| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/0024/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/32 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.5., |
| Улсын яллагч | С.Г |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/32
2025 05 21 2025/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч С.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н /цахим/
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан Х аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.А-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт С-ынБд холбогдох эрүүгийн 25400... дугаартай хэргийг 2025 оны 5 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдөр С аймгийн Б суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Х аймгийн Д сумын 2 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Б овогт С-ын Б. /РД:0000/
Шүүгдэгч С.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 04-ний орой Х аймгийн Б сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Б” биллардын гадна байсан хохирогч Ц.Т-ийн эзэмшлийн 59-28 УНЛ улсын дугаартай “Тоёота приус-10” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,
мөн уг тээврийн хэрэгслийг Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/84 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр амьсгал дахь спиртийн агууламж 1,05%-н промиль хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Б сумын нутаг дэвсгэрт "Тоёота приус-10" загварын 59-28 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 04-ний орой Х аймгийн Б сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Буурал минж” биллардын гадна байсан хохирогч Ц.Т-ийн эзэмшлийн 59-28 УНЛ улсын дугаартай “Тоёота приус-10” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Т-ийн мэдүүлэг /5-6, 8 ху/, гэрч Б.Ц /10-11 ху/, Б.Нямцогт /13 ху/, Н.Д /18 ху/, Я.Дагвадорж /22-23 ху/ нарын мэдүүлэг,
-мөн уг тээврийн хэрэгслийг Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/84 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр амьсгал дахь спиртийн агууламж 1,05%-н промиль хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Б сумын нутаг дэвсгэрт "Тоёота приус-10" загварын 59-28 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /51ху/, жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл /64-65ху/, Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/84 дугаартай шүүхийн шийтгэвэр /26-29/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.
Иймд шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуулийн заалттай тус тус нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялын хэмжээг 3,150,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 3,150,000 (гурван сая нэг зуун тавин мянга) төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоохоор прокуророос санал болгосныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн байх тул дээрх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.
Шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт С-ынБыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийг,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б овогт С-ынБд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ял, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 3,150,000 (гурван сая нэг зуун тавин мянга) төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 3,150,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
6.Шүүгдэгч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч С.Бд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ