Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 127/2017/00011/З/ |
Дугаар | 43 |
Огноо | 2018-01-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 43
Г.Э-гын нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/17 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.
Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 127/ШШ2017/0016 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0775 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нар,
Нэхэмжлэгч Г.Э-гын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 127/ШШ2017/0016 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3-т заасныг тус тус баримтлан Г.Э-гын Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0775 дугаар магадлалаар Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 127/ШШ2017/0016 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж асуудлыг нэг талаас харж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр захирамжийг Хэнтий аймгийн Аудитын газрын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлагаар нотлогдсон тул хүчин төгөлдөр болсон гэж шүүх дүгнэлт өгөх боломжгүй хэмээн дүгнэсэн нь хууль бус юм. Уг захирамжийг хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй. Учир нь Эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар холбогдох этгээдэд заавал мэдэгдэж, баримтжуулах бөгөөд ийнхүү мэдэгдсэн хугацаанаас хойш хуулийн 26.8-д заасан хугацааг тоолно гэж заасан байдаг. 2016 оны Б/29 дугаартай захирамжийг мэдэгдэж, баримтжуулаагүй, 1 сарын дотор гомдол гаргах эрхийг зөрчсөн захиргааны шийдвэрийг хүчин төгөлдөр хэмээн үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн үйлдэл гэх гомдол үндэслэлгүй гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь илт хууль бус нөхцөл байдлыг буруугаар тайлбарлаж дүгнэлт өгсөн байна. 2015 оны байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн тайлан дээр үндэслэж 2016 оны 3 дугаар сар, 5 дугаар сард 2 удаа Хэнтий аймгийн Аудитын газрын албан тоотыг үндэслэж аймгийн Засаг дарга дээрх саруудад 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан.
5. Хэнтий аймгийн Засаг дарга төрийн жинхэнэ албан хаагчийн 2016 оны “үр дүнгийн гэрээ”-г дүгнээгүй, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасныг хэрэгжүүлээгүй хууль зөрчиж, хугацаандаа үнэлж дүгнээгүй, үнэлгээний дагуу зохих шийдвэр гаргаагүй байдлыг Хэнтий аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүдэд мэдүүлсэн боловч огт авч хэлэлцэхгүй хэт нэг талыг барьж орхигдуулсан. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үр дүнгийн гэрээний биелэлтээ өгсөн нь гэрч М-ын мэдүүлэгт нотлогдож байгаа, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 50 дугаартай албан тоот, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газраас үр дүнгийн гэрээний 1 хувийг авч гарсан тухай жижүүрийн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хэргийн материалд байдаг.
6. Үндэсний аудитын газрын харьяа Хэнтий аймгийн Аудитын газрын 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 4 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах” санал хүргүүлэх тухай албан тоот нь хууль бус юм. Учир нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийгдсэн нийцлийн аудитаар мэдээлэл хангалтгүй байршуулсан, хугацаа баримтлаагүй зөрчил гаргасан гэж Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.131 дэх заалтыг үндэслэн Шилэн дансны тухай хуулийн 10.1-д заасны дагуу арга хэмжээ авах тухай санал өгсөн нь хууль бус юм. Байгууллагын дарга Төрийн аудитын тухай хуулийн 15.1.131-д заагдсанаар хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн зөрчил гаргаагүй тул дээрх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах санал аймгийн Засаг даргад өгөх нь хууль бус гэж үзэж байна.
7. Шилэн дансны тухай хуулийн 6.1, 6.4-т заасан тогтмол болон 7 хоногийн дотор мэдээлэх гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байгууллагын нягтлан бодогчийг уг хуулийн 10.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах тухай албан тоотыг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт өгөөгүй. Албан тоот өгсөн байлаа ч Шилэн дансны тухай хуулийн 10.1 дэх заалтаар арга хэмжээ авах эрх байхгүй юм. Байгууллагын нягтлан бодогч нар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах хуулийн заалттай байдаг. Гэтэл эдгээр тайлбарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
8. 2016 онд Байгаль хамгаалах сангийн үйл ажиллагааны үр дүн, Байгаль орчныг хамгаалах сангийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, арга хэмжээний үр дүн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт гэсэн 3 агуулгын хүрээнд нийт 3 аудит аймгийн хэмжээнд хийгдсэн ба аудитын дүгнэлтээр хуулийг мөрдөж ажиллахыг зөвлөмждөө тусгасан байдаг ч хэрэгжүүлэх үүрэгтэй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлээгүй. Мөн хууль бус үйлдэл гаргаж 221 сая төгрөгийг хуульд заасны дагуу байгаль орчныг хамгаалах чиглэлээр төсөвт тусган батлаагүй билээ. Хэнтий аймгийн Аудитын газар нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ аваагүй ба хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан төрийн жинхэнэ албан хаагчид нам улс төрийн нөлөөнд орж сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлсэн нь захиалгат үйлдэл гэж үзэж байна.
9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.2, 5.4.4-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй, зөрчилд тооцсон аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны дүгнэлт хуульд нийцэхгүй байх тул хариуцагч нь дээрх үндэслэлийг ажлаас халах үндэслэлд хамааруулсан нь буруу гэж үзнэ” гэж дүгнэсэн. Гэвч ажлаас халах бусад үндэслэл нотлогдсон гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаартай захирамж гарах болсон шалтгаан нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.2 дахь заалтыг зөрчсөн, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4 дахь заалтыг зөрчсөн, Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээлэл хангалтгүй байршуулсан гэсэн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх сахилгын арга хэмжээ авсан Засаг даргын Б/17 дугаар захирамжийг гаргах болсон 3 зөрчлийн хоёрыг нь зөрчил биш гэж тогтоосон боловч уг Б/17 дугаар захирамжийг хууль бус захиргааны акт гэж тогтоогоогүй. Захиргааны актын зөрчилд үзсэн 3 үндэслэлийн 2 нь хүчингүй болсон байхад ажлаас халсан бусад үндэслэл нотлогдсон гэж үзсэн нь хууль бус дүгнэлт, шийдвэр гэж үзэж байна.
10. Аймгийн Засаг даргын 2017 оны Б/17 дугаартай захирамж гаргасны дараа Б/24 дугаартай захирамж гаргасан. Б/24 дугаартай захирамжийн 1-д “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э-г сонсох ажиллагааг хийх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж.Г, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Б нарыг томилсугай”, 2-т “сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хийж гарсан саналыг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор танилцуулахыг дээрх 2 даргад даалгасугай” гэжээ. Ажлаас халсан захирамж Б/17 гарсны дараа Б/24-г гаргаж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийж өчигдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулахыг даалгасан нь хууль бус захиргааны актыг зөв болгох гэсэн хууль бус үйлдэл юм. Гэтэл энэ нь маргаан бүхий Б/17 дугаартай актын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх, түүнийг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй тул хүлээн авах боломжгүй гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үзсэн нь илт хууль бус гэж үзэж байна.
11. Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаартай захирамжаар надад сахилгын шийтгэл ногдуулсан ба захирамжтай холбоотой гомдол Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй үед 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Б/17 дугаартай захирамж гаргаж ажлаас халсан. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаартай захирамж 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр илт хууль бус болох нь тогтоогдсон. Нэг төрийн жинхэнэ албан хаагчид зэрэг 2 сахилгын арга хэмжээ авах хууль, эрх зүйн хэм хэмжээ байхгүй хууль бус гэж үзэж байна. Иймд дээрх учир байдлыг хянаж хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсаныг буруутгах үндэслэлгүй байна.
13. Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар “...Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.11, 26 дугаар зүйлийн 26.3, 26.1, 26.1.3...”-т заасныг тус тус баримтлан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э-г “...аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 дүгээр, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр захирамжуудаар “сануулах” сахилгын шийтгэл тус тус хүлээж, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.2, 5.4.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, аймгийн Аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийгдсэн нийцлийн аудитаар 7, 8, 9, 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн гүйцэтгэл, 5 саяас дээш орлого, зарлагын гүйлгээ, худалдан авалтын мэдээг тус тус хангалтгүй байршуулсан, хугацааг баримтлаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч Г.Э нь “...Б/29 дүгээр захирамжаар надад сануулах шийтгэл хүлээлгэснийг мэдээгүй, гомдол гаргах эрхийг зөрчиж, уг захирамжийг үндэслэн 2016 оны Б/83 дугаар захирамжаар сахилгын арга хэмжээ авсан, ...2016 оны үр дүнгийн гэрээний үнэлгээг зөвшөөрөхгүй, санал нийлээгүй асуудлаар гомдол гаргах боломж олгоогүй, ...Ёс зүйн хороо дүгнэлт гаргахдаа ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журамд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ...сонсох ажиллагааг явуулахдаа ...хууль тогтоомж зөрчсөн, ...байгууллагын даргыг Шилэн дансны тухай хуульд заасан хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж ажлаас халах арга хэмжээ авсан нь үндэслэлгүй” гэж маргажээ.
14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б-гийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 261 дугаартай албан бичигт “...Г.Э-гын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 274 дугаартай албан бичгээр ...шонхор шувуу, тагтааны нөөц ашигласны төлбөрт төвлөрүүлсэн ...221,2 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардалд тодотгох тухай санал ирүүлсэн нь ...тогтоол батлагдсаны дараа уг асуудлыг тавьсан, өмнө нь Хурал болон Санхүү төрийн сангийн хэлтэст уг асуудлаар албан ёсоор хүсэлт гаргаагүй, 2017 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар бодлого, чиглэл тусгагдаагүй нь тус газрын дарга Г.Э-гын ажлын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой, ирүүлсэн албан бичгээрээ төрийн албан хаагчийн ёс зүйгүй байдал гаргасан” гэж дурдаж, түүнд хариуцлага тооцуулахаар аймгийн Засаг даргад ханджээ.
15. Түүнчлэн, аймгийн Аудитын газрын дарга Ц.Э-с 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 4 дугаартай албан бичгээр “...Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2016 оны 3 дугаар улирлын байдлаар хийсэн аудитаар “шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг дутуу байршуулсан, хуулийн хугацаа хоцроосон” гэх зөрчилтэй байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарт тус хуулийн 10.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах санал”-ыг аймгийн Засаг даргад хүргүүлсэний дотор Байгаль орчин, аялал жуулчлалын газар орсон байна.
16. Эдгээр албан бичгүүдийг үндэслэн Г.Э нь “ёс зүйн зөрчил гаргасан” эсэхийг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хороо шалгасан, Шилэн дансны тухай хуулийн дагуу Г.Э-д “хариуцлага” хүлээлгэх нөхцөл байдлыг шалган тогтоох ажиллагааг аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/07 дугаар захирамжаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч /ажлын хэсэг/ нараас явуулсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
17. Давж заалдах шатны шүүх, маргаан бүхий захиргааны актын нэг үндэслэл болох “ёс зүйн зөрчил”-д холбогдох үйл баримтыг үнэлж, Г.Э-г “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.2.2, 5.4.4-т заасан зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн, энэ асуудлаар хариуцагч гомдол гаргаагүй учир хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.
18. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх Шилэн дансны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэснийг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
19. Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “доор дурдсан байгууллага, түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн үйлчлэлд хамаарна; 3.1.1-д төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг дараах албан тушаалтан хүлээнэ; ...7.1.3-д тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан”, 7.2-т “энэ хуулийн 7.1-д заасан эрх бүхий албан тушаалтан мэдээлэх үүргээ бусдад шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.
20. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь тус байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан учир Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн тохиолдолд уг хуульд заасны дагуу хариуцлага хүлээх этгээд мөн байна.
21. Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Э-тэй уулзаж, ярилцсан тэмдэглэл, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс үзвэл, Байгаль орчин ,аялал жуулчлалын газар нь аймгийн Аудитын газрын 2017 оны 4 дүгээр албан бичгийн хавсралтад заасан “2016 оны 7-9 дүгээр саруудын төсвийн гүйцэтгэл болон таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ”-ний талаар Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “...сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрийн дотор”, 6.4.5-д “цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр”-ийг зааж долоо хоногийн дотор тус тус мэдээлэх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан уг хугацааг хэтрүүлж мэдээлсэн болох нь тогтоогджээ.
22. Иймд, Шилэн дансны тухай хуулиар эрх олгосны дагуу төрийн байгууллагын шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж, зөрчил тогтоож, улмаар буруутай албан тушаалтанд “хариуцлага” ногдуулахаар эрх бүхий этгээдээс ирүүлсэн “санал”-ын дагуу Г.Э-д сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын 2017 оны Б/17 дугаар захирамж Шилэн дансны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...аймгийн Аудитын газраас ...мэдээлэл хангалтгүй байршуулсан, хугацаа баримтлаагүй гэж арга хэмжээ авах тухай санал өгсөн нь хууль бус” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
23. Мөн, нэхэмжлэгч Г.Э-д Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар “байгууллагын санхүүгийн бүртгэл, тайлангийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлж санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай дүгнэлт авсан” гэх үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар “төсвийн хөрөнгийг арвилан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулсан нь аймгийн Аудитын газрын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 94 дугаар албан шаардлагаар тогтоогдсон” гэх үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл тус тус ногдуулсан, нэхэмжлэгчээс “...сахилгын шийтгэл ногдуулсан Б/29 дугаар захирамжийг албан ёсоор надад танилцуулж гардуулаагүй, ...байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн тайланд үндэслэж 3 сар, 5 сард 2 удаа сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан” гэж маргажээ.
24. Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нэхэмжлэгч Г.Э-д Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр захирамжийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “хувилж ” өгсөн үйл баримт тогтоогдсон, иймээс нэхэмжлэгч нь уг захирамжийг мэдээгүй гэсэн нь үндэслэлгүй ба тэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д заасан “1 сарын дотор” гомдол гаргах хугацааны хамаарлын асуудлаар эрхээ сэргээлгэх, мөн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
25. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “зөрчлийн шинж байдал, зөрчлийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгож шийтгэл ногдуулах”-аар заасан, 2016 онд 2 удаа сахилгын шийтгэл хүлээж, удаа дараа албан үүргээ биелүүлээгүй Г.Э-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий акт хуулийн дээрх заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “давж заалдах шатны шүүх ...аймгийн Засаг даргын 2017 оны Б/17 дугаар захирамжийг гаргах болсон 3 зөрчлийн 2-г зөрчил биш гэж тогтоосон боловч ажлаас халсан бусад үндэслэл нотлогдсон гэж хууль бус дүгнэлт, шийдвэр гаргасан” гэх гомдол нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.
26. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0775 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Э-гын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ