| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/00304/И |
| Дугаар | 146/ШШ2019/00268 |
| Огноо | 2019-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 146/ШШ2019/00268
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай, өөрийн байранд байрлах Голомт банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 2 дугаар баг, Ганган-Орхон баг, өөрийн байранд байрлах Оч наран ХХК,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-15 Моннис цамхагт байрлах Оюу толгой ХХК-иудад холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 958 000 000 төгрөг, зээлийн хүү 122 361 534.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 787 287.67 төгрөг, нийт 1 101 148 821.92 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
141 164 580.82 төгрөг гаргуулж, Голомт банк "Оч наран" ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр БГ3635111504 тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон Голомт банк, "Оюу толгой" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ГБ/54 тоот Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан "Оюу толгой" ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч "Оюу толгой" ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай,
Хариуцагч "Оюу толгой" ХХК-ийн Голомт банк, "Оч наран" ХХК-иудад холбогдох Голомт банк нь 2016 оны 07 сарын 04-ний өдөр "Оюу толгой" ХХК-тай байгуулсан ГБ/54 тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгон, "Оч наран" ХХК Голомт банкнаас зээл авсныхаа дараа "Оюу толгой" ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгож, Голомт банкны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг "Оч наран" ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагч Оч наран ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Очбаатар, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагч Оюу толгой ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд тайлбартаа:
Голомт банк нь 958 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний дагуу Оч наран ХХК нь 2 сарын дотор төлөх ёстой байсан. Гэвч хугацаандаа зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй. Тиймээс Оч наран ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргасан. Энэ зээлийн гэрээ нь анхнаасаа Оюу толгой ХХК-иас орж ирэх авлагын санхүүжилтийг барьцаалсан зээл байсан. Голомт банк болон Оюу толгой ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Яагаад хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бэ гэхээр Оюу толгой ХХК бол ханган нийлүүлэгч компани гэж явдаг. Оюу толгой ХХК бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ авсан байгууллагынхаа төлбөрийг цаг тухайд нь өгдөг байснаа болиод 2 сарын дараа төлдөг санхүүгийн журамтай болсон. Үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлсэн иргэд, аж ахуй нэгж, арилжааны банкуудаас гэрээний дагуу авах орлогоо барьцаалж зээл авдаг жишиг тогтсон. Энэ хүрээнд Голомт банк, Оюу толгой ХХК нь хамтран ажиллаж гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Бид нар Оч наран ХХК-д яагаад зээл өгсөн бэ гэхээр өмнө нь Оч наран ХХК нь Оюу толгой ХХК дээр замын ажил гүйцэтгээд замын ажлынх нь мөнгө нь хугацаандаа орж ирээгүй болохоор ирээдүйд орж ирэх орлогыг нь барьцаалаад зээл өгсөн. Одоо гарч байгаа маргаантай адил Оч наран ХХК зээл аваад тэр зээлийг нь Оюу толгой ХХК төлөөд явж байсан. Энэ анхны тохиолдол биш. Бид ингэж хамтарч ажилладаг. Оч наран ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд 34 000 000 000 төгрөгийн өртөгтэй асфальтан замыг Оюу толгой ХХК-ийн захиалгаар барьж байсан. Санхүүжилт нь 45 хоногийн дараа хийгдэнэ. Тиймээс бид авлагын санхүүжилтээ барьцаалан зээл авъя гэсэн хүсэлтийг Оч наран ХХК-ийн ерөнхий захирал Бямбатогоо нь манай банкинд өгсөн байдаг. Тэгээд Оюу толгой ХХК-иас 1 065 316 091.20 төгрөгийн ажил гүйцэтгэсэн мөнгийг авах ёстой гээд нэхэмжлэхээ банкинд явуулсан. Бид нар хамтран ажиллаж гэрээний дагуу энэ нэхэмжлэхийг Оюу толгой ХХК руу явуулсан. Оюу толгой ХХК-тай хамтан ажиллах гэрээн дээр хоорондоо харилцах тухайн байгууллагын албан тушаалтны нэр, и-мэйл хаяг гээд бүгд байдаг. Оюу толгой ХХК болон Голомт банк 2 аль аль нь томоохон аж ахуй нэгж гэдэг утгаараа нийгмийн бодлого, Байгаль орчны бодлогын хүрээнд хоёр тал и-мэйлээр ажил хэргээ явуулдаг. Голомт банкинд байгаа Оюу толгой ХХК-ийн и-мэйл хаягаар Оч наран ХХК манай банкнаас зээл хүсч байна. Зээлийн барьцаанд нь танай компаниас авах авлага байгаа юм байна гээд албан ёсны цахим хаягаас Оюу толгой ХХК руу явуулахад Оюу толгой ХХК энэ баталгаажсан нэхэмжлэх байгаа. Бид нар энэ мөнгийг өгөх ёстой гэсэн хариу ирүүлсэн. Тэр хариуны дагуу банк баталгаажсан нэхэмжлэхийг барьцаалаад Оч наран ХХК-д зээл өгсөн. Энэ дээр бид нар Оч наран ХХК-ийн үйл ажиллагаа бусад барьцаа хөрөнгө зэргийг судлаагүй. Яагаад гэвэл бид Оюу толгой ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Оюу толгой ХХК-ийн өмнө бид нар ямар үүрэг хүлээдэг вэ гэхээр ханган нийлүүлэгч нарт өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй бол манай нийлүүлэгч нарт танай банк хөнгөлөлттэй хүүгээр мөнгө зээлүүлээрэй гэдэг. Тэр үүргийнхээ дагуу бид нар орж ирэх орлогыг нь барьцаалаад зээл өгсөн. Ингэхдээ бид нар хамтран ажиллах гэрээн дээр заасны дагуу баталгаажсан нэхэмжлэхтэй дансыг Голомт банкны зөвшөөрөлгүйгээр өөрчлөх эрхгүй гээд Оюу толгой ХХК итгээд тухайн зээлийг өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд баталгаажсан нэхэмжлэхтэй дансанд Оюу толгой ХХК-иас төлбөр орж ирээгүй. Иймд манай талаас 1-т гэрээг цуцлах шаардлага гаргасан.
2-т зээлийн гэрээний дагуу Оч наран ХХК-иас зээлийг гаргуулах шаардлага гаргасан. Учир нь зээлийн харилцаанд Оюу толгой ХХК оролцоогүй учир банк Оюу толгой ХХК-иас зээл болон зээлийн хүүг нэхэмжлэх боломжгүй.
Оч наран ХХК-иас нийт үндсэн зээл 958 000 000 төгрөг, зээлийн хүү нь 239 998 684.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44 314 717.81 төгрөг, нийт 1 242 312 402.74 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
3-т барьцаатай холбоотой шаардлага гаргасан. Зээлийн гэрээн дээр гуравдагч этгээд өөрийн хөрөнгийг барьцаалах тохиолдол гардаг. Дангаар нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийг дуудахаар барьцаалуулагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэдэг утгаараа заавал хамтран хариуцагчаар татах шаардлага үүсдэг. Оч наран ХХК-ийн Оюу толгой ХХК-иас авах ёстой орлого зээлийн барьцаанд байсан. Тиймээс барьцаалуулагч гэдэг утгаар нь Оюу толгой ХХК-ийг хариуцагчаар татсан. Хэрвээ үндсэн үүрэг гүйцэтгэгч зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгөнөөс төлбөр гаргуулах гэдэг утгаараа Оюу толгой ХХК-ийг хариуцагчаар татсан. Голомт банк Оч наран ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний орлого барьцаалах гэрээ болон Голомт банк Оюу толгой ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан Оюу толгой ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаад хариуцагч зээл, нэмэгдүүлсэн хүүгээ сайн дураараа төлөхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.
4-т Голомт банк болон Оюу толгой ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ГБ/54 тоот хамтран ажиллах гэрээг хариуцагч Оюу толгой ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагч Оюу толгой ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэсэн шаардлага шүүхэд гаргасан.
Орлого барьцаалах гэрээг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээтэй хамт байгуулсан байдаг. Барьцааны үнэлгээ бол 1 065 000 000 төгрөгөөр хязгаарлагдаж байгаа. Бид 1 065 316 091 төгрөгийг Оюу толгой ХХК-ийн барьцаанд байгаа гэдэг утгаар нь авна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Голомт банкны хувьд Оюу толгой ХХК болон Оч наран ХХК-ийн өмнө гэрээний үүргээ зөрчсөн буруутай ажиллагаа байхгүй гэв.
Хариуцагч Оч наран ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Очбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгч тайлбар хийнэ гэв.
Хариуцагч Оч наран ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Очбаатарын өмгөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Голомт банкнаас Оч наран ХХК болон Оюу толгой ХХК-иудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн төлбөрт 958 000 000 төгрөг, хүү 122 361 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 787 288 төгрөг, нийт 1 101 148 822 төгрөгийг Оч наран ХХК-иас нэхэмжилсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ 2 сарын хугацаатай байгуулагдсан. 2 сарын хугацаатай байгуулагдахдаа үндсэн төлбөрт 958 000 000 төгрөг, 2 сарын хүү нийлээд хугацааны эцэст төлөх нь 978 897 534 төгрөг төлөхөөр тохиролцсон байсан. Голомт банктай хийгдсэн зээлийн гэрээ онцлогтой байгаа. Зээлийн орлого барьцаалах гэрээ давхар хийгддэг. Оюу толгой ХХК-иас орж ирэх нь тодорхой болсон орлогыг барьцаалж зээл авсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Оюу толгой ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын авах ёстой мөнгө юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ирээдүйд олох ёстой орлого биш хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр юм. Оюу толгой ХХК дотоод журмаараа 45 хоногийн дотор төлбөр нь ордог ийм зохицуулалттай. Энэ зохицуулалт байдаг болохоор банктай яриад төлбөр нь орж ирэх гэрээг барьцаалаад зээл авах боломж үүсээд байна. Үүнтэй уялдаад Голомт банк нь Оюу толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Тэгэхээр төлбөр орж ирээгүй байгаа нь Оюу толгой ХХК буруутай. Яагаад гэвэл Оюу толгой ХХК төлөх ёстой төлбөрөө төлөөгүй байна. Хэрвээ Оюу толгой ХХК 2 сар юм уу 45 хоногийн дотор мөнгөө шилжүүлсэн бол 976 000 000 төгрөг байх байсан. Хоёрдугаарт 45 хоногийн дотор Оюу толгой ХХК Голомт банкинд төлбөрөө төлөхгүй байсан учраас холбогдох байгууллагад хандана уу гэж зөндөө хэлсэн. Энэ нь ямар утгатай юм бэ гэвэл үүрэг гүйцэтгэхэд Оюу толгой ХХК орлого барьцаалах гэрээний дагуу мэдэгдэх боломжгүй боллоо шүү гэдгийг Голомт банкинд удаа дараа мэдэгдэж байсан гэсэн үг юм. Ингээд Голомт банк арга хэмжээ авахгүй байсан учраас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр мэдэгдсэн. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн хүү төлбөр нь хэд болсон бэ гэхээр хүү 114 960 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 092 000 төгрөг, нийт 1 995 952 000 төгрөг болсон. Ингээд 03 дугаар сард Голомт банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэр үнийн дүн нь бол 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан үнийн дүнтэй ижил дүнгээр гарсан. Зээлийн гэрээг цуцлах шаардлагыг манайх хүлээн зөвшөөрч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэл буцаагдсан. 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд байгаа асуудалд гэрээгээ цуцлах хүсэлт гаргачихсан манай компани буруугүй гэсэн асуудлыг ярьж байгаа юм. Оюу толгой ХХК гэрээний орлого барьцаалах гэрээний дагуу орлогоо оруулаагүй тул манай компани төлөхгүй. Зээлийн гэрээ цуцлах асуудлыг бол манай талаас аль эрт хүлээн зөвшөөрсөн. Төлөх ёстой үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө 2 нэхэмжлэлийн шаардлагын хувьд хангагдах ёстой гэж үзэж байна гэв.
Хариуцагч Оюу толгой ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвдорж шүүх хуралдаанд тайлбартаа:
Голомт банк 4 шаардлагын хүрээнд нэхэмжлэл гаргасан байна. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг бол Оч наран ХХК-тай яригдах ёстой. Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчОч наран ХХК гэрээгээ барьж ирээд манай банкнаас зээл авсан гэж ярьж байна. Энэ гэрээ Оч наран ХХК-д байгаа юм уу гэдэг тал дээр эргэлзэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ гэрээг хэрэгт хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Оч наран ХХК гаргаж байсан. Тэр дагуу нь бид нар Англи хэл дээр байсан гэрээг Монгол хэл рүү хөрвүүлээд хэрэгт хавсаргасан байгаа. Өөр нэг асуудал нь Голомт банк зээл олгочихоод манай талд мэдэгдээгүй. Манай талд мэдэгдээгүйгээс болоод манайх зээл авсан гэдгийг нь мэдээгүй. Үүнээс харахад Голомт банк нь хамтран ажиллах гэрээний аль аль заалтыг зөрчсөн талаар нотлох баримт шинжлэн судлахад дурдана. Зээлийн гэрээ, орлого барьцаалах гэрээ 2 дээр манай гарын үсэг байхгүй. Оюу толгой ХХК-д хуулбарыг нь ирүүлээгүй. Жишээ татахад Орлого барьцаалах гэрээний 2.15-д банк төлбөр төлөгч талд энэ гэрээг хамтарсан мэдэгдлийн хамт хүргүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл хамтарсан мэдэгдэл гэдэг зүйл тухайн үед хийгдэж байгаагүй. Харин сүүлд гаргаж өгсөн нотлох баримтаас харахад алдаагаа зассан байна лээ. Манай талаас бол гэрээний заалтаа биелүүлсэн. Голомт банк хамтран ажиллах гэрээний үүрэгт заасан хэд хэдэн заалтыг биелүүлээгүй. Манай компани зээл авсан гэдгийг мэдээгүй болохоор нэхэмжлээд байгаа мөнгийг төлөхгүй. Ингээд Голомт банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 3, 4 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбараа гаргасан гэв.
Хариуцагч Оюу толгой ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Голомт банк нь 2016 оны 07 сарын 04-ний өдөр "Оюу толгой" ХХК-тай байгуулсан ГБ/54 тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгон, "Оч наран" ХХК Голомт банкнаас зээл авсныхаа дараа "Оюу толгой" ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгож, Голомт банкны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг "Оч наран" ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Голомт банк баталгаажсан нэхэмжлэхээ ёс журмын дагуу Оюу толгой ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг даруулаад зээл олгох ёстой байсан. И-мэйлээр явуулсан гэж байна. Тэр и-мэйлээр юу явуулдаг вэ гэхээр хоёр байгууллага хоорондоо мэдэгдэл солилцдог. Сүүлд байгуулсан хамтран ажиллах гэрээн дээрээ өөртөө ашигтай байдлаар өөрчилсөн байна лээ. Оч наран ХХК бол хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг манай компаниас авсан. Тэрнээс хойш гэрээ цуцлагдсан учраас манай тал төлөх ёсгүй. Голомт банк 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Оюу толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу Оюу толгой ХХК Оч наран ХХК-ийн Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж чадна гэж Голомт банкны өмнө батлаагүй. Зээлээ төлж чадаагүй бол өр төлбөрийг төлөх талаар үүрэг хүлээгээгүй болно. Зээлийн болон зээлийн барьцааны гэрээний аль ч тал нь биш юм. Гэтэл Голомт банк Оюу толгой ХХК-иас Оч наран ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлбөл зохих өр төлбөрийг нэхэмжлэхийн зэрэгцээ зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн эрх үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь Голомт банк Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг Оч наран ХХК-иас шаардах байтал Оюу толгой ХХК-аас шаардаж байгаа нь талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Иймд Голомт банк, Оюу толгой ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг зөрчиж байгааг тогтоож, зээлийн болон зээлийн барьцааны гэрээний үүргийг Оюу толгой ХХК нь хариуцахгүй болохыг тогтоож өгнө үү. Оч наран ХХК Голомт банкнаас зээл авсны дараа Оюу толгой ХХК-иас төлбөр авсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Голомт банкнаас зээл авсаны дараа Оч наран ХХК ажилчдынхаа цалин хөлсийг тавих зорилгоор Оюу толгой ХХК-иас нэмэлт санхүүжилт хүссэн бөгөөд ийнхүү санхүүжилт олгох нь Оюу толгой ХХК-ийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг биш хэдий ч тус компани нь 841 639 291 төгрөгийг Оч наран ХХК-ийн Хас банкны дансаар шилжүүлсэн байдаг. Гэтэл Оч наран ХХК энэхүү фактыг хүлээн зөвшөөрдөггүй. Оюу толгой ХХК-иас өөрийн банкны зээлийг төлүүлэхийг оролдож байх тул уг асуудлыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай байна. Оч наран ХХК санхүүжилт хүлээн авсан нь дараах байдлаар нотлогдоно. Оч наран ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/550 тоот дугаар албан бичгээр Оюу толгой ХХК-иас 841 639 291 төгрөгийг Хас банкны 5000183122 тоот дансаар авах хүсэлт, e.barimt.mn хаягаас хэвлэсэн нэхэмжлэх ирүүлсэн. Оч наран ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2/39 тоот албан бичгээр дээрх орлогыг гэрээний үнийн дүнгээс суутган тооцохыг зөвшөөрсөн. Голомт банк, Оч наран ХХК-иас зээлийн өр төлбөр нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Оч наран ХХК уг төлбөрийг манайх хариуцан төлөх ёсгүй, бид Оюу толгой ХХК-иас төлбөр авах ёстой ба тэр төлбөр буюу манай банкны өр зээлийг Оюу толгой ХХК хариуцан төлөх ёстой гэсэн тайлбар шүүхэд гаргаж байсан. Уг хэрэг хаагдсан боловч Оч наран ХХК өнөөдрийг хүртэл шүүхэд зээлээ өөрсдөө хариуцан төлөх тухай, Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар байр сууриа илэрхийлээгүй байдаг. Тус компани ямар байр суурь илэрхийлэхээс үл хамааран Оюу толгой ХХК нь Оч наран ХХК-д маргаан бүхий төлбөрийн дүнг бүрэн гүйцэт төлсөн. Эдгээртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул үүсээд байгаа Оч наран ХХК-ийн банкны өр төлбөрийг Оч наран ХХК өөрөө хариуцан төлөх ёстой. Иймд Оч наран ХХК, Оюу толгой ХХК-иас маргаан бүхий төлбөрийг бүрэн авсан. Голомт банкны нэхэмжлэлийг дангаар бүрэн хариуцах этгээд Оч наран ХХК болохыг тогтоож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлээ 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан байна. 1 дүгээр шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай адилхан байна. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг анхаарах нь зүйтэй байх манай банк гэрээний заалт бичээгүй Оюу толгой ХХК бас гэрээний заалт бичээгүй байна. Харин сөрөг нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлага дээр тайлбар хэлэх нь илүүц байх. Хариуцагч хариуцагчийнхаа эсрэг сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнийг шүүх хэлэлцэх ч шаардлага байхгүй. Гэхдээ сөрөг нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлага дээр маргаан байдаггүй. Манай талаас хамтран ажиллах гэрээгээ зөрчөөгүй. Нотлох баримт шинжлэн судлахад тодорхой тайлбарлана гэв.
Хариуцагч Оч-Наран ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Очбаатарын өмгөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь тодорхойгүй байна. Ерөнхийд нь базаад хэлэхэд хариуцагч хариуцагчаасаа шаардах эрх байхгүй. Тиймээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Оч наран ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1 242 313 402.74 төгрөг гаргуулах,
Оюу толгой ХХК-д холбогдуулан Голомт банк "Оч наран" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орлого барьцаалах гэрээ болон Голомт банк, "Оюу толгой" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу барьцаалсан "Оюу толгой" ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч Оч наран ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй бол барьцаанаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч "Оюу толгой" ХХК зөрчсөн болохыг тогтоолгож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг,
"Оюу толгой" ХХК нь Голомт банкинд холбогдуулан Голомт банк нь 2016 оны 07 сарын 04-ний өдөр "Оюу толгой" ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох,
"Оч наран" ХХК-д холбогдуулан Голомт банкнаас зээл авсныхаа дараа "Оюу толгой" ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгож, Голомт банкны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг "Оч наран" ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Голомт банк нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Оч наран ХХК-тай зээл, орлого барьцаалах гэрээ байгуулсан. Голомт банк нь Оюу толгой ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу түүний ханган нийлүүлэгч Оч наран ХХК-д Оюу толгой ХХК-иас орж ирэх байсан авлагыг нь барьцаалан зээл олгосон. Хамтран ажиллах гэрээнд зааснаар нэхэмжлэх баталгаажсан ба зээлийн гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлэхгүй байх тул гэрээг цуцалж, үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг Оч наран ХХК-иас гаргуулж, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлав.
Хариуцагч Оч наран ХХК нь Оюу толгой ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 065 000 000 төгрөг авах байсан. Үүнийгээ барьцаалан Голомт банкнаас зээл авсан ба зээлийн төлбөрийг Голомт банк, Оюу толгой ХХК-иудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу Оюу толгой ХХК Голомт банкинд төлөх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Оюу толгой ХХК нь Голомт банк Оч наран ХХК-иудын хооронд зээл, барьцааны гэрээ байгуулагдсаныг бид мэдээгүй, Оч наран ХХК-иас өгсөн нэхэмжлэхийг албан ёсоор манай талаас баталгаажуулаагүй, бид Оч наран ХХК-д төлөх төлбөрөө Хас банкаар дамжуулан төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргав.
Хэргийн баримтаас дүгнэхэд Голомт банк болон Оч наран ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ЗГ3635111504 дугаартай зээлийн гэрээ, ЗГ3635111504 дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээнүүд байгуулагдаж, тус гэрээнүүдээр банк 958 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн ба барьцааны гэрээгээр CW2102773 дугаартай Оюу толгой ХХК-тай байгуулсан Ханбогд сумаас Оюу толгой хүртэлх зам барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт орж ирэх авлага болох 1 065 316 091.20 төгрөгийг барьцаалсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ3635111504 тоот зээлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул шүүхээс хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгч нь 958 000 000 төгрөгийг хариуцагч Оч наран ХХК-д шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариас үзвэл талууд зээл эргэн төлөлтийн хуваарийг баталсан, зээлийн гэрээнд үндсэн төлбөр, хүүг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөх, гэрээний 2.5-д зээлдэгч нь эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийн бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараахь өдрөөс эхлэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлнө гэж тус тус тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дууссан хэдий ч талуудын тохиролцсоны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.
Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан учраас нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний дагуу хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Оюу толгой ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ГБ/54 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан ба гэрээгээр Оюу толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчид төлөх төлбөрийг банк барьцаалж, ханган нийлүүлэгчид зээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох эсэхийг судлах, зээл олгосон тохиолдолд Оюу толгой ХХК нь ханган нийлүүлэгчид төлөх төлбөрийг Ханган нийлүүлэгчийн банкнаас авсан зээлийн төлбөрт төлөх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тохиролцжээ.
Хариуцагч Оюу толгой ХХК нь хариуцагч Оч наран ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн CW2102773 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Оюу толгой хүртэл 34 тэрбум төгрөгийн өртөгтэй 35.1 километр асфальтан хучилттай замын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээг байгуулсан ба 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Оч наран ХХК нь уг гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр болох /Milestone3/ №17/04 дугаартай нэхэмжлэхийн дагуу Оюу толгой ХХК-иас 1 065 316 091.20 төгрөгийн авлагатай байсан талаар болон дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалд талууд аль аль нь маргахгүй байна.
2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ГБ/54 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу Оюу толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч Оч наран ХХК нь Голомт банкнаас Оюу толгой ХХК-иас авах авлагаа барьцаалан 958 000 000 төгрөгийн зээл хүссэн үйл баримт тогтоогдсон.
Голомт банк нь хүсэлтийг хүлээн авч Оюу толгой ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу компани руу нэхэмжлэхийг баталгаажуулахаар гэрээний 2.5.1-т заасан албан тушаалтанд цахим хаягаар нь хүргүүлсэн ба нэхэмжлэхийг баталгаажуулсан талаараа хариуг цахим шуудангаар ирүүлсэн байна. /1 дүгээр хх-ийн 138 дугаар хуудас/
Гэрээнд заасан цахим шуудангаар харьцаж авлага барьцаалсан зээлийг олгосон нэхэмжлэгчийг хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх ба хариуцагч Оюу толгой ХХК-ийн төлөөлөгчөөс нэхэмжлэхийг баталгаажуулахдаа гарын үсэг зурж тамга дарагддаг гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Оюу толгой ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банкинд хүргүүлсэн албан бичгийн 1-т ...ОТ-с Ханган нийлүүлэгчид төлбөл зохих 1 065 316 091 төгрөгийн төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр баталгаажуулсан болно гэсэн байгаагаар нэхэмжлэх баталгаажсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ. /1 дүгээр хх-ийн 27 дугаар хуудас/
Дээрхээс дүгнэхэд Оюу толгой ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу барьцаалуулагчийн үүргийг хүлээх бөгөөд Голомт банк Оч наран ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Оюу толгой ХХК-иас авах авлага болох 1 065 316 091.20 төгрөгийг Оч наран ХХК барьцаалсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Ингэхдээ Оч наран ХХК нь зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгч Голомт банкинд сайн дураар төлөхгүй бол Голомт банк, "Оюу толгой" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ГБ/54 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу барьцаалсан "Оюу толгой" ХХК-иас Оч наран ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах авлагын хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах нь хуульд нийцнэ.
Хариуцагч Оюу толгой ХХК нь Голомт банкийг хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчиж байгууллагад мэдэгдэлгүй Оч наран ХХК-д зээл олгосон, Оч наран ХХК-д 17/04 нэхэмжлэхийн дагуу төлбөрийг 2017 оны 08 дугаар сард төлсөн гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан ба сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч Голомт банк, Оч наран ХХК-иуд нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.
Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, Оч наран ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02/41 дугаартай албан бичгээр №17/04 дугаартай нэхэмжлэхийн үнэ 841 639 291.42 төгрөгийг авсан талаараа тайлбарласан гэж үзэх хууль зүйн боломжгүй, уг мөнгө нь ажилчдын цалин байсан гэж Оч наран ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Оюу толгой ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж шүүх дүгнэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Оч наран ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 242 313 402.74 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг болон "Оюу толгой ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхээс хамтран ажиллах гэрээг дүгнэн маргааныг шийдвэрлэсэн тул Голомт банк "Оч наран" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орлого барьцаалах гэрээ болон Голомт банк, "Оюу толгой" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу барьцаалсан "Оюу толгой" ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч "Оюу толгой" ХХК зөрчсөн болохыг тогтоолгож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн А.Энхбаяр нь Голомт банкыг шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаалаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасан эрх бүхий этгээд гаргасан байна гэж шүүх үзсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6 527 467.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оч наран ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 6 527 467.01 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож, хариуцагч Оюу толгой ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 366 147 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Оч наран ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 242 313 402.74 /нэг тэрбум хоёр зуун дөчин хоёр сая гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун хоёр төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, Голомт банк "Оч наран" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орлого барьцаалах гэрээ болон Голомт банк, "Оюу толгой" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу барьцаалсан "Оюу толгой" ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч "Оюу толгой" ХХК зөрчсөн болохыг тогтоолгож хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцаалсан CW2102773 дугаартай Оюу толгой ХХК-тай байгуулсан Ханбогд сумаас Оюу толгой хүртэлх зам барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт орж ирэх авлага болох 1 065 316 091.20 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Нэхэмжлэгч Оюу толгой ХХК-ийн хариуцагч Голомт банк, Оч-Наран ХХК-д холбогдох Голомт банк нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Оюутолгой ХХК-тай байгуулсан ГБ/54 тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг, Оч наран ХХК Голомт банкнаас зээл авсныхаа дараа Оюу толгой ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг, Голомт банкны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг Оч наран ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тус тус тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6 527 467.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оч наран ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 6 527 467.01 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож, хариуцагч Оюу толгой ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 366 147 төгрөгийг улсын орлогод хэвээр хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА