Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/MA2017/0138

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

  Дугаар 221/МА2017/0138

         Улаанбаатар хот

 

 

“Хайрхантоб” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагч Т.Болортунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа нарыг оролцуулан хийж,    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын    12-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Хайрхантоб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Батжаргал, Т.Болортунгалаг нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг тус тус баримтлан “Хайрхантоб” ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 260016384 тоот актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий актаар ногдуулсан 5.272.270 төгрөгийн торгууль 2.754.618 төгрөгийн алдангийг тус тус өршөөн хэлтрүүлж, актаар тогтоосон төлбөрийг 8.026.888 төгрөгөөр бууруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч 260016384 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 755 дугаар тогтоолын магадлагчийн дүгнэлт: Татварын улсын байцаагчийн 260016384 актаар 190,909.0 мянган төгрөгийн зөрчилд 19,090,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 5,727.3 мянган төгрөгийн торгууль, 2,754.6 мянган төгрөгийн алданги, 27,572.8 мянган төгрөгийн төлбөр тогтоосноос 100,000.0 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 10,000.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,000.0 манган төгрөгийн торгууль, 1,442.9 мянган төгрөгийн алданги, 14,442.9 мянган төлбөрийг хасч 90,909.0 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 9,090.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 2,727.0 мянган төгрөгийн торгууль 1,311.7 мянган төгрөгийн алданги бүгд 13,128,8 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр магадлагч-татварын улсын байцаагчийн дүгнэлтийг оруулж байна гэснийг огт харгалзаж үзээгүй шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү”  гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “Хайрхантоб” ХХК-ийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 260016384 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Дархан хотод үйлдвэрлэлийн зориулалттай объектыг өөрийн хөрөнгөөр барихаар “Дорнын эрдэм” ХХК, “Цэцэгт рашаан” ХХК-аас барилгын материал болох цемент, арматур худалдан авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн, түүнийгээ тайлан балансдаа үнэн зөвөөр тусгаж тайлагнасан нь баримтуудаар нотлогдсоор байхад нэр бүхий компаниудтай худалдан авах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, төлбөр төлөөгүй гэсэн зөрчлөөр акт тогтоосон нь буруу юм. Тиймээс манай компанийг хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан гэж торгууль ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч энэ нь дараах байдлаар няцаагдаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “... төлсөн... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заажээ.

Гэтэл бодит байдал дээр 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Хайрхантоб” ХХК болон “Дорнын эрдэм” ХХК-иудын хооронд 100.000.000 төгрөгийн,  мөн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Хайрхантоб” ХХК болон “Цэцэгт рашаан” ХХК-ийн хооронд 90.909.091.0 төгрөгийн үнэ бүхий арматурын худалдах, худалдан авах гүйлгээ хийгдээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, “Цэцэгт рашаан” ХХК-ийн захирал Л.Хүдэрбаатарын “бараа материал худалдаж байгаагүй, харин хий бичилттэй НӨАТ-ын падаан худалдсан” гэх мэдүүлэг, “Цэцэгт рашаан” ХХК-ийн 2012 оны санхүүгийн тайлангийн бодит байдлын тухай мэдээлэл, “Дорнын эрдэм” ХХК-ийн 2012 оны 4 дүгээр улирлын тайлан, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ирүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 9д/1553 дугаар албан бичиг, дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 755 дугаар тогтоол зэрэг баримтуудаас тогтоогдохоос гадна уг “Дорнын эрдэм” ХХК, “Цэцэгт рашаан” ХХК-иуд нь 2011-2012 онуудад үйл ажиллагаа явуулдаггүй, барилгын материалын худалдаа эрхлээгүй, ямар ч худалдан борлуулалт хийгээгүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 755 дугаар тогтоолд “магадлагчийн дүгнэлтэд татварын улсын байцаагчийн дүгнэлтийг оруулж байна” гэснийг огт харгалзаж үзээгүй шийдвэрлэсэн нь буруу гэжээ. Гэтэл уг баримт гагцхүү тухайн арматурыг “Дорнын эрдэм” ХХК, “Цэцэгт рашаан” ХХК-иудаас худалдан авалт хийснийг нотлогдсон баримт биш юм.

Түүнчлэн “Хайрхантоб” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бэлэн мөнгө тушаасан баримт, орлогод авсан баримтууд байгаа боловч тэдгээр баримтууд нь гагцхүү тухайн бараа материалыг зөвхөн тухайн компаниудаас худалдан авсан нь нотлогдсон тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтөд хэрэглэгдэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийг барилгын үйл ажиллагаанд зориулж арматур худалдан авсан байхыг үгүйсгээгүй бөгөөд харин “Дорнын эрдэм” ХХК, “Цэцэгт рашаан” ХХК-иудаас ямар ч бараа материал худалдаагүй учир “0011661745”, “0012343611” дугаар бүхий падаанд бичигдсэн шиг нэхэмжлэгч нь “Дорнын эрдэм” ХХК, “Цэцэгт рашаан” ХХК-иудаас нэмэгдсэн өртөг шингэсэн үнээр барилгын материал худалдан авсан байх боломжгүй, хуулийн 14.1-д заасан урьдчилан төлөгдсөн байх шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэгчийн төлөх татвараас дээрх бэлтгэн нийлүүлэгчид төлсөн гэх 27.572.788.9 төгрөгийг хасч тооцох үндэсгүй болно.

Мөн анхан шатны шүүх, маргаан бүхий улсын байцаагчийн актаар тогтоосон нийт төлбөрөөс торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлж, актын төлбөрийн хэмжээг бууруулсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэсгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                       ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР

                       ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН

                       ШҮҮГЧ                                                                Э.ХАЛИУНБАЯР