Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/116

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Ө.Манзушир

Иргэний нэхэмжлэгч Т.Т/цахимаар/

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.А холбогдох 2416000630020 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****** хамт Говь-Алтай аймгий ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д********* регистрийн дугаартай, З ургийн овогт Д-ийн А.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн...Би 2022 оны 09 дүгээр сарын 13-наас В ХХК-ны Говь-Алтай аймаг дахь худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. 2023 оны 08 дугаар сард ажлаа хүлээлгэж өгсөн. “Б” дэлгүүрийн 740.000 төгрөгийг өөрийн дансанд аваад 2025 оны 02 дугаар сард буцааж төлсөн байгаа...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч Д.А улсын яллагч болон иргэний нэхэмжлэгчийн асуултад хариулахдаа: Түгээлтийн жолооч Б-той ажилладаг байсан. 2023 оны 01 дүгээр сард А гэдэг түгээлтийн жолоочтой 4 сарын хугацаанд хамт ажилласан. 728.700 төгрөгийн хохирлыг буцааж төлсөн...2023 оны 08 дугаар сард Г дэлгүүрт 8 сая орчим төгрөгийн бараа өгсөн. Тухайн сардаа ажлаасаа гарахдаа тооцоо нийлсэн... 2023 онд байгаа. 10 дугаар сард нь энэ дэлгүүр тооцоогоо хийгээгүй байна яваад уулзаадах гэсэн. Нягтлан Ө-тэй хамт очиж уулзсан. Тэгэхэд хугацаа дууссан бараа байгаа тэрийгээ буцаалтаар ав тэгж байж тооцоо хийнэ гэсэн. Тэгээд 500.000 гаруй төгрөгийг буцаалтаар авсан. Хугацаа дууссан барааг над дээр нэхэмжлэхээр гаргасан байсан...Хугацаа дууссан барааг буцаалтаар аваад над дээр авлага үүсгэсэн. Над дээр үүсгэсэн байсан учраас би 08 дугаар сарын 28-нд төлсөнгэв.

Иргэний нэхэмжлэгч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А нь 202 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сард асуудал үүсэж ажлаас халагдсан. Тухайн асуудал нь манай компанид ажиллаж байх хугацаандаа захиалга хүргэж өгөхдөө хүргэж өгсөн барааны тооцоог манай компанийн данс руу биш өөрийн дансаар шилжүүлэн авсан нь тодорхой болсон. А нь өөрийн барааг хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөр мөнгийг өөрийн данс руу хүлээн авдаг байсан ба тухайн бараа захиалсан дэлгүүрээс төлбөр тооцооны асуудалтай байгаа талаар хэлэхэд А гэх худалдааны төлөөлөгч барааг авчирч өгөөд мөнгийг нь энэ данс руу хийчих гэж хэлээд өөрийн данс руу хийж байсан.  Энэ талаар Ааас асуухад би өөрийн дансаар авдаг байсан гэж хэлсэн. Энэ тухай мэдээд энэ талаар анхан шатны шүүхэд хандсан. Тэгэхэд манай компанид 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан байсан.  Анхан шатны шүүхээр ороод шийдвэр нь гарсан. Төд удалгүй араас дахин 7.486.230 мянган төгрөгийн хохирол дахин гарч ирсэн. Манай компанийн зүгээс цагдаагийн байгууллагад хандаж байна....Манай байгууллагад нийт одоогийн байдлаар 7.486.230 мянган төгрөгийн хохирол учруулсан....2023 оны 08 дугаар сард халагдсанаас хойш манай албан ёсны ажилтан байхаа больсон....Энэ талаар хэд хэдэн удаа утсаар  хэлсэн.  А ‘’За ойлголоо’’ гэх хэлээд өөр зүйл хэлдэггүй. Төлбөр төлж чадах нь тодорхойгүй хөдөө малтай гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 166-167-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх цагдаагийн байгууллагад 7 сая төгрөгийн хохирол барагдуулж өгнө үү гэж гомдол гаргасан. Мөрдөн байцаагч, Д.А хоёр айлуудаар явж эсхүл өмнөөс нь төлсөөр байгаад таны тогтоолоор Б дэлгүүрийн 728.200 төгрөгийг завшсан гэж тогтоогдсон байгаа. Түүн дээр албан тушаалын байдлаа ашиглаж буюу 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар явах ёстой гэсэн байр суурьтай байгаа...Гүйцэтгэх захирлаас төлөөлөөд явуулсан санхүү болон мөнгийг захиран зарцуулах эрх олгоод явуулсан. Гэтэл тэр эрхийг өөртөө давуу байдал олгоод завшаад өөрийн дансанд аваад байгаа үйлдэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж болохоор байгаа...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс

Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хувиараа Гурван-Эрдэнэ гэх нэртэй дэлгүүр ажиллуулдаг.....Манай дэлгүүр В компанитай гэрээ хийсэн зүйл байхгүй .... Гоё тараг, Гэр тараг, сааль сүү гэх нэртэй сүүнүүд авч борлуулдаг....Хальт танина сайн бол танихгүй.... Манай дэлгүүр зээлээр авдаг. Дараа нь сар бүрийн 20-нд нийт тооцоогоо хийдэг тэгэхдээ зарим үлдэгдлийг нь бэлнээр өгдөг.....Тухайн хариуцсан ажилтан нь л авдаг. Ачитаа гээд залуу байдаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 170-171-р хуудас/,

Гэрч Д.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Mанайх дэлгүүрээ 2022 оны 11 дүгээр сараас эхэлж ажиллуулж эхэлсэн .... Албан ёсны  гэрээ байхгүй. Витафит милк компани сумуудаар явж түгээлт хийдэг. Түгээлт хийж явахад нь бараа материалаа авдаг....Ус ундаа худалдан авч борлуулдаг ....Tүгээлт хийж ирдэг болохоор хагас дутуу танина. Бүүр сайн бол танихгүй....Түгээлт хийж явсан залуу болох А авсан ус, ундааныхаа төлбөр 728.700 төгрөг хийсэн....Гүйлгээ хийхэд дансны хүлээн авагч нь Д А гэсэн данс байсан....”  гэх мэдүүлэг, /хх-ийн 174-175-р хуудас/,

Гэрч Ж.Г-йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байрлах С нэртэй дэлгүүрийн эзэн мөн. Тухайн хүнсний дэлгүүрээ 2010 онд нээж одоо болтол үйл ажиллагаа явуулж байгаа .... Манай дэлгүүр тухайн компаниас сүү сүүн бүтээгдэхүүн ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч борлуулдаг. Тухайн компаниас 2021 оноос хойш бараа бүтээгдэхүүн худалдан авч борлуулж байгаа...За би тухайн А гэх залууг зүс танина аа. Сүүлд тухайн компанийн барааг түгээдэг болсон байсан .... манай дэлгүүрт 3-4 удаа л орж ирсэн байх ....Тухайн байгууллагын дансаар л авсан бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг эргүүлж хийдэг. Манай дэлгүүр 800041 гэсэн кодтой санагдаж байна.....Би ийм дүнтэй мөнгийг тухайн байгууллагын дансаар хийсэн. Сайн санахгүй байна ундааны төлбөр байсан санагдаж байна. Тэгээд тухайн компаниас над руу ярьсан ийм дүнтэй мөнгө төлөгдөөгүй байна гэж ярисан би тухайн мөнгийг шилжүүлсэн байна гээд тухайн үед он сартай нь харж байгаад хийсэн гэхэд нэг эмэгтэй хүн байсан за эгч ээ тухайн мөнгө төлөгдсөн байна гэж ярьсан....би сайн бол санахгүй байна 2023 оны намар л байсан санагдаж байна....Сайн мэдэхгүй байна .... тухайн үед падан гарсан л байх ….”  гэх мэдүүлэг,   /хх-ийн 181-182-р хуудас/,

Хаан банк ХХК дахь Д.А-ын эзэмшлийн ********* тоот харилцах дансны 2023 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хуулга,, /хх-ийн 50-59-р хуудас/,

2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хаан банкны  Д.А-ын эзэмшлийн 5302408160 тоот харилцах дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,   /хх-ийн 58-59-р хуудас/, зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Улсын яллагч болон иргэний нэхэмжлэгч нарын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь  “В” ХХК-ны Говь-Алтай аймаг дахь худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа тус компанийн итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” гэх нэртэй хүнсний дэлгүүрт 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зарж борлуулан улмаар угэд хөрөнгийн үнэ 728.700 төгрөгийг өөрийн Хаан банкны эзэмшлийн ********** тоот харилцах дансаар шилжүүлэн авч өөртөө авсан үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.А нь нь  “В” ХХК-ны Говь-Алтай аймаг дахь худалдааны төлөөлөгчөөр 2022 оны 9 сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 сарын 28-ны өдрийн хооронд ажиллаж байсан болох нь тус “В” ХХК-ны захиралын тушаалуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Д.А-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт зааснаар ажилд авч, мөн хуулийн 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Шүүгдэгч Д.А нь борлуулалтын албаны худалдааны зөвлөх ажилтай байсан бөгөөд уг компаний бараа бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, дэлгүүр,худалдааны төвүүдэд борлуулах үүрэгтэй этгээд бөгөөд ажилд томилсон тушаалаас үндэслэхэд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байна.

 

Завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар олж авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж эхэлснээр төгсгөл болдог.

 

Шүүгдэгч Д.А нь “В” ХХК-ны бараа бүтээгдэхүүнийг Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” гэх нэртэй хүнсний дэлгүүрт 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зарж борлуулан улмаар уг эд хөрөнгийн үнэ 728.700 төгрөгийг өөрийн Хаан банкны эзэмшлийн ********* тоот харилцах дансаар шилжүүлэн авч өөртөө авсан нь завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд Прокуророор зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна .

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэгчийн зүгээс Д.А-ын үйлдлийг албан тушаалын байдлаа ашигласан гэж мэтгэлцэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Уг компаний зүгээс шүүгдэгч Д.Аыг борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажилд томилон авсан бөгөөд уг компаний зүгээс Д.Атай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллажээ. Өөрөөр хэлбэл худалдааны төлөөлөгч нь албан тушаалтан биш болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэдэг нь гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгч Д.Аын хувьд аж ахуйн нэгж байгууллага, дэлгүүрт эд хөрөнгийг борлуулж улмаар төлбөрийг өөрийн дансанд бус тус компаний дансанд хийлгэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийн дансанд төлбөр тооцоог авах эрхтэй хир нь уг бүрэн эрхийг хууль бусаар ашиглаж шамшигдуулсан тохиолдолд албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 728,700төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.А нь “В” ХХК-д уг хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Аыг 6 сарын  хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийгтус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З ургийн овогт Д-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.А-т танилцуулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.  Энэ хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА