Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00041

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шинжээч эмч Л.Бүдсүрэн /онлайн/,

хохирогч Г.Наранцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг,

шүүгдэгч О.Балт түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Отгондоржийн Балтад холбогдох эрүүгийн 201706000042 дугаартай, 132/2017/0030/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2 ээжийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр баг, Банзар гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хард овогт Отгондоржийн Балт /РД:ГМ72040613/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Балт нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр баг, Хужирт гэх газарт Г.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджэээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч О.Балтын өгсөн: Би Наранцэцэг эгчтэй маргалдаж байгаад өшиглөсөн юм. Учир нь Наранцэцэг эгч намайг доромжлоод байсан юм. Наранцэцэг эгч намайг эхэлж модоор цохьсон. Манайх түлшний мод бэлтгэсэн байсан ба түүнийгээ авах гэж гэрт нь очсон юм. Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Наранцэцэгийн өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Бат-Эрдэнэ, Балт, Батцэнгэл нар түлшний мод авахаар ирсэн байсан. Тэд түлшний модоо тээврийн хэрэгсэлдээ ачсан. Би тэд нарт тайрсан модыг авч яах юм бэ, харин урт модыг авч яв гэж хэлсэн. Тэр үед Бат-Эрдэнэ намайг төмрөөр цохих гээд далайсан. Харин Батцэнгэл түүнийг хориглосон. Үүний дараа Бат-Эрдэнэ Балтад хандаж намайг ал гэж хэлсэн. Балт намайг өшиглөсөн. Үүнээс болж миний бие махбодь мэдээгүй болсон. Балтыг Батцэнгэл хориглосон. Миний биеийн эрүүл мэндийн байдал хүнд байна. Балтад дахин намайг битгий зодоорой гэж хэлмээр байна. Түүнийг намайг зодож байсан гэдгийг манай нутгийн хүмүүс мэднэ. Би 20-оод жил дээрэлхүүлсэн. Би уурандаа Балтыг доромжилсон байх. Миний толгой өвдөөд байгаа, энэ нь Балт намайг өшиглөснөөс болсон байх. Би үүнээс болж морь ч унаж чадахгүй болсон. Шүүх бүрэлдэхүүн Балтад дахин гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгийг сайн ойлгуулж өгөхийг хүсч байна. Балт цаашид ухаарах байх. Намайг өмнө нь зодож байсан. Энэ талаар нутгийн хүмүүс мэдэж байгаа. Надад эмнэлэгт хэвтсэн зардал, шатахуун болон замын зардал, эм, тариа авсан зардал, нийт 959000 төгрөгийн зардал учирсан. Үүнийг Балтаас нэхэмжилж байна. Би Балтад зодуулсан гэдгээ хүүхдүүдээ хэлдэггүй байсан гэх мэдүүлэг.

Шинжээч эмч Л.Бүдсүрэнгийн өгсөн: Балтыг үзэхдээ түүний өвчний түүх болон сэтгэц эмгэг судлалын шинжилгээнд үндэслэн дүгнэлт хийсэн. Тархины гэмтлийн улмаас зан төрхийн өөрчлөлттэй гэж дүгнэсэн. Тухайн гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд Балт нь хэрэг хариуцах чадвартай. Учир нь энэ гэмт хэргийн нөхцөл байдал нь логик шаардахгүй, ээдрээ төвөггүй юм. Ийм учраас хэрэг хариуцах чадвартай. Балт нь уурласан үедээ юу ч санахгүй байх нөхцөл байдалд ордог. Балт нь оюун ухааны хомсдолтой биш, харин олдмол өвчинтэй. Уурласан үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй. Харин тайван үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх мэдүүлэг.

201706000042 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Шүүгдэгч О.Балтын сэжигтнээр өгсөн:      2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн төрсөн дүү Бат-Эрдэнэ, түүний эхнэр Батцэнгэл нарын хамт портер маркийн машинтай Мянган ахын гаднаас модоо авахаар очиход Мянган ахын эхнэр Наранцэцэг эгч гарч ирээд бид нарын авах гэж байсан модыг өгөхгүй гэсэн. Тэгээд бид 2 маргалдаж байгаад би Наранцэцэг эгчийн хөлрүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёрыг Батцэнгэл салгаж, Бат-Эрдэнэ,  Батцэнгэл бид 3 гэрлүүгээ буцаад явсан гэх мэдүүлэг /хх 39 тал/,

Хохирогч Г.Наранцэцэгийн өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би гэртээ байж байхад манай нөхрийн дүү Бат-Эрдэнэ, Балт, Батцэнгэл 3 машинтай ирсэн. Тэгээд мод ачих гэхээр нь би гарч очоод та нар хөрөөдсөн модоо ач, нөгөө модыг нь хадам ээжийг хаваржаанд буухаар ав гэж хэлсэн. Тэгтэл Бат-Эрдэнэ машиныхаа тэвшин дээр байж байгаад нэг төмөр аваад надруу далайсан. Тэгээд больсоноо Бат-Эрдэнэ Балтаа наад авгайгаа алчих гэж хэлэхэд Балт намайг өшиглөсөн. Тэгээд Балт надруу шургааг бариад дайрсан тэгтэл Батцэнгэл дундуур орж салгасан. Тэгээд хөрөөдсөн модоо ачаад явцгаасан.... гэх мэдүүлэг /хх 13 тал/,

Гэрч О.Бат-Эрдэнийн өгсөн: Манай ах Балт, Болд 2 оны өмнө Мянганы эхнэр Наранцэцэгтэй маргалдаад манай гадаа нүүж ирсэн. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр түлээгээ авья гэхээр нь эхнэр Батцэнгэл, ах Балт нарын хамт Мянганы гадаа очиход эхнэр Наранцэцэг нь тэр модыг өгөхгүй гэсэн. Балт ах манай мод гэсэн чинь Наранцэцэг эгч нэг мод аваад Балт ахын толгой руу цохьсон. Тэгээд эхнэр маань тэр хоёрын дундуур орж салгасан. Тэр 2 зууралдаад Балт ах нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх 15, 16 тал/,

Гэрч Ц.Батцэнгэлийн өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүргэн ах Балт нь манай нөхөрийг хуучин буйран дээрээс мод ачаад ирье гэсэн тэгээд Бат-Эрдэнэ, Балт бид 3 явсан. Очоод модоо ачих гэж байхад хүргэн ах Мянганы эхнэр Наранцэцэг гарч ирээд наад модыг чинь өгөхгүй.  Манайх өөрсдөө бэлтгэсэн гэж хэлээд

дайраад байсан. Тэгтэл Балт ах би хийсэн гээд барьцалдаад явсан тэгээд намайг

салгаж байтал Балт ах Наранцэцэгийг нэг удаа бүсэлхий хэсэгрүү нь өшиглөсөн.

Тэгээд хөрөөдсөн хэдэн модоо ачаад явсан гэх мэдүүлэг /хх 17-18 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1720 тоот:

1. Г.Наранцэцэгийн биед тархи доргилт, гадна бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.    

4.  Цаашид    энгийн    хөдөлмөрийн    чадварын    тогтонги    алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 25-26 тал/,

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа:

1. О.Балт нь органик дэмийрлийн өвчтэй, зан төрөхийн өөрчлөлт шатандаа байна.

2. О.Балт нь өөрийн хийж буй үйлдлийг бүрэн удирдан жолоодож ухамсарлан ойлгох чадваргүй.

3. О.Балт нь хэрэг хариуцах чадвартай.

4. Албадан эмчилгээ шаардлагатай гэх дүгнэлт /хх 33 тал/,

эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 03 тал/, хохирогч Г.Наранцэцэгийн гаргасан гомдол /хх 05 тал/, хохирогч гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 20-23 тал/, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын эмнэлэгийн тодорхойлолт /хх 43 тал/ зэрэг баримтуудыг  шинжлэн судлав.

     Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд О.Балт нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр баг, Хужирт гэх газарт Г.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт болжээ.

Энэ үйл баримт нь хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.Балтын ... бид 2 маргалдаж байгаад би Наранцэцэг эгчийн хөлрүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,  хохирогч Г.Наранцэцэгийн ...Мод ачихаас болж маргалдаж Балт намайг өшиглөсөний улмаас миний биед хөнгөн гэмтэл учирч эрүүл мэндээрээ хохирсон гэх мэдүүлэг, гэрч О.Бат-Эрдэнэ, Ш. Батцэнгэл нарын...Г.Наранцэцэгийн гаднаас О.Балт түлээ ачихаас болж хоорондоо маргалдаж Тэр 2 зууралдаад Балт Наранцэцэгийг нэг удаа бүсэлхий хэсэгрүү нь өшиглөсөн гэх мэдүүлэг зэрэг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршигийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 1720 тоот дүгнэлт, шүүх сэтгэц гэмт судлалын магадлагаа /хх 33/, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх 43/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүх хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан шүүгдэгч О.Балтыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч дээрх заалт нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсөн бөгөөд үйлдсэн хэргийн шинж өвчний байдлаараа уг этгээд нийгэмд аюултай байвал шүүх түүнд эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлд дурдсан эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасан байна. Энэ нь хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийн талаар ажиллагаа явуулж шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсаны үндсэн дээр сэтгэцийн өвчтэй гэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хэрэглэх ба шүүх сэтгэц гэм судлалын магадлагаагаар ...О.Балтыг органик дэмийрлийн өвчтэй, зан төрөхийн өөрчлөлт шатандаа байна, О.Балт нь өөрийн хийж буй үйлдлийг бүрэн удирдан жолоодож ухамсарлан ойлгох чадваргүй, О.Балт нь хэрэг хариуцах чадвартай гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт,  шинжээч эмч Л.Бүдсүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн .....Балт нь оюун ухааны хомсдолтой биш, харин тархины гэмтлээс үүдэлтэй сэтгэцийн эмгэгтэй үе үе дэмийрэх байдалд ордог олдмол өвчинтэй бөгөөд хэрэг хариуцах чадвартай гэж бүрэлдхүүн санал нэгтэй дүгнэсэн. Учир нь энэ гэмт хэргийн нөхцөл байдал нь логик шаардахгүй, ээдрээ төвөггүй, маргасан үйлдлээсээ болж тухайн нөхцөлд түр бухимдалд орж биеэ барьж чадахгүй байдалд ороод дараа нь намжмал байдалд орж өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлан ойлгох чадвартай болсон. Ийм учраас хэрэг хариуцах чадвартай гэх мэдүүлэг зэргээс үзэхэд О.Балтад эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Балтын дээрхи үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Балт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Балт нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг дурьдаж хохирогч Г.Наранцэцэг нь гэм хорын хохирол 959000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан ... 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр НИК ХХК-иас 20000 төгрөгөөр бензин, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан уул дүүргийн эрүүл мэндийн төвд шинжилгээ өгсөн 210000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр МВ мед эмнэлэгт эход харуулж үзлэг хийлгэсэн 30000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Орхон НХС шатахуун түгээх станцаас шатахуун  20000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орхон НХС шатахуун түгээх станцаас шатахуун 20000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон НХС шатахуун түгээх станцаас шатахуун 210000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон НХС шатахуун түгээс  станцаас шатахуун 51000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орхон НХС шатахуун түгээх станцаас шатахуун  20000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон НХС шатахуун түгээх станцаас шатахуун  20000 төгрөг нийт 601000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.Наранцэцэгт олгох, нотлох баримтын шаардлага хангаагүй замын зардал 28000 төгрөг болон хохирогч нь хуульд заасан өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлж, өмгөөлөгчтэй сайн дурын үндсэн дээр эрх зүйн туслалцаа авах гэрээ байгуулж хөлс төлсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99, 100, 101 дүгээр зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны зардал гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул бүгд 378000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хард овогт Отгондоржийн Балтыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч О.Балтыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Балтаас 601000 /зургаан зуун нэг мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Наранцэцэгт олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 378000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч О.Балт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Балтад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.    

                       

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЦЭРЭНДУЛАМ