Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 00046

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч А.Ганшагай,
шүүгдэгч Ц.Тогтохбаяр, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Тогтохбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017060000013 дугаартай, 132/2017/0039/Э индекстэй хэргийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харлан овгийн Цогтын Тогтохбаяр /РД:ФЖ77021914/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Цогтын Тогтохбаяр нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын “Сайр” гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 1.547.979 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Тогтохбаярын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Хохирогч А.Ганшагайгийн өгсөн: Ц.Тогтохбаяр нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгальд экологид 1.560.000 төгрөгийн хохирол учирсан. Ц.Тогтохбаяр хохирлыг бүрэн төлсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
201706000013 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогчийн А.Ганшагайгийн өгсөн: Тогтохбаяр нь хууль бусаар мод бэлтгэсэн талаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай сумын Байгаль орчны улсын байцаагч Бямбаа гэдэг залуу надад манай сумаас мод бэлтгээд Хялганат тосгонд баригдсан байгаа юм байна гэж хэлсэн Бямбаад манай сумын хэсгийн төлөөлөгч
Отгонбаяр хэлсэн байсан. Тэгэхээр нь би Бямбаатай хамт Хялганат тосгоны цагдаа дээр очиход нэг бүхээгтэй машинаас мод булгаж байсан хэний ямар машин байсан гэдгийг нь мэдээгүй шар толгойтой бүхээгтэй машин байсан. Би ямар учиртай мод болох талаар Бямбаагаас асуухад Тогтохбаяр гэх хүний мод гэж байсан. Тэгээд модныхоо зургийг нь утсаар дарж авчихаад мод бэлтгэсэн гэх газар луу Тогтохбаяр болон манай сумын хэсгийн төлөөлөгч Отгонбаяртай хамт очих гэсэн боловч машин явахгүй байсан болохоор очиж чадаагүй. Манай сумын 3 дугаар багийн нутгаас хуурай нарс мод бэлтгэсэн байсан. Тухайн мод нь дан хуурай мод байсан ба ихэнх хэсэг нь унаанги байх шиг байсан. Босоо байж болох мод нь арай бага байсан. Нийт 2 метрээр тайрсан 130 ширхэг мод байсан. Тогтохбаяр гэх хүн надаас 0033100 дугаартай 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны дотор бэлтгэх ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэх шинэс модны гоожин авсан. Гэтэл Тогтохбаяр нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан модны төрлийг зөрчиж хуурай нарс мод бэлтгэсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/
Гэрч Д.Сүхбаатарын өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртэй байж байтал Юра, Адъяасүрэн ах хоёр ирж надтай уулзаад Тогтохбаяр мод ачаад өг гэж байна гэхээр нь би тэгье гээд хамт Тогтохбаяр гэдэг хүнд бид нар мод ачиж өгсөн. Тухайн үед Сэлэнгэ сумын "Сайр" гэх газраас нэг бүхээгтэй "Маятий" машинаар дүүрэн мод ачиж өгсөн. Тухайн модыг Тогтохбаяр ах бэлдсэн юм шиг байсан. Намайг ачилцаад өг гэхээр нь би ачилцаж өгсөн намайг очиход мод ачихад бэлэн болсон байсан. Хэзээ бэлдсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг бүхээгтэй Маяти машинаар дүүрэн мод байсан. Дан хуурай Нарс мод байсан. Тухайн мод ачсан машиныг мэдэхгүй танихгүй жолоочтой машин байсан. Тухайн мод нь ямар нэгэн эрхийн бичигтэй гэдгийг нь сайн мдэхгүй байна. Тухайн модыг Адъяасүрэн, Юра ах, Тогтохбаяр ах бид 4 хамт ачсан жолооч нь ачилцаагүй. Адъяасүрэн нь манай авга ах байгаа юм. Юра нь манай хажуухан талд байдаг хөрш айлын хүн байгаа юм. Адъяасүрэн ах Юра ах бид 3-ын дунд нь 40.000 төгрөг өгсөн. Тогтохбаяр гэдэг ах бид 3-т мөнгө өгч ачуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,
Гэрч Н.Мөнхсайханы өсгөн: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 цагийн үед 99367945 гэсэн дугаараас Хялганатаас Тогтох гэдэг хүн байна та Хялганатаас мод ачиж хот яваад өгөөч, би өлсөнд нь 500000 төгрөг өгье гэхээр нь за тэгье гээд 13 цаг өнгөрч байх үед Хялганат руу орж Тогтохбаяртай уулзсан. Тэгэхэд надад тасгийн араас мод ачна гэж хэлээд Хялганат тосгоноос хойш 10 гаран км яваад нэг уулын амнаас бэлтгэсэн байсан мод ачсан бөгөөд уг мод нь дан хуурай нарс мод байсан ба модоо ачаад Тогтохбаярын хашаанд ирсэн. Мод ачиж байхад орой 17 цаг болж байсан байх Тогтохбаярын гэрт ирэхэд 22 цаг өнгөрч байсан. Би найз Н.Батжаргалын эзэмшилийн 25-47 ОРО дугаартай шаргал өнгийн "Мицубиши Фусо" маркийн 5 тоннын даацтай тээврийн хэрэгсэл дээр 2 метрийн урттай нарс мод ачсан. Тогтохбаяр нь надад хот руу мод ачаад өг гэхээр нь би ачиж өгсөн. Би Тогтохбаяр гэх хүнийг танихгүй, 12 дугаар сарын 21-ний өдөр Тогтохбаяр нь над руу залгаж хот руу мод ачуулах гэсэн юмаа гэхээр нь би ирж модыг нь ачиж өгсөн. Би ямар мод ачихыг нь мэдээгүй. Хялганатад ирэхэд уулнаас нарс мод ачсан. Би Тогтохбаяраас бичиг баримт нь байгаа юм уу гэхэд байгаа “өглөө авчихна” гэж хэлсэн. Зүс танихгүй 3 хүн байсан ба би танихгүй юм байна лээ тухайн үед Тогтохбаяр нь өөрөө ачилцсан. Миний машин руу мод ачсан хүмүүсийг замаараа суулгаад модоо ачуулсан. Миний машины бүхээг арай дүүрээгүй. Журмын хашаанд буулгаж тоолоход 130 ширхэг мод бууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/,
Гэрч П.Бат-Эрдэний өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өглөө шиг санаж байна ажил дээрээ байж байтал манай сумын цагдаа Оюунгэрэл намайг дуудаад энд нэг айлын хашаанд машин байна шалгаадахъя гэж хэлсэн. Бид хоёр хамт манай сумын Тогтохбаяр гэдэг хүний хашаанд очиход нэг бүхээгтэй машин байсан ба шалгахад бүхээгэндээ дан нарсан хуурай хоёр метрийн урттай моднууд ачсан байсан ба эрхийн бичгийг нь шалгахад хугацаа нь тохирч байсан боловч “модны төрөл нь таарахгүй шинэс модны”эрхийн бичиг байсан. Тэгээд цагдаагийн журмын хашаанд хийж журамласан. Тухайн моднуудыг буулгахад 100 гаран мод бууж байсан би тоолоогүй яваад өгсөн. Нэг машин дүүрэн мод байсан. Тэгээд аймгийн цагдаад мэдэгдсэн. Тогтохбаярын ачсан газар нь очиж үзсэн ба Сэлэнгэ сумын 3 дугаар тасгийн арын амнаас ачсан байсан хаанаас бэлтгэсэн талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,
Гэрч Л.Оюунгэрэлийн өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өглөө шиг санаж байна ажил дээрээ байж байтал манай сумын нэг хүн над руу утасдаад Тогтохбаярын хашаанд бүхээгтэй машин байна шалгаач гэж хэлэхээр нь би байгаль орчны хамгаалагч улсын байцаагч Бат-Эрдэнэтэй хамт Тогтохбаярын хашаанд очиход нэг бүхээгтэй машин зогсож байсан ба тухайн машиныг шалгахад мод ачсан байсан эрхийн бичиг байгаа талаар асуухад нэг эрхийн бичиг гаргаж үзүүлсэн шинэс модны эрхийн бичиг байсан болохоор журмын хашаанд машиныг журамлаж модыг нь буулгахад дан хуурай 2 метрээр тайрсан 130 ширхэг нарс мод байсан. Тэгээд аймгийн цагдаа руу мэдэгдсэн. Тогтохбаярын ачсан газар нь би очиж үзээгүй. Тогтохбаяр надад хэлэхдээ Сэлэнгэ сумын тасгийн араас ачлаа гэж байсан. Яг хаанаас бэлтгэж ачсан талаар мэдэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь хэний машин гэдгийг нь мэдэхгүй машин байсан. Манай сумын машин бол биш байсан. Бүхээгтэй улбар шар өнгийн толгойтой "Фусо" гэдэг машин байсан жолоочийг нь танихгүй юм байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/
Гэрч Б.Адъяасүрэнгийн өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 20-ны үеэр шиг санаж байна. Намайг Сэлэнгэ сумын "Сайр" гэх газарт гэртээ байхад Тогтохбаяр нь ирээд түлээний мод бэлтгэхэд туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт бэлтгэж өгөхөөр болж "Сайр" гэх газраас дээш өгсөөд нарс, хус модтой нэг газарт очсон. Тэнд Тогтохбаяр, Юра бид нар байсан. Би хятад улсад үйлдвэрлэсэн хөрөөгөөр ойролцоогоор 12 метрийн урттай 6 ширхэг нарс модыг хөрөөдөж унагаасан. Тэгээд 2 метрээр тайрахад Тогтохбаяр Юра нар нь "Маятий" маркийн ачааны тээврийн хэрэгсэлд зөөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,
Гэрч Юрагийн өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 20-д гаргасан шиг санаж байна. Намайг Сэлэнгэ сумын 3 дугаар багт байх гэртээ байхад Тогтохбаяр нь ирээд мод бэлтгэхэд туслаад мөн хүн олоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь Адъяасүрэнгийн гэрт очоод түүнийг гэрээс нь аваад явуулсан. Нар жаргах гэж байхад Тогтохбаяр ирээд намайг хүн хүрэлцэхгүй байна та туслаад өгөөч гэж хэлэхээр нь очоод өмхтэй түлээний гэмээр Нарс моднуудыг ачсан гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/,
Гэмт хэргийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 хуудас/,
модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 хуудас/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 хуудас/,
эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 18-19,22, 25-26 хуудас/,
мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 21 хуудас/,
эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22-24 хуудас/,
шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48,60-64 хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Сэжигтнээр Ц.Тогтохбаярын өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Сайр” гэх газраас хууль бусаар нарс мод бэлтгэсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учирсан явдлыг хүлээн зөвшөөрч байна. Иймд энэхүү зүйл хэсгээр ял сонсоход надад ямар нэг татгалзах зүйл алга байна. Би “Сайр” гэх газраас дан хуурай нарс мод бэлгэсэн ба 25-47 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлсэн. Уг тээврийн хэрэгслийг Мөнхсайхан гэдэг хүн жолоодож надад ачиж өгсөн. Би Мөнхсайхан гэдэг хүнийг танихгүй бөгөөд утсаар холбогдож хот руу мод түлээ ачаад өгөөч гэж ярьсан. Ямар нэг зөвшөөрөл эрхийн бичиг байхгүй гэдийг би жолоочдоо хэлээгүй бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэдгийг би мэдэхгүй. Би ууланд 7 ширхэг босоо нарс мод унагаж бэлтгэсэн бөгөөд нийт 2 метрийн хэмжээтэй 130 ширхэг мод машинд ачигдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Тогтохбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын “Сайр” гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 1.547.979 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, гэрч Д.Сүхбаатар, Н.Мөнхсайхан, П.Бат-Эрдэнэ, Л.Оюунгэрэл, Б.Адъяасүрэн нарын мэдүүлэг, Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №02 дугаартай дүгнэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Ц.Тогтохбаяр зохих зөвшөөрөлгүй ойн бүсээс мод бэлтгэж тээвэрлэн бага бус хэмжээний хохирол учруулсан дээрхи үйлдэл нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Тогтохбаярын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 515993 төгрөгийн шууд хохирол учирсан байх ба байгаль орчны тэнцэл, түүний нөөцөд учруулсан шууд бус хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу ойн санд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг 3
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.547.979 төгрөгийн нөхөн төлбөрөөр тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн “Фусо” маркийн 25-47 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 2 метрийн урттай 130 ширхэг хуурай нарс модыг тус тус улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харлан овгийн Цогтын Тогтохбаярыг зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Ц.Тогтохбаярт 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Тогтохбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Ц.Тогтохбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 2 метрийн урттай 130 ширхэг хуурай нарс модыг тус тус улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, “Фусо” маркийн 25-47 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булагийн 3-9 тоотод оршин суух, Нацагийн Батжаргал /РД:ОЕ82050810/-д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т заасныг баримтлан Ц.Тогтохбаярт оногдуулсан 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тогтохбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН