| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/0077/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/71 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... аймгийн .... сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч М.А...
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г...
Шүүгдэгч Б.П...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Г... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ... аймгийн .... сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.П...-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... багийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ... аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ...... регистрийн дугаартай, ... овогт Б...-н П....
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.П... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ... аймгийн ... сумын ... багийн нутаг .... орчимд согтуурсан үедээ .... улсын дугаартай, улаан өнгийн ... загварын мотоцикл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч Б.П... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ... аймгийн ... сумын ... багийн нутаг ...орчимд согтуурсан үедээ ... улсын дугаартай, улаан өнгийн “...” загварын мотоцикл жолоодсон гэх гэмт хэргийн үйл баримт нь
Гэрч Ш.Т...-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 03-ны орой 19-20 цагийн үед байх гэж бодож байна ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах ... пост нь дээр хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл ... голоос ирж байгаа бололтой ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд буюу сумын төв рүү улаан өнгийн хятад мотоциклтой үл таних цагаан өнгийн малгай өмссөн залуу гүүр нь дээгүүр их хурдтай яваад өнгөрсөн. Би тухайн үед уг залууг гүүр нь дээгүүр яагаад ийм хурдтай явж байгаа юм бол согтуу болоод ийм хурдтай явж байгаа юм байна даа гэж дотроо бодоод үлдсэн. Тэгтэл удалгүй мотоциклтой үл таних залуу ирээд ахаа энд замын хажуу руу унасан байна гэхээр нь би алхаж очиж үзэхэд гүүр нь дээгүүр хурдтай явж байсан залуу онхолдсон байдалтай байсан. Уг залуу хамгаалалтын малгай өмссөн байсан бөгөөд баруун талын шанаа хэсгээс нь цус гарсан байдалтай ямар ч хөдөлгөөнгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгөөд хүлээж байхад гүүрнээс ... гэх цагдаа ирээд ахаа наад хүн чинь яасан хүн бэ? гэхээр нь замын хажуу руу унасан хүн байна гэж хэлсэн. Удалгүй ... гэх цагдаа дуудлагаар ирсэн. Тэгээд удалгүй үл таних залуу хөдөлж эхэлсэн бөгөөд түүнийг гайгүй юу гэхэд миний цээж өвдөөд байна гэсэн. Өөр зүйл хэлээгүй. Тэгээд ... гэх цагдаагийн хувийн машинд өргөж суулгаад эмнэлэг рүү явуулсан. Уг залууг машинд суулгаж байхад түүнээс нэлээн архи үнэртэж байсан, мөн нэлээн согтуу болохоороо сайн алхаж чадахгүй гуйваад байсан. Би тэр залууг чи архиа хэтрүүлсэн юм биш үү гэхэд би уугаагүй гээд байсан. Тэгээд цаашаа ямар асуудал болсныг мэдэхгүй. Уг залууг асфальтан замын тойрог хэсэг дээр хурдтай явж байсан болохоороо багтааж чадалгүй замаас гараад онхолдсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 12-13/,
Гэрч Б.О...-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед байх цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэр ... хажууд мотоциклтой хүн унасан байна гэх дуудлага ирүүлсэн байна гэхээр нь би дуудлагыг хүлээн авч анх очиж үзэхэд ослын газарт тэр өдөр амарч байсан ... болон дуудлага өгсөн гэх ... гэдэг хүн байсан. Намайг ослын газарт очиход ... гүүрнээс сумын төв рүү явах чиглэлд тойр хэсэг дээр замаас гараад онхолдсон бололтой үл таних залуу байсан. Уг залуугийн нүүр хэсэг нь цус болсон байдалтай цээж өвдөөд байна гэж байсан. Тухайн залуу каск малгай өмссөн байсан. Тэгээд уг залууг ... машинд бид гурав өргөж суулгаад эмнэлэг рүү явуулсан. Тухайн залууг машинд өргөж суулгах гэж байхад түүнээс архины эхүүн үнэр үнэртэж байсан. Тэгээд би түүнийг согтуу юм байна гэж мэдсэн. Уг осолд орсон жолооч мотоциклоо ганцаараа унаад явж байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 15-16/,
Гэрч Ж.Д...-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг өнгөрч байхад ... орчхоод адуунаасаа GPS салгаж авчхаад буцаад ... өнгөрөөд явж байхад улаан өнгийн ... маркийн ... улсын дугаартай мотоциклтой ... гэх хүн нь дайрчих шахам өнгөрөөд явсан. Тэгээд би ... гүүрээр өнгөрөөд үйлдвэрийн хашааны засмал замын өнгөрөх гэж байхад засмал замын баруун талд ... жолоодож явсан гэх мотоцикл замын хажуу руу онхолдож мотоциклоосоо унасан байдалтай байсан. Тэр үед тухайн газарт байгаль хамгаалагч ... гэх хүн нь дуудлага мэдээлэл өгчихсөн байгаа гэсэн. Тэгээд би өөрийн машиндаа ... дамжлан машиныхаа арын суудалд суулгаад ... сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Машин явж байхад нь ... ямар аймар хурдтай явдаг юм бэ гэж асуухад гэр орон, сэтгэл санаа тавгүй байна, ... гол ганцаараа орж 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр уучхаад ирлээ гэж хэлсэн. Тухайн хүнээс ил архи үнэртэхээр нь яагаад архи уучихсан юм бэ, амь нас чинь эрсдэх аюултай шүү дээ гэхэд ахиад уух гээд Сэнгүрт явж байгаад багтааж дарж чадалгүй уначихлаа гэж хэлсэн. Намайг очиход мотоциклын хажууд ..., ... нар байсан. Өөр хүн байгаагүй юм. Очих үедээ би ... юу болсон юм бэ асуухад энэ залуу аймар хурдтай явж байгаад уначихлаа, уг залуу ганцаараа мотоцикл унаж явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 26-27/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн .... дугаартай “...Шинжилгээнд Б.П... гэж хаяглан ирүүлсэн .... хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 2.1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 31-34/,
Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “...... овогт Б...-ийн П... нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А заалтад /тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ гэх заалтыг зөрчсөн байна. 2.2 Уг осолд зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэл нөлөөлөөгүй гэж үзэж байна. 2.3 Улаан өнгийн ... маркийн ... улсын дугаартай мотоциклыг жолоодож явсан жолооч ... ургийн овогт Б...-ийн П... нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа /хх 36-39/,
... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай: “...Зөрчилд холбогдогч Б.П...-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэврийн хуулбар /хх 22-23/, Б.П...-ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 6/, хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлээр /хх 1/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Б.П...-ийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
2. Прокуророос шүүгдэгч Б.П...-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.П... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Б.П... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ... аймгийн ... сумын ... багийн нутаг ... гүүр орчимд согтуурсан үедээ ... улсын дугаартай, улаан өнгийн ... загварын мотоцикл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Б.П...-ийн үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч Б.П...-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.П... нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Б...-ийн П...-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П...-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/
сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.П...-д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П... нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П... нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.П... нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П...-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ