| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0137/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/147 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/147
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* овогт /РД:/.
Шүүгдэгч ******* ******* овогт ******* нь 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс 2023 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл иргэн малчнаар ажиллах хугацаандаа буюу 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 05 сар хүртэлх хугацаанд иргэн итгэмжлэн хариуцуулж өгсөн мал сүргээс нэг тооны хязаалан адуу, нэг тооны даага, нэг тооны үнээ зэргийг өөрийн өмчийн адил захиран зарцуулан завшиж хохирогч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* ******* овогт ******* нь 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс 2023 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл иргэн малчнаар ажиллах хугацаандаа буюу 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 05 сар хүртэлх хугацаанд иргэн итгэмжлэн хариуцуулж өгсөн мал сүргээс нэг тооны хязаалан адуу, нэг тооны даага, нэг тооны үнээ зэргийг өөрийн өмчийн адил захиран зарцуулан завшиж хохирогч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч : “... нь миний малыг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс гэрээ хийгээд харж эхэлсэн. ын хувьд бол миний малыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхдөө 85 тоо мал дутаасан. Үүнээс нийт 8 тооны үхэр, 3 тооны адуу, 9 тооны ямаа, 65 тооны хонь дутсан... Дутсан малаас минь 1 тооны сарвай даагыг нь Баянтүмэн сумын гэх залууд миний зөвшөөрөлгүй өгсөн байсан. Мөн Дундговь аймгийн харьяат иргэн Шинээ гэгчид нэг тооны хар зүсмийн хас тамгатай хязаалан насны адууг миний зөвшөөрөлгүй өгсөн байсан. Мөн дутсан 8 тооны үхрээс 1 тооны нас гүйцсэн сувай үнээг нь найз Даниа гэх залуудаа миний зөвшөөрөлгүй өгсөн байсан. Би үүнийг түүний эхнэр гэгчээс сонсож мэдсэн бөгөөд Даниа гэх залуутай холбогдож нэг тооны сувай үнээнийхээ хохирлыг буюу 2,500,000 төгрөгийг түүнээс дансаар авч барагдуулсан. Харин үлдэгдэл дутаж байгаа малыг минь хэрхэн яаж дутаасан талаар нь тодорхой мэдэхгүй байгаа учир бид хоёрын хувьд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр малчин хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 4 дэх хэсэг буюу ажилтны эрх, үүргийн 4.3 дахь хэсгийн 2 дахь заалтад “Ор сураггүй алга болсон малыг малчин өөрөө хариуцна. /төлбөрийг тооцохдоо цалингаар болон малаар тооцож төлбөрийг барагдуулна/” гэсэн заалт байгаа. Ийм учраас нь манай малыг дутааж байгаа учраас би түүний алдсан мал дутаасан үлдэгдэл хохирлын төлбөрийг шүүхээр гаргуулан авах бодолтой байна. Одоо бол тогтоогдож байгаа үйлдэл дээр нь хуулийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй. Учир нь үлдэгдэл малын дутсан хохирлоо гэрээний дагуу нэхэмжлэх болно... миний хохирлыг төлж барагдуулсан тиймээс цаашид гаргах гомдол санал байхгүй мөн шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41, 49 тал/
Гэрч Т.ийн: “... 2023 оны 01 дүгээр сарын орчим шиг санаж байна. Тухайн үед надаас мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд 350,000 төгрөг авч байсан. Ингээд тухайн мөнгөний хөлсөндөө нь надад гэх хүний эзэмшлийн хүрэн зүсмийн нэг тооны сарвай даага өгч байсан юм. түүнийг надад өгөх ёстой мөнгөний оронд өгсөн учир би түүнд ямар нэгэн тооцоо төлөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №РЦ-24-119 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-88 тал/
Шүүгдэгч *******ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 99, 101 талууд/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгох бөгөөд мөн хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчлөлийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг болно.
Энэ гэмт хэргийн объектив талын шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байдаг бол субьектив талын шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинжийг тусгасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б. нь *******тай 2021 оны 06 сарын 04-ны өдөр “Малчин хөлсөөр ажиллуулах” гэрээг 2 жилийн хугацаагаар байгуулан мал сүргээ итгэмжлэн хариуцуулж хүлээлгэн өгсөн байх ба яллагдагч ******* нь 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 05 дугаар сарын хооронд иргэн итгэмжлэн хариуцуулж өгсөн мал сүргээс нэг тооны хязаалан адуу, нэг тооны даага, нэг тооны үнээ зэргийг өөрийн өмчийн адил захиран зарцуулан завшсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн байна.
Иймээс хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ыг үйлдлийн улмаас хохирогч эд хөрөнгөд 3,000,000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 3,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймээс прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700,000 /хоёр саян долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ