Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 644

 

 

Г.Р-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/00359 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Р-ийн хүсэлттэй,

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Сүндэвийн Дэндэв болон эхнэр Гонгоржавын төрсөн хүү мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн эцэг Сүндэв овогтой Дэндэв нь улс төрийн хилс хэргээр 1937 оны 12 дугаар сарын 03-нд цаазлагдсан. Сүндэвийн Дэндэвтэй холбогдох хэрэг Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1990 оны 7 дугаар сарын 26-ны 120 дугаар магадлалаар цагаатгагдсан. Миний төрсөн эх Дамчаагийн Гонгоржав нь өвчний улмаас нас барж хоёр өнчин хүүхдийг ээжийн эгч Дамчаагийн Цэндсүрэн өөрийн нөхөр Дарамын Пунцагаар овоглон халамжилж өсгөсөн. Намын төв хорооны нарийн бичиг, Улсын хянан шалгах комиссын дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явсан түүхэн хүн байдаг бөгөөд, Намын архив болон бусад архиваас нотлох баримтуудыг гаргуулж авсан. С.Дэндэв, түүний эхнэр Д.Гонгоржав нар хоёр хүүхэдтэй байсан. Г.Р ах С.Дэндэв, н.Гонгоржавын нарын хүүхэд юм. С.Дэндэв нь 1937 онд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн. С.Дэндэвийг 1937 онд баривчлаад аваад явахад миний ээж, Г.Р ах өнчирч үлдсэн гэдэг. Г.Р ах, н.Гонгоржав эмээгийн дүү н.Намсрайжавынд хүмүүжсэн. Дараа нь эгч н.Цэндсүрэнгийнд очсон. Г.Р нь 1960 онд Москва хотын Уулын дээд сургууль төгсч ирээд өөрийн хүсэлтээр одоо хүртэл эх Гонгоржаваар овоглож явна. Иймд төрсөн эцэг Сүндэвийн Дэндэв, эх Дамчаагийн Гонгоржав нарын төрсөн хүү мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хэлмэгдэгч Сүндэвийн Дэндэв, түүний эхнэр Дамчаагийн Гонгоржав нарын төрсөн хүү мөн болохыг тогтоолгох тухай Г.Р-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн        70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэргийн 10 дах талд авагдсан Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 120 тоот магадлал, мөн Улсын аюулгүй байдлыг хангах газрын архивын магадлагаа Ира нь (Аюушжав) улс төрийн хэлмэгдэгч С.Дэндэвийн охин болох нь тогтоогддог. Дээрх баримтыг үндэслэж нэхэмжлэгч Г.Р нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлохоор, мөн хэрэгт ач холбогдолтой гэж үзэж улс төрийн хэлмэгдэгч С.Дэндэвийн төрсөн охин Ирагийн (Аюушжав) хүүхдүүд болох Н.Болд, Н.Энхбат нарын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Харин анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт бичмэл нотлох баримтаар авагдсан, мөн шаардлага хангасан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэхэд огт үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж байна. Н.Болд, Н.Энхбат нар нь Г.Р-ийг улс төрийн хэлмэгдэгч С.Дэндэвийн төрсөн хүү мөн гэдгийг мэдэх, батлах цөөхөн үлдсэн хүмүүс юм. Тиймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Хүсэлт гаргагч Г.Р нь 1937 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Сүндэвийн Дэндэв болон эхнэр Дамчаагийн Гонгоржав нарын төрсөн хүү мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

            Хэргийн 10 дахь талд авагдсан баримтаас үзвэл Хэнтий аймгийн Жаргалант сумын харьяат, намын гишүүн Сүндэв овогтой Дэндэв нь эсэргүү Ө.Бадрахад элсэгдсэн Зэвсэгт бослого гаргахыг дэмжиж байсан, санаатайгаар 14 000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогдож 1937 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улс төрийн хэрэгт баривчлагдан, Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 45 дугаар зүйлд зааснаар С.Дэндэвийг цаазаар авч, хөрөнгийг хурааж шийтгэгдсэн хэргийг хянаад БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1990 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн магадлалаар түүнийг цагаатгасан болох нь тогтоогджээ. 

           

            Тэрээр баривчлагдах үедээ буюу 1937 онд эхнэр Гонгоржав, охин Ира нарын хамт ам бүл 3, хөрөнгө хувь 3 /тодорхой нэр заан дурдаагүй/, намын сургуульд суралцсан, Хэнтий аймгийн намын хорооны дарга, Улсын ба намын хянан байцаахын дарга, Улсын бага хурлын дэд дарга зэрэг ажил хийж байсан болох нь хэргийн 11, 14, 51-53 дахь талд авагдсан Улсын Аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын лавлагаа, Монгол ардын хувьсгалт намын төв архивын магадлагаа, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын албан бичиг зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

            Анхан шатны шүүх “...С.Дэндэвийг баривчлагдсанаас хойш эх Гонгоржавын төрсөн эгч Цэндсүрэнгийнд амьдарч, түүний нөхөр Пунцагаар овоглож байгаад, 1960 оноос өөрийн хүсэлтээр эх Гонгоржаваар овоглосон” гэх хүсэлт, анхан шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Г.Р-ийг 1936 онд төрсөн, түүнийг төрөхөөс өмнө эх Д.Гонгоржав баривчлагдаж байсан, С.Дэндэвийг баривчлагдсаны дараа эхнэр Гонгоржавыг баривчилсан, тэр үед эцгийг нь цаазаар авч, хоёр хүүхэд /Рэнцэндорж, Ира/ өнчин хоцорсон” гэх тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Үндэсний төв архивын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03-4/6023, 03-4/6024 тоот лавлагаа, Монгол ардын хувьсгалт намын төв архивын 2003 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр магадлагаа зэрэг бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэж Г.Р нь С.Дэндэв болон түүний эхнэр Д.Гонгоржав нарын хүү болох нь нотлогдохгүй байгаа талаар зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын шүүх хуралдаанд “С.Дэндэвийг 1937 онд баривчлаад аваад явахад миний ээж, Г.Р ах өнчирч үлдсэн гэдэг. Тус тусдаа өсөн хүмүүжсэн. Г.Р ах н.Гонгоржав эмээгийн дүү н.Намсрайжавынд хүмүүжсэн. Дараа нь эгч н.Цэндсүрэнгийнд очсон” гэх тайлбар, гэрч Н.Энхбатын “ С.Дэндэв нь Г.Р-ийн эцэг гэдгийг ээж болон настай хүмүүсээс сонсож байсан” гэх мэдүүлэг, хэргийн 9 дүгээр талд Үндэсний төв архивын лавлагаа байх ба уг лавлагаанд өрхийн тэргүүн Дамчаагийн Давааням 29 настай эрэгтэй, Хандын Лхамсүрэн 43 настай эмэгтэй, Гомбоогийн Гомбосүрэн 70 настай эмэгтэй, Пунцагийн Рэнцэндорж 8 настай эрэгтэй гэж бүртгэгдсэнийг харьцуулан дүгнэвэл Г.Р-ийг хэлмэгдэгч С.Дэндэвтэй садан төрлийн холбоотой гэдгийг эргэлзээгүйгээр нотлохгүй байна.

 

Мөн Улаанбаатар хотын 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн талаарх хэрэгт авагдсан лавлагаануудад хэлмэгдэгч С.Дэндэвийн эхнэр Дамчаагийн Гонгоржавын болон хүү Дэндэвийн Энэр нарын нас зөрүүтэй бичигдсэн боловч гэр бүлийн гишүүд өөрчлөгдөөгүй, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн архивын лавлагаануудад бүртгэгдсэн Дэндэвийн Энэр гэх хүүхэд байгаагүй талаар тайлбарласан, С.Дэндэвийг баривчлагдсан 1937 онд түүний гэр бүлд Д.Энэр гэх хүүхэд бүртгэлгүй байсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Г.Р 1935-1936 оны хооронд төрсөн гэх бөгөөд, хэлмэгдэгч С.Дэндэвийг хилс хэргээр баривчлагдахад өнчин хоцорсон гэж тайлбарлах боловч 1937 оны байдлаар хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдийн бүртгэлд бүртгэгдээгүй, С.Дэндэв нь эхнэр, охины хамт амьдарч байсан болохыг бүртгэсэн зэрэг үйл баримтуудыг үндэслэн Г.Р хэлмэгдэгч С.Дэндэвийн төрсөн хүү мөн болох нь тогтоогдохгүй байгаа талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Г.Р нь Д.Гонгоржавтай хамт амьдарч байсан эсэх, Д.Гонгоржав хэзээ нас барсан нь тодорхойгүй байх тул Г.Рэнцэндоржийг хэлмэгдэгч С.Дэндэвийн эхнэр Д.Гонгоржавын төрсөн хүү болох нь тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж Г.Р-ийн хэлмэгдэгч С.Дэндэв болон түүний эхнэр Д.Гонгоржав нарын төрсөн хүү мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул энэ талаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/00359 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.НАРАНЦЭЦЭГ                                                                                         

                          ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ