Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 608

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00070 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч З.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б  би З.Б-д 8 сая төгрөгийг үндсэн зээл болон зээлийн хүүд нэг ч төгрөг аваагүй. З.Б анх авахдаа 8 хувийн хүүтэй зээлж авсан. Энэ мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны хооронд цувуулан төлж барагдуулна гэсэн гэрээний үүргийнхээ биелэлтийг биелүүлээгүй тул үндсэн 8 сая төгрөгөө нэхэмжилж байна. Д.Б-с З.Б 8 сая төгрөг зээлсэн. Удалгүй Д.Б  хилсээр чанга дэглэмтэй шоронд орж, 3.1 жил ял эдэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 8 сая төгрөгийг 2018 онд багтаагаад өгнө гэж З.Б өөрөө бичиг хийж өгсөн. Үүнээс хойш 8 сая төгрөгөө авахаар ярилцсан байдаг. Хоорондоо ярилцсан яриагаа бичиж хуулсан. Бичлэгт буусан яриа дээр З.Б би өгнө гэхдээ чи шүүхэд намайг өгсөн. Тэрэнд чинь би гомдоод аваагүй гээд хэлсэн гэж бичигдсэн байгаа. Мөнгө авсан нь тодорхой, гарын үсэг зурснаар тогтоогдсон гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б би Д.Б-с дансаар болон бэлнээр ямар ч мөнгө аваагүй, шалгаж болно. Энэ 8 000 000 төгрөгийг миний эхнэр Д.Болорчулуунаас нэхэмжилж уг хэрэг нь нотлох баримтгүй гэж хэрэгсэхгүй болсон тогтоолын хуулбарыг хавсаргав. Мөн энэ 8 000 000 төгрөгөөр намайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст өгсөн шалгагдаж байгаа. Би 8 000 000 төгрөгийг бэлэн болон дансаар аваагүй. Шоронд ял эдэлж байхад н.Дархисүрэн, эхнэртэйгээ хамт энэ хүний төлөө явсан. Манай эхнэрээс 32 сая төгрөг авахаар шүүхэд хандсан. Тэр дунд 8 000 000 төгрөг байсан. Эцэст нь хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо надаас 8 000 000 төгрөг авахаар давхар нэхэмжилж байна. Шоронд байхад нь эргэж очдог байсан. Очиход намайг эргээд бай таныг шагнах болно гэж хэлдэг байсан. Одоо ийм байдалтай байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч З.Б-с 8 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч З.Б-с 142 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч З.Б миний эхнэр Б.Болорчулууны төрсөн дүү Б.Дархисүрэнтэй 2006 оноос хойш хамтран амьдарч байсан бөгөөд Б.Болорчулуун нь нэхэмжлэгч Д.Б, Б.Дархисүрэн нараас 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөнгө зээлж, зээлтэй холбоотойгоор хариуцагч миний эзэмшлийн Тоёото маркийн УНИ 52-88 улсын дугаартай автомашиныг зээлийн баталгаа маягаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болно. Б.Болорчулуун нь нэхэмжлэгч Д.Б-с авсан зээлийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч Д.Б  нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр суллагдан гарч ирсэнээс хойш хамтран амьдарч байсан Б.Дархисүрэнтэй таарамжгүй, хүүхдүүдийг нь зоддог, байнга мөнгө нэхэж зовоодог байсан тул арга буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн баримт /хх-3 тал/-д гарын үсэг зурсан. Хариуцагч З.Б миний бие нэхэмжлэгч Д.Б-с 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 8 000 000 төгрөгийг зээлсэн, нэхэмжлэгчээс мөнгө огт хүлээн аваагүй болно. Нэхэмжлэгч Д.Б  нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч З.Б-ын эхнэр Б.Болорчулуунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32 750 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01215 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Д.Б  нь Б.Болорчулуунд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч миний эзэмшлийн автомашиныг Б.Болорчулуунд зээлсэн 8 000 000 төгрөгийн зээлийн баталгаа болгох маягаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан талаар тодорхой дурдсан байдгаар нэхэмжлэгч Д.Б-с 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 8 000 000 төгрөгийг зээлээгүй болох нь нотлогдоно. Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч миний өмчлөлд мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн баримтын /хх-3 тал/ дагуу шилжүүлсэн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд нотлоогүй байхад анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчид 8 000 000 төгрөгийг зээлдүүлсэн болохоо нотлож чадаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч З.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч нь “З.Б миний бие Д.Б-с 8 сая төгрөг авсан, уг мөнгийг 2017-2018 оны хооронд цувуулан төлж барагдуулна” гэх агуулга бүхий баримтад гарын үсэг зуржээ. Уг баримтын агуулгаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн 8 000 000 төгрөгийг хэдийд хэрхэн төлөх талаар баримт үйлдэж 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагчийг уг үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвар, чадамжтай хүн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэж өгсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

                                                                                                                                /хх-48 дах тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн бичгийг буюу мөнгө хүлээн авсан тухай баримтыг нэхэмжлэгчийн дарамт шахалтад хийсэн, өөрийнх нь хүсэл зориг байгаагүй болохыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө баримтаар нотлох үүрэгтэй ба дээрх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагч З.Б-с 8 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ