Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

 

 

 

 

      

 

 

    2021         04          13                                       2021/ДШМ/10

 

 

 

Б.Б, Б.Б, П.Н,

 Н.Г, Д.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.М,

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ю.Н,

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Д,

Шүүгдэгч П.Н, Н.Г нарын өмгөөлөгч Ж.Ж,

Шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Г.С,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Уянга нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Б, Б.Б, П.Н, Н.Г, Д.Э нарт холбогдох, эрүүгийн 2019001100110 дугаартай, 4 хавтас, 849 хуудас бүхий хэргийг прокурор Б.М-ийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1/ Шүүгдэгч: Б овогт Б-ын Б

 

2/ Шүүгдэгч: Б овогт Б-ийн Б,

 

3/ Шүүгдэгч: Б овогт П-ын Н,

 

4/ Шүүгдэгч: Д овогт Н-ын Г,

 

5/ Шүүгдэгч: Х овогт Д-ийн Э  нарт холбогдуулан,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор Б.М-аас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

            Шүүгдэгч Б.Б “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн салбар болох Дорноговь аймаг дахь Холбооны газрын даргаар ажиллаж байхдаа,

 

шүүгдэгч Б.Б “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Дорноговь аймгийн  Холбооны газрын Замын-Үүд суман дахь холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа,

 

шүүгдэгч П.Н, шүүгдэгч Н.Г нар Дорноговь аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа,

шүүгдэгч Д.Э Дорноговь аймаг дахь Холбооны газрын Замын-Үүд холбооны салбарын кассчин, операторын ажлаасаа чөлөөлөгдсөн атал бүлэглэн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас Монголын цахилгаан холбоо ХК-нд үлэмж хэмжээний буюу 12 594 927 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, П.Н, Н.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

 

Шүүгдэгч Б.Б, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-т заасан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Э нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Э нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

 

Шүүгдэгч Б.Б, Д.Э болон Б.Б, П.Н, Н.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Холбооны газраас тайлагнасан ******** регистрийн дугаартай Д.Э-ийн цалинг хүчингүй болгож, аймгийн Холбооны газраас эрүүл мэндийн даатгалд төлсөн 434178.24 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 2136531.32 төгрөг, нийт 2570709.56 төгрөгийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан буцаан олгож, Аймгийн Холбооны газраас 1417471 төгрөг гаргуулан шүүгдэгч Б.Б-д олгож,

 

Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Б, П.Н, Н.Г нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.М эсэргүүцэлдээ болон давж заалдах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б, Б.Б, Д.Э, П.Н, Н.Г нар нь бүлэглэн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэдгийг анхан шатны шүүх үгүйсгээгүй хэдий ч шүүгдэгч Б.Б, П.Н, Н.Г нарын гэмт хэрэгт оролцсон цаг хугацаа, учруулсан хохирол нь үлэмж хэмжээнд хүрээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, буруу дүгнэлт болсон байна.

Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг нь субьектив талын хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилготой байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Дорноговь аймгийн Холбооны газрын Замын-Үүд суман дахь холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор, шүүгдэгч П.Н, Н.Г нар нь Дорноговь аймгийн Холбооны газрын нягтлан бодогчоор тус тус ажиллаж байхдаа бусдад давуу байдал тогтоох зорилгоор шүүгдэгч Б.Б, Д.Э нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, гэмт санаа зорилгоо идэвхтэй үйлдлээр хэрэгжүүлсэн байдаг.

Түүнчлэн шүүгдэгч П.Н, Н.Г, Б.Б нарын гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийн улмаас “Монголын цахилгаан холбоо” ХК-д учирсан үлэмж хэмжээний буюу 12.594.927 төгрөгийн хохирол буюу үр дагавар нь тэдгээрийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой. Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Н, Н.Г, Б.Б дээрх гэмт хэргийг үйлдэхэд өөр өөр үүргийг тодорхой цаг хугацаанд гүйцэтгэсэн байдаг хэдий ч тэд оюун санааны хувьд нэг зорилгод чиглэгдсэн, “Монголын цахилгаан холбоо” ХК-д үлэмж хэмжээний хохирол, хор уршиг учруулахад өөр өөрсдийн тодорхой хувь нэмрээ оруулсан нь нотлогдон тогтоогдсон юм.

Харин шүүгдэгч П.Н, Н.Г, Б.Б нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд оролцсон цаг хугацаа, “Монголын цахилгаан холбоо” ХК-д учруулсан хохирол, хор уршиг учруулахад гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялын бодлогоор ялгавартай хандаж, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нөхцөл болж байна.

Мөн шүүгдэгч П.Н, Н.Г, Б.Б нарын гэмт хэрэгт оролцсон цаг хугацаанаас хамаарч, учирсан хохирлыг үлэмж хэмжээнд хүрээгүй гэх үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд 32 дугаартай шийтгэх тогтоолыг “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр хянуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийн тухайд шүүгдэгч  Б.Б, П.Н, Н.Г нарын үйлдэл холбогдлыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон тухайд эсэргүүцэл бичсэн байна гэж үзлээ. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын үйлдэл оролцоог хуульд заасан үндэслэл журмын дагуу үндэслэлтэй үнэн зөв дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Б-ийн учруулсан хохирол гэхээр 2 000 000 гаруй төгрөгийн хохирол байсныг бүрэн төлсөн. Төлсөн гэдэг нь гол биш, хамгийн гол нь Б.Б энэ үйлдэлд ямар ач холбогдолтой оролцсон юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр оролцсон оролцооны хувьд “Монголын цахилгаан холбоо” ХХК-ийн салбар болох Дорноговь аймаг дахь Холбооны газрын Замын-Үүд суман дахь холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байсан гэдгээр ч биш, субьектив санаа зорилгыг тогтоож чадаагүй, албан тушаал хашиж л байсан юм чинь энэ үйлдэлд оролцох ёстой гэдэг утгаар оруулаад ирсэн байдаг. Бүлэглэж үйлдсэн гэж үзэх юм бол санаа зорилго, үйл явдлын хувьд нэгдсэн зүйл нь субьектив талаас нь яг тодорхойлоод гаргаж ирсэн зүйл байдаггүй юм. Шүүгдэгч Б.Б-ийн хувьд энэ үйлдэлд оролцсон гэх үндэслэл, хохирлын хэмжээ хуулийн шаардлага хангаагүй байгаа учраас үүнийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгч П.Н, Н.Г нарын өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс П.Н, Н.Г нарт холбогдох хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирлын хэмжээ нь 10 000 000 төгрөгөөс дээш, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг шаардаж байгаа. Гэтэл П.Н нарын хувьд бол 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарыг хүртэл “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн салбар болох Дорноговь аймаг дахь Холбооны газрын Замын-Үүд суман дахь холбооны нягтлан бодогчоор ажилласан. Энэ хугацаанд нийт 5 919 854 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Мөн адил Н.Г-ын хувьд 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл тус байгууллагын нягтлан бодогчоор ажилласан байдаг. Ажиллаж байх хугацаанд нийтдээ 4 432 991 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Энэ тус бүрийн хохирол нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангах, обьектив талын шинж нөхцөл байдлыг бүрдүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангах, хохирлын хэмжээнд хүрэхгүй гэсэн бодит үндэслэл нотлогдон тогтоогддог. Тиймээс анхан шатны шүүхээс П.Н, Н.Г нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Шүүгдэгч Д.Э-гийн өмгөөлөгч Г.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд прокурорын эсэргүүцлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.

 

Тодруулбал хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд: 

 

Прокуророос шүүгдэгч Б.Б-ийг “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн салбар болох Дорноговь аймаг дахь Холбооны газрын даргаар ажиллаж байхдаа,

 

шүүгдэгч Б.Б-ийг “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Дорноговь аймгийн  Холбооны газрын Замын-Үүд суман дахь холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа,

 

шүүгдэгч П.Н, шүүгдэгч Н.Г нарыг Дорноговь аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа,

 

шүүгдэгч Д.Э-г Дорноговь аймаг дахь Холбооны газрын Замын-Үүд холбооны салбарын кассчин, операторын ажил эрхлээгүй байхдаа бүлэглэн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас Монголын цахилгаан холбоо ХК-нд үлэмж хэмжээний буюу 12 594 927 төгрөгийн хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тэдгээрийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид шүүгдэгч нарын үйлдэл хамаарч байгааг зөв тодорхойлж, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б, Д.Э нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч Б.Б, П.Н, Н.Г нарт холбогдох хэргийг “...тэдгээрийн үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учраагүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан хуулийн шаардлагад үндэслэж шүүгдэгч Б.Б, Д.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирчээ. 

 

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосны гадна хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалж, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хэлэлцэж, шийдвэрлэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. 

 

            Түүнчлэн 2017 оны 7  дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд энэ гэмт хэрэг гарсан байх ба шүүгдэгч Б.Б, П.Н, Н.Г нарын үйлдлийн улмаас “Монголын цахилгаан холбоо” ХК-нд үлэмж хэмжээний  хохирол учраагүй байх буюу уг компанийн Дорноговь аймгийн Холбооны газрын Замын-Үүд суман дахь холбооны газарт залгагч, касс, операторчны ажил эрхлээгүй байсан Д.Э-ийн нэр дээр, шүүгдэгч Б.Б 7 518 850 төгрөгийн /ажиллаж байсан хугацаа 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр/, шүүгдэгч П.Н 5 919 854 төгрөгийн /ажиллаж ажиллаж байсан хугацаа 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр/, шүүгдэгч Н.Г 4 432 996 төгрөгийн /ажиллаж байсан хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр/ цалин хөлс бодож, компанидаа хохирол учруулсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ба энэ талаар шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн болно. 

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч  Б.Б, П.Н, Н.Г нарын гэмт үйлдэл нь хугацааны хувьд уг гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа буюу 2017 оны 7 сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх нийт хугацаанд хамаарахгүй болох нь ажил олгогчийн зүгээс тухайн ажилд томилсон тушаал/4хх-ийн 29 дүгээр тал, 3хх-ийн 118, 120, 121, 123, 124 дүгээр тал/-аар тус тус тогтоогдож байх учир эдгээр шүүгдэгч нарын ажил, албан тушаал огт эрхлээгүй байсан цаг, хугацааг тэдэнд хамааруулж, “...олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэм буруутай үйлдлийн улмаас компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэж, улмаар шүүгдэгч Б.Б, Д.Э, Б.Б, П.Н, Н.Г нарыг урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

           

Хэрвээ нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгохгүй бөгөөд гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт чиглэгддэг бөгөөд прокуророос хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан яллах учиртай.

 

Тиймээс холбогдох хууль болон хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэж, шүүгдэгч Б.Б, П.Н, Н.Г нарыг ажил, албан тушаалыг эрхэлж байсан хугацаандаа, гэм буруутай үйлдэл хийсэнд тооцож, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас буюу салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч Б.Б 7 518 850 төгрөгийн, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч П.Н 5 919 854 төгрөгийн, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч Н.Ганболор 4 432 996 төгрөгийн хохирол учруулсан” гэж үзэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Харин мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэхүү хуулийн шаардлагыг зөрчсөн байх буюу прокуророос шүүгдэгч Б.Б, Д.Э, Б.Б, П.Н, Н.Г нарыг  Монголын цахилгаан холбоо” ХК-нд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж яллахдаа гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд мөн адил ахлах нягтлан бодогч/2019-07-16-ны өдрөөс одоог хүртэл/-оор ажиллаж байсан Н.Н, салбарын эрхлэгч/2019-04-23-аас 2020-04-05-ны өдөр/-ээр ажиллаж байсан Ж.П нарын үйлдлийг шалгаж, тогтоогоогүй нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх хуулийн шаардлагад нийцээгүйг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.  

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхисугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                          Н.БОЛОРМАА