| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 2019003190017 |
| Дугаар | 2021/ДШМ/11 |
| Огноо | 2021-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2021/ДШМ/11
2021 04 13 2021/ДШМ/11
С.З-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Ө.М,
Яллагдагчийн өмгөөлөгч: Ж.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Уянга нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/93 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч С.З-т холбогдох, эрүүгийн 2019003190017 дугаартай, 1 хавтас, 144 хуудас бүхий хэргийг прокурор Г.Э-ийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Р овогт С-ийн З-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор Г.Э-ээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Яллагдагч С.З нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрүүл мэндийн гудамж, 129-9 тоот байранд Э.Э-ийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, гарыг нь мушгин, газарт унагааж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Яллагдагч С.З-т холбогдох эрүүгийн 2019003190017 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч С.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Э-аас 2 удаа /хх-ийн 8, 47 дугаар тал/, гэрч Ц.Ж-аас 1 удаа /хх-ийн 52 дугаар тал/ тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авч нотлох баримтаар бэхжүүлсэн байна. Дээрх хохирогч, гэрч нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар өөр өөрсдийн зүгээс харсан зүйлээ тодорхой мэдүүлсэн бөгөөд хоорондоо илтэд зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй болно. Хохирогчийн хувьд холбогдогчтой шууд харьцаж хэрүүл маргаан үүсгэх, зууралдах, ноцолдох зэрэг харилцаа үүссэн учраас холбогдогчийн зүгээс түүнд бие махбодид үзүүлсэн хүч хэрэглэсэн үйлдлийн талаар илүү тодорхой мэдүүлдэг, харин гэрчийн хувьд маргаан зодооны асуудлыг хөндлөнгөөс харсан хүний хувьд өөрийн харсан зүйлийнхээ талаар мэдүүлдэг, харин гэрчийн хувьд маргаан зодооны асуудлыг хөндлөнгөөс харсан хүний хувьд өөрийн харсан зүйлийнхээ талаар мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нөхцөл байдлаас дүгнэхэд гэрч, хохирогчийн мэдүүлгүүд өөр хоорондоо яв цав адилхан байхыг шаардаж болохгүй юм. Харин шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудын харилцан хамаарал, нэгийг нөгөөтэй харьцуулан үнэлж дүгнэх бүрэн боломжтой юм. Мөн шүүхээс тухай хүмүүсийн мэдүүлэгт чухам яг ямар асуудлын талаар харилцан зөрүүтэй мэдүүлээд байгаа, энэ нь хэрэгт ямар ач холбогдолтой байгаа талаар тусгаагүйгээс үзэхэд шүүхийн энэ заалт үндэслэлгүй байна гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нүүрэлдүүлж мэдүүлэг авах шаардлагагүй бөгөөд хэрэв шүүх дээрх гэрч, хохирогчийн хэн алинаас хэргийн талаар асууж тодруулах шаардлагатай бол шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа юм. Нөгөөтэйгүүр гэрч Ц.Ж нь яллагдагч С.З-ын эхнэр тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл хохирогчтой нүүрэлдүүлж мэдүүлэг авах нь энэ эрхийг бүдүүлгээр зөрчих нөхцөл байдлыг бий болгож болзошгүй, мөн мэдүүлгийн зөрүү арилгана гэдэг эргэлзээтэй асуудал юм.
Хохирогч Э.Э нь яллагдагч С.З-ыг нөхөртэй нь хамт архи уусан гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас С.З-ын гэрт нь орж хэрүүл маргаан үүсгэснийг хохирогч, яллагдагчийн хэн аль нь мэдүүлдэг тул гэмт хэргийн сэдэлт тогтоогдсон, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас С.З-ын биед цээжний зулгаралт гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоогдсон тул Э.Э-д Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэх зөрчлийн шинжтэй гэж үзэн зөрчил шалган шийдвэрлэх тухай эрх бүхий албан тушаалтанд шилжүүлж түүнийг 100.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан. Харин З-ын хувьд Э.Э-ийн үйлдлийн эсрэг түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, гарыг нь мушгин газарт унагаасан үйлдэл нь учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэж буй гэм буруугийн шууд бус санаатай хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго бүрэн тогтоогдсон байхад шүүхээс тухайн асуудлыг тогтоолгохоор буцаасан нь мөн үндэслэлгүй байна. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/93 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн
Прокурор Ө.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Яллагдагч С.З-т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнээд хэргийг прокурорт буцаасан байдаг. Дээрх үндэслэл дээр эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байна. Нэгдүгээрт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Э-аас хоёр удаа мэдүүлэг авч, гэрч Ц.Ж-аас нэг удаа мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байна гэж үзсэн. Дээрх хохирогч гэрч нарын хувьд мэдүүлгийн зөрүү байна гэж шүүгчийн захирамжид тусгагдсан боловч, яг ямар зөрүү байгаа талаар захирамжид дурдаагүй байна. Тухайн гэрч, хохирогчийн мэдүүлгийг авч үзэхийн бол тухайн цаг хугацаанд гарсан үйл явдлын талаар өөр өөрсдийн үзэж харсан мөн хохирогчийн хувьд өөрт учирсан хохиролтой холбоотой шууд мэдүүлсэн мэдүүлгүүд байдаг. Мөн шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харилцан хамаарал, нэгийг нөгөөтэй нь харьцуулан үнэлж, дүгнэх бүрэн боломжтой. Шүүхээс тухайн хүмүүсийн мэдүүлэг чухам яг ямар асуудлын талаар харилцан зөрүүтэй мэдүүлээд байгаа, энэ хэрэгт ямар ач холбогдолтой талаар тусгаагүйгээс үзэхэд шүүхийн заалт нь үндэслэлгүй байна гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагагүй юм. Хэрэв үнэхээр заавал хохирогч, гэрч нараас мэдүүлэг авч, шүүхийн дүгнэж байгаагаар мэдүүлгийн зөрүү гэдэг асуудлыг арилгая гэж үзэх юм бол шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг оролцуулан энэ ажиллагааг хийх боломжтой байна. Нөгөө талаас Ц.Ж бол яллагдагч С.З-ын эхнэрт түүнийг “гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөх” зайлшгүй нөхцөл байдалд оруулж, мэдүүлгийг заавал зөрүүтэй байна гэдэг байдлаар мэдүүлэг авах нь өөрөө учир дутагдалтай байна. Хоёрдугаарт хохирогч Э.Э нь яллагдагч С.З-ын нөхөртэй хамт архи уусан гэх шалтгаанаар буюу хувийн тааламжгүй харьцааны улмаас С.З-ын гэрт хэрүүл маргаан үүсгэснийг хохирогч, яллагдагчийн адил мэдүүлсэн байдаг тул гэмт хэргийн сэдэл тогтоогдсон, тухайн гэмт хэрэгт үйлдэгдсэн хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас С.З-ын биед цээжний зулгаралт, гэмтэл үүссэн энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэлт гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан Э.Э-д Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн арга хэмжээ авч, шийтгэврийн хувийг хэрэгт хавсаргасан байна. Харин С.З-ын хувьд Э.Э-ийн үйлдлийн эсрэг түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, гарыг нь мушгин газарт унагаасан үйлдэл нь учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэж буй гэм буруугийн шууд бус санаатай хэлбэр юм. Өөрөөр хэлбэл гэм буруугийн сэдэлд санаа зорилго бүрэн тогтоогдсон байхад шүүхээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. Тийм учраас хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэж эсэргүүцэл бичсэн байна” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг эсэргүүцэлтэй биш бүхэлд нь авч хэлэлцэх ёстой. Хохирогч Э.Э-ийн мэдүүлэг, яллагдагч С.З-ын мэдүүлэг, гэрч Ц.Ж нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг юм. Ц.Ж, Э.Э хоёрыг нүүрэлдүүлэн байцаах нь зүйтэй гэж үзсэн. Хохирогч Э.Э-тай уулзахад “би хаалгыг нь балбаад ороход хохирогчийн эхнэр гар утсаа бариад бичлэг хийж байсан, тэднийд бичлэг байгаа, миний ямар байдалтай байсан, С.З яасан, хэнээс эхэлсэн гэдэг үйл явдлын талаарх бичлэг байгаа. Тухайн үед би маш их уурлаж, өөрөөрөө байх чадваргүй байдалтай тэднийд орсон” гэж ярьдаг. Тухайн үед эмнэлэгт 103-т очоод үзүүлсэн гэх тэмдэглэл дээр зовуурийг нь үзэхээр толгой бага зэрэг өвдөнө гэсэн байсан. Бусдаар бол тархи доргих өвчин бол дотор муухайрах, толгой өвдөх, гэдэс базлах гэх шинж тэмдгээр өвдөнө. Тэгэхэд ийм шинж тэмдэггүй байсан байгаа юм. Үүнээс хойш 3 хоногийн дараа хэн нь мэдэгдэхгүй эмчээр үзлэг хийлгэсэн тухай бичүүлсэн байсан. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрийг үндэслэж хөнгөн зэргийн гэмтэл гарсан байна гэж үзэж байгаа юм бол тэр үзлэг хийсэн эмч хэн юм бэ? Үнэхээр үзүүлсэн юм уу, үзүүлээгүй юм уу? Үнэхээр 3 хоног дотор нь муухайрч, толгой нь эргээд өвдөөд байсан юм уу? гэдгийг зайлшгүй тогтоож байж, хохирол учирсан байна гэдгийг тогтоох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Амбулаториор эмчлүүлэгсдийн картад мэс заслын эмчид үзүүлсэн тархи зураглалын онош тавьсан нь , ямар үзлэг оноштойгоор оношилсон, үзсэн эмчээс нь мэдүүлэг аваагүй, эмчийн гарын үсэг тодорхойгүй, тамга тэмдэг байхгүй зүйлээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан байгаа нь учир дутагдалтай байна. Мөн хохирогчийн хувьд хөнгөн гэмтлийг хэрхэн яаж авсан нь эргэлзээтэй байгаа. Яаж гэмтэл авснаа мэддэггүй. Тухайн үед их уур уцаар хөдөлсөн байсан учир яаснаа сайн мэдэхгүй байна гэдэг. С.З хэлэхдээ “би өөрийгөө хамгаалсан, Э.Э нүүр нүдгүй намайг маажих гэж дайрсан. Тэр үед би гарыг нь мушгисан, унахдаа толгойгоороо ойчсон уу, яасан эсэхийг мэдэхгүй байна” гэдэг. Үүнийг зайлшгүй тодруулахгүй бол С.З-ын хувьд түүний эрх зүйн байдлыг дордуулсан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна гэж үзэж байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг хийж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурор Г.Э-ийн эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э-ээс яллагдагч С.З-ыг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Э.Э-ийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, гарыг мушгин газарт унагааж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж гэрч Ц.Ж болон хохирогч Э.Э нарын мэдүүлэг зөрөөтэйгөөс нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоох гэсэн үндэслэлээр энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаажээ.
Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу гэрч Ц.Ж, хохирогч Э.Э нарын мэдүүлэгт ямар ноцтой зөрөө байгаа, тэр нь зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар нүүрэлдэн мэдүүлэг авах замаар мэдүүлгийн зөрөө арилгах шаардлагатай болох нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг шүүх хуралдааны явцад нотолж болох бөгөөд үүнд гэрч, хохирогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж шүүгчийн захирамжид дурдсан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоох боломжтой бөгөөд эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн яллагдагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хохирогчид учирсан тархи доргилт гэмтлийн талаар яаралтай тусламжийн хуудас болон эмч Ш.Ё-ын мэдүүлэгт дурдагдаагүй, рентген зураг авсан талаар тодруулах, амбулаториор эмчлүүлэгсдийн картанд дурдсан тархи доргилт гэсэн оношийг ямар үзлэг оношилгоогоор тогтоосон нь тодорхойгүй гэсэн ба хэрэгт энэ талаар 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх тул шаардлагатай гэж үзвэл шинжээч эмчийг болон гэрч Ш.Ё-ыг шүүх хуралдаанд оролцуулах замаар өмгөөлөгч өөрийн тодорхойгүй гэж үзсэн дээрх асуудлыг тодруулах боломжтой, энэхүү ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар хийх шаардлагагүй болно.
Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул хангаж “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/93 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурор Г.Э-ийн эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч Б.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
Н.БАТЧИМЭГ