Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/418

 

 

 

 

 

 

 

 2025         06          06                                     2025/ШЦТ/418

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Э.Л, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 12 дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эмээлт захад түүхий эд бэлтгэн нийлүүлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...... овогтой Э.Л /РД:********/,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Э.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Э.Л нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ тоотод оршин өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.О-ийг хардалтын улмаас маргалдаж түүнийг гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн бугалга, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 10 дахь хуудас/,

- Хохирогч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 03 дугаар сарын 14-ний орой 21 цагийн орчим гэртээ ирэхэд миний нөхөр Э.Л нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай унтаж байсан. Би хоол идэх гээд сууж байтал миний нүүр рүү зүүн гараараа 2 удаа цохисон. Намайг том өрөөний буланд шахаад зодох гэж дайраад байсан. Тэгээд гарч яваад архи нэмж уугаад 22 цагийн орчим орж ирээд намайг хэл амаар “гичий минь, янхан минь” гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр гутаан доромжилж хөлөөрөө зүүн гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, гараараа миний зүүн гарын бугуй, булчин хэсэг рүү удаа дараа гараараа цохиж олон тооны гэмтэл учруулсан. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дахь хуудас/,

- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ********* дугаартай шинжээчийн: “1.Ч.О-ийн биед зүүн бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэ, баруун мөр, бугалга, тохой, шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой /хх-ийн 33-34 дэх хуудас/;

- Аюулын зэргийн үнэлгээ хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12 дэх хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дахь хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 86 дахь хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 87 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн болон ялын санал дүгнэлттэй маргах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.Л өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Ч.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Иймд шүүгдэгч Э.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар Э.Л-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Э.Л нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 450,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Э.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....... овогтой Э.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Л-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛДАР