| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 132/2017/0038/Э |
| Дугаар | 00042 |
| Огноо | 2017-03-21 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 00042
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Ц.*******,
шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дагвадожийн *******д холбогдох эрүүгийн 201706000048 дугаартай, 132/2017/0038/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чавдартай ******* овгийн *******ийн ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.*******ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Д.*******гийн өгсөн: Хэрэг бүртгэлтийн шатанд болсон үйл баримтыг үнэ зөв мэдүүлсэн байгаа. Дахин ярьж хэлэх зүйлгүй гэв.
Хохирогч Ц.*******ын өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр намайг малдаа явж байхад тээврийн хэрэгсэл зогсож байсан бөгөөд жолооч нь намайг дуудсан. Намайг тээврийн хэрэгсэлд ороход тээврийн хэрэгслийн жолооч *******, ******* нар 0.75 литрийн архи ууж байсан ба архинаас уусан. Үүний дараа би ******* ахыг манайд ирээрэй гэж хэлсэн. Тэд манайд ирсэн бөгөөд би 1 шил архи гаргаж өгсөн. Тэр архийг ******* ах бид хоёр уусан. Намайг бие засахаар гарахад ******* ах тээврийн хэрэгсэлд пиво байгаа, түүнийг хамт ууя гэж хэлсэн. ******* ах бид хоёр пивыг уусан. ******* ах жолооч *******г дуудаад хамт сумын төв рүү явъя гэж хэлсэн. Ингээд бид нар сумын төв рүү хамт явсан бөгөөд замдаа ******* ах бид хоёр маргалдсан. ******* бид хоёрыг маргалдахад жолооч ******* тээврийн хэрэгслээс буугаад маргалд гэж хэлсэн. ******* ах бид хоёр тээврийн хэрэгслээс буугаад маргалдсан бөгөөд ******* ах намайг цохьсон. Бид буцаад тээврийн хэрэгсэлд суугаад сумын төв рүү явсан бөгөөд замдаа дахин маргалдсан. Намайг зугтаахаад тээврийн хэрэгсэлтэй хөөж ирээд намайг цохьсон. ******* ах миний толгой дээр дэвссэн. Би ******* ахад сумын төв орж архи авч өгье гэж хэлсэн. Сумын төв ороход би таньдаг найзтайгаа тааралдаж зодуулсан талаар хэлж цагдаа дуудсан. Би маргааш нь Орхон аймаг руу явж эмнэлэгт үзүүлсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би бага зэрэг гомдож байна гэв.
201706000048 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Шүүгдэгч Д.*******гийн сэжигтнээр өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутагт гэрээсээ гараад явж байгаад багийн найз *******тэй тааралдсан. Тэгээд манайд очиж цай уучихаад хаваржаа үзэхээр хамт явсан. Хаваржаан дээр очиж 0,5 литрийн Ерөөл нэртэй архи ууж байтал ******* морьтой ирсэн. Тэгээд бид 3 архиа ууж дуусчихаад *******ынд очсон. ******* 0,5 литрийн архи гаргаж өгсөн ба түүнийг ууж дуусахад ******* сумын төв орох уу гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Сумын төв орох замд ******* та намайг үнэлдэггүй биздээ новшоо, намайг муу санаатай гэж боддог биздээ гэх мэтчилэн үгээр доромжилж бид 2 маргалдсан. Тэгээд бид 2 заамдалцахад машин зогсож машинаас гарсан. Машинаас гарахад ******* миний толгойруу цохихоор нь би ч бас толгой руу нь цохьсон. Тэр намайг унагааж толгой руу 2-3 удаа цохьсон. Тэр үед ******* ирж *******ыг миний дээрээс буулгахад би босоод *******ыг 2-3 удаа цохьсон. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх 35,36 тал/,
Хохирогч Ц.*******ын өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 цагийн үед би үхрээ хураах гээд гэрээсээ гараад явж байтал зам дээр нэг машин зогсож байсан, тэгээд дотроос нь нэг залуу хөөе гээд дуудсан тэгэхээр нь машин дотор нь ортол нутгийн ах Менгеншагай, нэг танихгүй залуугийн хамт 0,75 литрийн ерөөл архи уугаад сууж байсан. Тэр архи нь талаасаа доогуур орсон байсан бөгөөд бид 3-ыг хоёр тойроод л дууссан. Энэ үед тэр танихгүй жолооны ард сууж байсан залуутай танилцахад өөрийгөө Бараа гэж байсан. Тэгээд тэр 2-ыг би манайхаар ороод гарахгүй юу даа гэж хэлээд би мал руугаа явсан. Малаа хурааж ирээд гэртээ байж байтал гаднаас ******* ах, Бараа 2 орж ирэхээр нь 0,5 литрийн Улаанбаатар архи гаргаж бид 3 уусан. Архи дуусах гэж байхад би гэрээсзэ бие засах гээд гартал араас нөгөө 2 гарч ирсэн, тэгээд машинд нэг пиво байгаа гээд бид 3 машинд орж суугаад 2,5 литрийн пиво уусан. Тэгтэл ******* ах сумын төв орж ганц юм ууя гээд манай гаднаас хөдөлсөн. Ингээд замдаа явж байтал Мөнгеншагай ах надад хандан чи хавар намайг ирэхэд бэлчээрийг маань юу ч үгүй идүүлчих юм гэсэн тэгэхээр нь би та намар буучихаад энэ хэсгийгээ идүүлчээд байгаа биз дзэ гээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл Бараа машинаа зогсоож та 2 гарч хэрэлд гэсэн тэгээд бид 2 гадагш гарахад ******* ах намайг заамдаж нүүрэн тус газар цохисон. Тэгтэл би газар унасан тэгээд босч зугтаасан. Араас тэгтэл нөгөө 2 машинаа асааж ирсэн. Тэгээд яасан овоо муу хулгайж вэ гээд тэр 2 намайг татаж унагаан дээрээс дэвсэж, ******* ах толгой руу дэвсэж, Бараа цээж, нүүр руу өшиглөөд байсан. Энэ үед Бараа наадахыг чинь алаад боогоод ус руу хийчихье гэсэн, тэгтэл ******* ах гэрт нь хүргээд өгчихье гэж байсан. Би тэр 2 болихгүй байхаар нь за больё гээд та хоёрт архи авч өгье гэсэн, тэгтэл суу гэж хэлсэн. Тэгээд бид нар сумын төв орж Анар караоке-ны гадаа ирж найз Зоригоотой тааралдаж Зоригоо яасан юу болсон юм бэ гээд цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэг явсан гэх мэдүүлэг /хх 09, 10 тал/,
Гэрч Э.*******гийн өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сумын төвөөс дүү Нямзулынхаас найз *******тай уулзах гээд Сэлэнгэ сумын 2 дугаар баг Наран гэх газар руу өөрийн Террос маркийн машинтайгаа ганцаараа явсан. *******гийнд очиход тэрээр урагшаа явж хаваржаагаа үзье, удахгүй нүүнэ гээд бид 2 миний машинтай явсан. Тэгээд *******гийн хаваржааны хажууд зогсоод би 0,5 литрийн Ерөөл архи гаргаж задлаад сууж байтал нэг морьтой залуу явж байхаар нь ******* дуудсан. Тэгээд түүнээс адуугаа асууж нөгөө архиа хамт ууж дуусгасан. Тэгтэл тэр залуу буцахдаа манайхаар орж ирээрэй гэж хэлчихээд явсан. Бид 2 дээшээ явж сэрээд мөнгөншагайг явья гээд гэрээс гартал ******* би та хоёртой цуг сумын төв явж архи авч өгье, юу хэрэгтэй байна гээд бид хоёртой хамт явсан. Тэднийхээс хөдлөөд явж байтал ******* ******* руу чи намайг санаа муутай, заяа муутай гэж ах дүү нарт минь хэлсэн гээд агсараад цохиж аваад байсан. Би нилээн явж байгаад та 2 буу гээд машинаа зогсоосон, тэгтэл тэр 2 буугаагүй. Тэгээд ******* за одоо агсрахгүй зүгээр явна, төв орж архи авна гэж хэлсэн. Хэсэг явж байтал ******* чи намайг хүүхэнтэй унтсан гэж эхнэрийн хажууд ярилаа, тэгж ярих хэрэггүй байсан юм гээд ахин тэр 2 зууралдаад авсан. Би тэр хоёрыг салгаад байж байтал хойноос улаан өнгийн жижиг тэрэг ирсэн тэгтэл ******* наадахаа зогсоо би уулзана гэхээр нь гэрлээрээ дохиж зогсоотол ******* машинаас бууж тэр хүмүүс дээр очсон. Тэгтэл урд машинаас 3 залуу гарч ирсэн. Нэг нь Баясаа ахын хүү байсан бөгөөд надтай мэнд мэдчихээд явсан. ******* машинд суусныхаа дараа би эдгээр залуусын нэгийг нь цохьчихлоо гэж ярьж байсан. Би хөдлөөд явж байтал ахин ******* ******* руу агсарч эхэлсэн. Тэгэхээр нь би зогсож та 2 бууж зодолд гээд буулгачихаад цааш 2 км орчим явж зогссон. 20 орчим минутын дараа тэр 2 дээр буцаж очиход ******* *******гийн дээр гарсан цохиж байхаар нь би салгатал ******* *******ын нүүр руу нь 2-3 удаа цохисон. Би салгаад *******ыг машинд суу гэтэл тэрээр дээдэх хувцасаа тайлж цамцтайгаа замаас гарч гол руу гүйсэн. Дуудаад ирэхгүй байхаар нь мөрөөр нь машинтайгаа араас нь явж очиход хонхор дотор хэвтэж байсан. Тэгээд зогсоод суулгах гэтэл босч ахин зугтаасан. Тэгэхээр нь би машинтайгаа урд нь гарч барьж авсан. Машинд суулгатал ******* төв орж архи авна гээд байхаар нь Сумын төв орж баарны гадаа зогсоход ******* дотогш орсон. Удаа ч үгүй цагдаа ирсэн гэх мэдүүлэг /хх 12, 13 тал/,
Гэрч Б.*******ийн өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сумын төвөөс Ихт гэх газар луу дүү Мөнхбаярын хамт явсан. Тэгээд найзыгаа гэрээс нь авчихаад буцаж явахад зам дээр нэг машин зогсож байсан. Хажуугаар нь өнгөртөл хүн хашгирсан. Тэгтэл ******* гэх залуу нилээн согтуу ирж хаалга онгойлгоод манай дүү рүү хандан чи яахаараа хүн зоддог юм гээд хашгираад байсан. Би тоглож байгаа юм байх гэж бодсон. Машиных нь жолооч Бараа ах байсан. Би мэнд мэдчихээд цааш явсан гэх мэдүүлэг /хх 14 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхбярын өгсөн: Би тэр өдөр авга ах *******тэй сумын төвөөс Ихтийн хөндлөн гэх газар руу Эмбэгэ ахыг найзтай нь авахаар явсан. Тэгээд ирэх замдаа 22 цагийн үед замын хажууд саарал ногоон өнгөтэй суудлын авто машин зогсож байсан ба хажууд нь Бараа ах зогсож байсан. Хажуугаар нь зөрж гарахад араас нэг нь хөөе гээд хашгирсан. Тэгтэл ах машинаа зогсоосон. Тэгтэл миний хаалгыг ******* ах онгойлгож хаанахын болжморууд вэ? гэж хэлээд харж зогссон. Тэгснээ миний куртикнээс татаж машинаас буулгаад яагаад хүн зодсон юм бэ? гэж хэлээд намайг машин руугаа суулгах гээд татсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулаад машиндаа суусан. Энэ үед ******* ах машинаас бууж Бараа ахаас машин чинь зүгээр үү гэж асуусан, тэгээд зүгээр гэхээр нь бид нар цааш явсан гэх мэдүүлэг /хх 16 тал/,
Гэрч Д.*******ийн өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 23 цагийн үед эхнэр над руу залгаж ******* зодуулчихсан караокед ороод ирлээ, хүрээд ир гэхээр нь би караоке руугаа очсон. Тэгтэл ******* сандал лээр суугаад үхлээ гэж хэлсэн. Тэгээд юу болсныг асуухад *******, тэгээд жолоо барьж явсан залууд зодуулчихлаа гэж байсан. Тэгэхээр нь би сумын цагдаад дуудлага өгөөд байж байтал гаднаас ногоон дээлтэй ******* гэх залуу, нэг хар хөх куртиктэй залуу орж ирсэн. Тэгтэл ******* энэ 2 намайг зодсон гэж байсан. Удаа ч үгүй цагдаа ирж тэр гуравыг авч явсан гэх мэдүүлэг /хх 19, 20 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 53 тоот:
1. Магадлуулагч Ц.*******ын биед баруун, зүүн, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд нүдний алимны салст, баруун, зүүн талын жавьжны дотор салстад цус хуралт, зүүн чамархай, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 22 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх 07 тал/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 26тал/, сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол /хх 41 тал/ болон хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд Д.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.*******ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт болжээ.
Энэ үйл баримт нь хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн ...Тэр үед ******* ирж *******ыг миний дээрээс буулгахад би босоод *******ыг 2-3 удаа цохьсон, бусдыг биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг, хохирогч Ц.*******ын өгсөн ...******* ах бид хоёр тээврийн хэрэгслээс буугаад маргалдсан бөгөөд ******* ах намайг цохьсон ба миний толгой дээр дэвссэн.. гэх мэдүүлэг, гэрч Э.*******гийн өгсөн ... ******* *******гийн дээр гарсан цохиж байхаар нь би салгатал ******* *******ын нүүр руу нь 2-3 удаа цохисон... гэх мэдүүлэг, гэрч Б.*******ийн өгсөн ...******* гэх залуу нилээн согтуу ирж хаалга онгойлгоод манай дүү рүү хандан чи яахаараа хүн зоддог юм гээд хашгираад байсан.. гэх мэдүүлэг, гэрч Д.*******ийн өгсөн ...******* найз маань сандал дээр суугаад үхлээ гэж хэлсэн тэгээд юу болсныг асуухад *******, тэгээд жолоо барьж явсан залууд зодуулчихлаа гэж байсан.. гэх мэдүүлэг зэрэг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршигийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 53 тоот Магадлуулагч Ц.*******ын биед баруун, зүү, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд нүдний алимны салст, баруун, зүүн талын жавьжны дотор салстад цус хуралт, зүүн чамархай, зулгаралт гэмтэл тогтоогдож ,эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүх хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.*******н дээрхи үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*******г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Д.*******д торгуулийн ял оногдуулах саналыг гаргаж байгаа боловч шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж түүнд хөнгөн гэмтэл учруулсан ба торгууль төлөх эд хөрөнгөтэйг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолтой болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******г бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Д.*******г 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ