Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/02515

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2022       08         16                                               182/ШШ2022/02515

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЧДХ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 462,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч В.Э, Н.Ү, гэрч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н  нь үндэслэлгүйгээр авсан 462,000 төгрөгийг хариуцагч ЧДД-нхэлтсээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Д.Н надруу 2019 онд 99178227 дугаартай утаснаас ЧДХ-н байцаагч н.Ариунаа гэж өөрийгөө танилцуулан 3-4-н удаа ярьж, “танай М  ХХК нийгмийн даатгалд 462,000 төгрөгийг төлөөгүй байна. Төлөх шаардлагатай, төлөөгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх болно” гэсэн. Тухайн үед нь би “надад хамаагүй, би М  ХХК-ийн гишүүнчлэлээс 2005 онд өргөдөл өгөөд ажиллахгүй удаж байна” гэж хариулахад, өөдөөс “2005 оноос 2016 он хүртэл С.Г  гэдэг хүн тайлан тооцоо татвараа төлж байгаад одоо олдохгүй байна, та төлөхгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ, хүү, алданги гээд нэмэгдэнэ шүү дээ” гэсэн. “Та нар төрийн ажил хийж байгаа болохоор тэр С.Г  гэдэг хүнээ олоод төлүүлж болдоггүй юм уу? Танайхтай тайлан тооцоо хийж харьцаж байсан болохоор хаяг, утасны дугаар бүх юм нь байдаг биз дээ?” гэхэд “бид хайж явах шаардлагагүй, та л төл” гэсэн. Би тухайн үед ЧДД-нбайцаагч н.Ариунааг яриад байхаар төрийн албан хаагчийг хүндэтгээд хуулийг сайн мадэхгүй тул 3 хуваагаад ЧДД-ндансанд 462,000 төгрөг тушаасан.

1.2.2022 оны 03 дугаар сарын 10-нд харьяаллын дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хандаж өргөдөл гаргасан. “М ” ХХК-ийн хуулга гаргуулан авахад Д.Н  2005 оны 11 дүгээр сарын 30-нд М  ХХК байгуулсан, 2006 оны 03 дугаар сарын 09-нд “М ” ХХК-иас болон Д.Н  өргөдөл гарган “ОВ ”  ХХК-д дүрмийн сангийн 100 хувь буюу 100 ширхэг хувьцааг шилжүүлэн, Улсын Бүртгэлийн Албанд “М ” ХХК-иас “ОВ ” ХХК-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Хүсэлтийг үндслэн Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар “Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 87 тоот тушаалын хавсралтаар

“2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 35/9011009045 тоот Татвар төлөгчөөс хассан тодорхойлолтод Татварын албаны нэр, Чингэлтэй дүүрэгт улсын бүртгэлийн 35/9011009045 дугаартай, 5032199 тоот регистрийн дугаартай, нэртэй ХХК /ХАСАВ/. Татвар хураалтын хэлтэс, тасгийн татварын улсын байцаагч М.Алтангэрэл” гэжээ. Тухайн онд надад хариу мэдэгдээгүй.  

ЧДД-нхэлтсийн Ня-бо н.Энх-Амгалан, байцаагч н.Үүрцайх нараас асууж тодруулахад “М  ХХК чинь ямар ч татварын тооцоогүй төлөгдсөн байна, таны нэр ажилчдын нэрсэн дунд алга байна” гэсэн хариу хэлсэн.

Иймд Д.Н  би 2004 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр татвар төлөгчөөс хасагдсан тул нийгмийн даатгалд 2019 онд 462,000 төгрөг үндэслэлгүй төлсөн. ЧДХ-т  төлсөн 462,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ЧДД-нхэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1 Тус хэлтэстэй харилцагч “М ” ХХК нь ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 462,000 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэж, уг зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдсөн.

Дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр “М ” ХХК-д ЧДД-нхэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 07  дугаар сарын 04-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай 0000160 тоот албан шаардлага, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Тухайн аж ахуйн нэгж  байгууллага нь шимтгэлийн өр төлбөрийг төлж барагдуулаагүйгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 “Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг”-ийг тус тус зөрчиж байсан.

2.2.“М ” ХХК нь дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 462,000  төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 342,000 төгрөг, 2019 оны 06 сарын 31-ний өдөр 120,000 төгрөгийг тус тус төлж, барагдуулсан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаан дээр “М ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, захирал Д.Н  гэдэг хүн бүртгэлтэй байсан тул дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 462,000 төгрөгийг төлж барагдуулах, хууль зүйн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 957 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол /хх5-6/

3.2.Д.Н гээс “М ” ХХК-д 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөл /хх7/

3.3.Д.Н н иргэний үнэмлэхийн хуулбар /хх8/

3.4.”М ” ХХК-ийн 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06/07 дугаартаай ҮТЕГ-ын харьяа Улсын бүртгэлийн албанд гаргасан хүсэлт /хх9/

3.5.Үндэсний татварын албаны Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл /хх10/

3.6.Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татвар төлөгчөөс хассан тодорхойлолт /хх11/ зэрэг баримт

 

4.Хариуцагч ЧДД-нхэлтсээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1.ЧДД-нхэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0000160 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага /хх30/

4.2.”М ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх33/ зэрэг баримт

 

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

5.1. ”М ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх35/

5.2.Эрх шилжүүлэх гэрээ /хх36-39/

5.3.”ОВ ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх40-41/

5.4.”М ” ХХК-ийн 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06/07 дугаартай Компанийн хувьцаа худалдах тухай Захирлын тушаал, 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06/05 дугаартай Компанид гишүүн нэмэх тухай тушаал, 06/05, 06/07 дугаартай Хүсэлт гаргах тухай, Бүх гишүүдийн хурлын 02 дугаартай тэмдэглэл, Дүрмийн санд оруулах хөрөнгийн жагсаалт, Компанийн дүрэм /хх42-55/

5.5.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 806 дугаартай дүгнэлт /хх55-56/

5.6.Д.Н н 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл /хх57/

5.7.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр /хх58/

5.8.2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай Хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах тухай шийдвэр /хх59/

5.9.”М ” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас, Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Н н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 2.Нэхэмжлэгч нь “Хариуцагч ЧДД-нхэлтэс нь үндэслэлгүйгээр 462,000 төгрөгийг надаар төлүүлсэн. Миний бие Оросын иргэний хүсэлтээр “М ” ХХК-ийг үүсгэн байгуулаад “ОВ ” ХХК-д хувьцаагаа бүрэн шилжүүлсэн байхад 462,000 төгрөгийг төлүүлсэн нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь “М  ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.Н  байсан тул тэрээр тус компанийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь үндэслэлтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай Хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах тухай шийдвэрээр "1 гишүүнтэй хязгаарлагдмал хариуцлагатай "М " нэртэйгээр үүсгэн байгуулж, компанийн захирлаар Д.Н г томилох"-оор шийдвэрлэж, тус компанийн дүрмийг баталжээ. /хх59, 51-54/

 

4.2."М " ХХК-ийн Захирлын 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06/07 дугаартай тушаал болон Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд дурдсанаар компанийн гишүүн "ОВ " ХХК-д 100 ширхэг хувьцааг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэгч Д.Н  нь тус компанийн гишүүнээс хасуулах хүсэлтийг “М ” ХХК-д гаргасан байна. /хх42-48/

 

4.3. ЧДД-нхэлтсээс ”М ” ХХК нь 2016 оны 07 дугар сарын 04-ний өдрийн байдлаар 462,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй үндэслэлээр бүрэн төлж барагдуулах тухай Улсын байцаагчийн албан шаардлага 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гарчээ. /хх30/

 

Улмаар тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.Н  гэсэн байна гэх  үндэслэлээр түүнийг дээрх өр, төлбөрийг төлөхийг шаардсан гэж хариуцагч тайлбарласан, харин нэхэмжлэгч “уг компанитай хамааралгүй боловч төрийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэхгүйгээр өр төлбөрийг төлсөн” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хэдийгээр “М ” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд “Д.Н ” гэсэн байх боловч тэрээр тус компанид ажилладаггүй, хамааралгүй, компанийн гүйцэтгэх захирал биш болохыг гэрч С.Г  мэдүүлж байх ба тэрээр “М ” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг байсан, компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргаж, холбогдох газарт хүргүүлдэг, компанийн захирал Бутюгов С.В нь ОХУлсруу яваад одоог хүртэл буцаж ирээгүй, компанийн үйл ажиллагаа зогссон тул 462,000 төгрөгийн өртэй үлдсэн гэж мэдүүлсэн. Гэрч С.Г  нь “М ” ХХК-д нятлан бодогчоор ажиллаж, дээрх тайлан гаргаж байсан талаарх мэдүүлэг нь Нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас гэх баримтад тусгагдсан нэр, гарын үсгээр нотлогдож байна. Иймд гэрч С.Г ийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж дүгнэв.

 

4.4.Д.Н  нь “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, энэ компанид ажил албан тушаал эрхэлдэгггүй байх тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэх хэсэгт нэр нь байгаа үндэслэлээр дээрх компанийн өмнөөс өр төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар  зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч ЧДД-нхэлтсээс  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 462,000 төгрөгийг гаргуулж, Д.Н д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 14,510 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын тул 14,510 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар  зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч ЧДД-нхэлтсээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 462,000 төгрөгийг гаргуулж, Д.Н д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЧДД-нхэлтсээс 14,510 төгрөг гаргуулж, Д.Н д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ