Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 03                              2021/ДШМ/11                       Хэрлэн сум

 

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0011/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор Д.Отгонтуяа,

Иргэний хариуцагч У.Намдаг, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг /цахимаар/

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан /цахимаар/

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Ариунболд, Г.Бадамгэрэл  нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд, Г.Бадамгэрэл нарын давж заалдах гомдлоор эрүүгийн 1839003490182 дугаартай 5 хавтас, нийт 1062 хуудастай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

 

Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Дамбо” дэлгүүрийн орчимд Б.Н, Б.Ц нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар авч явсан 4 литрийн маслоны савтай бензинээ хоёр ба түүнээс дээш хүнийг буюу Б.Н, Б.Ц нар руу цацаж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар Б.Ц-ы амь насыг хохироосон, Б.Н-г алахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Г.Б үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6 дахь хэсэг,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б-ийг хоёр хүнийг онц харгис хэрцгийгээр олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар алсан, алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.6 дахь хэсэгт зааснаар  20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.Б  цагдан хоригдсон 719 хоногийг  эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус  заасны дагуу шүүгдэгч Г.Б-эс  3611100  төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д, 4356317 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д, 498447 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Энхчимэгт тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Д.Энхчимэгийн “Сум хөгжүүлэх сан”-аас авсан зээл буюу 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан бусад хохирол буюу цаашид гарах эмчилгээний зардал, хүүхдийн тэтгэмж, хүүхдийн эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь эдгээр хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд, Г.Бадамгэрэл нар давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн  хэргийн анхан шатны  шүүхийн  2021 оны 02 дугаар сарын  08-ны өдрийн  41 дугаартай шийтгэх тогтоолыг  2021 оны 03 сарын 09-ний өдөр  шуудангийн  ажилтнаас хүлээн  авч, уг  шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч давж заалдах журмаар  гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 зүйлийн  1, 38.2 зүйлийн  1-т зааснаар  давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх  Г.Бд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.8 дахь хэсэгт  заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  20 жилийн хорих ялыг  хаалттай хорих  ангид  эдлүүлэхээр  шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлгүй бөгөөд  эрүүгийн  хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн  гэж  үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 зүйл, 39.1 зүйлийн 1-т зааснаар тухайн хэргийн  бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь  хянах эрх хэмжээний  хүрээнд   хянуулахаар, мөн 39.7 зүйлийн 1.3-т зааснаар  хуулийг буруу талбарлаж хэрэглэсэн  тул тус  тус гомдол гаргаж байна.

 

1. Г.Б2018.07.13-ны өдөр  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр  сумын төвд үйл ажиллагаа явуулдаг  “Дамбо” нэртэй  дэлгүүрийн  орчимд Б.Нэрэн, Б.Цогтсайхан  нартай хувийн таарамжгүй  харьцааны улмаас  маргалдан  улмаар  авч  явсан 4 литрийн  маслоны  савтай бензинээ хоёр ба түүнээс дээш хүн рүү  цацаж, онц харгис хэрцгийгээр, олон хүний  амь бие , эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар  Б.Ц-ы амь насыг  хохироосон, Б.Н-г алахыг завдсан гэмт  хэрэгт холбогдуулан  гэм буруутайд тооцож  ял халдааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг хэрэгт прокурор  Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  1.7-р зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар...нотлох  баримтыг тал   бүрээс нь бүрэн  бодитойгоор  шалгаж  хянасны үндсэн дээр  хэргийн бодит  байдлыг  тогтоох, хэргийн бодит байдлыг  нотлохын  тулд прокурор хуульд  заасан  бүх арга  хэмжээг  авч  шүүгдэгчийг  яллах, цагаатгах, ял  хүндрүүлэх, хөнгөрүүлэх  нөхцөл  байдлыг  эргэлзээгүй тогтооно”  гэсэн үүргээ  биелүүлж  ажиллаагүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн  16.2-р зүйлийн  1.3,  1.6 дахь  хэсэгт зааснаар  гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт  хэрэг  үйлдэхэд  нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг  тогтоогоогүй байхад анхан шатны шүүх  хуулийг буруу тайлбарлан хэргийг  шийдвэрлэжээ.

Г.Б нь 2018.07.13-ны  өдөр Өмнөдэлгэр  сумаас хөдөө  газар орхисон  мотоциклоо  очиж  авчирахын тулд 4 литрийн  маслоны  савтай бензин барьж  тус сумын  төвөөр мотоциклтой хүмүүсээс тусламж  эрж явж байтал, Б.Нэрэн, Б.Ц нар гэх  ах дүү нар  түүнд агсам тавьж, түүнд  заналхийлж хэл амаар доромжилж, Г.Б-ийг өдөж хоргоон бүтэн цаг гаруй  хугацаанд  түүний халдашгүй байдалд халдаж, эхлээд Б.Н, хүзүү хэсэгт түүний  өмсөж явсан хувцсаар  бооход Г.Б гарт байсан 4 литрийн  маслоны  савтай бензинээр биеэ  хамгаалж Б.Н-гийн толгойн хэсэгт цохиход гялгар уутаар тагласан байсан савтай бензин  Б.Н-н бие дээр  асгарсан,  энэ үед Б.Н-д  хүзүү  хэсгээр  хувцсаараа боолгуулсан байсан Г.Б араас  Б.Ц  баруун гарын  шуугаар ороон хүзүүгээр боон татахад газарт Б.Ц түүний дээр  ар нуруугаараа Г.Б, Г.Б дээрээс  боосон чигээр Б.Н  урд хэсгээр  гурвуулаа  давхарладан унасан. Ийнхүү  унаснаас хойш  4-5 секундад гал гарч, эдгээр  хүмүүс  хэдэн тийш  салж  гүйсэн ба Г.Б талийгаач Б.Ц, Б.Н нарын  хувцас биед ассан галыг  унтраасан байдаг. Ийнхүү 2 хүнд зэрэг боолтонд орсон Г.Б хувьд амьсгал  давчидаж, толгой  эргэж газарт унасан бөгөөд энэхүү хугацаанд гал  хэрхэн гарсныг  мэдэхгүй байгаа, анх  гэрчээр  өгсөн мэдүүлэгт  надад халаасанд чүдэнз байсан би зурсан эсэхээ санахгүй байна гэж мэдүүлсэн, дараа нь анхан шатны  шүүх хуралдаанд өмгөөлөгч миний асуултад чүдэнз зурсан юм уу гэхэд мэдэхгүй, санахгүй байна, зурсан байж ч магадгүй гэж хэлснийг  прокурор чүдэнз зурж гал гаргасанаа хүлээн зөвшөөрсөн мэтээр  яллах  байр  суурьтай  шүүхэд  мэтгэлцдэг боловч энэ нь хөдлөшгүй нотлох баримтаар  Г.Б чүдэнз зурж гал тавьсан гэдэг нь  нотлогдож тогтоогддоггүй. Хэрэгт  хавсаргагдсан  дэлгүүрийн үүдний  камерын бичлэгт  Г.Б талийгаач  Б.Ц, Б.Н нар  давхралдаж унаад  4-5 секунд болсон бөгөөд  хоёр хүний дунд  тэдгээрт  боолгуулж газарт  унасан хүн  ийм бага хугацаанд  халаасанд байгаа чүдэнзээ зураад гал гаргах боломжгүй юм. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх  хуралдаанд  өмгөөлөгчөөс  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 23.5-р зүйлийн  1-т зааснаар  туршилтын ажиллагааг явуулах  хүсэлтийг удаа дараа  гаргасан боловч хангаж байгаагүй. Өөрөөр  хэлбэл прокуророос  гал хэн гаргасныг одоог хүртэл хөдлөшгүй баримтаар  тогтоогоогүй, Г.Б гал гаргасан гэж таамаглаж  яллах  байр  суурьтай оролцдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн  16.3-р зүйлийн  2-т зааснаар “ яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг  нотлох  баримтаар тооцох боловч  уг мэдүүлэг дангаараа  түүнийг яллах  үндэслэл  болохгүй” гэж  хуульчилсан нь  шүүгдэгч  хэрэгт  үнэн зөв  мэдүүлэг өгөх  үүрэг хүлээхгүй, тэрээр  гэм буруугаа хүлээн  зөвшөөрөөгүй маргаж  байгаа  тохиолдолд түүний гэм буруутайг  өөрийнх  нь хэлснээр бус бусад хэрэгт цугларсан нотлох  баримтаар  хөдлөшгүй тогтоох үүрэг нь  прокурорт хадгалагдах ёстой юм.

Иймд энэхүү хэрэгт  галыг хэн  гаргасан, хаанаас  гарсныг  тогтоогоогүй гэж үзэж  байгаа. 2018.07.13-ны өдөр  гадаа 28-30 хэмийн халуун  байсан бөгөөд  хэт шатамхай бодис  буюу бензин  асгарсан тухайн газар байгалийн  үрэлтийн хүчээр  болон  нарны хэт халаалтаас  шатамхай бодис  гал гарсан  байх нөхцөл  байдал  байгаа. Учир нь 28-30 хэмийн халуунд чулуу болон төмөр  эд зүйл  хоорондоо  хавиралдах, шүргэлцэхэд  физикийн  хуулиар  хүний нүдэнд үл харагдах  жижиг оч  үүсэх,  мөн нарны хэт халалтаас  шил, чулуунд халууны илч  шингэсэн жижиг  үйл хөдлөлд ч гал  гарах боломжтой , мөн  дээрх 3 хүний  өмсөж явсан бакал  гуталнууд тахтай  байсан  бөгөөд тахны  төмөр  чулуу бусад металл  зүйлд  үрэлт үүсгэсний  улмаас  оч үсэрч  гал гарсан байх боломжтой   зэргийг  мэргэжлийн шинжээчээр  тогтоолгох боломжтой  байсныг  прокурор  тогтоож  ажиллаагүй.

Энэ хэрэгт хүний амь нас  хохирох, эрүүл мэнд хохирол учруулсан хүчин зүйл нь гал  гарч шатах юм, тэгвэл  хэрхэн гал гарсныг тогтоож  байж энэ  хэрэгт Г.Бат-Эрдэнийг  гэм буруутай эсэхийг  тогтоох нь зүйтэй юм.

 

2. Г.Бхувьд Б.Н-г  довтолж хүзүүгээр  бооход боолт орж биеэ хамгаалах гарт  байсан савтай  бензинээр  толгой хэсэгт  цохиход бензин асгарсан гэж  мэдүүлдэг ба  Б.Ц араас  бооход хэсэг  ухаан балартаад газар унасан талаар товч тодорхой  мэдүүлдэгээс  үзэхэд тэрээр өөрийн  амь бие, эрүүл мэндийн эсрэг  хүч хэрэглэн довтолсон үйлдлийг  таслан  зогсоох зорилгоор  4.1-р зүйлийн 1-т зааснаар  аргагүй  хамгаалалт хийсэн гэдэг нь  тогтоогдож байхад  анхан шатны шүүх  хүний амь  нас  санаатайгаар  хохироох  гэмт хэрэгт гэм буруутай  тооцсонд гомдолтой байна.

 

3. Анхан шатны шүүхээс  мөрдөн  шалгах ажиллагааны  явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.6-р зүйлийн 1-т  зааснаар  иргэн Намдаг болон “Магнай трейд” ХХК-ийг  иргэний  хариуцагчаар  татсан  мөртлөө  хууль, журам зөрчиж  шатахууныг зориулалтын бус саванд худалдсан, худалдах нөхцөл  байдлаар  хангасан иргэний хариуцагч нараас  хохирол төлөх талаар  шийдвэр  гаргаагүй шийдвэрлэсэн нь ойлгомжгүй хуулийг буруу  тайлбарлаж  хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй  байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 1.15-р зүйлийн  2-т заасныг  үндэслэн  Хэнтий аймаг дахь сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 02 дугаар сарын  08-ны өдрийн 41 дугаартай шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож, Г.Бд холбогдох  эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Т.Ариунболд давж заалдах  шатны шүүхэд  гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэг, 40.1 дүгээр  зүйлийн 1 дэх заалттад  зааснаар давж заалдах гомдол гаргасан. Мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Уг хэрэгт прокурор  Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  1.7-р зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар...нотлох  баримтыг тал   бүрээс нь бүрэн  бодитойгоор  шалгаж  хянасны үндсэн дээр  хэргийн бодит  байдлыг  тогтоох , хэргийн бодит байдлыг  нотлохын  тулд прокурор хуульд  заасан  бүх арга  хэмжээг  авч  шүүгдэгчийг  яллах, цагаатгах, ял  хүндрүүлэх, хөнгөрүүлэх  нөхцөл  байдлыг  эргэлзээгүй тогтооно”  гэсэн үүргээ  биелүүлж  ажиллаагүй. Б мэдүүлэгт тулгуурлан ял халдаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.6 хэсэгт зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн  хэлбэр,  гэмт хэрэг үйлдэхэд  нөлөөлсөн  шалтгаан нөхцөл зэргийг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар хэрэг болсон өдөр галыг хэн гаргасан нь тодорхойгүй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилтын ажиллагаа явуулах хүсэлт гаргасан ч шүүхээс хангаагүй. Г.Б бусдын дарамт шахалтад орж биеэ хамгаалж гарт байсан савтай бензинээр  толгой хэсэгт  цохиход  бензин асгарсан гэж  мэдүүлдэг ба энэ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт хийсэн байхад  хүний амь нас санаатайгаар  хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсонд гомдолтой байна. Мөрдөн  шалгах ажиллагааны  явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.6-р зүйлийн 1-т  зааснаар  иргэн Намдаг болон “Магнай трейд” ХХК-ийг  иргэний  хариуцагчаар  татсан  мөртлөө  хууль, журам зөрчиж  шатахууныг зориулалтын бус  саванд  худалдсан, худалдах нөхцөл  байдлаар  хангасан иргэний хариуцагч нараас  хохирол төлүүлэх талаар анхан шатны шүүх   шийдвэр  гаргаагүй шийдвэрлэсэн нь ойлгомжгүй хуулийг буруу  тайлбарлаж  хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй  байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 1.15-р зүйлийн  2-т заасныг  үндэслэн  Хэнтий аймаг дахь сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 02 дугаар сарын  08-ны өдрийн 41 дугаартай шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож, Г.Бд холбогдох  эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өмгөөлөгч Т.Ариунболдтой адил тайлбар гаргаж байна. 2018.07.13-ны өдөр Г.Б нь чүдэнз зураад кармандаа буцаан хийх боломжгүй байх тул Давж заалдах шатны шүүхэд туршилт хийлгэх саналтай байна. Шүүгдэгч Г.Б  хохирогч Б.Н, Б.Ц хохирол төлсөн баримт 1 дүгээр хавтаст хэргийн 200 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд Ц-ы хохиролд 200.000 төгрөг, Б.Н-ийн хохиролд 200.000 төгрөг төлсөн баримт байхад  анхан шатны шүүх Б.Ц-д 200.000 төгрөг төлсөн гэж үзэж Б.Н-д төлсөн 400.000 төгрөгийг хохирол төлсөнд тооцож оруулаагүй. Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирогчид тусламж үзүүлсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл  байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн байна. Шүүгдэгч сэтгэл санаа, бие мах бодийн хувьд эрхшээлд нь орж хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас өөрийн амь насны эсрэг тулгарсан довтолгооны эсрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт хийсэн. Иймд Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...гэжээ.

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхжавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:...“Магнай трейд” ХХК-ыг иргэний хариуцагчаар татаж оруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэнтий аймгийн Батширээт суманд байрлах шатахуун түгээх станцын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Намдагт 2005 оноос хойш түрээсэлсэн. Шатахуун түгээгч Энхцэцэгтэй Намдаг өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулсан. “Магнай трейд” ХХК-ыг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй шийдвэр гаргасан байна...гэжээ.

Ахлах прокурор Д.Отгонтуяа  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б нь хоёр хүнийг онц харгис хэрцгийгээр олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар нэг хүнийг алсан буюу алахаар завдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  шүүгдэгчийн  өмгөөлөгч нарын гаргасан давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө  үү...гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өигөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хянахад шүүгдэгч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Дамбо” дэлгүүрийн орчимд Б.Н, Б.Ц нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар авч явсан 4 литрийн маслоны савтай бензинээ хоёр ба түүнээс дээш хүн буюу Б.Нэрэн, Б.Ц нар руу цацаж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар Б.Ц-ы амь насыг хохироосон, Б.Нэрэнг алахыг завдсан гэмт хэрэг  үйлдсэн  болох нь:

- Хохирогч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Бчи олон нийтийн газар явж байж бензин бариад согтуу явлаа гэж хэлэхэд тэр  залуу уурлаад бид хоёрын дээрээс бензин асгасан... Би яагаад гал ассан талаар мэдэхгүй. Галыг талийгаач Ц бид хоёр гаргаагүй. Б л гаргасан. Би гомдолтой байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33-35,36/

- Гэрч Ц.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай дэлгүүрийн урд талд хэдэн согтуу хүмүүс хоорондоо хэрэлдээд зодолдоод байх шиг байсан. Нэрэн гэх хүн нь Г.Б гэх хүнтэй маргалдаад хүзүү амыг нь боогоод хэрүүл маргаан үүсгээд...Г.Б гэдэг хүн нь уурлаад барьж явсан цагаан өнгийн савтай зүйлээ нөгөө маргалдаад байсан Б.Н, Б.Ц нарын дээрээс нь асгасан. Тэгээд удалгүй гэнэт л нөгөө хоёр хүнээс гал гарч шатаж түлэгдсэн...хохирогч Б.Н, Б.Ц нарын дээрээс  Г.Б гэх хүн бензин асгасан...” гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 47-48/

- Гэрч Д.Дамидбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай дэлгүүрийн урд талд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 3 хүн хоорондоо маргалдаж хэрүүл маргаан үүсгэж байгаад нэг хүн нь савтай бензин асгаж шатаасан хэрэг гарсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 54-55/

-Гэрч Ю.Наранцацралын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...дэлгүүрийн урд талд чирнээлэн ягаан өнгийн дээлтэй согтуу залуу хар өнгийн савхин күртиктэй согтуу залуутай хэрүүл маргаан үүсгээд дээлтэй залуу нь нөгөө залуугийнхаа хүзүүнээс боогоод бариад байхыг харсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 тал/

- Гэрч П.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би сумын төвийн “Дамбо” дэлгүүрийн ойролцоо явж байсан чинь манай хүү Б.Н нь хар өнгийн савхин күртиктэй хүнтэй маргалдсан байдалтай байж байсан. Тэгээд би эргэж хараад удалгүй буцаж хүү рүүгээ харахад манай хүү болон хамаатан Ц-ы биенээс гал гарч байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс галыг нь унтраасан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 тал/

- Гэрч У.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би дэлгүүрийнхээ гаднах талбайн хогийг цэвэрлэж байхад нэг чирнээлэн ягаан өнгийн дээлтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглсэн залуу дэлгүүрийн урд үүдэнд шахуу хар өнгийн күртик өмссөн гартаа цагаан 4 л маслоны сав барьсан залуутай маргалдаад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан чинь дээлтэй залуу нь эргэж очоод нөгөө залуутай маргалдаад араас нь бас нэг дээгүүрээ нүцгэн залуу ирээд дээлтэй нөхөртэй  цуг хар савхин күртиктэй залуутай маргалдсан чинь нөгөө хар өнгийн савхин күртик өмссөн гартаа маслоны сав барьсан залуу уурлаад барьж явсан цагаан өнгийн савныхаа амсрыг нээгээд нөгөө ноцолдоод байсан хоёр залуугийнхаа дээр нь асгаж өгсөн. Тэгээд удалгүй юу болсныг нь сайн мэдэхгүй намайг хараагүй байхад нөгөө хоёр залуу гэнэт шатаад эхэлсэн...Намайг ирэхэд дээлтэй залуу нь Г.Б гэх залуутай маргалдаад хүзүүг нь боож гараараа түлхээд хэрүүл маргаан үүсгээд яваад байсан. Дээрх гурван залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 57-59 тал/

- Гэрч Г.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...07 дугаар сарын 12-ны орой Б мотоцикль хөдөө айлд байгаа бензин нь дуусаад бас эвдэрсэн гэхээр нь би тэр орой гэрт байсан 4 л цагаан өнгийн сав аваад Б бид хоёр сумын МТ шатахуун түгээх газраас шатахуун аваад маргааш өглөө нь Б шатахуунаа аваад замын унаанд суугаад явсан... Миний өгсөн 4 литрийн цагаан өнгийн  сав өөрийнх нь завод тагтай байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 тал/

- Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Тэр хоёр хүн надтай хэрүүл маргаан үүсгэж намайг зодох гээд байсан учраас өөрөөсөө холдуулах зорилгоор уг савтай бензинийг  асгасан юм...надтай хэрүүл маргаан үүсгээд намайг татаж чангаагаад байхад Хүрэлбаатар ах дахиж салгасан. Тэгээд би дэлгүүрийн тэнд зогсож байхад Нэрэн дахиж ирээд намайг ална гээд хүзүү ам боогоод чирээд зүүн зүг рүү явахад араас нь Ц бас ална гэж бахирч ирээд намайг бас боосон. Тэгээд би тэр хоёртой ноцолдож зууралдаад байж байхдаа гартаа барьсан савтай бензинээ тэр хоёрын дээрээс асгасан. Тэгээд удалгүй гал гарсан. Гал чухам яагаад гарсан талаар би сайн санахгүй байна...Миний өмдний халаасанд “Феско” нэртэй шүдэнз байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 129-131 тал/

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №340 дугаартай: “Г.Б биед дух, баруун нүдний дээд зовхи, хацар, хамар, баруун бугуй, эрхий, долоовор хуруу, сарвууны ар хэсэг, зүүн бугуй, алга, дунд, ядам, чигчий, хуруунд түлэгдэлтийн шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь өндөр хэмийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 75 тал/

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №9131 дугаартай: “Б.Н биед толгой, хүзүү, нуруу, бугалга, сарвуу буюу биеийн нийт гадаргуугийн 25-28 хувийг хамарсан ЗАБ зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 87-88 тал/

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №1625 дугаартай: “. Б.Ц биед цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Б.Ц нь биеийн гадаргуугийн 55-60 % -г хамарсан ЗАБ түлэгдэлт, түлэнхийн өвчний улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ.” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 100-103 тал/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-11-13, 20-21/, Г.Б биед  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-19/,  DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-22/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-95-99/, Шинжлэх ухаан, Технологийн  их сургуулийн Геологи, Уул уурхайн сургуулийн  шинжээчийн 2020 оны 11 сарын 15-ны дүгнэлт /4-хх-68-69/,  хохирогч гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хассан буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.  

Анхан шатны шүүх Г.Б үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.6 дахь хэсэгт зааснаар 20  жилийн  хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд, Г.Бадамгэрэл нарын гаргасан “Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгож  цагаатгах” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах  үндэслэлгүй байна. Учир нь:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”  гэж хуульчилсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “ Нэрэн Г.Б нар хоорондоо маргалдсанаас болж Г.Б уурласан, тэгээд барьж явсан савтай бензинээ Н Ц нарын дээрээс асгасан, удалгүй гал гарсан” талаар Нэрэн мэдүүлжээ.

Харин Г.Б “Н Ц  нар намайг ална гээд хүзүү ам боосон. Би айсан, өөрийгөө хамгаалж цохиход  савтай бензин асгарсан, шүдэнз зурсан эсэхээ санахгүй байна” гэж мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан нотлох баримт болох   Шүүхийн шинжилгээний албаны №340 дугаартай дүгнэлтээр Г.Б биед боолтын улмаас ямар нэг ул мөр, гэмтэл тогтоогдоогүй, харин түүний биед учирсан дух, баруун нүдний дээд зовхи, хацар, хамар, баруун бугуй, эрхий, долоовор хуруу, сарвууны ар хэсэг, зүүн бугуй, алга, дунд, ядам, чигчий, хуруунд түлэгдэлтийн шарх гэмтэл учирсан нь өндөр хэмийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болох нь тогтоогдсон байна.

 

Аргагүй хамгаалалтын халдлагад хамаарах гол шинж нь довтолгоон бодитой буюу нэгэнт эхэлсэн, дуусаагүй байх нөхцөл ба бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учрах нь бодитой, тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүснэ.

 

Гэтэл хохирогч нарын зүгээс Г.Б амь нас, эрүүл мэндийн эсрэг  ямар довтолгоо хийсэн  болох  нь тодорхойгүй, шүүгдэгчийн “өөрийгөө хамгаалах гэж бензин асгасан” гэж мэдүүлсэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Г.Б аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

   Г.Б “өөрийгөө хамгаалж тэднийг цохиход  савтай бензин асгарсан” гэсэн мэдүүлэг нь  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD-д хадгалагдсан бичлэг болон гэрч У.Хүрэлбаатар, Ц.Оюунцэцэг нарын “тэд Г.Бтэй маргалдсан, Г.Б  уурлаад барьж явсан цагаан өнгийн савтай зүйлээ Б.Н, Б.Ц нарын дээрээс нь асгасан” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байх тул Г.Б савтай бензинээр бусдыг цохиход бензин асгараагүй, харин савтай бензинийг хохирогч нарын дээрээс асгасан үйлдлийг санаатай  хийсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцжээ.

Г.Б биед хийсэн үзлэгээр “Фэско” нэртэй шүдэнз хураагдсан болон Г.Б “миний өмдний халаасанд феско нэртэй чүдэнз байсан” гэх  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 129-131/, “айсандаа шүдэнз зурсан” гэсэн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх үнэлснийг буруутгах үндэслэл байхгүй байна.

Иймд хохирогч нар Г.Ббоосны улмаас тэрээр аргагүй хамгаалалт хийсэн үндэслэлээр Г.Бд холбогдох  эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгож, түүнийг  цагаатгах  тухай  шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан  гомдлыг хүлээн  авах боломжгүй байна.

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад 07 дугаар сарын 12-ны орой Г.Б Батширээт сумын “МТ” шатахуун түгээх газраас 4 литрийн  цагаан  саванд шатахуун худалдан авсан, түүнийгээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогджээ. “Манай улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ШТС-ын болон ГТБА-ын галын аюулгүйн дүрэм, стандартуудад зориулалтын бус саванд шатахуун түгээхийг хориглоно гэсэн заалт байхгүй болно” гэсэн ШУТИС-ийн геологи, уул уурхайн сургуулийн  2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /4-р хх 69 тал/, “Магнай Трейд” ХХК болон иргэн У.Намдаг нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, иргэний хариуцагч У.Намдаг, иргэний хариуцагч “МТ” ХХК-ийн төлөөлөгч Г.Энхжавхлан нарын мэдүүлгийг үндэслэн иргэний хариуцагч нар нь  шүүгдэгч Г.Бат-Эрдэний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцах үндэслэлгүй байна.

 - Г.Б  мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “бүрэн бус дунд боловсролтой”  гэж мэдүүлсэн  байх ба гэрчид  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг  тайлбарлан өгсөн байна. /1хх 49-51/ Шүүх Г.Б-ийн гэрчээр өгсөн  дээрх мэдүүлгийг үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байх тул “гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн, өмгөөлөгчгүйгээр байцаалт авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн”  гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан   давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар  сарын 08-ны  өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч  Т.Ариунболд, Г.Бадамгэрэл нарын  гаргасан “Г.Бд холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож,  түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга  бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Г.Бат-Эрдэний  цагдан хоригдсон 83  хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ДЭНСМАА

                         

                          ШҮҮГЧИД                                        Я.АЛТАННАВЧ

                 

                                                                                  Г.БОЛОРМАА