Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/19

 

 

 

 

 

 

 2021         05            05                                         2021/ДШМ/19

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                  Г.Мад холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч: Г.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж, Ж.Ганболд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Ууганцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолтой Г.Мад холбогдох 2038003870409 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б

 овогт, ........ оны …........дүгээр сарын 26ы өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............../.

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос 24 километрийн зайд байрлах “Олимп” амралтын газрын хажуу талын замд иргэн Г.Гал-Очирын “Тоёота клугер” маркийн 18-86 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж зорчигч Л.М амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овогт Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 18-86 УНЕ улсын дугаартай Г.Гал-Очирын эзэмшлийн Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцааж олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Маас 1.720 төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 2038003870409 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ууганцэцэгт 8,202,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Гал-Очирт 6,080,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ууганцэцэг нь 10,000,000 төгрөгийн нөхөн төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.М, иргэний хариуцагч Г.Гал-Очир нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Б.Батдорж нар давж заалдах гомдолдоо: 2021.03.04-ний өдрийн 2021/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолд ЭХХШТХ-н 39.7 дугаар зүйлийн 1.3 дах заалтын холбогдох хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул ялтан болон түүний өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. ... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар заахдаа “... ЭХЕА-н 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон шууд үр дагавар, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан дээрх нөхцөл байдалд тус бүрт нь дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Мад холбогдох ЭХТА-н 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв ... гэжээ. Гэтэл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харьцуулан зохистойгоор авч үзээгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов ... гэсэн атлаа хүндрүүлсэн нөхцөл байдал хэрэгт байхгүйг тэмдэглээгүй орхигдуулсан нь нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх Эрүүгийн хуулийн шаардлагатай нийцээгүй байна.

3. Шийтгэх тогтоолд “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь ЭХЕА-н 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж болно гэж зохицуулсан байх боловч шүүгдэгч Г.Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон шууд үр дагавар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, нэхэмжлэлээс үзэхэд амь хохирогчийн оршуулгатай холбогдсон зайлшгүй зардал төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирол, хор уршгийг арилгасан гэсэн үндэслэлээр ял хөнгөрүүлэх, тэнсэх, албадлагын арга хэмжээний шүүхээс эрх олгосон зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна гэж үзсэн болно ... гэсэн дүгнэлт хийж байгаа нь хамгийн түрүүнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол болон нэхэмжлэлд үндэслэгдэж шүүгдэгч Г.Мад оногдох ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолтой нэхэмжлэл болох 10,000,000 /арван сая/ төгрөгийн нөхөн төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байх боловч тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан тухай баримт, амь хохирогчийн цалин хөлс, орлогын баримт хэрэгт авагдаагүй, 10,000,000 /арван сая/ төгрөгийн нөхөн төлбөрийг хор уршигт хэрхэн тооцсон талаарх баримт байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад шийдвэрлэх боломжгүй тул шийтгэх тогтоолд заагаад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нь зааж өгсөн байдаг. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч Г.Мын зүгээс төлж өгнө. Шүүгдэгч Г.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8,202,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч н.Гал-Очирт 6,080,000 төгрөгийн хохирол төлсөн байна.

4. Хавтаст хэргийн 48 дугаар талд 2020.07.03-ний өдрийн №738 тоот шинжээчийн дүгнэлт авагдсан байна. Уг дүгнэлтэд:

- Шүүгдэгч Г. Моломжамцын биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал

- Бүсэлхийн 4,5 дугаар нугалмын хажуугийн сэртэнгийн хөндлөн хугарал, нугас дарагдал, баруун хөлд саа, зүүн талд 10 дугаар хавирганы хугарал, дух, зүүн хацар, баруун сарвуу, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүснэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна, шинжээч эмч н.Ханхүү.

5. Хавтаст хэргийн 146-159 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь Г.Мын эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлсэн байдлыг тодорхойлж байгаа юм. Одоо шүүгдэгч Г.Мын биеийн байдал болон биед нь учирсан олон тооны гэмтэл, хугарлууд нь бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлж сувилуулах шаардлагатай байх тул шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг онцгойлон харгалзаж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ЭХЕА-н 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдолдоо: ... Дээрх шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцэхгүй, утга агуулгын хувьд зөрүүтэй дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь шүүх шийтгэх тогтоолын 9 дүгээр талд “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов” гэж, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж ойлгож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн зохицуулалтыг хэрэглэх үндэслэл болж байна.

Түүнчлэн шүүхээс /шийтгэх тогтоолын 9 дүгээр талд/ “...Г.Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, шууд үр дагавар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол нэхэмжлэлээс үзэхэд амь хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол, хор уршиг арилсан гэсэн үндэслэлээр ял хөнгөрүүлэх, тэнсэх, албадлагын арга хэмжээний шүүхээс эрх олгосон зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна гэж үзсэн болно...” гэсэн дүгнэлт хийсэн нь утга агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан байхад шүүх хохирол, хор уршгийн талаар нэгтгэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хохирогчоос хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлж, баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч төлөөгүй байхыг хор уршиг арилаагүй гэж үзэхээр хуульд зохицуулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санаа, санхүү... гэх мэт хор уршиг насан туршид нь оршсоор байгаа билээ. Шүүгдэгч Г.М нь хэрэгт баримтаар авагдсан 8,202,000 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бүрэн төлж барагдуулсан. Мөн Иргэний нэхэмжлэгч Г.Гал-Очир нь “… Г.Маас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ...” гэсэн болно. Шүүхээс “... хохирогчийн цаашид нэхэмжлэх зүйл, ... гомдолтой ...” гэсэн мэдүүлэгт хор уршиг арилаагүй” гэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтыг хэрэглэхгүй байх үндэслэл биш юм.

Иймд шүүгдэгч Г.Мын гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, цаашид хохирогчийн хор уршгийг арилгах талаар хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Мөнхжаргал эсэргүүцэлдээ: ... Дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 18-86 УНЕ улсын дугаартай               Г.Гал-Очирын эзэмшлийн Тоеота клугер тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгосугай” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 1.1-1.4 гэсэн тусгайлсан заалттай бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн 18-86 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Г.Гал-Очирт буцаан олгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн яг аль, зүйл заалтад хамаарч байгааг тодорхой заагаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн прокурор  эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 6 дугаар сарын 18аас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос 24 километрийн зайд байрлах “Олимп” амралтын газрын хажуу талын замд иргэн Г.Гал-Очирын “Тоёота клугер” маркийн 18-86 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж зорчигч Л.М амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхбат, Б.Ууганцэцэг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Гал-Очир, гэрч Энхжаргал, Ц.Түвшин, О.Эрдэнэбилэг, Г.Гал-Од, Г.Энхмөрөн нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 90 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 7380 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, Ашид билгүүн ХХКомпанийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 447 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ш.Дэлгэрцэцэгийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн магадлагаа зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Шүүгдэгч Г.Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Г.Мыг “Тоёота клугермаркийн 18-86 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж зорчигч Л.М амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм бурууд тохирсон боловч шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Батдорж, Ж.Ганболд нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь хэргийн материалыг судлан үзэхэд, шүүгдэгч Г.М нь зам тээврийн ослоор хүндэвтэр зэргийн гэмтэл авсан болох нь тогтоогдож байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ууганцэцэг, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг нар нь шүүгдэгч Г.Мад оногдуулсан хорих ялыг өөрчлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Маас 1720 төгрөг гаргуулж Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлсон бөгөөд уг зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан.

Шүүгдэгч Г.Мад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардал гарсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгчээс зардал гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм.

Хяналтын прокурор Ц.Мөнхжаргалын анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шийдвэрлэхдээ тохирох заалтыг сонгон хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4 гэсэн тусгайлсан заалттай бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Г.Гал-Очирт буцаан олгохдоо тохирох зүйл заалтыг тодорхой заагаагүй тул өөрчлөлт оруулах эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүх битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох 18-86 УНЕ улсын дугаартай “Тоёота клугер” маркийн тээврийн хэрэгслийг хохирол нөхөн төлөгдсөн шалтгаанаар эзэмшигчид буцаан олгосон нь зөв байх ба энэ заалтад “... түргэн муудах, гэмтэх, устах...” эд мөрийн баримтыг зохих байгууллагад шилжүүлэх заалт хэрэглэх шаардлагагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Батдорж, Ж.Ганболд нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Мад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.”гэж,

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

г/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэснийг хассугай.

д/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгосугай.

е/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8, 9 дэх заалтын дугаарыг 6, 7, 8 болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                               Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                     Н.БАЯРХҮҮ