| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/110 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох 2516000520084 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ****** хамт Говь-Алтай аймгийн ******* оршин суух хаягтай, урьд Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Д********** регистрийн дугаартай, Ж ургийн овгийн Ц-йн Б-.
Холбогдсон хэргийн талаар:
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц-ийн Б-г 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Т.Атай холбогдож Улаанбаатар хотоос тэжээл ачих гэж байна, Алтан тариа дээр очерт зогсож байна хямдхан тэжээл авмаар байвал гялс мөнгөө хийгээрэй гэж хуурч мөн өдөр 14 цаг 06 минутад Хаан банкны өөрийн эзэмшлийн 5305217504 тоот дансаар 1,600,000 төгрөгийг хохирогч Т.А-аас шилжүүлэн авсан, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 11 цаг 23 минутад 1,600,000 төгрөгийг Ш.А-ын данснаас А-гаас тэжээл үнэ гэх утгаар Хаан банкны өөрийн эзэмшлийн ************ тоот дансаар 1,600,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт манай машин очоод түлшгүй болчихсон байна, жолооч руу яриад тээврийн зардлаа хийгээрэй гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2,000,000 төгрөгийг Хаан банкны ************ тоот Л.Т-ийн эзэмшлийн данс руу шилжүүлэн залилсанхэмээн үзэж Эрүүгийн хуулийн17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгчЦ.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Т.Атай холбогдож Улаанбаатар хотоос тэжээл ачих гэж байна, Алтан тариа дээр очерт зогсож байна хямдхан тэжээл авмаар байвал гялс мөнгөө хийгээрэй гэж хуурч мөн өдөр 14 цаг 06 минутад Хаан банкны өөрийн эзэмшлийн 5305217504 тоот дансаар 1,600,000 төгрөгийг хохирогч Т.А-аас шилжүүлэн авсан, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 11 цаг 23 минутад Ш.А-ын данснаас А-аас тэжээл үнэ гэх утгаар Хаан банкны өөрийн эзэмшлийн 5305217504 тоот дансаар 1,600,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт манай машин очоод түлшгүй болчихсон байна, жолооч руу яриад тээврийн зардлаа хийгээрэй гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2,000,000 төгрөгийг Хаан банкны ********** тоот Л.Т-ийн эзэмшлийн данс руу шилжүүлэн нийт 5200000 төгрөгийг өөртөө авч Т.А-ийг залилсан үйл баримтууд тогтоогдож байна.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Уг үйл баримтууд нь зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын өмчлөлд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Б-гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Тэр үед өвс тэжээл зараад нааш нь татаж байсан үе. Тэр үед өвс тэжээлээ Баянхонгорт буулгаад хүнд өгчихсөн. 2 сарын дараа дахиж өвс тэжээл ачиж ирээд авах уу гэхэд авахгүй би мөнгөө гаргаж авна гэж хэлсэн... 06 дугаар сарын 20-оос хойш мал өгье гэж хэлсэн. Хохирогч хүлээн зөвшөөрсөн... Надад 500-аад тооны мал байгаа...Хохирлыг би хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн ангийн хүүхэд Б-д тэжээлийн мөнгө гэж 5 сая 200 мянган төгрөг шилжүүлж залилуулсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргасан. 2023 оны 09 сарын 20-ны өдөр 10 жилийн ангийн залуу болох Б-д өөрийн данснаас анх 1 сая 600 мянган төгрөг шилжүүлсэн дараа нь Адьяабазар гэж ахынхаа данснаас 1.600 мянган төгрөг дараа нь 2023 оны 09 сарын 29-нд 2.000.000 сая төгрөг ингээд нийт 5 сая 200 мянган төгрөг шилжүүлсэн. Надад тэжээл авчирч өгнө тэжээл авах гээд оочирлоод зогсож байна гэж над руу ярихаар нь би 5 сая 200 мянган төгрөг шилжүүлсэн. Хаан банкны дансаар шилжүүлсэн. Мөнгө төгрөгөө бол бэлэн энэ тэр өгөөгүй. Бүгд одоо баримттай. Хаан банкны дансаар интернэт банкаар шилжүүлсэн. Хаан банкны ******* гэсэн данснаас шилжүүлсэн. За мөн А-ын сая 600 мянган төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. За шаардлагатай гэвэл Адьяабазарын дансыг одоо асуугаад мэдэж болно. Энэ цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл гомдол дээрээ хавсаргачихсан байж байгаа. Адьяабазарын ********* гэсэн данснаас сая 600 мянган төгрөг. Гүйлгээнийх нь утга дээр Алтанхуягаас тэжээлийн үнэ гэж шилжүүлсэн байгаа. Би 3 сая 200 мянган төгрөг ********* гэсэн хаан банкны Б-гийн данс руу шилжүүлсэн. Сүүлийн 2 сая төгрөгийг *********** гэсэн хаан банкны данс руу тээврийн зардал түлшний үнэ хийх гэж гээд Баянхонгор дээр манай машин очоод түлшгүй болчихсон байна аа. Тэгээд түлшний үнэ хийх гэсэн юм аа гэж надтай ярьсан: Манай жолооч байгаа. Энэ жолооч руу яриад тээврийн зардлаа хийгээдэх ээ, үлдэгдэл мөнгөө хийгээдэх ээ гээд шилжүүлсэн юм. Өмнө нь болбол 10 жилийн ангийн л хүүхэд. Нэг их тийм сүрхий дотно биш ээ. За ангийн хүүхэд гэдгээрээ л таньдаг. Тэгээд хааяа нэг аймаг дээр таарахаараа ангийн хүүхэд болохоор мэндтэй устай байдаг. Тэгээд намайг бас морь мал уядгийг мэдэж байгаа. Тэгээд над руу яриад одоо Улаанбаатар хотоос тэжээл ачих гэж байна аа. Алтан тариа дээр одоо ингээд очер нь зогсчихсон байна аа. Чи тэжээл авбал гялс мөнгөө хийгээдэх гээд. Тэгээд би мөнгө хийсэн юм. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй өөрт нь ярихаар худлаа яриад Тэгээд одоо шөрмөсөө авахаа байгаад одоо миний фэйсбүүк хаягийг блоклочихсон байна лээ. Мөнгө төгрөгөө л олоод авбал өөр гомдол санал алга"... гэх мэдүүлэг, /хх-ийн 86-88- тал/,
Гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би А гэх хүнийг танина. Манай эхнэрийн төрсөн дүү байгаа юм. Би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1.600.000 төгрөгийг өөрийнхөө 5315152101 дугаартай данснаас ********* дугаарын Б- гэсэн данс руу А-аас тэжээл үнэ гэсэн утгатай мөнгө хийсэн юм. Тухайн мөнгийг манай хүр дүү А адуу малдаа тэжээл өгнө тэгээд хямдхан 16.000 төгрөгөөр зарж байгаа юм байна гэж хэлээд надаас 1.600.000 төгрөг авсан юм. Би Б- гэх хүнийг огт танихгүй. Би энэ талаар мэдэхгүй, манай дүү А энэ хүнийг тэжээл зарж байгаа гэж байсан. Би А-т 1.600.000 төгрөгийн өртэй байсан. Тухайн Б- гэх хүний */******** данс руу хийлгэж авсан. Надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-43-р тал/
Гэрч Л.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.Б- манай найз байгаа юм. Би хаан банкны ********** тоот данс эзэмшдэг. Би найз Ц.Б-н хамт Улаанбаатар хотоос өвс тэжээл ачаад Говь-Алтай аймаг руу гарахад манай найз яриад мөнгө аваадахъя гэж хэлээд миний дансыг тэр ярьсан хүндээ өгч, миний данс руу 2.000.000 төгрөг орж байсан...тэгсэн чинь манай найз Б- энэ мөнгийг өсгөхгүй бол болохгүй байна гээд нэг утсаараа мөрийтэй тоглоом тоглосон. Би тэр мөнгийг нь 800.000, 1.200.000 төгрөгөөр 2 хувааж тоглоомын данс руу хийж өгсөн. Машин тэрэг нь янзлагдахгүй 3 хоноод би ажлаа бодлоо гээд Говь-Алтай аймаг руу явсан...” гэх мэдүүлэг, / хх-ийн 96-97-р тал/,
2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ********* дугаартай Хаан банк ХХК-ны албан бичиг, Ц-йн Б-н эзэмшлийн ********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *********** тоот дансны эзэмшигч Ш.Аын дансны дэлгэрэнгүй хуулга, *********** тоот дансны эзэмшигч Т.Аийн дансны дэлгэрэнгүй хуулга, ********* тоот дансны эзэмшигч Л.Т-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 15-46-р тал
2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн ахлах дэслэгч Б.Нарангэрэлийн *********** тоот дансны эзэмшигч Ш.Аын дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 47-р тал/
2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн ахлах дэслэгч Б.Нарангэрэлийн Ц-йн Б-н эзэмшлийн *********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 48-49-р тал/
2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн ахлах дэслэгч Б.Нарангэрэлийн 5057655626 тоот дансны эзэмшигч Л.Т-ийн дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 50-51-р тал/,
Хохирогч Т.А-аас Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, 1,600,000 төгрөг шилжүүлсэн мэдээлэл, интернэт банкны хуулбар, /хх-ийн 5-8-р тал/,
Хохирогч Т.Ааас Цагдаагийн газарт гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэх хүсэлт /хх-ийн 114-р тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Залилах гэмт гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана. Хохирогч гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө болон эзэмших эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байдгаараа ил хулгай болон иргэдийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг ашиглах гэмт хэргүүдээс ялгагдана.
Хуурч мэхлэх гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ.
Шүүгдэгч Ц.Б- нь хохирогч Т.Аийг урьд таньдаг байсан бөгөөд хямдхан тэжээл авах гэж байнагэж хохирогчийн эрэлт хэрэгцээг далимдуулж хуурч 2 удаагийн үйлдлээр 3,200,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан, мөн уг тэжээлийг ачиж яваад машины түлшгүй боллоо гэж дахин өөр хүний дансаар 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч улмаар уг мөнгөөрөө цахим тоглоом тогложээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Ц.Б-гбусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байх ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарзүйлчлэгдэнэ.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд шүүх хуралдаандшүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Т.А-т 5,200,000 төгрөгийн хохирол учирчөнөөдрийн байдлаар хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ц.Б-гөөс 5,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.А-т олгох нь үндэслэлтэй байх бөгөөд хохирогч Т.А нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэж шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” санал дүгнэлт гаргасан. Шүүх шүүгдэгч Ц.Б-д торгох ял оногдуулах нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо одоо болтол төлөөгүй байгаа мөн цахим тоглоом тоглодог зэрэг нөхцөл байдлыг харгалзан өөр төрлийн ял оногдуулах нь тохиромжтой гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөнбайдал зэргийг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.
Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйболохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж ургийн овгийн Ц-ийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгонөмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 270 /хоёр зуун далан/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыгшүүгдэгч Ц.Б-д мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-гөөс нийт 5,200,000 /таван сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ат олгосугай.
6. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 5. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА