ороод салгах гэсэн чинь намайг гараараа цээж хэсэгт 2 удаа цохисон. Эмээ миний ардуур ороод хөнжил гудсаа аваад яв гэсэн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/
4.Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ГОА0725/152 дугаартай “ ... Б.А-н биед зүүн хөх, зүүн гуя, баруун шанаа, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтлүүд нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх 2025.04.04-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно ... Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан, хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Г.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 93,550(ерэн гурван мянга таван зуун тавь) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн бичгээр гаргасан “... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй ...” гэх агуулга бүхий хүсэлт/хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/ гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед “... Надад энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/ өгсөн. Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 93,550(ерэн гурван мянга таван зуун тавь) төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт/хавтаст хэргийн 38 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч 93,550(ерэн гурван мянга таван зуун тавь) төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Г-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А-д сануулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 93,550(ерэн гурван мянга таван зуун тавь) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА