Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00045

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Б.Чанцалдулам,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, П.Ган-Очир,
шүүгдэгч Т.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяей овогт Төвжанхарын Нямдоржид холбогдох 201606000273 дугаартай, 132/2017/0027/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 12 сарын 19-ний өдөр Булган аймаг, Булган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 1, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар 1 жил 4 сар, 25 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх Баяей ургийн овгийн Төвжанхарын Нямдорж /РД: ГЮ76121911/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Нямдорж нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой Булган аймгийн Бугат сумын 2 багийн нутаг дэвсгэрт согтуугаар иргэн Б.Эрдэнэбаярыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, мөн амь хохирогч Б.Эрдэнэбаярыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байхад зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж, амь насанд нь аюултай байдалд зориуд оруулснаас амь хохирогч Б.Эрдэнэбаяр нас барсан гэмт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Нямдоржийн өгсөн: Анх цагдаа Баттөр, Эрдэнэбаяр нар надаас мэдүүлэг авсан. Үүний дараа 2-3 цагийн дараа цагдаа Энхтүвшин дахин мэдүүлэг авсан. Миний өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй. Б.Эрдэнэбаяр бид хоёр хөдөө байдаг манай гэрээс Булган аймгийн Булган сумын төвд ирсэн юм. Тухайн өдөр ням гараг байсан. Би даваа гарагт ажилтай байсан учраас Б.Эрдэнэбаярыг хөдөө гэр рүүгээ явуулсан. Маргааш нь амь хохирогч Эрдэнэбаяр Булган аймгийн Булган сумын төвд ирсэн байсан. Манай салсан эхнэр Эрдэнэбаярыг ирсэн, бусадтай зодолдсон байдалтай нүүр нь хавдсан байсан талаар хэлсэн. Ингээд Б.Эрдэнэбаяр бид хоёр манай салсан эхнэрийн гэрт хоносон. Б.Эрдэнэбаяр хөдөөнөөс ирсэн өдөр манай салсан эхнэрийн гэрт хоноогүй. Бид хоёр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өглөө салсан эхнэр Цолмонд хөдөө явна гэдгээ хэлээд явсан. Б.Эрдэнэбаяр бид хоёр явахаасаа өмнө 1 шил архи уусан. Б.Эрдэнэбаяр бид хоёр захаас хүнсний бүтээгдэхүүн болон хэрэгцээтэй байгаа эд зүйлээ худалдаж авсан. Бид хоёр Булган аймгийн Булган сумын төвөөр түлшний мод худалдан авах хүн хайсаар байгаад 1600 цаг болсон. Үүний дараа бид хоёр Булган аймгийн Булган сумын Залуус хороололд байх манай ээж Жигжидийн гэрт очоод тэднийхээс 1700 цагт гарсан. Үүний дараа бид хоёр Хөвсгөл аймаг руу явах замд байдаг Арвай дэлгүүрийн гадна тээврийн хэрэгсэлд суухаар тосч зогссон. Тээврийн хэрэгсэл хүлээх явцад Б.Эрдэнэбаяр Арвай дэлгүүрээс 1 шил архи худалдан авсан. Биднийг зам дээр зогсож байхад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн малчин Мөнхжаргал зогссон. Мөнхжаргал нь өмнө цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Мөнхжаргал бид хоёрын нэгийг нь машинд, нэгийг нь машины тэвш дээр суугаарай гэж хэлсэн. Би Эрдэнэбаярыг машин дотор суугаад яв гэхэд хамт тээврийн хэрэгслийн тэвшин дээр сууна гээд бид хоёр тэвшин дээр сууж явсан. Бидэнд ээж Жигжид 10000 төгрөг өгсөн бөгөөд түүгээр бид хоёр Арвай зоогийн газраас хуушуур авч идсэн. Мөн архи худалдан авсан. Бид машинд суугаад явахад 1800 цаг өнгөрч байсан. Б.Эрдэнэбаяр өдөр нь надаас өөр хүмүүстэй архи уусан гэдгээ хэлж байсан. Б.Эрдэнэбаяр даараад байна гээд миний ноосон малгайг авч өмссөн. Бид хоёр Булган аймгийн Булган сумын төвөөс 19 км яваад тээврийн хэрэгслээс буусан. Уг нь бид хоёр 18 км яваад буух байсан юм. Тээврийн хэрэгслээс буугаад бид хоёр архиа уусан. Хатуу хучилттай замаас манай гэр 2 км зайд байдаг бөгөөд 2 голын гарамаар гардаг юм. Би гарам гарах үед сэргэсэн. Б.Эрдэнэбаяр байхгүй болохоор нь буцаад явсан. Б.Эрдэнэбаяр буцаад Булган аймгийн Булган сумын төв рүү явна гээд байхаар нь хориглосон. Мөн айлд очиж айраг ууна гээд байхаар нь мөн л хориглосон. Б.Эрдэнэбаяр явж чадахгүй байна гээд байсан. Үүнээс болж бид маргалдсан. Б.Эрдэнэбаяр намайг мөргөсөн, харин би зөрүүлээд түүний нүүр рүү 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би 20 метр яваад түүнийг явахыг харахад явахгүй байсан. Б.Эрдэнэбаяр өмсөж байсан курткээ газарт дэвсээд дээр нь хэвтсэн. Мөн даараад байна гээд чичрээд байхаар нь би дээлээ тайлаад өгсөн. Би дээлээ тайлаад өгөхөд дуулаацахгүй байхаар нь буцаагаад дээлээ өмссөн. Би сүүлдээ Б.Эрдэнэбаярт гэр ойрхон байна явъя гэж хэлэхэд Б.Эрдэнэбаяр дуугарахгүй байсан. Би түүнийг орхиод явбал осгох байх гээд тэврээд 2 цаг байсан. Тухайн үед цас 5 см орчим зузаан орсон байсан. Ан хийж байгаа тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг ирэхийг хүлээсэн. Мөн морьтой хүн ирсэн боловч морь үргээд байна гээд явсан. Тэр тээврийн хэрэгслийг ирэхээс өмнө найз буюу Эрдэнэбаяр нас барсан гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Чанцалдуламын өгсөн: Б.Эрдэнэбаяр миний төрсөн дүү байгаа юм. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэбаярыг осгосон гэдгийг мэдсэн. Би тэр даруй цагдаагийн газар очсон. Би мөрдөн байцаагчид хурдан мэдэгдэхгүй яасан юм бэ гэхэд ар гэрийн хүмүүсийн хаягийг нь мэдэхгүй байсан юм гэж хэлсэн. Харин би мөрдөн байцаагч Нямдорж мэдэж байгаа шүү дээ гэж хэлсэн. Би мөрдөн байцаагчаас амь
хохирогч Эрдэнэбаярыг зодуулсан шинж тэмдэг байсан эсэхийг асуухад тийм шинж тэмдэг байгаагүй гэж хэлсэн. Бид Б.Эрдэнэбаярын цогцосыг харахад зодуулсан шинж тэмдэг байсан. Зодуулсан шинж тэмдэг байхад мөрдөн байцаагч зодуулсан шинж тэмдэг байгаагүй гэснийг ойлгохгүй байна. Ийм учраас бид тэр мөрдөн байцаагчаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид амь хохирогч Эрдэнэбаярыг зодуулсан байдалтай байсан гэдгийг хэлсэн. Би шүүгдэгч Нямдорж, амь хохирогч Эрдэнэбаярын амь насыг шууд санаатай хохироосон гэж бодож байна. Шүүгдэгч Нямдоржийн зодсон нөхцөл байдлаас болж Эрдэнэбаяр нас барсан. Шүүгдэгч Нямдорж, Эрдэнэбаярыг осгох хэмжээнд хүртэл зодсон байна. Түүнийг олон удаа цохьсон, үүний улмаас ухаан алдсан байна. Үүнээс болж Б.Эрдэнэбаяр нас барсан. Би 12430638 төгрөг нэхэмжилж байна. Үүнд оршуулгын зардал, буяны ажил явдлын зардал, өмгөөллийн хөлс зэрэг багтаж байгаа гэх мэдүүлэг,
201606000273 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Шүүгдэгч Т.Нямдоржийн сэжигтнээр өгсөн: Би Булган аймгийн Бугат сумын нутаг зуун мод гэх газарт талийгаач Б.Эрдэнэбаярын хамт амьдарч байсан. Бид 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн төвд орж ирсэн. Тэр өдөр Б.Эрдэнэбаяр нь хөдөө гэрлүүгээ буцаж яваад, би Булган сумын төвд гэртээ үлдсэн. Тэгтэл маргааш орой нь 16 цагийн орчимд Б.Эрдэнэбаяр нь хөдөөнөөс ганцаараа орж ирсэн. Тэр өдрөө манай эхнэрийн Булган сумын 4 дүгээр багийн барилгын хороонд байх гэрт хоносон. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдөр хүртэл манайд байсан. Өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 9 цагийн үед бид хоёр хөдөө явлаа гэж эхнэр Ц.Цолмонд хэлээд гарсан. Хөдөө гарахаас өмнө манай гэрт бид хоёр 0,5 литрийн Ерөөл архийг хувааж уусан. Гэрээс гарч Булган сумын төвөөр түлээ, мод худалдан авах хүн хайсаар 16 цаг хүргэсэн. Тэгж явж байгаад 16 цаг өнгөрөөгөөд залуус хороололд манай төрсөн ээж Жигжидийн гэрт очсон. Ээжийн гэрээс бид хоёр 17 цаг өнгөрөөгөөд Хөвсгөл явах замд байдаг Арвай дэлгүүрийн тэндээс замын унаа тосч зогссон. Арвай дэлгүүрээс талийгаач 0,5 литрийн Ерөөл архийг авсан. Арвайгийн гаднаас бид хоёр Мөнхжаргал гээд Уньтад малчин хийдэг хуучин цагдаад ажиллаж байсан хүний машины тэвшин дээр сууж явсан. Бид тэр машинтай асфальтан замаар 18 км яваад манай хөдөө гэрийн харалдаа зам дээр буусан. Авсан архинаасаа бид хоёр машины тэвшин дээр сууж явахдаа 1 удаагийн цаасан аяганы талаар нэг нэг удаа уусан. Тэндээс буухад гадаа харанхуй болж байсан ба ойролцоогоор 18 цаг болж байсан. Бид хоёр машинаас буугаад явган манай гэрлүү алхаж явсан. Алхаад явж байхдаа замдаа бид хоёр үлдсэн архиа хувааж уусан. Тэгээд намайг түрүүлээд алхаж явтал талийгаач Б.Эрдэнэбаяр нь алхаж өгөхгүй ард хоцроод явсан. Тэгэхээр нь би эргэж алхаж очоод яасан бэ гэхэд талийгаач би алхаж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Одоо гэр ойрхон байна шүү дээ алхаад явъяа гэтэл талийгаач би эргэж Булган ороод өглөө маяти машин олоод ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ орой үдэш болсон хойно, би маргааш утсаар дуудъяа гэж хэлсэн. Тэгтэл талийгаач Отгоогийнд очиж айраг ууя гэж хэлэхээр нь харанхуй үдэш яахын бэ эднийх шөнө нохойгоо тавьчихдаг гэхэд талийгаач би Булган сумруу модны машинд сууж ороод маргааш хүрээд ирье гэсэн. Би яах гээд байгаа юм бэ хоёулаа маргааш болъё гэтэл: талийгаач би явъяа гэвэл явна ш дээ гэж хэлээд буцаад зам руу алхах үед нь араас нь очиж ханцуйн дээрээс нь татсан. Тэгтэл талийгаач явахгүй гээд байснаас болж бид хоёр хоорондоо маргах болсон. Тэр үед талийгаач миний хацарны доод жавжруу мөргөсөн. Тэгэхээр нь би зүүн гараараа атгаж байгаад хамарлуу нэг удаа цохиод авсан. Тэгтэл талийгаач надтай барьцалдаад авахаар нь би хажуу тийш зайлаад газар унагаасан. Тэгсэн чинь талийгаач би явахгүй гээд байсан, тэгэхээр нь би
хоёр гарнаас нь барьж аваад хоёр хөлний гуян дээр суусан, талийгаачийн дээрээс удалгүй босоод би гэрлүүгээ чиглээд 20 гаран метр алхаад талийгаачийг араас ирэхнүү үгүй юу гэж хартал ирээгүй ба босоод зогсож байхаар нь би өөрөө буцаад яваад очсон. Тэр үед талийгаач би явж чадахгүйн ээ гээд өмсөж явсан куртекээ тайлаад талийг нь дэвсээд хэвтсэн байсан. Тэгээд талийгаач би даараад байна дээлээ тайлаад өгчих гэхээр нь өөрийн өмсөж явсан дээлээ тайлж өгсөн. Тэгтэл талийгаач би даараад байна явж чадахгүй нь хэлээд чичрээд хэвтээд байсан, тэгэхээр нь би дээлээ өмсүүлээд дулаацуулж чадахгүй юм байна гэж хэлээд өөрөө дээлээ буцаан өмсөж талийгаачийг урд талдаа тэвэрч элгээрээ хумиад суусан. Сүүлдээ би талийгаачид гэр ойрхон байна ш дээ гэж хэлтэл юуч дугараагүй. Би талийгаачийг айлруу дөхүүлье гэж бодтол голын захад цас орж хүйтэн байсан учраас осгож магадгүй гээд орхиж чадахгүй уулнаас машин тэрэгтээ хүн бууж ирж магадгүй гээд 2 цаг гаран хүлээсэн, тэгж байтал талийгаачийн амьсгал сулраад хөдлөхөө байж эхэлсэн. Тэгж сууж байгаад нэг мэдэхэд талийгаач нас барсан, Тухайн үед хүмүүс машинтай замаар явж байхыг хараад асаагуурын гэрлээр дохиж зогсоосон чинь шүүхийн шийдвэрийн ажилтнууд явж байсан гэх мэдүүлэг /хх 163-164 тал/, Хохирогч Б.Чанцалдуламын ".. Намайг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед манай хүргэн Балжиннямын гэрт байж байхад орж ирээд та тайван байгаарай, Б.Эрдэнэбаяр ах осгосон юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн төрсөн дүү Золзаяагийн хамтаар Булган аймгийн Цагдаагийн газарт ирэх гээд явах замд хамт явсан Нямдоржтой цагдаагийн үүдэнд таарсан. Тэгээд юу болсон талаар Нямдоржоос асууж тодруултал ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгэхээр нь энэ цагдаагийн байцаагчид шалгагдаж байгаа гэдгийг мэдээд орж ирж тантай уулзсан. Ингэж Б.Эрдэнэбаярыг нас барсан талаар мэдсэн. Тэгээд 15 цагийн үед Булган аймагийн Нэгдсэн эмнэлэгт манай ах, дүү нар очиж асууж тодруулсан чинь миний талийгаач дүү мөн байсныг мэдсэн. Анх бид нар цагдаагийн байгууллага дээр ирээд яагаад ар гэрийн хүмүүст мэдэгдээгүй юм бэ бид нар ойр хавийн хүнээс сонсоод ирсэн. Миний мэдэж байгаагаар хамт явсан Т.Нямдоржтой багаас найзалж нөхөрлөсөн, ямар ч байсан Т.Нямдоржид зодуулсан талаар хэлдэг байсан. Энэ талаар нь ямар нэгэн баримттайгаар санахгүй ч гэсэн ер нь тэгж хэлээд байсан. Нас барахаас өмнө яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, манай төрсөн эгч Лхагвасүрэнд эгээ Нямдорж намайг хутгаар хутгалчихлаа гээд гарандаа шархтай орж ирж байсан гэсэн. Энэ талаар Нямдорж нь цонх хагалаад гараа зүссэн, би эмнэлэг орж оёо тавиулж өгсөн гэж хэлсэн байдаг. Тэгэхээр найз Нямдорж нь миний талийгаач дүүг их дээрэлхэж зодож дарамталдаг байсан. Гэхдээ би багаасаа тоглож хамт өссөн болохоор тэгж их хүндээр тусгаж, цагдаагийн байгууллага болоод холбогдох байгууллагт нь хандаж байгаагүй. Нямдоржтой ямар харилцаатай талаар манай бусад эгч нар сайн мэдэж байгаа байх. Ер нь бол миний талийгаач дүүд дээрэлхүү ханддаг байсан, орон гэр эхнэр хүүхэд гэх хүн байхгүй учраас хөдөө мал дээр малынхаа ажлыг цалин хөлсгүйгээр ажиллуудаг байсан. Үүнийг нь манай эгч дүү нарын зүгээс багийн найз нөхөд учраас өөрөө орон гэр гэх зүйл байхгүй учраас хөдөө Нямдоржийн гэрт цалингүйч гэсэн ажиллаад хоол олж идээд, хоног төөрүүлээд байж байгаа гэж боддог байсан. Миний хувьд бол талийгаач дүүг Нямдоржийн гарт амиа алдсан гэж бодож байна. Яагаад ингэж үзэж байна гэхээр бид нар талийгаач дүүгийнхээ цогцсыг харахад толгой, нүүр хэсэгтэй шархтай, мөн хавдартай харагдсан, гаднаас нь цогцсыг нь ажиглаж харахад гадны нөлөөтөй нас барсан гэж үзэж байна. Энэ талаар харсан үзсэн гэрч нар буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч нар явж байгаад харсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч нарыг очоод дүүг маань үзэхэд нас барсан байсан талаар хэлсэн. Тийм учраас би гомдолтой байна.тэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/
Гэрч Ч.Мөнхбаярын өгсөн: "..Би өчигдөр буюу 2016 оны 10 дугаар 26-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт байх албаны малыг дэслэгч Батхуяг, хянагч Булгантамир, жолооч Болорсүх нарын хамтаар машинтай шалгаад буцаад явж байхад замд 22 цагийн орчимд байх Зуун модны голын ойролцоо 2 эрэгтэй хүн байхаар нь зогсоод очсон. Тэгтэл Булган сумын харъяат зүс таних Т.Нямдорж нэг танихгүй залуугийн хамтаар байж байсан тэгэхээр нь нөгөө танихгүй залуу дээр яваад очсон чинь нас барсан байсан. Тэгэхээр нь Булгантамир, Батхуяг хоёрыг үлдээгээд жолооч Болорсүхийн хамтаар цагдаагийн газрын жижүүрт дуүдлага өгсөн. Тэгээд бид нар цагдаа нарыг ирэхийг хүлээсэн ба удалгүй цагдаа нар ирээд бид нар явсан.Түхайн үед нас барсан залуугийн дээд уруул нь хавдсан, хамраас нь цус гарсан, доод эрүүний хэсэгт шалбарсан байдалтай байсан, Т.Нямдорж нь харин зөв зүгээр байсан бас дээлнийх нь ханцуй цус болсон байсан. Тэр үед Н.Нямдорж түргэн дуудаж өгөөч гээд л байсан тэрнээс биш ингэлээ тэглээ гэж юм огт яриагүй.Тэр газарт ойр орчимд нь өөр ямар нэгэн хүн харагдаагүй. Хоорондоо ноцолдож зодолдсон байдалтай, нас барсан залуу зодуулсан байрын гэмээр харагдаж байсан ба ойр орчмын газар нь тэгж харагдаж байсан.."гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуудас/ Гэрч С.Булгантамирын өгсөн: "..Т.Нямдорж нь нэг залуугийн хажууд сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асууж тодруулахад манай найз босохгүй байна, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэж бид нараас гуйсан. Тэгэхээр нь төлөөлөгч Мөнхбаяр, Болорсүх хоёр машинтай цагдаад мэдэгдэх гээд утасны сүлжээтэй газарлуу явсан. Харин Батхуяг бид хоёр тухайн газарт үлдсэн. Бид хоёр тэр 2 хүний хажууд байхдаа юу болсон талаар асууж тодруулахад Т.Нямдорж нь замдаа архи уугаад, манай найз явж чадахаа байчихлаа гэсэн. Тэрнээс өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Нөгөө танихгүй залуу нь бид нарыг ирэхээс өмнө нас барсан байсан. Тэгээд бид хоёрыг байж байхад төлөөлөгч, Болорсүх хоёр буцаж ирээд дуудлага өглөө гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв цагдаа нар ирэхийг хүлээсэн. Удалгүй байж байхад аймгийн, төвөөс цагдаа нар ирсэн ба бид нар Т.Нямдоржийг цагдаад хүлээлгэн өгөөд аймгийн төв рүү явсан. Ийм л зүйл болсон Бид нарыг очиход Т.Нямдоржийн нөгөө залуу нь нас барсан, нүүр хэсэг нь хавдсан, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан, харанхуй байсан болохоор сайн ажиглаад хараагүй, ямар ч байсан миний ойлгосноор хоорондоо зодоон хийсэн юм шиг байсан. Т.Нямдорж нь нөгөө залуугаа зодсон юм шиг байна лээ. Тэр хавийн цасан дээгүүр хүн холхиж алхсан, цас нь харалж ханзараад доорхи өвс нь харагдаж байсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/ Гэрч С.Болорсүхийн өгсөн: "..Би өчигдөр буюу 2016 оны 10 дүгаар 26-ны өдөр тус албаны төлөөлөгч, Мөнхбаяр, Батхуяг, Булгантамир нарын хамтаар албаны малчныд очиж малыг эргэж тойрсон. Тэгээд 22 цагийн үед буцаад Булган сумруу явж байхад Булган аймгийн Бугат сумын Зуун мод гэх нэртэй газрын ойролцоо урсдаг Зуун мод гэх голын хажүуд 1 эрэгтэй хүн сууж байхаар нь зогсоод бөөнөөрөө яваад очтол наана нь байсан хүн нь зүс таних Булган аймгийн Бугат сумын харьяат Т.Нямдорж гэгч байсан ба босоод ирсэн, харин түүний цаад талд нь мөн нэг танихгүй эрэгтэй хүн хэвтээд байж байсан ба босч ирээгүй. Тэгэхээр нь юу хийж яваа талаар Т.Нямдоржоос асуухад манай найзын бие болохоо байчихлаа гэхээр нь би гүрээнийх нь судсыг дарж үзэхэд аль хэдийнээ цусны эргэлт нь зогсож бие нь хөшчихсөн байдалтай байсан. Тэр үед Т.Нямдорж нь эмнэлэг дуудаад өгөөч гээд байсан. Тэгэхээр нь манай төлөөлөгч бид хоёр утасны сүлжээтэй газарлуу машинтай явж эмнэлэг болон цагдаад мэдэгдэхээр хөдөлсөн. Тэгээд төлөөлөгч бид хоёр цагдаад болсон явдлын талаар хэлж мэдэгдээд. Буцаж ирээд цагдаа нарыг ирэхийг хүлээсэн. Тэгээд цагдаагийн эргүүлийн алба хаагч нарыг ирэхээр нь хүлээлгэж өгөөд Булган руу буцсан. Ийм зүйл болсон.Тухайн үедээ бид нар Т.Нямдоржоос нээх их юм асууж тодруулаагүй, Т.Нямдорж ч өөрөө ямар нэгэн
зүйл хэлж яриагүй, өөрийнх нь хэлж байгаа үг бол эмнэлэг дуудаад өгөөч гээд л байсан.Тэр хоёрыг ажиглаж харахад хоорондоо зодоон хийсэн юм уу гэмээр, хоёр хэсэг газарт цас талхалагдаж харалсан байрын харагдаж байсан, тэр хоёр хоорондоо нэгнийгээ чирсэн юм уу гэмээр мөр гарсан байсан, нас барсан залуугийн хамраас нь цус гарсан, уруул хэсэг нь хавдсан, эрүүний доод хэсэг нь цус болсон/ арьс ярагдсан/ гэмээр харагдсан. Харин Т.Нямдоржийг харахад бие зөв зүгээр харагдсан бөгөөд дээлийнх нь хоёр ханцуй, хормой зэрэг нь цус болсон харагдсан. Мөн Т.Нямдоржыг ажиглаж харахад гадна төрхөөсөө илтэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байрын харагдаж байсан. Өөрөөс нь архи уугаад удсан нэвшсэн үнэр үнэртэж байсан. Т.Нямдорж өөрөө хэлэхдээ аймгийн төвд 3 хоногийн турш нас барсан, найзтайгаа хамт архи уусан гэж байсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/ Гэрч С.Батхуягийн өгсөн: “..2016 оны 10 дугаар сарын сүүлээр албаны өвөлжөөг Мөнхбаяр, Булгантамир, Болорсүх нарын хамт шалгачихаад буцаж явахад шороон замын хажууд эрэгтэй хүн юм тэвэрчихсэн сууж байсан. Тэгэхэд Нямдорж нилээн согтуу олон жил найзалсан найзаа гар дээрээ алдчихлаа гээд уйлж байсан. Шалгахад нас барсан байсан” гэх мэдүүлэг /хх 63-64 тал/, Гэрч Ч.Сонинбаярын өгсөн: "..Тухайн үед манайх Булган аймгийн Бугат сумын нутаг Түлүүгийн давааны дор нутаглаж байсан юм. Яг 2016.10.26-ны өдөр 11 цагийн үед Булган аймгийн төвд нөхөр Д.Мөнхжаргалын хамт өөрсдийн цэнхэр өнгийн Порентер маркын тээврийн хэрэгсэлтэй хоёулаа орж ирээд хоол хүнсний зүйлээ цуглуулаад орой 18 цагийн үед байх гарч явсан. Тэгээд гэртээ хариад амарсан Тэр өдөр Булган аймгийн төвөөс нөхөр бид хоёр хамт явсан. Булганы төвөөс гарахад Булган самбарын тэр хавьд 2 үл таних залуу гар өргөхөөр нь манай нөхөр зогсоход жолооч талын хаалгаар арай өндөр цагаан ноосон малгайтай дээлтэй залуу нь ирээд манай нөхөрт хандаж Булган сумаас гараад ойрхон бууя оройтоод машин авахгүй байна гэхэд манай нөхөр ойрхон юм бол суучих гээд машины хойно тэвшин дээр хоёуланг нь суулгаад аваад явсан. Тэгээд тэр хоёр залуу Булган сумаас гараад Арван наймтын дөрөлж хавьцаа манай гэр харагдаж байна гээд тэвшин дээрээс дуудаад манай нөхөр зогсоход буугаад явцгаасан. Тэгээд бид 2 буулгаад шууд хөдлөөд гэр лүүгээ явсан. Би тэр 2 залууг урьд нь огт харж байгаагүй. Миний санаж байгаагаар нэг нь арай өндөр цагаан ноосон малгайтай, өнгийг нь санахгүй байна ямар ч байсан дээлтэй байсан, нөгөөдөх нь машин зогсоход ойртоогүй ямартай ч байсан куртиктэй байсан шууд арын тэвшин дээр суугаад явсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуудас/ Гэрч Д.Мөнхжаргалын өгсөн: "..Би 2016 оны 10 сарын 26-ны орой 17 цагийн үед гэж санаж байна. Эхнэр Сонинбаярын хамт буцсан.Тэгэхэд Тэрэм нэртэй дэлгүүрийн хажуугийн шатахуун түгээх станцын хажуугаас өндөр, нам нуруутай 2 эрэгтэй хүн дөхөөд бууя гэж гуйгаад байсан.Тэр 2 залуугийн өндөр нуруутай нь арай бага зэрэг согтуу дээлтэй байсан.Нөгөө намхан хар куртиктэй залуу нь нэлээн согтуу байдалтай байсан.Тэгээд миний жолоодож явсан пронтер маркийн 58-15 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаан дээр хоёулаа сууж явсан. Тэгэхэд тэр хоёр залуу хэрэлдэж муудалцсан зүйлгүй хэвийн яриатай нүүр аманд нь ил харагдах шарх сорвигүй байсан.Тэгээд 20 орчим км яваад 19 цаг хавьцаа буугаад явсан.."гэх мэдүүлэг /хх-ийн 78 хуудас/ Гэрч Д.Отгонбулганы өгсөн: "..Тухайн үед манайх Булган аймгийн Бугат сумын 2-р багийн нутаг Хацрын үзүүр гэх газарт намаржиж байсан. Нямдоржийнх манайхаас 2 гаран км зайтай газарт намаржиж байсан. Тэгээд би тэр орой харанхуй болсон хойно 21 цагийн үед малд явчихаад харих замд Зуун мод гэх газарт голын гарамны ойролцоо явж байхад унаж явсан морь үргээд хамар нь сарталзаад байхаар нь эргэн тойрноо сайн хараад юу вэ гэж хашгирахад Нямка байна Отгоо юу гэж хүн хашгирсан.
Нямдоржийг бид нар Нямка гэж дууддаг юм. Тэгээд Нямдорж наашаа хүрээд ир гэхэд нь морь үргээд байна юун чам дээр очих гэж хэлээд шууд яваад өгсөн. Тэгээд гэртээ очоод амарч байхад машинтай хүмүүс ирээд манай хажуугийн эзэнгүй байсан гэрийн хаалгыг татах шиг болохоор нь би гэр дотроосоо юун хүн бэ наад айл чинь эзэнгүй гэж хэлэхэд манайд 2 энгийн хувцастай эрэгтэй хүн орж ирээд Нямдоржийг таних уу, Нямдорж хэдүүлээ явж байсан гэж надаас асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд гаргасан. Тэрнээс хойш юу болсоныг би мэдэхгүй. Харин дараа нь Б.Эрдэнэбаярын эгч гээд 2 эмэгтэй хүн надтай очиж уулзаад юу болсон талаар асуусан. Тэр үед нь би харсан зүйлээ л хэлсэн. Тухайн үед харанхуй болсон байсан учир юм харагдахгүй байсан. Нямка байна гэхэд Нямдорж байгааг нь мэдсэн. Тэрнээс хэнтэй хамт юу хийж байгааг нь мэдээгүй, харагдаагүй. Надаас ямар нэгэн байдлаар тусламж хүссэн зүйл байхгүй. Нямдорж хүрээд ирээч гэж надад хэлэхэд нь морь үргээд байсан болохоор очиж уулзаж чадаагүй яваад өгсөн.." гэх мэдүүлэг /хх-ийн 81 хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 49 дугаартай 1. Хохирогч Б.Эрдэнэбаярын өмсөж явсан саарал өнгийн хүрэмний доод зах ирмэгээс дээш 5 см зайд 0,5 см хэмжээтэй зүсэгдсэн хуучин урагдалт, уг урагдалтаас баруун дээш 4см зайд 0,3 см хэмжээтэй зүсэгдэж урагдсан хуучин урагдалт, уг урагдалтаас дээш 15 см зайд 1,5 см хэмжээтэй зүсэгдэж урагдсан хуучин урагдалт, мөн зүүн суганы уулзвар залгаас оёдол 6 см оёдлоороо ханзарч урагдсан, баруун гарын суганы залгаас оёдол доод манжатикны зах ирмэг хүртэл шинээр ханзарч урагдсан байна. 2. Дээрхи саарал өнгийн хүрэмний баруун, зүүн суганы залгаас оёдлын урагдалтууд нь татах, чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байж болно.." гэх дүгнэлт /хх-ийн 96 хуудас/ 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай 1. Сэжигтэн Т.Нямдоржийн өмсөж явсан саарал өнгийн богино ханцуйтай цамцанд 0,8 см хэмжээтэй цооролт, Г хэлбэрийн 0,2 см хэмжээтэй зүсэгдэлт үүссэн байх ба энэ нь хуучин. Мөн хар өнгийн даавуун өмөдний салтаа болон баруун хөлийн дотор залгаас оёдол нь ханзарч урагдсан, ар талын бүс тогтоогч хар уяаны доот хэсэг оёдлоороо урагдаж салсан зэрэг нь шинэ. Харин зүүн халаас дээд залгаас оёдлоороо урагдсан, зүүн хөлийн урд гуяны хэсэгт цоорсон цооролтууд нь хуучин. Мөн зүүн хөлийн гутлын түрүүний дотор талд үүссэн цооролтууд нь эдэлгээний явцад элэгдэж цоорсон байна. Дээрхи хар өнгийн өмдний салтаа хэсгийн оёдлоороо ханзарч урагдсан нь татах, чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байж болно.." гэх дүгнэлт /хх-ийн 110-111 хуудас/ Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 82 дугаартай 1. Б.Эрдэнэбаярийн цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр хамрын таславчийн мурийлт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дагз хэсгийн хуйханд шарх, зүүн мөр, нуруу, дух, хамрын нуруу, эрүү, шанаа, зүүн, баруун хөмсөг, зүүн бугалага, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ үхэлд нөлөөлөхгүй. 3. Босоо суугаа, хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтой. 4. Б.Эрдэнэбаярын цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. 5. Нас бараад 12 цагаас дээш хугацаа өнгөрчээ. 6. Талийгаач Б.Эрдэнэбаяр нь нам хэмийн үйлчиллийн улмаас осгож нас баржээ.
7. Талийгаачид үүссэн дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт хх-ийн 117-118 хуудас/ Шүүх эмнэлгийн давтан гаргасан шинжээчдийн 03 дугаартай 1. 2016.11.23-ны өдрийн №82 тоот задлан шинжилгээний дүгнэлтийн 7-р заалтаас бусад хариулт нь үндэслэлтэй байна. 2. Талийгаач Б.Эрдэнэбаярын биед сээрний 7,8-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дагз хэсгийн хуйханд шарх, зүүн мөр, нуруу, дух, хамрын нуруу, эрүү, шанаа, зүүн, баруун хөмсөг, зүүн бугалага, баруун тохой, баруун шуунд зулгаралт, зүүн чамархай булчин, хуйх, хамар, нурууны булчинд цус хуралт гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Талийгаач Б.Эрдэнэбаярын биед сээрний 7,8-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дагз хэсгийн хуйханд шарх, дух, хамрын нуруу, эрүү, шанаа, зүүн мөр, нуруу, баруун, зүүн хөмсөг, зүүн бугалга, баруун тохой, баруун шуунд зулгаралт, зүүн чамархай булчин, хуйх, хамар, нурууны булчинд цус хуралт гэмтэл нь амьддаа үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь үхэлд хүргэхгүй. 5. Талийгаач Б.Эрдэнэбаярын биед сээрний 7,8-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Талийгаач Б.Эрдэнэбаярын биед сээрний 7,8-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дагз хэсгийн хуйханд шарх, дух, хамрын нуруу, эрүү, шанаа, зүүн мөр, нуруу, баруун, зүүн хөмсөг, зүүн бугалга, баруун тохой, баруун шуунд зулгаралт, зүүн чамархай булчин, хуйх, хамар, нурууны булчинд цус хуралт гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй. Осголтонд амь насыг аврах боломжгүй. 7. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 8. Талийгаач Б.Эрдэнэбат нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ. Талийгаач нь өвчний улмаас нас бараагүй бөгөөд осголтын улмаас нас барсан тул тухайн цаг хугацаанд яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломж багатай гэх дүгнэлт /хх-ийн129-132 хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1 дүгээр тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2-3 дугаар тал/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-14 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /15/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-20/ тал, амь хохирогч Б.Эрдэнэбаярын хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-26 тал/, хүн таньж олуулсан тухай тэмдэглэл /хх 33-34 тал/, цогцосыг оршуулсан газраас гаргаж үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 35-41 тал/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 137 тал/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 171 тал/, саатуулсан хүний бүртгэл /хх 174-177 тал/, шийтгэл тогтоолын хуулга /хх 183-192 тал/, Т.Нямдоржийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 193-210 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд Т.Нямдорж нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой Булган аймгийн Бугат сумын 2 багийн нутаг дэвсгэрт согтуугаар иргэн Б.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн амь хохирогч Б.Эрдэнэбаярыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байхад зодож хүндэвтэр гэмтэл учруулсан амь насанд нь аюултай байдалд зориуд оруулснаас амь хохирогч Б.Эрдэнэбаяр осгож нас барсан үйл баримт тогтоогджээ.
Энэ болсон үйл баримтын талаар шүүгдэгч Т.Нямдорж...”Бид машинд суугаад явахад 1800 цаг өнгөрч байсан. Б.Эрдэнэбаяр даараад байна гээд миний ноосон малгайг авч өмссөн. Бид хоёр Булган аймгийн Булган сумын төвөөс 19 км яваад тээврийн хэрэгслээс буусан. Уг нь 18 км яваад буух байсан юм. Хатуу хучилттай замаас манай гэр 2 км зайд байдаг бөгөөд 2 голын гарамаар гардаг юм. Би гарам гарах үед сэргэсэн. Б.Эрдэнэбаяр байхгүй болохоор нь буцаад явсан. Б.Эрдэнэбаяр буцаад Булган аймгийн Булган сумын төв рүү явна , айлд очиж айраг ууна гээд байхаар нь хориглосон. Б.Эрдэнэбаяр явж чадахгүй байна гээд байсан. Үүнээс болж бид 2 маргалдсан. Б.Эрдэнэбаяр намайг мөргөсөн, харин би зөрүүлээд түүний нүүр рүү 1 удаа цохьсон. Би 20 метр яваад эргээд харахад тэр явахгүй байсан. Б.Эрдэнэбаяр өмсөж байсан курткээ газарт дэвсээд дээр нь хэвтсэн. Мөн даараад байна гээд чичрээд байхаар нь би дээлээ тайлаад өгсөн. Би дээлээ тайлаад өгөхөд дуулаацахгүй байхаар нь буцаагаад дээлээ өмссөн. Би сүүлдээ Б.Эрдэнэбаярт гэр ойрхон байна явъя гэж хэлэхэд Б.Эрдэнэбаяр дуугарахгүй байсан. Ан хийж байгаа машинтай хүмүүсийг ирэхийг хүлээсэн. Мөн морьтой хүн ирсэн боловч морь үргээд байна гээд явсан. Удалгүй Эрдэнэбаяр нас барсан” гэх, гэрч Ч.Мөнхбаяр, С.Булгантамир, С.Болорсүх, С.Батхуяг нар “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр албаны өвөлжөөг шалгачихаад 22 цагийн үед Булган аймаг руу буцаж явахад Бугат сумын Зуун мод гэх газрын ойролцоо урсдаг голын хажууд 1 эрэгтэй хүн сууж байхаар нь бөөнөөрөө очиход Т.Нямдорж нь нэг залуугийн хажууд сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асууж тодруулахад манай найз босохгүй байна, олон жил найзалсан найзаа гар дээрээ алдчихлаа цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэж бид нараас гуйхаар нь нь гүрээнийх нь судсыг дарж үзэхэд аль хэдийнээ цусны эргэлт нь зогсож бие нь хөшсөн байсан, ойр орчмын газар нь ноцолдож зодолдсон, зодуулсан байдалтай уг хүн нас барсан байсан” гэх гэрч Ч.Сонинбаяр, Д.Мөнхжаргал нар “....2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Булган аймгийн төвд орж ирээд хоол хүнсний зүйлээ цуглуулаад орой 18 цагийн үед Булганы төвөөс гарахад Булган самбарын тэр хавьд 2 үл таних залуу гар өргөхөөр нь зогсоход Арван наймтын дөрөлж хавьцаа бууна аваад яваач гэхээр нь машины тэвшин дээр суулгаад явсан. Удалгүй тэр 2 машинаас буугаад явцгаасан, гэрч Д.Отгонбулганы...” надаас тусламж хүссэн зүйл байхгүй, харин хүрээд ирээч гэхээр нь харанхуй шөнө морь үргээд байсан болохоор очилгүй яваад өгсөн...” гэж тус тус мэдүүлжээ. Хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршигийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн дээрх гэрч нарын мэдүүлгүүд, “…Уг газар цасан дээр хөрвөөж ноцолдсон ул мөр тод харагдаж байна. Цогцос хүртэл 15 м газар чирэгдсэн, халцарсан мөртэй, цус мэт улаан хүрэн өнгийн зүйл хөлдсөн уг толбо нь цасан дээр их хэмжээтэй цацагдсан байдалтай байсан талаар хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05-06 тал/, хэрэг учралын газрын схем зураг /хх-07 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-08-014 тал, амь хохирогчийн куртик урагдсан байсан талаар хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-024-026 тал/,
...амь хохирогч Эрдэнэбаярын саарал өнгийн хүрэмний баруун, зүүг суганы залгаас оёдлын урагдалтууд татах, чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байж болно гэх 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 49 тоот дүгнэлт /хх-96 тал/,шүүгдэгчийн өмсөж явсан хар өнгийн өмдний салтаа оёдлоороо ханзарч урагдсан нь татах, чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болно гэх 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 48 тоот дүгнэлт /хх-110-111 тал/,. Амь хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирч, осголтын улмаас нас барсан талаар Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 82 тоот акт,шүүх эмнэлгийн давтан гаргасан шинжээчийн дүгнэлтүүд/ хх-117-118, 129-132 тал/ амь хохирогч Б.Эрдэнэбаярын цусанд 2.7%-ийн промиль процент илэрсэн согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №178 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Нямдорж нь амь хохирогч Б.Эрдэнэбаярыг биеэ хамгаалж чадахгүй байхад бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, амь насанд нь аюултай байдалд зориуд оруулснаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож байна. Шүүх хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн давтан гаргасан шинжээчдийн 03 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар бусдыг амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад нь тусламж үзүүлээгүй улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М. Даваасүрэн, П. Ган-Очир нар нь шүүгдэгч Т. Нямдоржид Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, шүүгдэгчийн гэм буруутай байдлыг үгүйсгэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж мэтгэлзэж байгаа хэдий ч шүүх шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан дээрхи нотлох баримттай харьцуулан үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Өөрөөр хэлбэл...амь хохирогч Эрдэнэбаяр нь гэмт халдлагад өртөж ,амь биед нь аюултай нөхцөл байдал бодитойгоор бий болсныг шүүгдэгч Нямдорж мэдэж байсан ба хохирогчид туслах бодит боломж /өөр хүн дуудах, ойролцоо айлд хэл хүргэх гэх мэт/ байсаар байхад тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, хор уршиг 2-ын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Нямдоржийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан ба хохирогч Б.Чанцалдулам нь оршуулах зан үйлтэй холбогдон гарсан зардал 12430638 төгрөг нэхэмжлэснээс тээвэр шатахууны зардал 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдрийн шатахууны зардал 150000 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрийн шатахууны зардал 200000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийн шатахууны зардал 440000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 120 литр шатахууны зардал 183600 төгрөг, хайрцаг, хөшөөний үнэ 560000
төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Очирхүү” ХХК-иас хүүхдийн гар цайлгахаар авсан хүнсний үнэ 1848950 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 652900 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баясуулагч захаас авсан махны үнэ 390000 төгрөг, Номин Эрдэнэт бөөний төвөөс авсан барааны үнэ 256248 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авсан хүнсний ногооны үнэ 55500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баясуулагч захаас авсан цагаан эдээний үнэ 380000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Анхдагч Аян ХХК-иас авсан барааны үнэ 506580 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Тулга дэлгүүрээс авсан барааны үнэ 709100 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүүдэр царам захаас авсан барааны үнэ 294300 төгрөг, Баянзүрх дэлгүүрээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 257500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өрхтийн бургаст ХХК-иас авсан барааны үнэ 952490 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган-Сэлэнгэ ХХК-иас авсан барааны үнэ 233700 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх хүнсний дэлгүүрээс авсан барааны үнэ 850500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баясуулагч захаас авсан цагаан идээний үнэ 87000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Боргоцой дэлгүүрээс авсан жаазны үнэ 3500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган Сэлэнгэ ХХК-иас авсан барааны үнэ 486350 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баясуулагч захаас авсан цагаан идээний үнэ 143000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Анхдагч Аян ХХК-иас авсан хүнсний үнэ 1374670 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган Сэлэнгэ ХХК-иас авсан хүнсний үнэ 27750 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Боргоцой дэлгүүрээс авсан барааны үнэ 28000 төгрөг нийт 11086638 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Чанцалдуламд олгох, нэхэмжлэлээс шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 228500 төгрөг, шатахуун, нотриатын үйлчилгээ үзүүлсэний зардал 84000 төгрөг, баримтгүй 282000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс бусад зардал 750000 төгрөг, нийт 1344000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.Нямдорж нь 17 хоног цагдан хоригдсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Б.Эрдэнэбаярын өмсөж явсан хар өнгийн түрийтэй хос гутал, хүрэн өнгийн ноосон малгай, саарал өнгийн хуучин хэрэглэж байсан хүрэм буюу куртик, хар өнгийн ноосон цамц, саарал өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн турсик, хар өнгийн өмд, тэлээ, хос хөлийн ороолт, шүүгдэгч Т.Нямдоржийн шар өнгийн бүс, хос хар өнгийн гутал, ороол, хар өнгийн малгай, саарал өнгийн бодволк, хар өнгийн өмд, ногоон өнгийн дээл, морины хусуур 1 ширхэг, тамхины иш 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, камерын бичлэг хийсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Нямдорж нь 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн ба ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Т.Нямдоржид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцоогүй ба ялтай байхдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял оногдуулав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баяей ургийн овгийн Төвжанхарын Нямдоржийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байхад хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, амь насанд нь аюултай байдалд зориуд оруулснаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Т.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Т.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Нямдоржид оногдуулсан 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Б.Эрдэнэбаярын өмсөж явсан хар өнгийн түрийтэй хос гутал, хүрэн өнгийн ноосон малгай, саарал өнгийн хуучин хэрэглэж байсан хүрэм буюу куртик, хар өнгийн ноосон цамц, саарал өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн турсик, хар өнгийн өмд, тэлээ, хос хөлийн ороолт, шүүгдэгч Т.Нямдоржийн шар өнгийн бүс, хос хар өнгийн гутал, ороол, хар өнгийн малгай, саарал өнгийн бодволк, хар өнгийн өмд, ногоон өнгийн дээл, морины хусуур 1 ширхэг, тамхины иш 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, камерын бичлэг хийсэн СД 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Шүүгдэгч Т.Нямдоржийн цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Т.Нямдоржоос 11086638 /арван нэгэн сая наян зургаан мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Чанцалдуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1344000 /нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нямдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ