Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

улсын яллагч Б.Ундармаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Д-д холбогдох 2516000000124 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, ***** оны **** дугаар сарын *****-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “**********” ХХК-нд боловсруулах үйлдвэрийн  оператор  ажилтай,  ам  бүл  5,  эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн *********** сумын ******************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *********** регистрийн дугаартай, Б овогт М-н Д.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч М.Д нь Говь-Алтай аймгийн ********** сумын өвсний фондны гадна талд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн үед ******* сумын Нутгийн зөвлөлөөс тараасан өвсийг авах үеэр Д.Ж-тай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний биед халдаж нүүрэн тус газар нь өшиглөж баруун дээд зовхи, доод зовхинд шарх, дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1.Шүүгдэгч М.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Ж-г зодсоноо хүлээн зөвшөөрч байна ... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/

2.Хохирогч Д.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн орчимд өвсний фондын гадна талд тусламжийн өвс тарж байсан юм... Д гэх залуу миний авах гэж байсан өвсийг шланз маркийн машинаас газарт шидсэн юм. Тэгэхээр нь би Д-г “чи яагаад миний авах гэж байсан өвсийг газарт унагаачихав” гэж хэлсэн. Тэгээд Д бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан юм. Д-тай хэрэлдчихээд эргээд шланз маркийн машин дээрх өвс руугаа явж байсан Д нь миний шилэн хүзүү руу гараараа цохиод авсан. Би Д-г шланз маркийн машин дээр байсан өвсөн дээр унагаагаад дээр нь гараад цохих гэсэн боловч цохиж чадаагүй. Бид хоёрыг шланз маркийн машин дээр байсан хүмүүс салгасан юм. Тэгээд би авах гэж байсан өвсөн дээрээ сууж байсан чинь Д нь эргэж хараад миний баруун нүд руу өшиглөсөн... ********** сумын цагдаа, цагдаагийн ахлагч Э-тай сумынхаа эмнэлэг дээр очиж анхан шатны тусламж авсан юм... ********** сумын Эрүүл мэндийн төв дээр очоод 7 ширхэг оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 28-29  дүгээр хуудас/

3.Гэрч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 11 цагийн орчимд өвсний фонд руу тусламжаар ирсэн өвс авахаар нөхөр Д-н хамт очсон юм... Манай нөхөр Д нь өвс ачсан Шланз машин дээр гарчихсан 1 боодол өвс аваад газар руу шидэж харагдсан юм... Д Ж гэдэг хүнтэй маргалдаж харагдсан... Манай нөхөр Д, Ж 2 хоорондоо барилцаад авсан, Ж ах манай нөхөр Д-г гараараа цохиж харагдсан... Д-г Б гэх хүн салгаж харагдсан юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

4.Гэрч У.Б-н мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумын өвсний фонд дээр шланз машинтай өвс ирж буусан юм. Тэгээд өвс ачсан машин буюу шланз машин дээрээс Д өвс буулгаж байсан юм. Тэгсэн чинь Ж ах өвс ачсан машин буюу шланз машины хойд талаас нь өвс буулгахгүй гээд Ж ах Д ахын араас цохиж аваад доороо хэвтүүлчихсэн дээрээс нь цохиж байсан юм. Тэгээд Д нь Ж-н араас цохисон чинь хажуу тийшээ Ж ах унасан юм. Би очоод Д ах болон Ж ахыг салгасан... Д ахыг та яагаад байгаа юм бэ гээд хойшоогоо татсан чинь миний хажуугаар хөл нь тийрэх гэж байгаад Ж ахыг өшиглөсөн. Эргээд харсан чинь Ж ах доошоо харчихсан цус гоожсон байдалтай байсан. Би Ж ах Д ах нарыг салгаад Д ахыг шланз машинаас газарт буулгасан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

5. Гэрч С.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өвсний фондод өвс буусан юм. Би 3 боодол өвс авах гээд зогсож байсан чинь шланз маркийн машины тэвш дээр Д, Ж 2 хоорондоо зодолдсон юм. Тэгээд Ж тэвшин дээр босоод ирсэн чинь баруун нүднийх нь хавиас цус гоожоод ирсэн юм. Тэгээд Д шланзнаас буугаад 2 боодол өвс аваад машин руугаа явсан юм...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 48 дугаар хуудас/

6.Гэрч О.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай хүргэн Ж нь шланз маркийн машины тэвшин дээр гарч *********** сумын ард иргэдэд өвс буулгаж өгсөн юм. Шланз маркын машины өвс нь дуусаж байсан юм. Тэгээд манай хүргэн Ж нь өөрийнхөө авах ёстой 4 айлын 12 боодол өвсийг тусад нь ялгаад тавьсан байсан юм. Тэгэхэд Д нь аавынхаа 3-н боодол өвсийг авах гээд ирсэн байсан. Тэгээд Д нь шланз маркийн тэвшин дээр гараад манай хүргэн Ж-н авах гэж байсан 12 боодол өвсний 1 боодол өвсийг авч газарт шидсэн юм. Тэгээд манай хүргэн Ж нь газарт унасан өвсөө буцаагаад шланз маркын машин руу шидүүлж авсан. Тэгээд манай хүргэн Ж нь Д-тай маргалдсан. Тэгээд Д нь манай хүргэн Ж-г “чи яасан их өвс авдаг юм бэ” гэж хэлээд цээж рүү нь мөрлөсөн юм. Тэгэхэд нь манай хүргэн Ж нь цаашаагаа алхсан чинь Д нь араас нь толгойныхон дагз руу цохисон юм. Тэгээд манай хүргэн Ж нь эргэж хараад барилцаад байж байхад нутгийн иргэд салгасан юм. Тэгсэн чинь Д нь нүдний шилтэй нүд руу өшиглөсөн юм. Тэгээд манай хүргэн Ж-н нүднээс нь цус гарсан юм. Тэгээд Д нь шланз маркийн машинаас буугаад машинаа унаад гэр рүү явсан. Би цагдаа дуудаж, цагдаа ирээд манай хүргэн Ж-г эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/

7.Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ГОА0725/177 дугаартай “ ... Д.Ж-н биед баруун дээд зовхи, доод зовхинд шарх, дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолоо ... Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/

8.Хохирогч Д.Ж-н амбулаториор эмчлүүлэгсдийн карт/хавтаст хэргийн 62 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ж-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 156,090(нэг зуун тавин зургаан мянга ер) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч бичгээр “... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг  тогтоолгох  дүгнэлт гаргуулах шаардлагагүй ...” гэх агуулга бүхий хүсэлт/хавтаст хэргийн 06 дугаар хуудас/ гаргасан бөгөөд прокурорын хяналтын шатанд хохирогчид прокурорын шийдвэрийг мэдэгдэж эрх, үүрэг танилцуулсан  тэмдэглэлд хохирогч нь хохирол төлөгдсөн талаар тэмдэглэжээ./хавтаст хэргийн 112  дугаар хуудас/

Түүнчлэн шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд  156,090(нэг зуун тавин зургаан мянга ерэн) төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд/хавтаст хэргийн 23, 109 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 420,000(дөрвөн зуун хорин мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч 156,090(нэг зуун тавин зургаан мянга ер)  төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт М-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Д-д сануулсугай. 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 420,000(дөрвөн зуун хорин мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч 156,090(нэг зуун тавин зургаан мянга ер)  төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА