Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/146

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000144 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисгэгч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг Малтай хороололд оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД:*******/.

Шүүгдэгч Шарнууд овогт ******* ******* нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг Малтай хороололд оршин суух өөрийн хашаандаа хашааны хаалга дэлгэж орхилоо гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ******* маргаж түүний толгойн тус газарт сүхээр цохиж биед зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Шарнууд овогт ******* ******* нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг Малтай хороололд оршин суух өөрийн хашаандаа хашааны хаалга дэлгэж орхилоо гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ******* маргаж түүний толгойн тус газарт сүхээр цохиж биед зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч : “... Би Баянтүмэн сумын 1 дүгээр баг Сансарын 1-18 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 2025 оны 03 сарын 13-ны өдөр найз , , нарын хамт Баянтүмэн сумын 1-р баг Малтай хороололд гудамжинд 1 шил Хараа нэртэй 0,75гр савлагаатай архи хувааж уугаад ахын гэрт очсон чинь гэрт нь хүн байхгүй байсан тэгсэн чинь , ахын хойд талын айлд ороод буцаад гарч ирээд бид хэдийг дагуулаад ахын хойд талын айл ******* гэдэг айл руу очсон чинь ******* ах гэрийнхээ үүдэнд зогсож байсан тэгээд бид нар хашааны хаалгыг онгойлгоод орсон чинь “адуу мал хашаанаас гарна хаалга хаа” гэхээр нь би нэг буруу зүйл хэлсэн байх сайн санахгүй байна тэгээд ******* гэдэг ах над руу сүх барьж дайраад толгойн орой хэсэгт цохисон би унаад босоод ирсэн тэр ******* ахаас сүхийг нь салгаж авсан байна лээ. Тэгээд байж байснаа уучлаарай гээд миний толгой дээр ус хийж өгөхөөр нь маргааш эр хүн шиг уулзъя гээд би эхнэр ирэхээр нь яваад өгсөн өөр зүйл болоогүй. Миний толгойн хэсэг зүсэгдсэн эмнэлэгт очиж 6 оёдол тавиулсан. Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. Тухайн үйл явдал маргаан болсон шалтгаан нь бас бид нарын буруу бас байгаа. Тэр үед Анхааг дагаж ******* ахын гэр лүү ороогүй байсан бол маргаан болохгүй байсан байх. Надад эмчилгээний зардал гэж 200,000 төгрөг өгсөн энэ хангалттай, мөнгө нэхэмжлэх хэрэгцээ шаардлага байхгүй. Хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх нь хангалттай. Надад хэрэгт холбоотой санал хүсэлт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх  мэдүүлэг /хх-ийн 10-11, 13 тал/

Гэрч “...Би 2025 оны 03 сарын 13-ны орой 17 цагийн орчимд нөхрөө Баянтүмэн сум 1 дүгээр баг Малтай хороололд байх айлын гаднаас авсан тэр үед нөхрийнхөө толгой хагарсныг мэдээгүй тэгээд гэртээ ирснээ малгайгаа аваад толгой өвдөөд байна гэж хэлэхээр нь толгойг нь харсан чинь толгойноос нь цус гарсан байхаар нь “яасан юм” гэсэн чинь “саяны айлын өвгөнтэй муудалцаж толгой руугаа сүхээр цохиулсан” гэж хэлэхээр нь Цагдаагийн байгууллагад хандсан өөр зүйл мэдэхгүй. ******* гэдэг айлын гадаа юу болсныг бол би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

Гэрч Э.ын “...2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би , , нартай хамт 1 шил ногоон шилтэй архи бид нар хувааж уусан. Би бол тухайн үед юу болсныг мэдэхгүй байна. ийн ярьж байгаагаар бол ахын гаднаас , хоёр түрүүлээд алхсан бид хоёр бие засаад үлдсэн байна лээ.Тэгээд хашаан дотор ******* гэх өвгөн бахирсан тэгсэн гүйж очоод  , ******* хоёрыг салгасан гэсэн. Тэр үед ******* аг сүхээр цохисон  байсан гэсэн  дахиад төмрөөр цохиж авах гэхээр нь барьж авсан гэж ярьж байсан би өөр яг юу болсныг мэдэхгүй тэд нарын ярьж байгаа нь ийм зүйл ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

 

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар  сарын 27-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ДОР0725/200 дугаартай шинжээчийн “... биед зулайн хуйхны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.  

  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 237,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн банкны 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ