2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1346

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,                 

улсын яллагч Б.Одонтуяа /томилолтоор/, 

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

  

Тээврийн прокурорын газраас М овогт Б-н Г-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Х аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *** аймгийн *** сум Б-н 2-р багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, М овогт Б-н Г-, /РД:****/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын замд Toyota Prius маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Г 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Б-н өгсөн:

“...Б.Г- бид хоёр 10-н жилийн найзууд юм. Найз Г- нь Х аймгийн М суманд төрсөн айлын бага хүүхэд байгаа юм. Ховд аймгийн Мянгад сумын 10-н жилийн сургуулийг сурч төгссөн. Сургуулиа төгсөөд мал дээр мал маллаж байсан. Цэргийн алба хаасан. Одоо эхнэр 4 хүүхдийн хамт Ховд аймагт амьдардаг. Том хүүхэд нь оюутан, бага 3 хүүхэд нь 10 жилийн сурагч, одоо Таван толгой түлш ХХК-д ажилладаг. Хүнд тусархуу цайлган сэтгэлтэй залуу байгаа юм. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын замд Toyota Prius маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

            Шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын замд Toyota Prius маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Ган-Эрдэнэ 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн  "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Б-н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 5, 14 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч:  “...шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан жолоодох эрхийг 2 жил хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэх санал,

 

шүүгдэгч: “...Би хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Эмнэлгийн хяналтад байдаг учир надад хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.  

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сар Ховд аймгийн Мянгад сумаас гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч М овогт Б-н Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сар Ховд аймгийн Мянгад сумын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан үеэс тоолж, 6 /зургаа/ сарын хугацаанд Х аймгийн М сумын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож сольсугай.  

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ